Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/00978

 

 

 “У.Б.П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/00766 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “У.Б.П” ХХК-ийн хариуцагч Н.Од холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзсантай холбогдуулан орон сууцыг чөлөөлүүлж, гэрээнээс учирсан хохиролд 92 600 190 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “У.Б.П” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.О нь тус компанитай 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр VIР-19/87 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулан Хан-Уул дүүргийн .....дүгээр хороо, Вип ресиденс /VIР Residence/ хотхон, 478 байр, 51 тоот, 116.87 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдан авсан. Гэрээнд зааснаар нийт төлбөр нь 438 262 500 төгрөг бөгөөд үүнээс худалдан авагч тал 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр урьдчилгаа төлбөр 30 хувь болох 131 478 750 төгрөгийг төлж, өөр төлбөр төлөөгүй.

Хариуцагчаас төлбөрийн 70 хувьд гэрээний хавсралт 1-д заасны дагуу тос, тослох материал, уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлэхээр тохиролцсон, үүний дагуу манай компанийн захиалсан сэлбэгийг нийлүүлсэн гэж тайлбарладаг. Гэрээний хавсралт 1-д орон сууцны төлбөрийн хуваарийг хавсаргасан, талууд харилцан тохиролцож чадвал төлбөрийн 70 хувийг бартераар хийж болно гэж тусд нь зааж өгсөн. Энэ нь заавал бартераар төлбөрийг хийнэ гэсэн үг биш, худалдан авагч тал саналыг хүлээн авахгүй байх эрхтэй.

Гэхдээ хариуцагчаас нийлүүлсэн бараа материалын үнэ болох нийт 34 970 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцъё. Үүнээс өөр тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлээгүй. Зогсоолын урьдчилгаанд төлсөн 5 000 000 төгрөгийг орон сууцны төлбөрт оруулж тооцохгүй, энэ нь тусдаа гэрээний асуудал, үүнд маргахгүй.

Худалдагчаас төлбөрийг зөвхөн бэлнээр авна гэсэн мэдэгдлийг худалдан авагчид явуулаагүй, төлбөрийг бэлнээр эсхүл бэлэн бусаар компанийн гэрээнд заасан дансанд шилжүүлж болно гэдгийг тохирсон. Нэхэмжлэгч тал гэрээний үүрэг зөрчсөн зүйл байхгүй.

2020 оны 3 дугаар сарын 26, мөн оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчээс хариуцагчид албан бичгээр гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардаж байсан. Худалдан авагч төлбөрийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөх ёстой байсан бөгөөд гэрээний 6.1-д заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нэмэлт хугацаа олгосон боловч үр дүнд хүрээгүй учир гэрээг дангаар цуцлах нөхцөл байдал үүссэн. Мөн Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй учир худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй учир орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага гаргаж байна.

Түүнчлэн нэг талын санаачлагаар гэрээг цуцлах нөхцөл үүссэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, гэрээний 6.3-д заасны дагуу гэрээний нийт үнийн дүнгээс тооцож 10 хувийн торгууль болох 43 826 250 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч тал нь торгуулиас гадна гэрээ болон хуульд зааснаар алданги тооцох эрхтэй. Алданги нь 80 000 000 орчим төгрөг болж байсан боловч Иргэний эрх зүйд анзыг давхардуулан хэрэглэхгүй байх зарчим үйлчилдэг, мөн цар тахлын нөхцөл байдлыг харгалзан аль бага дүнтэй анзыг нь нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон орон сууцыг шинээр засварлаж, дахин худалдан борлуулахад зайлшгүй гарах зардал 48 773 940 төгрөг болж байна.

Иймд “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г цуцалж, орон сууцыг чөлөөлүүлэх, гэрээний торгуульд 43 826 250 төгрөг болон орон сууцыг засварлахад шаардлагатай зардалд 48 773 940 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтан-Уяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчтэй 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр VIР-19/87 дугаартай “Орон сууц захиалан бариулах тухай” гэрээ байгуулан 116.87 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдан авахаар тохирч, төлбөрийн 30 хувийг бэлэн мөнгөөр үлдсэн 70 хувьд гэрээний хавсралт 1-д заасны дагуу бартераар буюу тос, тослох материал, уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлэхээр тохиролцсон. Орон сууцны төлбөрийг уян хатан нөхцөлтэй буюу бартераар төлөх боломжтой гэсэн учраас гэрээ байгуулсан. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бартераар уул уурхайн сэлбэг болох /шүд, кронк/ зэрэг сэлбэгийг 34 520 000 төгрөгт тооцуулан нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн бөгөөд орон сууцны төлбөрөөс хасч тооцсон талаар баримт үйлдэн тус компанийн нягтлан бодогч гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарсан. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчид нийт 171 448 000 төгрөг төлсөн байна. Иймд гэрээг нэг талын санаачилгаар цуцлах нөхцөл үүсээгүй бөгөөд нэхэмжлэгч тал өөрсдийн буруутай үйлдлийг үл харгалзан зөвхөн хариуцагчийг буруутгаж байна. VIР-19/87 дугаартай гэрээний 2.5-д төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар авахаар тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ зөрчин үлдэгдэл төлбөрийг бэлэн мөнгөөр тооцон авахаар мэдэгдэл ирүүлсэн тул бидний хооронд үл ойлголцол үүссэн. Мөн нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаанаас төлбөр төлөлт удааширдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн захиалсан сэлбэгийг авч ирэхэд төлбөрт тооцон авахаа хойшлуулдаг, хэн хариуцаж байгаа нь ойлгомжгүй, 5 сарын дараа төлбөрт тооцох боломжгүй гэсэн хариу мэдэгдэх хуудас ирүүлсэн.

Дээрх нэхэмжлэгч компанийн буруутай үйлдлээс хариуцагчийн төлбөр төлөлт хойшлогдсон учир гэрээ цуцлах, түүнээс үүдэн гарсан торгууль болон засвар үйлчилгээний зардлыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн сүүлийн 2 жилийн хугацаанд цар тахлын улмаас Монгол Улсын хил, гааль хаагдсан зэрэг нөхцөл байдал нь төлбөр төлөлтөд нөлөөлсөн.

Нэхэмжлэгч тал нь VIP-19/67 дугаар бүхий авто зогсоол захиалан бариулах тухай гэрээний талаар нэхэмжлэлдээ огт дурдаагүй байх бөгөөд уг гэрээний дагуу төлөгдсөн төлбөрийг тооцоогүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дах хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг ....дүгээр хороо VIP residence хотхон 478 дугаар байрны 51 тоотод байршилтай 116.87 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны эзэмшлийг “У.Б.П” ХХК-д шилжүүлэхийг хариуцагч Н.Од даалгаж, нэхэмжлэгч “У.Б.П” ХХК-аас 166 448 750 төгрөг гаргуулж хариуцагч Н.О олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Огөөс 43 826 250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “У.Б.П” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 48 773 940 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 620 951 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч “У.Б.П” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Н.Огөөс улсын тэмдэгтийн хураамжид 447 281 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “У.Б.П” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан талуудын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах тухай гэрээг цуцлаагүй боловч гэрээний дагуу шилжүүлсэн зүйлсийг талуудад буцаан олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэрээ цуцлаагүй байхад гэрээний зүйлийг буцаан шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Талууд гэрээнд орон сууцны төлбөрийн нөхцлийг бартераар буюу арилжаалах гэж тохиролцсон. Нэхэмжлэгч тал нь гэрээний үүргээ биелүүлээгүй боловч шүүх дүгнэлт хийгээгүй.

Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхээр нэхэмжлэгч талд сэлбэг тоног төхөөрөмжийг нийлүүлэх санал хүргүүлж байсан боловч нэхэмжлэгч нь хариу өгөхгүй, захиалсан бараагаа авахгүй, мөн төлбөрт нийлүүлсэн барааг хүлээн зөвшөөрөхгүй зэрэг гэрээний үүргээ зөрчиж байсан. Энэ байдал нь гэрч М.Б мэдүүлэг, О[email protected] болон М.Б 86655959 дугаар бүхий утсанд хийсэн үзлэгээр тодорхой харагддаг.

Гэрээнд үлдэгдэл төлбөрийг бартераар тооцох талаар тодорхой заасан, мөн нэхэмжлэгч тал 34 520 000 төгрөгийн барааг хүлээн авсан. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уг 34 520 000 төгрөгийг аваагүй мэт байснаа шүүх хуралдаанд нотлох баримт гаргахад хүлээн зөвшөөрч төлөгдсөн төлбөрт тооцсон.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн авахгүй гэсэн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлнэ гэсэн утга агуулга бүхий зүйл шүүх хуралдаанд яриагүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгч талын санал болгосон техник тоног төхөөрөмжийг авах, авахгүй гэсэн талаараа цаг хугацаанд нь мэдэгдээгүй байдлаас болж төлбөр төлөлт хойшилсон талаар маргасан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт зааснаар хариуцагчийн хугацаа хэтрэхэд хүргэсэн шалтгаан нь мөн хуулийн 223 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас буюу саналд хариу өгөхгүй мөн захиалсан тоног төхөөрөмжөө аваагүй түүний эс үйлдлээс болж үүссэн байдаг.

Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах үндэслэл нөхцөл үүсээгүй байх бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-д зааснаар хариуцагчийн үүргээ гүйцэтгэж чадаагүй байдалд буруутай байдаг боловч шүүх дүгнэлт хийхгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч “У.Б.П” ХХК нь хариуцагч Н.Од холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдуулан орон сууцыг чөлөөлүүлж, гэрээнээс учирсан хохиролд 92 600 190 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

Талуудын байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Орон сууц захиалан бариулах” гэрээгээр “У.Б.П” ХХК нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Вип рэсидэнс хотхоны 1 дүгээр байрны 4 дүгээр орны 5 давхрын В-7 загварын орон сууцг  2019 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөхөөр, Н.О нь орон сууцны үнэ 438 262 500 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Мөн талууд гэрээний 1 дүгээр хавсралтаар төлбөр барагдуулах хуваарь батлахдаа урьдчилгаа төлбөр болох 30 хувь /131 478 750  төгрөг/-ийг бэлэн мөнгөөр төлөх, үлдэгдэл 70 хувь төлбөрт бартераар буюу тос тослох материал, уул уурхайн тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл өгч гэрээний төлбөрт тооцуулж болохоор харилцан тохиролцжээ. /хх-8-13/

Дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байх ба хэрэгт буй худалдах-худалдан авах гэрээ, зохигчдын тайлбар зэрэг баримтуудыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Хариуцагч нь гэрээг хугацаанаас өмнө цуцалсан үндэслэлийн талаар маргаж, “гэрээний үнийн 70 хувийг бартераар төлөхөөр тохирсон, төлбөр тооцуулахаар сэлбэг хэрэгслийн үнийн санал явуулахаар хариу ирүүлдэггүй, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас төлбөр төлөлт удааширсан” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан байна.

            Хэрэгт буй худалдах-худалдан авах гэрээний 6.1-д зааснаас үзвэл, талууд “Захиалагч нь гэрээний хавсралт 1-д заасан төлбөр төлөх хуваарьт хугацааг 45 хоногоос дээш хугацаагаар хоцроосон тохиолдолд гүйцэтгэгч нь гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй байхаар харилцан тохиролцжээ. /хх-9/

Гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийн хуваариар хариуцагч Н.О нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлбөрийн 30 хувь буюу 131 478 750 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 25-наас 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн хооронд сар бүрийн 25-ны өдөр төлбөрийн 7 хувь буюу 30 000 000 төгрөг, 8 дугаар сарын 25-ны өдөр төлбөрийн үлдэх 10 хувь болох 36 783 750 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна. /хх-13/

Дээрх үүргээс хариуцагч нь хуваарьт заасан өдрөө орон сууцны үнийн 30 хувийг буюу 131 478 750 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 34 970 000 төгрөгийн үнийн дүн бүхий уул уурхайн сэлбэг хэрэгсэл нийлүүлсэн, өөр төлбөр төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, гэрч М.Болортуяагийн мэдүүлэг, нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан гэх бичгийн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-31, 99, 103/

Хэрэгт хариуцагч Н.Огөөс 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “У.Б.П” ХХК-д хүргүүлсэн санал, тус саналд хариу хүргүүлэх тухай нэхэмжлэгч компанийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 20/219 тоот албан бичиг, анхан шатны шүүхээс хариуцагч Н.Огийн хүсэлтээр түүний имэйл хаягаас 2020 оны 6 дугаар сарын 19, мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч компани болон компанийн борлуулалтын менежер н.Д имэйл хаягаар тус тус захиа илгээсэн цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэл, мөн гэрч М.Болортуяагийн гар утаснаас нэхэмжлэгч компанийн уурхайн инженер н.Өлзийсайхан гэх этгээд рүү 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд явуулсан захианд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ. /хх-18-20,58-87/ 

Эдгээр баримтууд нь хариуцагч Н.О хуваарийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш нэхэмжлэгч “У.Б.П” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас худалдан авсан орон сууцны үнэ төлөх боломжгүй байсан гэдгийг эргэлзээгүй нотлохгүй байна. Түүнчлэн зохигчдын гэрээний хавсралт 1-д орон сууцны үнийн үлдэгдэл 70 хувийг бартераар төлж болно гэсэн тохиролцоо нь худалдан авсан эд хөрөнгийн үнийг мөнгөөр төлөхийг шаардах эрхийг хязгаарласан утгыг агуулаагүй байна.

Иймд анхан шатны шүүх гэрээний дээрх заалт, мөн гэрээний 2.5-д “төлбөр тооцоог бэлнээр эсхүл бэлэн бусаар гүйцэтгэгчийн ХААН банк 51хххххх48, Голомт банк 81хххххх48 харилцах дансанд шилжүүлнэ” гэсэн заалтын агуулгыг тайлбарлахдаа Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 198 дугаар зүйлийн 198.2 дах хэсгийн заасныг зөв тайлбарласан гэж үзнэ. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч тал хариуцагчийг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөр төлөх хугацааг 45 хоногоос дээш хугацаагаар хоцроосон гэх үндэслэлээр гэрээний 6.1-д заасны дагуу гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг буцаан гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийн заасантай нийцсэн гэж үзнэ. Учир нь хариуцагч Н.Огөөс төлбөр төлөх хуваарьт өдөр болох 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 45 хоногийн дотор нэхэмжлэгч талд тоног төхөөрөмж нийлүүлэх үнийн санал хүргүүлсэн, уг саналд нэхэмжлэгч хариу өгөөгүйгээс төлбөрөө төлж чадаагүй гэх нөхцөл байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.  Иймээс нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас үнэ төлөх үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэх хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч “У.Б.П” ХХК нь хариуцагч Н.Огөөс гэрээнээс татгалзсны улмаас учирсан хохиролд 48 773 940 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “орон сууцыг дахин худалдахад анхны байдалд буцаан оруулах засварын зардал” гэх агуулгаар тайлбарлажээ.

Хариуцагч Н.Огийн хувьд тухайн худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшилдээ авсан, тэрээр эзэмшиж байх хугацаандаа ердийн элэгдэл хорогдлоос илүү муутгасан гэх үйл баримтын талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хохирол шаардах эрхгүй. Анхан шатны шүүх уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

Харин нэхэмжлэлээс торгуульд 43 826 250 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсгийн заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нөгөө талдаа анз төлөхөөр харилцан тохиролцож болохыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зохицуулсан. Гэрээний талууд анзын төлөх талаарх тохиролцсон тохиолдолд гэрээг бичгээр байгуулахаас гадна алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232.5, 232.6 дах хэсгийн заасантай нийцсэн байхыг шаарддаг.

Талууд гэрээний 6.3-т “гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөхөөр тохиролцсон” нь гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар торгууль тогтоох тухай Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт заасантай зөрчилдөж байх тул нэхэмжлэгчийн торгууль шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь дээрх хуульд нийцнэ.

Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн            167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/00766 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Н.Огөөс 92 600 190 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтын “447 281” гэснийг “70 200” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн             447 281 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  

                          ШҮҮГЧИД                                         Н.БАТЗОРИГ

                                   

                                                                                    Ч.ЦЭНД