Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/00979

 

 

 

“А.Ө.Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2021/00690 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “А.Ө.Б” ХХК-ийн хариуцагч У.О, Б.Б нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг болон зардалд 55 091 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч У.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, хариуцагч У.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А.Ө.Б” ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр У.О, Б.Б нарт 20 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлж, барьцааны гэрээгээр У.Оын өмчлөлийн 17-64 БРА гэх улсын дугаартай улаан өнгийн портер маркийн автомашиныг барьцаанд авсан байдаг. Зээл авснаас хойш төлөлт хийгээгүй. Харин хариуцагч У.Оын гаргасан хүсэлтийн дагуу зээлийн гэрээг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээг 8 сарын хугацаагаар сунгасан байдаг. Гэсэн хэдий ч зээлдэгч нар нь огт төлөлт хийгээгүй, хариуцагч У.О олдохгүй, бидний зүгээс эрж, хайх ажиллагаа хийж, зардал гаргасан байдаг. Барьцааны машиныг У.О өөрөө ашиглаж байгаа, байгууллагын нэр дээр автомашины бичиг баримт шилжсэн байдаг, гэхдээ бид барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй, зөвхөн зээлээ нэхсэн. Зээлийн тооцооллын хувьд үндсэн зээлийн үлдэгдэл 20 000 000 төгрөг, хүү 14 сар, 1 сарын хүү 800 000 төгрөг, нийт 11 200 000 төгрөг, алданги гэрээний хугацааны 7 252 800 төгрөг, гэрээ дууссаны 15 756 000 төгрөг болсон боловч 50 хувиас хэтрэхгүй гэдгээр тооцож 15 600 000 төгрөг, У.Оыг эрж, хайсан зардал 1 038 300 төгрөг, нийт 55 091 100 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч У.О, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч У.О нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 17-64 БРА авто машиныг барьцаалан 6 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлийн гэрээг байгуулсан, гэрээг дахин 8 сараар сунгасан нь үнэн. Зээлийн гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлж чадаагүй тул уг зээлийн гэрээг байгуулснаар зээлсэн мөнгөө төлөөгүй учир барьцаалсан машиныг зарж төлбөр төлөх, машинаар тохиролцох хүсэлтийг удаа дараа гаргасан боловч нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй. Иймд зээлийн гэрээний үндсэн төлбөр 20 000 000 төгрөг, 14 сарын хүү 11 200 000 төгрөгийг тус тус төлнө. Харин алданги, гарсан зардлыг зөвшөөрөхгүй. Учир нь “А.Ө.Б” ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ломбардын үйл ажиллагаа явуулдаг учир зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасанн зээлийн харилцаа үүссэн. Мөн хариуцагч У.Оыг эрэн сурвалжилж шүүхээр шийдүүлсэн, үүнтэй холбоотой гарсан зардал байдаггүй. Хэрэгт өгсөн баримтыг үзвэл ахуйн шинжтэй, хүнсний бүтээгдэхүүн авсан баримт нь хамааралгүй, нэхэмжлэлийн энэ хэсэг үндэслэлгүй байна гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “А.Ө.Б” ХХК, У.О нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд гэрчийн журмаар гарын үсэг зурсан бөгөөд тухайн зээлийн 20 000 000 төгрөгийн зарцуулалт болон эргэн төлөлтөд хамааралгүй болно. Иймд зээлийн гэрээний дагуу барьцаалсан автомашин нь зээлдэгч У.Оын эзэмшилд байгаа тул тус хэргээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1д зааснаар хариуцагч У.Ооос 46 800 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А.Ө.Б” ХХКнд олгож, нэхэмжлэлээс үлдэх 8 291 000 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Б.Бт холбогдох шаардлагын хамт хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч “А.Ө.Б” ХХК-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 433 406 /433,046+360/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч У.Ооос 391 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А.Ө.Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч У.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч У.О нь талуудын хооронд байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 482 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 20 000 000 төгрөг, 14 сарын хүү 11 200 000 төгрөг нийт 31 200 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч харин алданги 15 600 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа бөгөөд 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлд анзыг хэрэглэхгүй” гэж зааснаар анз төлөх үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч “А.Ө.Б” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний үйл ажиллагааны чиглэлд “Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа” гэж бичигдсэн нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болохыг харуулж байгаа бөгөөд уг зээлийн гэрээ нь иргэд хоорондоо байгуулагдаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа биш юм. Мөн нэхэмжлэгч нь “Зээлийн гэрээ”-г байгуулахдаа зээлийн гэрээнд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ” байгуулж 17-64БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлнэ гэж зааж 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдөр “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ” байгуулж тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан бөгөөд хариуцагч У.О нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрч уг тээврийн хэрэгслээс нэхэмжпэгчийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж Зээлийн гэрээний үүргийн харилцааг дуусгавар болгох 4 хүсэлтийг хүргүүлсэн боловч мөнгөө авна гэж шүүхэд хандсан ба өнөөдрийг болтол 17-64 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагчийн нэр дээр буцаан шилжүүлэн өгөөгүй байна. Гэтэл талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хүчин төгөлдөр “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ” нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж 17-64 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгчийн өмчлөлд хэвээр байхад шүүхээс энэхүү нөхцөл байдлыг тодруулалгүйгээр орхигдуулсан нь хэргийг нэг мөр, бүрэн дүүрэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нөхцөл байдлыг дотруулалгүй шийдвэрлэж шүүхийн шийдвэрээр нэхэмжпэгч нь зээлийн гэрээний төлбөр болон зээлийн гэрээний барьцаанд байгаа тээврийн хэрэгсэлийг авах бодит нөхцөл байдал бүрдсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон агуулгын өөрчлөлт оруулав.

            Нэхэмжлэгч “А.Ө.Б” ХХК нь хариуцагч У.О, Б.Бт нараас зээлийн гэрээний үүрэг, гэрээнээс учирсан хохиролд 55 091 100 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.

            “А.Ө.Б” ХХК, У.О нар 2019 оны 02 дугаар сарын 19-нийн өдөр 482  дугаартай зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, гэрээгээр тохирсон хуваарийн дагуу үүргээ биелүүлээгүй тохиолдолд биелүүлээгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх нөхцлийг харилцан тохиролцож зээлдэгч У.О мөнгийг хүлээн авсан, талууд гэрээний хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан болох нь хэрэгт буй зээлийн гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, талуудын тайлбар зэрэг баримтуудаар нотлогджээ. /хх-7, 10, 123-124/

Дээрх үйл баримтад талууд маргаагүй, мөн хариуцагч У.О нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй болохоо зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан, харин алданги төлөхөөс татгалзаж буй үндэслэлээ “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаанд алданги шаардах эрхгүй” гэж тайлбарлан, маргасан. /хх-124/

Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлд үндэслэн эрхэлдэг бөгөөд зээл авах, түүнийг эргүүлэн төлөх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Иргэний хуулийн 451-453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан. Нэхэмжлэгч нь уг зохицуулалтад хамаарах буюу тусгай зөвшөөрлийн дагуу зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд биш байна.

Учир нь зээлдүүлэгч “А.Ө.Б” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх ба тэрээр зээлдэгч У.Од 20 000 000 төгрөг зээлдүүлэхдээ зээлийн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор түүний эзэмшилд бүртгэлтэй хөдлөх хөрөнгө буюу Фотон Эн Ди 4251 /Foton ND/ маркийн БРА1764 улсын дугаартай автомашиныг барьцаанд авахаар харилцан тохиролцож улмаар эзэмших эрхийг шилжүүлэн авсан үйл баримт 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх-8, 13/

Энэ гэрээний агуулга нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдэх газраас зээл олгох зохицуулалтад нийцсэн байх тул талуудын хооронд мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймээс зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээл төлөх үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч У.Оын “үндсэн зээл 20 000 000 төгрөг, түүнд ногдох хүүг төлнө” гэх тайлбар /хх-31/, талуудын байгуулсан гэрээ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн түүний зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг 31 200 000 буюу үндсэн зээл 20 000 000  төгрөг, 14 сарын хүү 11 200 000 /20 000 000 х 4% х 14 сар/ төгрөг гэж шүүх тодорхойлохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримт, түүнийг үнэлэх журмыг зөрчөөгүй байна.  

Талууд зээлийн гэрээний 3-т “гэрээний хугацаанд графикт заасан үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт биелүүлээгүй үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний, ... гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд биелүүлээгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх” нөхцлийг тохирсон байна. /хх-7/

Зээлийн гэрээний нэг тал нь барьцаалан зээлдүүлэх газар тул гэрээний 3 дах заалтыг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан гэрээний стандарт нөхцөл гэж үзнэ. Талууд гэрээгээр алданги тооцох хэмжээг 2 өөрөөр ойлгомжгүй тогтоосон байх тул зээлдэгч буюу хариуцагчид ашигтайгаар тайлбарлан алдангийг гүйцэтгээгүй үүргийн 0.3 хувиар тооцох нь мөн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсгийн заасантай нийцнэ. Анхан шатны шүүх уг хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, алдангийг 0.5 хувиар тооцсон нь алдаатай болжээ.

Хариуцагч У.Оын гүйцэтгээгүй үүрэг болох 31 200 000 төгрөгөөс алданги тооцвол /31 200 000 х 0.3%/ 10 576 800 төгрөг байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт “Анзын хэмжээ их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн талуудын зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээл буцаан төлөх хуваарьт зээлийн хүү урьдчилж төлөхөөр нөхцөл заасан, зээлийн хүүгийн хэмжээ сарын 4 хувь, жилийн 48 хувь байгаа, түүнчлэн Монгол Улсад Ковид 19 цар цахал гарсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд хариуцагчийн төлөх алдангийг 26 хувиар бууруулан 7 800 000 төгрөгийн хэмжээнд багасгаж, хариуцагч У.Ооос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 39 000 000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор У.Оын эзэмшлийн Фотон Эн Ди 4251 /Foton ND/ маркийн БРА1764 улсын дугаартай автомашиныг барьцаалан гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.5 дах хэсгийн заасантай нийцсэн. Зээлдэгчээс фидуцийн зүйлээр үүргийг хангуулах, эсхүл шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн хэлбэрээрээ буцаан шаардах эсэх нь зээлдүүлэгчийн эрх байдаг. Иймээс энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд          1 038 300 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, Улсын авто замын сан авто зам ашигласны төлбөрийн баримт, хоолны газрын болон хүнсний дэлгүүрээс худалдан авалт хийсэн тооцоны хуудас, зээлийн зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

Анхан шатны шүүх уг баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.2 дах хэсэгт заасныг тайлбарлан хэрэглэж, 1 038 300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг, мөн хариуцагч У.Батзоригийг зээлийн гэрээний үүргийг хамтран хүлээх этгээд биш гэж дүгнэн түүнд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Энэ шийдвэрт нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2021/00690 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “232.6” гэснийг “232.8” гэж, “46 800 000” гэснийг 39 000 000” гэж, “8 291 000” гэснийг “16 091 000” гэж, 2 дах заалтын “391 950” гэснийг “352 950” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                              ШҮҮГЧИД                                   Н.БАТЗОРИГ

 

                                                                                  Ч.ЦЭНД