| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2025/0079/З |
| Дугаар | 128/ШШ2025/0372 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2025/0372
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б овогт Б С //,
Нэхэмжлэгч: Х овогт С О //,
Нэхэмжлэгч: Г овогт П А //,
Нэхэмжлэгч: Ч овогт Ч Б //,
Нэхэмжлэгч: Н овогт Б //,
Хариуцагч: Төрийн албаны зөвлөл,
Маргааны төрөл: Зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр албан тушаалын ангилал өөрчлөгдсөнөөр сул орон тоо гарсан гэж үзэх эсэх буюу үргэлжлүүлэн томилж ажиллуулсан нь тусгай шалгалтгүй томилсон зөрчил болох эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, Б., С.О, Ч.Б, П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Ө.Ерлан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Хүний нөөцийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 475 дугаар тогтоолын 5, 6, 7, 8 дахь заалтыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Төрийн албаны зөвлөл Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд үнэлэлт өгөх, хүний нөөцийн үйл ажиллагаанд мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт тавих хяналт шалгалт хийж,
2.2. Зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 475 дугаар тогтоолын 5, 6, 7, 8 дугаар заалтаар нэхэмжлэгч нэр бүхий 5 иргэнийг Төрийн албаны хуулийн 27.1, 33.3 дахь хэсгийг зөрчиж томилсон хэмээн үзэж, зөрчлийг 2025 оны 1 дүгээр сарын 31-ний дотор хууль тогтоомжид нийцүүлэх, өөрчлөх арга хэмжээ авахыг тус яамны Төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгож, тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд хууль бус гэж үзсэн томилсон шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлэхийг мэдэгдэж, нэр бүхий алба хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг томилох эрх бүхий этгээдэд үүрэг болгосон байна.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар: Хариуцагч Төрийн албаны зөвлөл тогтоолын үндэслэлээ “албан тушаалын ангилал, нэршил өөрчлөгдсөнөөр сул орон тоо гэж үзнэ, тусгай шалгалтгүйгээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27.1, 33.3 дахь хэсгийг зөрчсөн” хэмээн тайлбарлаж, нэхэмжлэгч нар “өөрсдийн ажлын байрны албан тушаалын ангилал, нэршил өөрчлөгдсөн ч чиг үүрэг хэвээр, мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээс шинжээч, ахлах шинжээчээр томилж үргэлжлүүлэн ажиллуулсан нь Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчөөгүй, сул орон тоо үүсээгүй тул тусгай шалгалт өгөх шаардлага тавигдахгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, чөлөөлөх үр дагавар бүхий тогтоол гаргахдаа хэрхэн томилогдсон, хуулийн шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар тайлбар аваагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, шийдвэр нь үндэслэл бүхий гараагүй” хэмээн маргасан.
3.1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг манай яаманд 2024 оны 09 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд ажиллаж, бидний нэр бүхий 5 албан хаагчийг дэс түшмэлийн албан тушаалаас ахлах түшмэлийн албан тушаал /мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээс шинжээч, ахлах шинжээчийн/-д томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнээд ажилд томилсон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/82 дугаар тушаалын бидэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шийдвэрлэж, тогтоолын хэрэгжилтийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор ирүүлэх, тогтоолыг заавал биелүүлэх шаардлагатай талаар мэдэгдээд байна.
Уг ажиллагаатай холбогдуулан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Аоос 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр сонсох ажиллагаа хийсэн бөгөөд биднийг эгүүлэн дэс түшмэлийн албан тушаалд буюу ахлах мэргэжилтнээр томилох талаар мэдэгдээд байна.
Дээрх агуулга бүхий Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн "Хүний нөөцийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 475 дугаар тогтоолыг гаргахдаа биднээс албан тушаалд томилогдохдоо хэрхэн томилогдсон болох, хуулийн шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар тайлбар аваагүй, энэ талаар мэдэгдэлгүйгээр ажилд томилсон тушаалыг хууль зөрчсөн гэж дүгнэсэн хууль бус тогтоол гаргасан, үүний улмаас төрийн жинхэнэ албан хаагч бид хуулийн дагуу томилогдсон албан тушаалаас чөлөөлөгдөх нөхцөл үүсгэж байгаа нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах байдлаар зөрчсөн, төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гэж үзэж байна:
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж, томилох асуудлыг зохицуулсан ба энэ зүйл хэсгийн 27.1.2 дахь заалтад төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас нөхөн томилохоор, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад "сул орон тоо" гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг ойлгохоор заасан.
Гэтэл бидний өмнө эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг бүхэлдээ хэвээрээ хадгалагдан үлдсэн, албан хаагчаас шалтгаалахгүй албан тушаалын ангилал, зэрэглэл өөрчлөгдсөн нөхцөлийг сул орон тоо гарсан гэж үзсэнд гомдолтой байна.
Зөрчилтэй томилгоотой гэж үзсэн бидний 5 албан хаагчаас 4 нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /татан буугдсан/-аас, 1 нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /татан буугдсан/-аас Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд бүтцийн өөрчлөлтөөр шилжин томилогдсон төрийн жинхэнэ албан хаагчид юм.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг татан буулгаж, тус байгууллагын байр, эд хөрөнгө, архив, албан хэргийн материал, албан хаагчдыг орон тооны хамт Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд шилжүүлэхээр, мөн Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаж, төв болон орон нутгийн байцаагч нарыг эрхэлж байгаа чиг үүрэг, мэргэжлийн чиглэлийн дагуу холбогдох байгууллагад шилжүүлсэн.
Эдгээр шийдвэрийн дагуу бид 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд яамандаа дэс түшмэлийн албан тушаалд буюу ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан.
Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаж, чиг үүргийг салбарын яамдад шилжүүлсэнтэй холбогдуулан яамны зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсэж, Цахим хөгжил, харилцаа холбооны яам /тухайн үеийн нэршлээр/-ны Төрийн нарийн бичгийн даргаас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/02 дугаар тушаалаараа яамны зохион байгуулалтын нэгжийн албан тушаалын нэр, ангилал, зэрэглэл, орон тоог шинэчлэн баталсан. Уг шинэчлэн баталсан бүтцээр бидний эрхэлж байсан албан тушаалын чиг үүргүүд хэвээр үлдсэн ч албан тушаалын ангилал, зэрэглэл, нэршилд өөрчлөлт оруулсан.
Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд болон төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглосон. Түүнчлэн мөн хуулийн 62 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хуульчилж өгсөн. Уг нэмэгдэл баталгаа Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалт/-аар байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгж өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар заасан.
Өөрөөр хэлбэл, ажил олгогчоос албан тушаалуудыг шинээр батлахдаа дэс түшмэлийн албан тушаалуудыг байхгүй болгож, ахлах түшмэлийн албан тушаалуудыг шинээр бий болгож, бидний гүйцэтгэж байсан чиг үүргийг хэвээр үлдээсэн. Энэ нь албан тушаалын зорилт, чиг үүргийг тодорхойлсноос тодорхой харагддаг.
| № | Өмнөх бүтцээр /2022.01.06-ны А/01 тушаал/ | Орон тоо | Шинэ бүтцээр /2023.01.10-ны А/02 тушаал/ | Орон тоо |
| 1 | /Нэхэмжлэгч С.О/ Радио давтамжийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн | 1 | Радио давтамжийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан шинжээч | 1 |
| Монгол Улсын радио давтамжийн бодлого, төлөвлөлт боловсруулах, олон улсын радио давтамжийн бодлого боловсруулахад санал тусгуулах, радио давтамж ашигласан шинэ техник, технологийн судалгаа хийж, зах зээлд нэвтрүүлэх, Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтийг шинэчлэх, хэрэгжилтэд хяналт тавих, радио давтамжийг VD ашигтай хуваарилах стратеги боловсруулах, хил орчмын радио давтамжийн зохицуулалтыг хийж чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг Сансрын холбооны хэлтсийн даргын өмнө хариуцна. | Монгол Улсын радио давтамжийн бодлого, төлөвлөлт боловсруулах, олон улсын радио давтамжийн бодлого боловсруулахад санал тусгуулах, радио давтамж ашигласан шинэ техник, технологийн судалгаа хийж, зах зээлд нэвтрүүлэх, Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтийг шинэчлэх, хэрэгжилтэд хяналт тавих, радио давтамжийг үр ашигтай хуваарилах стратеги боловсруулах, хил орчмын радио давтамжийн зохицуулалтыг нэвтрүүлэх чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг Сансрын холбооны хэлтсийн даргын өмнө хариуцна. | |||
| 2 | /Нэхэмжлэгч Б.С/ Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн | 1 | Захиргааны эрх зүйн асуудал хариуцсан шинжээч | 1 |
| Салбарын хууль тогтоомжийн хийдэл, давхардал, зөрчлийг арилгах, хуулийн 2 уялдаа холбоог хангах, боловсронгуй болгох, байгууллагын үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулахад удирдлага, албан хаагчдыг хууль, эрх зүйн мэргэжлийн зөвлөмжөөр хангах, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийг хангуулах, холбогдох бусад хууль тогтоомжийг албан хаагчдад таниулах чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг Хуулийн хэлтсийн даргын өмнө хариуцна. | Салбарын хууль тогтоомжийн хийдэл, давхардал, зөрчлийг арилгах, хуулийн уялдаа холбоог хангах, боловсронгуй болгох, байгууллагын үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулахад удирдлага, албан хаагчдыг хууль, эрх зүйн мэргэжлийн зөвлөмжөөр хангах, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилтийг хангуулах, холбогдох бусад хууль тогтоомжийг албан хаагчдад таниулах чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг Хуулийн хэлтсийн даргын өмнө хариуцна. | |||
| 3 | /Нэхэмжлэгч П.А/ Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн | 1 | Гадаадын зээл тусламжаар хэрэгжих төсөл хөтөлбөрийн зохицуулалт хариуцсан шинжээч | 1 |
| Салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбарын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, гадаад албан томилолтын журмын хэрэгжилтийг хангах чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын өмнө хариуцна | Салбарын хоёр болон олон талт гадаад хамтын ажиллагааны бодлого, чиглэл, гадаад төсөл, хөтөлбөрийг салбарын бодлого, үйл стратегитай уялдуулан тодорхойлж, салбарын болон яамны гадаад харилцаа, төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангаж, төсөл шийдвэрлүүлэхэд бүх шатны арга хэмжээг зохицуулалтыг нэвтрүүлэх чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын өмнө хариуцна. | |||
| 4 | /Нэхэмжлэгч Ч.Б/ Салбар дундын зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн | 1 | Нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлтийн хэрэгжилт хариуцсан ахлах шинжээч | 1 |
| Эрчим хүч, батлан хамгаалах, санхүү, соёлын салбарын хөгжлийг харилцаа холбоо, мэдээллийн технологиор дэмжих, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэрэглээ бий болгож нэвтрүүлэх чиг үүргийн хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын өмнө хариуцна. | Нийтийн мэдээллийн дэд бүтцийн талаар стратеги, төлөвлөлт, баримтлах бодлого, чиглэл, журам, стандартын судалгаа, дүн шинжилгээ хийх, гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх, тухайн чиглэлээр нэвтрүүлж буй мэдээллийн технологийн төлөвлөлт, явцын мэдээг нэгтгэн гаргаж удирдлагад танилцуулах, холбогдох мэдээллээр хангах чиг үүргийн хүрээнд нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын өмнө хариуцна. | |||
| 5 | /Нэхэмжлэгч Б./ МХЕГ-ын харилцаа холбооны хяналтын улсын ахлах байцаагч /МХЕГ татан буугдаж, харилцаа холбооны хяналтын чиг үүрэг, алба хаагчдыг ЦХХХЯ-нд шилжүүлсэнээр 2023 оны 1 дүгээр сарын 02-ны Б/19 тушаалаар томилсон/ | 1 | Салбарын хяналтын газрын Мэдээлэл, харилцаа холбооны хяналтын асуудал хариуцсан ахлах шинжээч | 1 |
| Хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актын биелэлтэд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх замаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна. | Салбарын хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актын биелэлтэд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх замаар болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг Салбарын хяналтын газрын даргын өмнө хариуцна. | |||
Улмаар бид өөрчлөгдсөн нэршлийн дагуу хариуцсан албан тушаалуудад томилогдож, чиг үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж ирсэн бөгөөд албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн болон мэргэшлийн шаардлагыг бүгд хангаж байгаа болно.
Тухайн үед ажил олгогчоос биднийг орон тоо хасагдсан /гүйцэтгэж байсан албан тушаалын нэршил, албан тушаалын зэрэглэл өөрчлөгдсөн гэх үл ялих шалтгаан/ гэх шалтгаанаар ажлаас чөлөөлөөгүй бөгөөд үүссэн нөхцөл байдлын талаар Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Салбар зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлд 2023 оны 03 дугаар сарын 21- ний өдрийн 04 дугаартай албан бичгээр хандаж чиглэл хүссэн ч, Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор хариу өгөөгүй, тухайн үед ажиллаж байсан Төрийн нарийн бичгийн даргад аман байдлаар “үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой” гэсэн хариуг өгсөн гэдэг.
Мөн "Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зохион байгуулалтын бүтцийн чиг үүрэг, ажлын байрны шинжилгээ"-г 2023 онд хийсэн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтэд "тус яамны зохион байгуулалтын бүтцүүдэд ахлах түшмэлийн албан тушаал хангалттай байхгүй байна. Зохион байгуулалтын 14 нэгжид ахлах түшмэлийн орон тоо 6 байгаа нь хангалтгүй байна. Бүтцийн нэгжүүдэд шатлан дэвших, мерит зарчмыг хангахгүй байдлаар албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоосноос яамны албан хаагчдын тогтвор суурьшил, үр бүтээмжтэй ажиллах идэвх чармайлтыг бууруулах сөрөг талтай байж болзошгүй, яам байгуулагдахад баталсан бүтцээр ажиллаж байгаа ахлах мэргэжилтнүүдийн албан тушаалын чиг үүрэгт олон чиг үүрэг, хяналт нэмэгдсэн тул ангилал, зэрэглэл нэмэх" саналыг ирүүлж байсан.
Төрийн албаны зөвлөл нь өөрийн шийдвэр гаргах үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно" гэж, 24.2-т "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах" гэж, 24.4-д "...захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах..." гэж, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т "захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах;" гэж, 40.4-т "Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана." гэж тус тус заасан үүргээ биелүүлэлгүй, нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй хэтэрхий нэг талыг барьсан тогтоол гаргасан.
Тухайн нөхцөл байдалд бидний хариуцан ажиллаж байсан албан тушаалын чиг үүргийг ахлах түшмэлийн албан тушаал болгосон, ажиллаж байсан зохион байгуулалтын бүтцийн нэгж /Сансрын холбооны хэлтэс, Хуулийн хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Салбарын хяналтын газар, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар/-д өөр орон тоо байгаагүй энэ нөхцөлд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааны заалтыг нэн тэргүүнд хэрэглэж, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг хамгаалах ёстой гэж үзэж байна.
Хэрвээ бидний гүйцэтгэж байсан албан тушаалыг бүтцийн өөрчлөлтөөр хасаж, сул орон тоо гарсан гэж үзсэн тохиолдолд хууль, журамд зааснаар сул орон тоог зарлах зохион байгуулалтыг хийх хугацаанд төрийн жинхэнэ албан хаагч биднийг албан тушаалаас чөлөөлөх байсан эсэх, бид ажил үүргээ гүйцэтгэх эсэх, энэ хугацаанд цалин хөлсийг маань олгох эсэх, энэ хугацааг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцох эсэх, сонгон шалгаруулалтад бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч оролцож болох эсэх зэрэг асуудал зохицуулалтгүй, тодорхойгүй байх бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс ч тогтоолдоо энэ бүх нөхцөл байдлыг тогтоолгүйгээр бодит нөхцөлд хэрэгжих боломжгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа болно.
Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй.", 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана." гэж тус тус заасны дагуу бид нөхцөл байдлыг дахин тодруулахаар Төрийн албаны зөвлөлд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гомдол гаргасан боловч тус зөвлөлөөс тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэсэн хариуг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04/2733 дугаартай албан бичгээр ирүүлсэн.
Төрийн албаны зөвлөл манай яаманд 2024 оны 09 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд хяналт шалгалтаар ажиллаж шийдвэр гаргасан байдаг. Уг шийдвэрийг яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр танилцуулж, нэхэмжлэгч нарыг ахлах мэргэжилтнээс шинжээч буюу дэс түшмэлээс ахлах түшмэлийн албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1-т заасныг зөрчсөн байгаа учир ажлаас чөлөөлөх, эсвэл ар арга хэмжээ авахыг мэдэхгүй байна гэсэн агуулгаар шийдвэрийг танилцуулсан сонсох ажиллагаа хийсэн. Уг сонсох ажиллагааны дагуу нэхэмжлэгч нар бид өөрт байгаа мэдээллүүдээ нэгтгэж Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч Төрийн албаны зөвлөлөөс тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд нэхэмжлэгч нар бид үүний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө, мөн хуулийн 3.1.4-д сул орон тоо гэдгийг төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг гэж ойлгохоор заасан байгаа. Гэтэл бидний ажиллаж байгаа ажлын байр Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан үндэслэл хамаарахгүй байна. Тиймээс хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэсэн үг.
Нэхэмжлэгч нар нь ахлах түшмэлийн албан тушаалын шаардлагыг бүгд хангана. Манай яамны зүгээс 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тушаалаар бүтцийн өөрчлөлт хийсэн байдаг. Бүтцийн өөрчлөлт хийхдээ мерит зарчмаар албан хаагчдыг шатлан дээшлүүлсэн нь хууль нийцсэн. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар бүтцийн өөрчлөлт хийгдсэн гэж үзэж байгаа.
Мөн нэхэмжлэлд дурдсанаар албан хаагч нарын албан тушаалын чиг үүрэг бүгд хэвээрээ буюу зоригт, чиг үүрэг өөрчлөлт байхгүй, өмнө хийж байсан ажил хэвээрээ байгаа. Төрийн албаны зөвлөл шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг баримтлах ёстой байсан. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй. Тиймээс Төрийн албаны зөвлөлийн шийдвэр зорилгодоо нийцээгүй гэж үзэж байна. Бидний ажиллаж байгаа шинжээч гэсэн албан тушаал нэгж болгон нэг нэг байгаа, өмнө ажиллаж байсан ахлах мэргэжилтэн гэсэн албан тушаал байхгүй болсон. Бидний эрх зүйн байдал одоо хүртэл тодорхойгүй байна.
Төрийн албаны зөвлөлөөс шалгалт хийсний дараа яамны хүний нөөцөөс тайлбар, тодруулга авалгүйгээр тогтоол гаргасан байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдүүдэд тайлбар, мэдүүлэг өгөх боломж олгоогүй, сонсох ажиллагаа хийгээгүй байна.
Төрийн жинхэнэ албан хаагч бидний эрх зүйн байдлыг хөндөхгүйгээр, дордуулахгүйгээр албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах боломжгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан "төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн" гэх урьдчилсан нөхцөлийг тэргүүн ээлжид хэрэгжүүлж, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн "Хүний нөөцийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 475 дугаар тогтоолын холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэв.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 135 дугаар тушаалаар байгуулагдсан хяналт шалгалтын ажлын хэсэг 2024 оны 09 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд ажилласан. Тус ажлын хэсгийн хяналт, шалгалтаар 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Б.Б мэдээлэл, харилцаа холбооны хяналтын асуудал хариуцсан ахлах шинжээчийн албан тушаалд, Ч.Б******* нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлтийн хэрэгжилт хариуцсан ахлах шинжээчийн албан тушаалд, С.О радио давтамжийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан шинжээчийн албан тушаалд, Б.С захиргааны эрх зүйн асуудал хариуцсан шинжээчийн албан тушаалд. П.А******* гадаадын зээл тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөрийн зохицуулалт хариуцсан шинжээчийн албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус зөрчиж томилсон болохыг тогтоож, Зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 475 дугаар тогтоолоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/82 дугаар тушаалыг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор хүчингүй болгох хугацаатай үүрэг даалгаврыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргад өгсөн.
Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт "Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ." гэж заасан. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "Төрийн захиргааны албан тушаалыг доор дурдсанаар ангилна:" гэж, 18.1.1 дэх заалтад "тэргүүн түшмэл", 18.1.2 дахь заалтад "эрхэлсэн түшмэл", 18.1.3 дахь заалтад "ахлах түшмэл", 18.1.4 дэх заалтад "дэс түшмэл", 18.1.5 дахь заалтад "туслах түшмэл" гэж, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт "тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна" гэж хуульчилсан бөгөөд энэ зохицуулалтыг томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр үгүйсгэх боломжгүй юм.
Ангилал хооронд шилжин ажиллахдаа Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар тусгай шалгалт авахаар зааж өгсөн байдаг. Тухайн үед тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нь шинээр томилогдсон байсан. Төрийн албаны зөвлөлөөс хуульд заасан зарчмаа баримталж ажилласан. Мерит шаардлагыг хангасан хүн тусгай шалгалт өгч байж тухайн албан тушаалд очих ёстой байдаг. Шаардлага хангасан хүн болгоныг шалгалтгүйгээр тухайн албан тушаалд томилох хуулийн зохицуулалт байхгүй.
Нэхэмжлэгч нарын зүгээс биднийг чөлөөлөх эсэх нь тодорхойгүй гэж байна. Төрийн албаны зөвлөл тогтоол гаргахдаа чөлөөлөх тухай биш хуульд нийцүүлэн өөрчлөх арга хэмжээ авах тухай заасан байдаг. Дэс түшмэлийн албан тушаалд ажиллаж байсан хүмүүсийг ахлах түшмэлийн албан тушаалд томилсон нь Төрийн нарийн бичгийн дарга өөрт олгогдоогүй эрх эдэлсэн гэж үзэж байна. Энэ хүмүүсийн эрх ашгийг шууд зөрчөөгүй учир Төрийн албаны зөвлөлөөс сонсох ажиллагаа хийхгүй гэж үзэж байгаа.
Иймд төрийн жинхэнэ албан тушаалд хууль бусаар томилогдсон Б.С, Б., С.О, П.А, Ч.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нар “тэдгээрийг томилсон шийдвэрийг Төрийн албаны тухай хуулийн 27.1, 33.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж зөрчлийг арилгуулах” агуулгатай Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 475 дугаар тогтоолын 5, 6, 7, 8 дахь заалтыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар “албан тушаалын ангилал, нэршил өөрчлөгдсөн ч чиг үүрэг хэвээр, мэргэжилтнээс шинжээч, ахлах мэргэжилтнээс ахлах шинжээчээр томилж үргэлжлүүлэн ажиллуулсан нь Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчөөгүй, сул орон тоо үүсээгүй тул тусгай шалгалт өгөх шаардлага тавигдахгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, шийдвэр нь үндэслэл бүхий гараагүй” хэмээн маргаж, хариуцагч Төрийн албаны зөвлөл нь тогтоолын үндэслэлээ “албан тушаалын ангилал, нэршил өөрчлөгдсөнөөр сул орон тоо гэж үзнэ, тусгай шалгалтгүйгээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27.1, 33.3 дахь хэсгийг зөрчсөн” хэмээн тайлбарлажээ.
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэснээс төрийн жинхэнэ албан хаагчдын эрх зүйн байдлыг дордуулах үр дагавар бүхий шийдвэр гаргасан болохыг шүүх дараах үндэслэлүүдээр дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг. Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл маргаанд хамаарах үйл баримтын хувьд.
1.1. Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар татан буугдсанаар алба хаагчдыг орон тоо чиг үүргийн хамт Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд шилжүүлж, Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Засгийн газрын бүтцэд шинээр байгуулагдсан Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг баталж,
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар тус яамны зохион байгуулалтын нэгжийн албан тушаалын нэр, орон тоо, ангилал, зэрэглэлийг баталж, мөн өдрийн Б/01 дүгээр тушаалаар алба хаагчдыг томилсон,
тухайлбал яамны Бодлого төлөвлөлтийн газарт “өргөн нэвтрүүлгийн бодлого хариуцсан мэргэжилтэн” албан тушаалын 1 орон тоо, ТЗ-7 ангиллаар, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт “салбар дундын зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн” албан тушаалын 1 орон тоо ТЗ-8 ангиллаар баталж, нэхэмжлэгч Ч.Б******* “өргөн нэвтрүүлгийн бодлого хариуцсан мэргэжилтэн” албан тушаалд ТЗ-7-5 ангилал, зэрэглэлээр, Сансрын холбооны хэлтэст “радио давтамжийн бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн” албан тушаалын 1 орон тоо ТЗ-8 ангиллаар баталж, нэхэмжлэгч С.О ТЗ-8-4 ангилал, зэрэглэлээр, Хуулийн хэлтэст “хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн” албан тушаалын 1 орон тоо ТЗ-8 ангиллаар баталж, нэхэмжлэгч Б.С ТЗ-8-4 ангилал, зэрэглэлээр, Гадаад хамтын ажиллагааны хэлтэст “гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн” албан тушаалын 2 орон тоо ТЗ-7 ангиллаар баталж, 1 орон тоонд нэхэмжлэгч П.А******* ТЗ-7-5 ангилал, зэрэглэлээр тус тус, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ч.Б******* Төрийн албаны салбар зөвлөлөөс шатлан дэвшүүлж томилуулахаар нэр дэвшүүлснээр Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт “салбар дундын зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн”-ий албан тушаалд ТЗ-8-4 ангилал, зэрэглэлээр шатлан дэвшүүлж томилж[1],
Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагыг 12 дугаар сарын 31-нээр тасалбар болгон татан буулгаж, төв орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарыг орон тоо, төсөв, техник, хэрэгслийн хамт чиг үүрэг, мэргэжлийн чиглэлийн дагуу шилжүүлсэн, энэ дагуу 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 469 дүгээр тогтоолоор яамдын бүтэц, орон тооны хязгаарт өөрчлөлт оруулсан, тухайлбал Цахим хөгжил, харилцаа холбооны яамны бүтцэд “Салбарын хяналтын газар” гэсэн нэгж нэмж, орон тооны хязгаарыг “87” байсныг “90” болгон өөрчилсөн, энэ шийдвэрийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/382 дугаар тушаалаар Дэд бүтцийн хяналтын газрын Зам тээвэр, холбоо, мэдээллийн хяналтын хэлтсийн харилцаа холбооны хяналтын улсын байцаагч нэхэмжлэгч Б.Б орон тоо, чиг үүргийн хамт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд шилжүүлж, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлт хийх хүртэл “харилцаа холбооны хяналтын улсын ахлах байцаагч”-аар төрийн захиргааны ТЗ-8-5 ангиллаар томилсон[2].
1.2. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А/02 дугаар тушаалаар яамны зохион байгуулалтын бүтцийн албан тушаалын нэр, орон тоо, ангиллыг дахиад шинэчлэн баталсан,[3]
тухайлбал, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт нэхэмжлэгч Ч.Б ТЗ-8-4 ангилал, зэрэглэлээр хашиж байсан “салбар дундын зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн” албан тушаалыг “нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлтийн хэрэгжилт хариуцсан ахлах шинжээч” гэсэн нэршлээр 1 орон тоог ТЗ-4 ангилал, зэрэглэлээр, Сансрын холбооны хэлтэст нэхэмжлэгч С.О******* ТЗ-8-4 ангилал, зэрэглэлээр хашиж байсан “радио давтамжийн бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн” албан тушаалыг “радио давтамжийн бодлого зохицуулалт хариуцсан шинжээч” гэсэн нэршлээр 1 орон тоо ТЗ-5 ангилал, зэрэглэлээр, Хуулийн хэлтэст нэхэмжлэгч Б.С******* ТЗ-8-4 ангилал, зэрэглэлээр хашиж байсан “хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн” албан тушаалыг “захиргааны эрх зүйн асуудал хариуцсан шинжээч” нэршлээр 1 орон тоо ТЗ-5 ангилал, зэрэглэлээр, Гадаад хамтын ажиллагааны хэлтэст нэхэмжлэгч П.А******* ТЗ-7-5 ангилал, зэрэглэлээр хашиж байсан “гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн” албан тушаалыг “гадаадын зээл тусламжаар хэрэгжих төсөл хөтөлбөрийн зохицуулалт хариуцсан шинжээч” нэршлээр 1 орон тоо ТЗ-5 ангилал, зэрэглэлээр, татан буугдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоолоор тус яамны бүтцэд нэмэгдсэн Салбарын хяналтын газарт нэхэмжлэгч Б.Б******* ТЗ-8-5 ангилал, зэрэглэлээр хашиж байсан “харилцаа холбооны хяналтын улсын ахлах байцаагч” албан тушаалыг “мэдээлэл, харилцаа холбооны хяналтын асуудал хариуцсан ахлах шинжээч” нэршлээр 1 орон тоо ТЗ-4 ангилал, зэрэглэлээр тус тус баталж,
1.3. Ийнхүү дээрх 2023 оны А/02 дугаар тушаалаар яамны зохион байгуулалтын бүтцийн албан тушаалын нэр, орон тоо, ангиллыг шинэчилсэн үндэслэлээр Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаалаар албан хаагчдыг чөлөөлж, Б/82 дугаар тушаалаар шинэчилсэн бүтцийн дагуу батлагдсан албан тушаалд томилсон[4], тухайлбал нэхэмжлэгч Ч.Б******* Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын “салбар дундын зохицуулалт хариуцсан мэргэжилтэн” /ТЗ-8-4/ албан тушаалаас чөлөөлж, “нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлтийн хэрэгжилт хариуцсан ахлах шинжээч” /ТЗ-4/ албан тушаалд, нэхэмжлэгч С.О Сансрын холбооны хэлтсийн “радио давтамжийн бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн” /ТЗ-8-4/ албан тушаалаас чөлөөлж, “радио давтамжийн бодлого зохицуулалт хариуцсан шинжээч” /ТЗ-5/ албан тушаалд, нэхэмжлэгч Б.С Хуулийн хэлтсийн “хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн” /ТЗ-8-4/ албан тушаалаас чөлөөлж, “захиргааны эрх зүйн асуудал хариуцсан шинжээч” /ТЗ-5/ албан тушаалд, нэхэмжлэгч П.А******* Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн “гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн” /ТЗ-7-5/ албан тушаалаас чөлөөлж “гадаадын зээл тусламжаар хэрэгжих төсөл хөтөлбөрийн зохицуулалт хариуцсан шинжээч” /ТЗ-5/ албан тушаалд, нэхэмжлэгч Б.Б Салбарын хяналтын газрын “харилцаа холбооны хяналтын улсын ахлах байцаагч” /ТЗ-8-5/ албан тушаалаас чөлөөлж, “мэдээлэл, харилцаа холбооны хяналтын асуудал хариуцсан ахлах шинжээч” /ТЗ-4/ албан тушаалд тус тус томилсон.
Хоёр. Төрийн албаны зөвлөл 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 475 дугаар тогтоолын 5 дахь заалтаар нэхэмжлэгч 5 албан хаагчийг Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/82 дугаар тушаалаар шинэчилсэн бүтцийн дагуу батлагдсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилсныг Төрийн албаны тухай хуулийн 27.1, 33.3 дахь хэсгийг зөрчсөн буюу “бүтцийн өөрчлөлтөөр 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаалаар чөлөөлснөөр нэршил, ангилал өөрчлөгдсөн албан тушаалын хувьд сул орон тоо гэж үзэх тул тусгай шалгалтгүй томилсон нь хууль бус” хэмээгээд тогтоолын 6, 7, 8 дахь заалтаар энэ зөрчлийг ... хууль тогтоомжид нийцүүлэх, өөрчлөх арга хэмжээ авхуулахаар шийдвэрлэснийг хууль буруу тайлбарлан хэрэглэснээс төрийн жинхэнэ албан хаагчдын нэмэгдэл баталгааг зөрчсөн гэж шүүх дүгнэлээ.
2.1. Юуны өмнө Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 457 дугаар тогтоолын нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй 5, 6, 7, 8 дахь заалтыг нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагчдын эрх зүйн байдлыг хууль зүйн үндэслэлгүйгээр дордуулах, хуулиар тогтоосон нэмэгдэл баталгааг зөрчих үр дагавар үүсгэсэн захиргааны акт гэж үзэж харьяалан шийдвэрлэсэн.
2.2. Нэхэмжлэгч Ч.Б, Б.С нар 2012 оны 11 дүгээр сараас 2022 оны 1 дүгээр сар хүртэл, нэхэмжлэгч С.О 2012 оны 1 дүгээр сараас 2022 оны 1 дүгээр сар хүртэл, нэхэмжлэгч П.А 2013 оны 7 дугаар сараас 2022 оны 1 дүгээр сар хүртэл Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газарт ажилласан, агентлаг татан буугдсанаар чиг үүрэг, орон тооны хамт тус яаманд шилжин томилогдож ажиллаж байгаа, нэхэмжлэгч Б. 2005 оны 5 дугаар сараас 2010 оны 5 дугаар сар хүртэл, 2012 оны 1 дүгээр сараас 2023 оны 1 дүгээр сар хүртэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт харилцаа холбооны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаад мөн л татан буугдсанаар чиг үүргийн дагуу орон тооны хамт шилжин томилогдож ажиллаж байгаа, нэхэмжлэгч нар төрийн албан хаагчийг мэргэшүүлэх багц сургалтуудад хамрагдсан төрийн жинхэнэ албан хаагчид бөгөөд 2023 оны Б/82 дугаар тушаалаар томилогдсон албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын шаардлагыг хангаагүй гэх маргаан байхгүй.
2.3. Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах Төрийн албаны тухай хуулиар нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагчдын эрх зүйн байдлыг тодорхойлно, тодруулбал төрийн жинхэнэ албаны сул орон тоо үүсэх үндэслэл, нөхцөл, түүнийг нөхөх арга журам, төрийн жинхэнэ албаны шалгалт өгөх шаардлага, төрийн жинхэнэ албан хаагчийг томилох, чөлөөлөх үндэслэл, журам, төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн үед төрийн жинхэнэ албан хаагч ажлын байраар хангагдах нөхцөл баталгаа зэргийг зохицуулжээ.
2.3.1. Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "сул орон тоо" гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг ойлгохоор тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нарын томилогдон ажиллаж байсан тухайн албан тушаалын орон тоо суларсан гэж үзэх нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагчдыг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсан нөхцөл энэ маргааны тохиолдолд үүсээгүй байна.
Учир нь энэ хугацаанд үйлчилж байсан Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг өөрчилж, яамны “ахлах шинжээч” албан тушаалыг ахлах түшмэл ангилалд ТЗ-4 зэрэглэлээр, яамны “шинжээч” албан тушаалыг ахлах түшмэл ангилалд ТЗ-5 зэрэглэлээр, яамны “ахлах мэргэжилтэн” албан тушаалыг дэс түшмэл ангилалд ТЗ-6 зэрэглэлээр, яамны “мэргэжилтэн” албан тушаалыг дэс түшмэл ангилалд ТЗ-7 зэрэглэлээр тогтоосон, өөрөөр хэлбэл төрийн захиргааны албан тушаалын ангиллын зэрэглэлийн дугаарлалт болон тухайн ангилалд хамаарах албан тушаалын нэршлийг өөрчилсөн, үүнд нийцүүлэн тус яам 2023 оны А/02 дугаар тушаалаар яамны зохион байгуулалтын бүтцийн албан тушаалын нэр, ангиллыг өөрчилсөн, нэхэмжлэгч нарын хэрэгжүүлж байсан албан тушаалын чиг үүрэг, орон тоо яамны бүтцэд тус тусын нэгжид хэвээр хадгалагдсан байх тул бүтцийн албан тушаалын нэр, орон тоо, ангилал өөрчлөгдсөн үндэслэлээр Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаалаар албан хаагчдыг чөлөөлснөөр тэдгээрийн ажлын байранд сул орон үүсээгүй.
2.3.2. Төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн албанд хөдөлмөрлөх харилцааг дуусгавар болгох үндэслэл, журмыг энэ хуульд /албан тушаал бууруулахыг 45 дугаар зүйлд, төрийн албанаас түр чөлөөлөхийг 46 дугаар зүйлийн 46.1-д, чөлөөлөхийг 46.2, 46.3, 46.4-т, төрийн албанаас халахыг 47 дугаар зүйлийн 47.1-д, сахилгын шийтгэлээр төрийн албанаас халахыг 48 дугаар зүйлийн 48.1.4, 48.1.5-д/ маш тодорхой зааж, улмаар хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 49.2-т “Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” хориглох зүйлийг хатуу хуульчилсан.
Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны Б/81 дүгээр тушаалын албан хаагчдыг чөлөөлсөн “зохион байгуулалтын бүтцийн албан тушаал, ажлын байрны нэр, ангилал, зэрэглэл, орон тоо шинэчлэгдсэн” үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3, 46.4-т заасан төрийн албанаас чөлөөлөх “сонгуульд нэр дэвших болсон, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэх үндэслэлүүдэд огтоос хамаарахгүй.
Нөгөө талаас нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагчдыг албан тушаалаас нь бууруулсан, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсан гэх бусад нөхцөл энэ маргааны тохиолдолд угаасаа үүсээгүй.
2.3.3. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсгийн зохицуулалт нь төрийн байгууллага зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн, орон тоо цөөрсөн, хасагдсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг ажлын байраар хэрхэн хангах талаарх нэмэгдэл баталгааг зохицуулсан бөгөөд төрийн албанд хөдөлмөрлөх харилцааг дуусгавар болгох зохицуулалт биш, тиймээс ч энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 49.2-т “Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” хэмээн хориглох зүйлийг тогтоосон.
Хууль тогтоогч төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг ажлын байраар хэрхэн хангах талаарх нэмэгдэл баталгааг 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх”, 62.1.3-т “төрийн байгууллага зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулна” хэмээн зохицуулсан.
2.3.4. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 47 дугаар тогтоолоор зөвшөөрснөөр, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн А/06, А/08 дугаар тушаалаар батлагдсан нэхэмжлэгч Ч.Б салбар дундын зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтний, С.О******* радио давтамжийн бодлого зохицуулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтний, Б.С******* хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний, П.А******* гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтний, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 362 дугаар тогтоолын 30 дугаар хавсралтаар зөвшөөрсөн нэхэмжлэгч Б.Б******* Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын Зам, тээвэр, холбоо, мэдээллийн хэлтсийн харилцаа холбооны хяналтын улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолт[5] дахь ажлын байрны зорилго, зорилт, гүйцэтгэх чиг үүрэг нь Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 72 дугаар тогтоолоор зөвшөөрснөөр, Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар баталсан нэхэмжлэгч Ч.Б нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлтийн хэрэгжилт хариуцсан ахлах шинжээчийн, С.О******* радио давтамжийн бодлого зохицуулалтын асуудал хариуцсан шинжээчийн, Б.С******* захиргааны эрх зүйн асуудал хариуцсан шинжээчийн, П.А******* гадаад зээл тусламжаар хэрэгжих төсөл хөтөлбөрийн зохицуулалт хариуцсан шинжээчийн, Б.Б******* мэдээлэл харилцаа холбооны хяналтын асуудал хариуцсан ахлах шинжээчийн албан тушаалын тодорхойлолт[6] дахь ажлын байрны зорилго, зорилт, гүйцэтгэх чиг үүрэг шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3.1-д хүснэгтээр харьцуулсанчлан хэвээр байх бөгөөд хариуцагч нь албан тушаалын орон тоо, чиг үүрэг хэвээр гэх үндэслэлийг няцаагаагүй болно.
Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн маргаан бүхий 475 дугаар тогтоол 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гарахаас өмнө Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/80 дугаар тушаалаар тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн албан тушаалын нэр, ангилал, зэрэглэл, орон тоог дахин шинэчилж, улмаар 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус зөвлөлийн 551 дүгээр тогтоолоор ажлын байрны тодорхойлолтуудыг[7] зөвшөөрсөн, үүнд мөн адил нэхэмжлэгч нарын хашиж буй албан тушаалын ангилал, зэрэглэл, орон тоо, чиг үүрэг, улмаар албан тушаалын тодорхойлолт дахь зорилго, зорилт, гүйцэтгэх чиг үүрэг хэвээр байгааг дурьдах нь зүйтэй.
2.3.5. Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны А/02 дугаар тушаалаар бүтцийн өөрчлөлтөөр нэгжийн албан тушаалын нэр, ангилал, зэрэглэл, орон тоог “хууль тогтоомж, бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж чадахуйц, удирдлага зохион байгуулалт хийхэд оновчтой, төрийн албан хаагчийн шатлан дэвших, шилжих, сэлгэн ажиллах, цаашид тогтвор суурьшилтай ажиллах боломжийг хангахуйц байхаар” шинэчлэн баталснаар бүтцийн нэгжид ахлах түшмэлийн ангиллын албан тушаал бий болгож, зарим албан тушаалын нэршил өөрчлөгдсөн ч чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэнээр, тодруулбал чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа ч Засгийн газрын тогтоолоор албан тушаалын ангилал өөрчлөгдсөн тохиолдолд хуулийн 49 дүгээр зүйлийн хориглолт, 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтын баталгааг хангах хүрээнд чиглэл хүсэж яамны Төрийн албаны салбар зөвлөлөөс 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 04 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хандсан ч, энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3 дахь заалтуудыг хэрхэн ойлгож хэрэглэх, зөвлөмж, чиглэл ирүүлээгүй байдаг.
2.3.6. Шинээр баталсан бүтцийн дагуу албан тушаалын нэршил, ангилал өөрчлөгдсөн ч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсан албан хаагчдыг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны Б/82 дугаар тушаал ийнхүү үндэслэлтэй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг зөрчөөгүй, 62 дугаар зүйлийн 62.1.3-т “төрийн байгууллага зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулна” хэмээн заасныг зөв хэрэглэжээ.
Учир нь Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолоор баталснаар яамны ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн албан тушаал дэс түшмэл ангилалд, шинжээч, ахлах шинжээч албан тушаал ахлах түшмэл ангилалд хамаарах ч, яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны А/02 дугаар тушаалаар бүтцийн өөрчлөлтөөр нэгжийн албан тушаалын нэр, ангилал, зэрэглэл, орон тоог “хууль тогтоомж, бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж чадахуйц, удирдлага зохион байгуулалт хийхэд оновчтой, төрийн албан хаагчийн шатлан дэвших, шилжих, сэлгэн ажиллах, цаашид тогтвор суурьшилтай ажиллах боломжийг хангахуйц байхаар” шинэчлэн баталж, бүтцийн нэгжид ахлах түшмэлийн ангиллын албан тушаал бий болгож, албан тушаалын нэршил ангилал өөрчлөгдсөн ч чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэнээр нэхэмжлэгч Ч.Б******* ахлах мэргэжилтнээс ахлах шинжээчээр, С.О ахлах мэргэжилтнээс шинжээчээр, Б.С ахлах мэргэжилтнээс шинжээчээр, П.А мэргэжилтнээс шинжээчээр, Б. ахлах байцаагчаас ахлах шинжээчээр үргэлжлүүлэн ажиллуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т ... тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд авна гэсэнтэй зөрчилдөхгүй.
2.4. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 457 дугаар тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох 5, 6, 7, 8 дахь заалт нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 33 дугаар зүйлийн 33.3-т “... тусгай шалгалтыг ... төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд ... авна” гэж тус тус заасныг буруу тайлбарлан хэрэглэснээс мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 49.2 дахь “Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэснийг болон 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх”, 62.1.3 дахь “төрийн байгууллага зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулна” гэсэн нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагчдын төрд алба хашсаны төлөө эдлэх нэмэгдэл хууль зүйн баталгааг зөрчиж, эрх зүйн байдлыг хууль бусаар дордуулсан байх тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.
2.5. Төрийн албаны зөвлөл 2024 оны 457 дугаар тогтоолын 7 дахь заалтаар “зөвлөлөөс тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг /Төрийн нарийн бичгийн даргыг/ үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд /Засгийн газарт/ хүргүүлэхийг мэдэгдсэн”-ээр шийдвэрийн биелэлтийг заавал хангах албадлагын үр дагавар үүсгэсэн атал тогтоолдоо “хууль зөрчиж томилсон” гэх зөрчлийг хэрхэн арилгах, өөрчлөх, зөвтгөхийг, өөрөөр хэлбэл тухайн захиргааны актыг нь хэрхэн хэрэгжүүлэхийг заагаагүй, тодорхойгүй орхисон нь хариуцагчийн “төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулах эрх зүйн үр дагавар үүсгээгүй” гэх тайлбарыг зөвтгөх үндэслэл алга байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 457 дугаар тогтоолын нэхэмжлэгч Б.С, Б., С.О, П.А, Ч.Б нарт холбогдох 5, 6, 7, 8 дахь заалтуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.С, Б., С.О, П.А, Ч.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 457 дугаар тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох 5, 6, 7, 8 дахь заалтыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Б.С******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.С******* олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА