Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/202

 

 

 

 

 

 

    2024           02             15                                       2024/ДШМ/202

 

 

                                                     Э.О-д холбогдох эрүүгийн

         хэргийн тухай  

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,

хохирогч Э.Т, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү  даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/46 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Сод-Эрдэнийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Э.О-д холбогдох 2206 05476 3204 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн ....-ы О, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр ............... төрсөн, .. настай, э..эгтэй, дээд боловсролтой, ................ мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ...-гийн хамт ....... дүүргийн .. дугаар хороо, ... тоотод оршин суух, /РД: ............../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/1356 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/437 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/732 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/437 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялыг 1.600.000 төгрөгөөр тогтоосон;

Яллагдагч Э.О нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны шөнө 00:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 40 дүгээр байрны үүдэнд өөрийн найз охин М.С-ыг гэрт нь хүргэж өгөхөөр орц руу нь оруулах гэж байсан Э.Т-ыг ямар нэгэн үг хэлэлгүйгээр нүүр, хүзүү, цээж, зүүн гарын шуу хэсэгт нь хэд хэдэн удаа гараараа цохих, хөлөөрөө дэвсэх зэргээр зодож, биед нь баруун хацарт зулгаралт зөөлөн эдийн гэмтэл, баруун хацар, зүүн чамархайн хуйх, шанаа, дух, хүзүү, цээж, зүүн шуунд цус хуралт гэмтлүүд бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: Э.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Э.О-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 заалдатд заасан нотолбол зохих байдлыг тогтоосон болон яллагдагчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарласан.

Яллагдагч Э.О-д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах...” эрхтэй гэжээ.

Урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч Э.Т нь оролцохдоо бие махбод болон сэтгэл санаанд учирсан зовуурь шаналлын хувьд учирсан хохирол, хор уршгийг нэхэмжилж байна гэсэн.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан Шүүх шинжилгээний /шинэчилсэн найруулга/ тухай хуулийн Үзэл баримтлалын Нэгд. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагын талаар “...Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан бөгөөд хохиролд эдийн бус хохирлын нэг болох сэтгэцэд учирсан хор уршиг хамаарахаар заасан байна. Дээрх зүйлс нь эдийн засгийн эргэлтэд арилжааны зүйл болдоггүй тул энэ хохирлын хэмжээг хэрхэн тооцох, барагдуулах талаарх эрх зүйн зохицуулалт дутмаг байгаагаас гэмт хэргийн улмаас хохирсон иргэд өөрт учирсан хохирлоо бодитой, бүрэн төлүүлэх эрхээ эдэлж чадахгүй хохирсон хэвээр байна. Нэг талаас Монгол Улсад гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо зөвхөн нотлох баримтад тулгуурлан эмчилгээ, оршуулга, тээврийн зардлын баримтыг харгалзан хохирлыг тооцож байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн учирсан бодит хохирлыг шүүхээс тооцож байгаа бол эдийн бус хохирол болох сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлох, нөхөн төлбөрийн хэмжээг хэрхэн тооцох нь тодорхойгүй байгаагаас нийтлэг байдлаараа хор уршгийг тооцолгүй орхигдуулж байна.. ...” гэж,

Шүүх шинжилгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “...Энэ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино...” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “...Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/, ...-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана...” гэж тус тус заажээ.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №25 тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д “...Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл/ ... гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ. ...” гэжээ.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1 дэх хэсэгт “...шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ...” гэж тус тус заажээ.

Иймд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх хэсэгт “...хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх...” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах шаардлагатай.

  1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад...” эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх талаар тусгажээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 04/2212 дугаар албан тоотоор хохирогч Э.Т нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 161.000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан талаарх баримтыг ирүүлсэн байх боловч тухайн байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, гэмт хэргийн улмаас учирсан зардлыг нэхэмжлэх эсэх эрхийг нь хангаагүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хяналтын прокурор нь уг төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар хэрэгт хавсаргуулсан талаар тайлбар гаргаж байх боловч гэм буруутай этгээдээс гаргуулж хэнд олгох нь тодорхойгүй байгаа нь хэргийг бүрэн бодитой шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

  1. Мөн хавтаст хэргийн 50 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст яллагдагч Э.О нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1356 дугаартай шийтгэх тогтоол, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 732 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус оногдуулсан ялыг биелүүлж дуусаагүй буюу "эрүүгийн хариуцлага хүлээж байна” гэж тодорхойлсон байх бөгөөд уг ялыг бүрэн эсхүл хэсэгчлэн биелүүлсэн талаарх эрх бүхий байгууллагын албан ёсны баримт хэрэгт авагдаагүй байна.

Яллагдагч Э.О нь шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг биелүүлж дууссан гэх 5 хуудас орлогын баримт гаргаж өгсөн боловч уг баримтад үндэслэн дээрх ял биелэгдэж дууссан эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. ...”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Э.О-д холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорт буцааж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Э.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Сод-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “гадны нөлөөгөөр, эсхүл сэжигтэй байдлаар хүн нас барсан бол түүний шалтгааныг тогтоох, хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох, гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох, бүх насаар хорих ял оногдуулж болох гэмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн насны тухай бичиг баримт байхгүй бөгөөд тэдний насыг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой байвал” заавал шинжилгээ хийлгэхээр хуульчилсан.

Э.О-д холбогдох хэрэгт хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох шинжилгээг хийсэн байх бөгөөд шинжээчийн дүгнэлт гарч, дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага ...заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж, мөн хуулийн 40.2.1 дэх хэсэгт “хохирогч энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх” гэж, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.6.1 дэх хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж,

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчдийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан.

Уг аргачлалд “Сэтгэцэд учирсан хор уршиг" гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг, “сэтгэцийн эмгэг” гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар ойлгохоор тус тус нэр томьёог тайлбарласан байна.

Хохирогч Э.Т-ын зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгож дүгнэлт гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт, гомдол гаргаагүй нөгөөтэйгүүр хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжээчийн дүгнэлт нь заавал хийлгэх шинжилгээ биш учраас шүүх өөрийн санаачилгаар энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаасныг хүлээх авах хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйл заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх тухай заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар мөрдөгч, прокурорт үүрэг болгосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад заавал хийж гүйцэтгэх ажиллагааны талаар заасан хэм хэмжээ биш юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 04/2212 дугаар албан бичгээр хохирогч Э.Т нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 161.000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан талаарх баримтыг ирүүлсэн ба яллагдагч Э.О нь дээрх 161.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч” гэж хуульчилсан.

Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 161.000 төгрөг нь төлөгдсөн учраас хуулийн дээрх заалтын хүрээнд иргэний нэхэмжлэгч тогтоож, хохирол төлүүлэх, сэргээлгэх шаардлага үүсээгүй байна.

З. Э.О-ыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 732 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 437 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялын хэмжээг нэмж, нэгтгэн торгох ялыг 1.600.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн.

Яллагдагч Э.О нь шүүхийн хэлэлцүүлэгт 1.600.000 төгрөгийг төлж дууссан талаарх баримтыг гаргаж өгч, шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дууссан болох нь тогтоогддог ба дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх мөрдөн ажиллагаа хийлгэх бол” гэсэн “хэргийг прокурорт буцаах” үндэслэл тогтоогдохгүй, яллагдагч Э.О-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/46 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Э.Т-ын өмгөөлөгч П.Учралгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн байр суурьтай шүүх хуралдаанд оролцож байна. Прокурорын зүгээс хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг заавал хийх шинжилгээ биш, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг тул тогтоох шаардлагагүй гэж тайлбарлаж байна. Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын хавсралт журмын 2.3 -т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана.” гэж заасан байна. Гэтэл энэ ажиллагааг огт хийгээгүй. Прокурорын тайлбарлаж байгаа шиг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт уг хуулийн зохицуулалт үйлчлэхгүй гэсэн зохицуулалт байхгүй. Өмгөөлөгчийн зүгээс хэрэг хэзээ үйлдэгдсэн бус хэзээ хянан шийдвэрлэгдэж байгаагаас дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шалтгаалах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Мөн 161.000 төгрөгийг яллагдагч Э.О нь Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч хавтаст хэргийн 109 хуудсанд авагдсан 161.000 төгрөгийг төлсөн баримт дээр “Баянзүрх, Сүхбаатар дүүргийн барьцаа” гэсэн утгатай гүйлгээ хийгдсэн байдаг. 1.600.000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр төлсөн гэдэг боловч хаашаа шилжүүлсэн, аль хэргийн хохирол гэдэг нь тодорхойгүй байдаг. Эрх бүхий албан тушаалтнаас торгуулийн ялыг биелүүлсэн талаар баримт ирүүлээгүй байхад шүүх ялыг биелүүлсэн гэж үзэхэд хэцүү. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Э.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад намайг сэтгэцэд учирсан болон бусад хохирол, хор уршгийн талаарх баримтаа гаргаж өгөөгүй гэж байна. Надтай 4 өөр мөрдөгч холбогдсон. Мөрдөгч бүр холбогдохдоо нэг зүйлээ яриад хэргийг мөрдөхгүй байсаар хэрэг удааширсан. Хамгийн сүүлийн мөрдөгч надад чи MRI зураг авхуулсаны дараа гэмтлийн зэрэг илүү тодорхой тогтоож болно гэж хэлсэн. Би MRI зураг авхуулах гэсэн боловч Гэмтлийн эмнэлэгт цаг байхгүй бөгөөд санхүүгийн боломжгүй байсан. Мөн миний даралт одоо хүртэл ихэсдэг талаар мөрдөгч болон шүүгчид удаа дараа хэлж байсан боловч анхаарч үзээгүй. Мөн надад эд хөрөнгийн хохирол учирсан боловч мөрдөгч эхлээд Э.О чамд хохирол учруулсан эсэхийг батална, дараа хохирлын талаар ярилцана гээд хэргийн хойшлуулж байсан. Мөрдөгч нар ямар ч ажиллагаа хийхгүй байсаар хамгийн сүүлийн мөрдөгч надаас ганцхан зүйл асуусан нь гэмт хэргийн баталсан зүйл байна уу гэхэд нь Э.О намайг зодсон гэдгээ өөрөө бичсэн чатыг нь өгсөн. Үүний дараа хэрэг шүүхэд шилжсэн. Мөрдөгч надад үгээ хэлэх боломж өгөөгүй. Шүүх ч надад үгээ хэлэх боломж олгоогүй. Миний ажигласнаар Э.О тухайн үед байсан прокурор 2 танил найзууд шиг хоорондоо харилцаж байсан. Шүүгч надаас прокурорыг солих уу гэж асуухад нь би ойлгоогүй. Хохирлын талаар шүүгч надаас асуух байх гэж бодсон мөрдөн байцаалтын явцад хэн ч надаас хохирлын талаар асуугаагүй. Шүүгч асуухад нь би хохирлоо барагдуулмаар байна гэдгээ хэлсэн. Сэтгэл санааны хохирлоос өөр хохирол байгаа юу гэхэд нь би хөрөнгийн хохирол болон даралт байнга ихэсдэг болсон талаараа хэлсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр  хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос Э.О-ыг “2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны шөнө 00:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 40 дүгээр байрны үүдэнд өөрийн найз охин М.С-ыг гэрт нь хүргэж өгөхөөр орц руу нь оруулах гэж байсан Э.Т-ыг ямар нэгэн үг хэлэлгүйгээр нүүр, хүзүү, цээж, зүүн гарын шуу хэсэгт нь хэд хэдэн удаа гараараа цохих, хөлөөрөө дэвсэх зэргээр зодож, биед нь баруун хацарт зулгаралт зөөлөн эдийн гэмтэл, баруун хацар, зүүн чамархайн хуйх, шанаа, дух, хүзүү, цээж, зүүн шуунд цус хуралт гэмтлүүд бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд “...Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хохирогч Э.Т-ын эмчилгээнд зарцуулсан 161.000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан асуудлаар тухайн байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, гэмт хэргийн улмаас учирсан зардлыг нэхэмжлэх эсэх эрхийг нь хангах, яллагдагч Э.О-ын урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг биелүүлсэн талаарх баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгах. ...” шаардлагатай гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцэл бичсэний дагуу хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд прокурорын бичсэн эсэргүүцлийн заримыг үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх бөгөөд шүүгчийн захирамжийн үндэслэлд заасан дараах асуудлуудаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зохих дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Үүнд:

1. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой шинжээчийн дүгнэлт гаргуулах заалт нь Иргэний хуульд шинээр тусгагдсан бөгөөд 2023 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд орсон нэмэлт өөрчлөлтийг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж байгаа билээ.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлд “...Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй...” гэж заасан. Өөрөөр хэлбэл, яллагдагч Э.О-д холбогдох гэмт хэрэг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэн ба хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн учир хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах зохицуулалт үйлчлэхгүй.  

2. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 04/2212 дугаар албан тоотоор хохирогч Э.Т нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 161.000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан байх ба тус зардлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Э.О нь төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг иргэний нэхэмжлэгчээр нөхөн тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Харин анхан шатны шүүхийн “...хавтаст хэргийн 50 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст яллагдагч Э.О нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1356 дугаартай шийтгэх тогтоол, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 732 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус оногдуулсан ялыг биелүүлж дуусаагүй буюу “эрүүгийн хариуцлага хүлээж байна” гэж тодорхойлсон байх бөгөөд уг ялыг бүрэн эсхүл хэсэгчлэн биелүүлсэн талаарх эрх бүхий байгууллагын албан ёсны баримт хэрэгт авагдаагүй байна. ...” гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан шүүгчийн захирамжийн 3 дугаар үндэслэлийн тухайд хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхэд прокурор нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ялыг биелүүлсэн эсэх тодорхойлолтыг авч, шинээр гарган өгч хэлэлцүүлэх боломжтойг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, яллагдагч Э.О-ын гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” заасныг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж байгаа учраас хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл бий болсон болно.

Иймд прокурорын эсэргүүцлийн заримыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/46 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай. 

2. Яллагдагч Э.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ,

                                ШҮҮГЧ                                           Ц.ОЧ

 

                                ШҮҮГЧ                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ  

 

                                       ШҮҮГЧ                                          Т.ШИНЭБАЯР