Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 201

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч М.Мөнхцэцэг,

шүүгдэгч Ц.М,

шүүгдэгч Я.Ц,

хохирогч Ц.Мөнхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Олохнууд овогт Цогтбаатарын М, Хунтайж овогт Яшкагийн Ц нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705006710015 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  1983 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, .......ХХКомпанид ажилтай, .........дүүргийн ......... дугаар хороо Сонсголонгийн .... дугаар гудамжны ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Олохнууд овогт Цогтбаатарын М.

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, ........телевизэд зураглаач ажилтай, Баянзүрх дүүрэг ....... дүгээр хороо Бага Дарь эх ...... дугаар гудамж ...... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо ...... дугаар байрны ...... тоотод оршин суух, Хунтайж овогт Яшкагийн Ц

 

Шүүгдэгч  Ц.М нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Үндэсний дээд сургуулийн орчимд Ц.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Я.Ц нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Үндэсний дээд сургуулийн орчимд Ц.Мөнхжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ц.М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Я.Ц мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Мөнхжаргал мэдүүлэхдээ: “Би ах М, Ганзориг, Очирсүрэн нартай хамт цайны газар хоол идээд Ганзориг, Очирсүрэн нар түрүүлээд гарсан. Би ахтайгаа хамт цайны газраас гараад зам хөндлөн гарч байтал дунд гарын жийп машин хурдтай явж өнгөрсөн. Ах уурлаад машины хаалга руу өшиглөсөн. Тэгтэл Ц машинаас гарч ирээд “яаж байгаа юм бэ” гээд ахыг барьж авсан. Би салгах гэтэл жолоочийн суудлаас Цы хүүхэд гарч ирээд ахтай барилцаж авсан. Би ахыгаа салгаад зам хөндлөн гарч ахыгаа машинд суулгаад өөрөө машинд суух гэж байтал хар өнгийн машин Монголын үндэсний дээд сургуулийн уулзараар ширүүн орж ирээд намайг мөргөсөн. Би унаж босоод жолоочийн буруу талын хаалган дээр очоод “чи хүн аллаа шүү дээ, яаж байгаа юм бэ” гээд Цтай маргалдахад миний нүүр рүү 1-2 удаа цохисон. Тэр үедээ хамар хавдаж зулгарсан байсан. Надад хөнгөн гэмтэл учирсан. Надад нэхэмжлэх зүйл,  гомдол санал байхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.М болон Я.Ц нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч  Ц.М нь Ц.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,  шүүгдэгч Я.Ц  Ц.Мөнхжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Ц.Мы “2017 оны 09 дүгээр сарын 03-нд 14 цаг орчим буяны ажил гараад Төв Ганданд ном уншуулаад төв зам руу гарсан. Төв зам руу ороход үндсэн замын хөдөлгөөний улаан гэрэл асаад туслах замаар эргэж орж байгаа машин бол эргэж ордог. Тэгээд орсон чинь л зам дээр явган хүний гарцаар гарч явсан хүмүүс дундаас таг хийх чимээ гарсан. Тэгээд зогсоод аав хажуу хаалга онгойлгоод буусан. Би бас буугаад очсон чинь хоёр залуу аавыг хажууд зогсож байсан микро машин руу шахчихсан зогсож байсан. ... Би шар футболктой залууг хойшоо татсан чинь тэр залуу хойшоо бөгсөөрөө суусан. Би дээр нь мордоод “чи яагаад байгаа юм” гэсэн чинь “за болъё” гэсэн. Тэгэхээр нь би мөрнөөс нь татаад босгосон чинь ээж бид хоёрыг хоёр гараараа зэрэг татаад хоёуланг нь өвдөглөж өшиглөсөн. Тэгсэн буудал дээр байсан хүмүүс ирээд салгаж болиулсан. ... Эргэж хараад копуд дээр цохисон. Тэгэнгүүт нь би цагдаа дуудна, хүлээж бай гэсэн. Тэгсэн гаднаас машин дахиж өшиглөж, цонхны гадна хөмсөг хуванцарыг хуулж татсан. Тэгээд тэд нар агсрах нь арай гайгүй болохоор нь би цонхоо онгойлгоод цагдаад дуудлага өгөх гээд утсаа чихэн дээр бариад байж  байтал утас булааж аваад шидчихсэн. ... Тэгэж байтал түсхийгээд л явсан. Нэг сэргэсэн чинь манай ах ирчихсэн, миний хамарнаас цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-10 дугаар хуудас/

 

Хохирогч Ц.Мөнхжаргалын “... Би машинд мөргүүлээд босч ирээд уурлаад яаж байна гээд машины жолоочийн эсрэг талын хаалган дээр очиж цонхоор нь хэрэлдэж байхад машинаар мөргөсөн залуугийн аав нь цонхны цаанаас гараараа миний нүүрний хамар, нүдний орчим нэг удаа гараараа цохисон. Тэр үед хамрын нуруу, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт, духны зулгаралтыг учруулсан. Өөр хүн намайг цохиж зодоогүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20 дугаар хуудас/

 

Гэрч Г.Ганзоригийн “Би 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 14 цагийн орчимд байхаа найз Мөнхжаргал, Очироо, Мгийн хамт явж байгаад Монголын Үндэсний их сургуулийн гаднах автомашины зогсоол дээр машинаа тавиад Гандангийн автобусны буудлаар урагш гарч хоолны газар орж бид 4 хоол авч идсэн. ... Тэгтэл Мөнхжаргал, М нар нь зам хөндлөн гараад ирэхээр нь би Мгийн машиныг би тэр өдөр бариад явж байсан учраас машиныг зогсоолоос гаргаад тэр хоёрыг суулгаад хөдлөхөд бэлдээд зогсож байсан. Урд нь Мөнхжаргал алхаж байсан, араас нь М алхаад явж байсан. ... Тэгээд тэр хөгшин ах машинаас бууж ирээд Мөнхжаргал руу зодох гээд дайрч гараараа нүүр лүү нь 3-4 удаа цохиод байсан. Мөнхжаргал нь та яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд М нь тэр хөгшин ахыг та болиочээ гээд бариад авсан. Тэгтэл тэр хөгшин ах Мгийн нүүр лүү нь цохиод байх шиг байсан. ... М уурлаад хажууд нь байсан машин барьж явсан эрэгтэйг чи одоо юу гээд байгаан дүрмээ барьж явахад яадаг юм гээд нөгөө машин барьж явсан эрэгтэйгийн нүүр лүү 1 удаа алгадсан чинь тэгтэл нөгөө залуу нь газар уначихсан. Тэгээд нарийнхан зам байсан учраас араас машин ирээд сигналдаад байхаар нь машинаа хөдөлгөх гэтэл М нь зам дагаад алхаад явж байхад араас нь очоод машинд суулгасан. ... Мөнхжаргалын  машинд мөргүүлээд нуруу  сонин болчихлоо гэсэн. Баруун нүдний доод талаас нь цус гарчихсан, нүүр нь жаахан жаахан улайсан байсан. Өмсөж явсан фудболк нь нилээн урагдсан байсан. Өөр гэмтэл бэртэл учирсан талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26-27 дугаар хуудас/

 

Гэрч М.Мөнхжаргалын “ ... Би 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 14-15 цагийн орчимд нөхөр Ц, хүү Мөнхсайхан нарын хамт Гандан хийдэд ном уншуулчихаад гараад Гандангийн урд талын автобусны буудлын гэрлэн дохиогоор ертөнцийн зүгээр зүүн тийшээгээ явах гэж байтал тас гэх чимээ гарахаар нь машины араас машин ирээд мөргөчихлөө дөө гэж бодсон. ... эргээд хойшоо харахад манай нөхөр Цыг нэг өндөр залуу микро автобус руу шахчихсан толгой руу нь гараараа цохиж байхаар нь би машинаас буугаад гарахад нөгөө талд манай хүү Мөнхсайханыг нэг шар фудболктой залуу газар унагаачихсан цохиж байсан. ... Нөгөө хоёр залуу машин замаар зам хөндлөн гараад гүйхээр нь бид 3 машиндаа суугаад гэрлэн дохиогоор буцаж эргээд Үндэсний дээд сургуулийн тэнд очиход нөгөө 2 залуу машин суугаад явах гэж байхаар нь машиныг таглаж зогсоход нөгөө 2 залуу машинаасаа бууж ирэхэд манай нөхөр Ц, хүү Мөнхсайхан нар нь машинаас буугаад нөгөө 2 залуутай юм яриад зогсож байсан. ...Тухайн үед зодоон болоогүй. Дахин хэрэлдэж байгаад нөгөө намхан шар өнгийн фудболктой залуу манай хүүгийн нүүр рүү 1 удаа цохиод манай хүү газар унасан. Би машинаас орилоод буухад манай хүүгийн хамар амнаас нь цус гараад ухаан алдсан байхаар нь би тэр хавиар тусламж дуудаарай гэж орилж байх хооронд шар өнгийн фудболктой залуу зугтаасан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29-31 дүгээр хуудас/ 

 

Гэрч Ч.Очирсүрэнгийн “ ...Тэгтэл жолооч барьж байсан залуу машинаасаа буугаад ирэхэд М нь тэр залууг 1 удаа гараараа алгадахад тэр залуу  газар уначихсан. Тэр үед би Мг боль чи одоо яв гээд цаашаа холдуулсан. ...Ер нь бол аав нь Мөнхжаргалын нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Хүүхэд нь гэх залуу Мөнхжаргалыг зодож цохисон талаар хараагүй. Би дунд нь тэд нарыг салгаж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 43-45 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11272 дугаартай:

“1. Ц.М-н биед тархи доргилт, баруун зовхи, уруулын зөөлөн эдийн  няцрал, цус хуралт, хоёр сарвуу, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид  энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 47 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11381 дугаартай:

“1. Мөнхжаргал-н биед хамрын нуруу, баруун нүдний доод зовхи, баруун тавхайны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, духны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид  гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 55 дугаар хуудас/

 

Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн “ баруун хөлийн тавхайн гэмтэл нь машины дугуй хөлийн тавхай дээр гарах үед болон гишгэх дэвсэх зэрэг хөлийн тавхай дээр мохоо хүчин зүйл үйлчилж үүсгэгдэнэ. Хүн босоо байрлалд байх үед шилбэ өвдөгт  гэмтэл учирдаг. Хамрын нуруу, баруун нүдний доод зовхи зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна. Духанд 2 мм урттай 1 ширхэг зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 94-96 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Ц.Мгийн яллагдагчаар өгсөн “Прокурорын  тогтоолтой танилцсан. Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ... Би ганцаараа хохирогч Мөнхсайханы  шанаа руу 1 удаа  алгадсан. Тэр үед газар уначихаад босохгүй байгаад байсан. Тухайн үед Мөнхжаргал нь босож ирээд хажууд хувцасны тоосыг гөвж байсан. Тэгтэл нөгөө залуугийн аав, ээж 2 над руу дайраад байхаар нь цаашаагаа яваад өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 79-80 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Я.Цы яллагдагчаар өгсөн “ Би 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би тухайн газарт буяны ажлаар явж байсан. ... Харилцан зодоон болсон. Намайг ч цохисон. Би ч уурандаа цохисон. Тухайн үед миний машиныг өшиглөөд мөн машин хонхойлгоод шууд зугтсанд миний уур хүрсэн. ...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 102-103 дугаар хуудас/

зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Ц.М, Я.Ц нар нь хоорондоо “Замын хөдөлгөөний дүрмээ баримталсангүй, автомашин руу өшиглөлөө” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар хохирогч Ц.М, Ц.Мөнхжаргал нарыг зодож тэдгээрийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь  хохирогч,  гэрч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул  тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

 

Хохирогч Ц.Мөнхжаргал “би эмчилгээ хийлгээгүй, эмчилгээний баримт байхгүй, Нөгөө талын хүмүүс гомдолгүй гэвэл би бас гомдолгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн, хохирогч Ц.Мд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтууд хэрэгт цуглуулаагүй тул шүүгдэгч нараас хохирол, хор уршигийн төлбөрт гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.М, Я.Ц нар баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх шүүгдэгч Ц.М, Я.Ц  нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

  

ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Олохнууд овогт Цогтбаатарын Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Шүүгдэгч Хунтайж овогт Яшкагийн Цыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Мг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Я.Цыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.М, Я.Ц нар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.М, Я.Ц  нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Ц.М, Я.Ц  нар баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Ц.М, Я.Ц  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.