Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 200

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Бямбаагийн Ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705011470067 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ..............дүүргийн .....грдүгээр хороо Туул 2 дугаар гудамж .........тоотод оршин суух, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Бямбаагийн А

 

Шүүгдэгч Б.А нь 19-46 УНЕ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн автомашинаар иргэн Ц.Эыг 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт ....... дугаар бичил хорооллын аркны орчим хүргэж өгөөд иргэн Ц.Э автомашинд нь орхиж буусан түрийвчтэй 750.000 төгрөг, Виво Икс 9 маркийн гар утас буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.А мэдүүлэхдээ: “Би таксинд явж байгаад 100 айлаас нэг хүн аваад хороололд буулгаад уруудаж явтал машинд гар утас, түрийвч байсан. Тэгээд утас нь дуугарахаар нь аваад ярих гэтэл ярихын завдалгүй цэнэг нь дуусаад унтарсан. Би тэр гар утасны кодыг тайлуулахаар гар утас засварт өгсөн байсан ба цагдаагийн газраас намайг дуудаад энэ асуудал болсон” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ ... гээгдэл эд хөрөнгө ... завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Виво Икс 9 маркийн гар утсыг 500.000 төгрөгөөр үнэлсэн Эд зүйлийн үнэлгээ. /хэргийн 6 дугаар хуудас/

Хохирогч Ц.Эын “Би 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хувиараа дуудлагын жолоочийн ажил хийж байгаад тарчихаад өөрийн найз Уртбаярын хамт шөнө 04 цагийн   үед Дэнжийн мянгын цагаан байранд нь 3 ширхэг 2 литрийн том савтай пиво болон литрийн Хар Чингис архи уусан юм. Тэгээд би тэр архинаас нь нээх ууж чадаагүй 3,4 удаа уучихаад байж байтал Уртаагийн дүү гэх залуу ирээд бид хоёрыг авч яваад 100 айлын тэнд очиход л би машинаас буугаад гэртээ харьж амарна гэж бодоод тэр хавиас нэг таксинд гар өргөж суугаад бичил хороолол орохоор явсан юм. Машинд хоёр хүн юм яриад яваад байх шиг байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоор замдаа хэсэг хугацаанд унтчихсан юм. Тэгээд миний ухаан санаа орж гараад яваад байсан болохоор хүрэх газар ирчихлээ гээд нөгөөх жолооч татаад чангаагаад цохиод таксины мөнгөө өг гээд надаас 4000 төгрөг авсан юм. Тэгээд энгэрийн халааснаасаа түрүүвчтэй мөнгө авч өгчихөөд буцаад жоохон сууж утсаар ярьж байгаад буух шиг болсон юм. Тэгээд таксинаас буусны дараа гар утсаараа ярих гэтэл миний халаасанд байсан гар утас болон түрийвчтэй мөнгө байхгүй болохоор нь нөгөө жолоочийн машинд нь үлдээгээд буучихлаа гэж бодоод машин руу гүйтэл согтуу байсан болохоор чадаагүй газар уначихсан юм. Тэгээд би гэртээ оролгүй шууд Баянголын Цагдаа дээр ирж өргөдөл гаргаж өгсөн юм.

Би тухайн үед түрийвчнээсээ 4000 төгрөг өгчихөөд түрийвчээ болон гар утсаа үлдээгээд  буучихсан байсан. Тэрийг би эрүүл болчихоод үлдээгээд буучихсанаа санасан юм. Ухаан санаа балартаад согтуу байсан болохоор эхний мэдүүлэгт буруу өгсөн байна. Мөн түрийвчтэй бэлэн 750.000 төгрөг байсан. Ямар нэгэн бичиг баримт байгаагүй. Зүгээр л мөнгө байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/

“... Тухайн Б.А гэх хүн миний гар алдсан гар утсанд  өөрийн сим картыг хийж ашиглаад гаднаас хэд хэдэн дуудлага авсан байсан. Би алдсан 750.000 төгрөгөө хүлээж авсан бөгөөд тухайн үед алдсан дэвсгэртээ яг хэдэн төгрөгийн дэвсгэрт хэдэн ширхэг байсан талаар нь санахгүй байна. Би өөрийн алдсан түрийвчийг хэзээ хаанаас хэдэн төгрөгөөр авч байсан талаараа мэдэхгүй байна. Тухайн түрийвчийг үнэлэх боломжгүй учраас би үнэлүүлэхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 64 дүгээр хуудас/

 

Гэрч Т.Найрамдлын “Би 2017 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед гэртээ амарч байгаад төв рүү орж найз Амартүвшинтэй Өргөө кино театр дээр уулзахаар  болж өглөө гарч явж байтал А ах машинтайгаа гэрээсээ гарч явж байхаар нь би хаачих гэж байгаан гээд асуутал 100 айл паспортын хэлтэс орно гэхээр нь цуг явъя би найзтайгаа уулзах гэсийн гээд цуг явсан юм. ...Тэгээд тэндээсээ хөдлөөд явж байтал замд нэг хүн гар өргөж суугаад Хорооллын арк орно гэхээр нь зам нэг юм гээд суулгаад явсан юм. Тэгээд хорооллын арк дээр ирэхэд ард сууж явж байсан хүн унтчихсан болохоор А ах татаж болон цохиж сэрээгээд таксины мөнгөө авч буулгасан юм. Тэгээд намайг цаашаа Өргөө кино театр дээр буулгаад харьсан байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/

 

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл “Иргэн Бямбаа овогтой А /РД:ЧМ75032576/ алдсан гар утас Виво икс-9 маркийн гар утас болон бэлэн 750.000 төгрөг /долоон зуун тавин мянга/ түр хураан авав”. /хэргийн 49 дүгээр хуудас/

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “...Хэргийн оролцогч Цээпил овогтой Эрдэнэжаргалд хар өнгийн Виво Икс-9 маркийн гар утас болон бэлэн 750.000 төгрөгийг хүлээлгэн өгөв”. /хэргийн 50 дугаар хуудас/

 

Гэрч С.Бат-Эрдэнийн “Би ямар хүн хэзээ ирээд ямар гар утасны код тайлуулсан талаар санахгүй байна. Өдөртөө 20-30 хүн ирдэг болохоор ямар хүн ирсэн талаар санахгүй байна. 2017 оны 10 дугаар сард гэж санаж байна. Нэг хүн надад гар утасны код тайлуулах гээд үлдээсэн байсан бөгөөд маргааш нь тухайн утасны эзэн  гээд нэг хүн миний утас мөн байна гээд ирээд цагдаа ирээд авч явж байсан. Би одоо хараад танихгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 65-66 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.Аийн яллагдагчаар өгсөн “Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 57 дугаар хуудас/

“... Би 750.000 төгрөгөө тэр чигээр нь хэрэг гарсаны маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Хаан банкны 5131111728 гэсэн данс руу шилжүүлж хадгалсан юм. Мөнгийг буцааж өгөхдөө би тухайн дансаасаа 750.000 төгрөгөөр 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргаж өгсөн. Тухайн түрийвчин дотор бичиг баримт байгаагүй, түрийвчин дотор байсан мөнгийг би үрчихэж магадгүй гэж бодоод өөрийнхөө дансанд хийж хадгалсан юм. Би хохирогчийн гар утсыг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Монтел дээр очиж тухайн гар утасны кодыг нь гаргаад хохирогчид буцааж өгөх гэж байсан юм. Би тухайн гар утсанд зүгээр л өөрийн сим картыг хийж үзье гэж бодоод хийсэн юм. Сим картаа хийгээд гаднаас хэд хэдэн дуудлага авсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 67 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Хохирогч Ц.Э нь өөрийн хайхрамж, болгоомжгүйгээс  эд зүйлээ  бусдын автомашинд орхиж буусан байх ба харин шүүгдэгч Б.А  уг эд зүйлийг буюу гээгдэл эд хөрөнгийг завшиж байгаа нь шууд санаатай үйлдэл юм. 

 

Иймд шүүгдэгч Б.А нь Ц.Эын автомашинд нь орхиж буусан түрийвчтэй 750.000 төгрөг, Виво Икс 9 маркийн гар утас буюу гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан нь  эд зүйлийн үнэлгээ, хохирогч,  гэрчийн мэдүүлэг, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,  шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул  түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

 

Хэрэгт Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “...Хэргийн оролцогч Цээпил овогтой Эрдэнэжаргалд хар өнгийн Виво Икс-9 маркийн гар утас болон бэлэн 750.000 төгрөгийг хүлээлгэн өгөв” /хэргийн 50 дугаар хуудас/ авагдсан, мөн хохирогч Ц.Э“...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хэргийн 64 дүгээр хуудас/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Б.Ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Боржигон овогт Бямбаагийн Аийг гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ад оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.