Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэнг суулган,

            Улсын яллагч С.Ариунаа

            Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан,

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ч.Б-д холбогдох 1821001120068 дугаартай хэргийг 2018 оны 03 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Боржигон овогт Ч.Б, Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд ..... оны ..... сарын .....-ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД:......../, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ...... дугаар багийн ...................тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Шүүгдэгч Ч.Б нь согтуугаар 2018 оны 02 сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 12 дугаар байрны зүүн талд хохирогч У.Батзоригийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тэр орой замын хажуу талаар ганцаараа алхаж байсан юм. Араас нэг машин ирээд сигналдаад байхаар нь эргээд харсан. Тэгсэн чинь жолооч нь намайг “чи замаас холдоод зайлаад өгөөч” гэж хэлсэн. Би “наагуур нь хангалттай зай байна” гэж хэлээд маргасан юм. Тэгсэн тэр ах машинтайгаа урдуур хөндлөн гарч ирээд намайг “чи ямар хүний хэвлийгээс гарсан болоод ийм хөгийн авиртай байдаг юм бэ” гэсэн.  Тэгээд “ямар амьтны хэвлийгээс” гэхээр нь уур хүрсэн. Би тэр ах руу очиход куртикны малгайг минь толгой дээгүүр давуулаад намайг хатуу биетээр хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би тэр ахтай ноцолдож аваад унагаад байж байтал 3-4 хүн ирсэн. Тэр хүмүүсээс нэг нь над руу илт дайраад байсан. Тэгэхээр нь би барьж аваад унагаад өшиглөсөн. Тухайн үед би тэр хүмүүсийг хамт явж байсан хүмүүс байна гэж бодсон. Нэгийгээ өмөөрч байна гэж бодоод л тэр хүнийг бас зодчихсон юм. Миний гаргасан үйлдэл буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

            Шүүгдэгч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 сарын 05-ны өдөр хөдөөнөөс аймагт орж ирсэн. Аймагт манай эхнэр, хүүхэд байдаг бөгөөд эхнэр, хүүхэд маань Хэрлэн сумын 2 дугаар багийн Чойбалсангийн 1-05 тоотод хадам аав, ээж дээр байдаг юм...Хэрлэн сумын 9 дүгээр багийн 12 дугаар байрны зүүн талаар замын хажуугаар явж байхад араас машин сигналдсан. Тэр машины жолооч машин дотроосоо “пизда минь замаас гараач” гэхээр нь би, “хажуугаар хангалттай багтаад гарчих зай байгаа биз дээ, хажуугаар гараад яваач, ямар сүртэй пизда вэ”  гэж маргалдсан. Тэгсэн тэр машины жолооч машинтайгаа урдуур хөндлөн зогсоод “чи ямар хэвлийд боожсон болохоор ингэж ярьдаг юм” гэсэн утгатай зүйл хэлэхээр нь уг үгэнд нь уур хүрээд өөдөөс нь “май” гээд салаавч гаргасан. Тэгсэн тэр хүн машинаас бууж ирээд миний куртикны малгайнаас доош даран нуруун тус газарт цохисон. Энэ үед би тэр хүнийг барьж аван газарт унагаасан. Эхлээд түүнийг цохиж зодоогүй, тэгээд буцаагаад босгоод хэрэлдээд байж байхад 2-3 хүн хүрч ирээд нэг нь миний куртикнээс татаад “чи яахаараа настай хүн дээрэлхээд байгаа юм” гэж намайг хараалын үгээр хэлээд байхаар нь би тэр хүнд хандаж “чамд ямар хамаатай юм” гээд түлхэж тэр хүнтэй маргалдсан. Маргалдаж байгаад тэр хүнтэй зууралдаад ноцолдсон. Тэгэхээр нь би тэр хүнийг тонгорч унагаан дээрээс нь гараараа 2-3 удаа цохисон. Хамт явж байсан хоёр хүн нь намайг хорьж, бид хоёрыг салгасан. Ингээд бид хоёр салаад тэр залууг хамт явж байсан хоёр хүн нь аваад цааш явсан. Тэгээд миний уур хүрээд гадуур хувцсаа тайлаад араас нь очиж нөгөө хүнийг барьж аван унагааж дээрээс нь толгой, нүүр хэсэг рүү нь хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн...Би уг үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх 27-28/

            Хохирогч У.Батзориг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Энхтуяа, Батзэрэг нарын хамт Хэрлэн сумын 9 дүгээр баг, 12 дугаар байрны тэнд явж байхад нэг машин зогсож байхаар нь таксинд явж магадгүй гэж бодоод очиход машины хаалга нь онгорхой машины ард талд нэг 50 орчим насны ахыг нэг залуу дээр нь гарсан маргалдаж байсан. Тэгэхээр нь би “Хөөе чи болиоч” гээд дээрээс нь босгох гээд тэр залууг татсан. Тэгсэн тэр залуу босч ирээд “чи муу яах гээд байгаа юм, чи хэн юм” гээд духаараа нүүр рүү тулаад байсан. Тэгээд би тэр залууд хандаж “Энэ хүн чиний аав шиг хүн байна шүү дээ, яах гэж байгаа юм” гэж хэлсэн. Гэтэл тэр залуу намайг хавирч унагаагаад нүүр рүү хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн. Араас Энхтуяа, Батзэрэг нар салгаад түүнийг холдуулсан. Би босоод хувцас хунараа гөвөөд байж байхад нөгөө залуу дахин над руу ирж намайг унаган толгой руу хэд хэдэн удаа өшиглөж зодсон...Энэ үед нөгөө машинтай ах зугтаад явсан байсан...” гэжээ. /хх 10-11/

            Гэрч Э.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 сарын 05-ны өдрийн 22 цагийн орчимд “Амигос” пабад найз Батзоригтой уулзсан юм. ...Ингээд Батзэрэг ах бид гурав Хэрлэн сумын 9 дүгээр багийн дөрвөн байшингийн голд явж байсан бөгөөд такси олдохгүй байсан. Тэгтэл 12 дугаар байрны орцон талд нэг машин зогсож байсан бөгөөд такси байна гээд би яваад очиход жолооч нь сууж байсан. Би жолоочоос “таксинд явах уу” гэж асуухад, “явахгүй, хүн хүлээж байна” гэж байсан. Машины цаад талд нэг залуу байсан. Би жолоочоос асуучихаад Батзориг, Батзэрэг нар дээр очих гээд буцаад эргэхэд тэр машины жолооч, машины цаана зогсож байсан хүнтэй маргалдаж эхэлсэн. Батзориг нь тус хоёр хүн дээр очоод “юу болж байгаа юм” гээд болиулах гэтэл тэр залуу “чамд ямар хамаатай юм” гээд үгийн зөрүүгүй Батзоригийг барьж аван дайраад зодолдох гээд байсан. Батзэрэг ах бид хоёр салгаад Батзоригийг аваад цааш явахад нөгөө залуу араас ирж Батзоригийг барьж аваад хавсарч унагаан дээрээс нь хөлөөрөө өшиглөж зодож цохисон. Батзэрэг ах болиулахаар очиход тэр залуу мөн ирээд Батзоригийг хавсарч унагаан дээрээс нь өшиглөж зодож цохиод байсан...” гэжээ. /хх 16/

            Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 сарын 06-ны өдрийн 151 тоот дүгнэлтэд: “1.У.Батзоригийн биед баруун чамархайд язарсан шарх, дух, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 20/

            Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Э.Энхтуяа /хх 16/, хохирогч У.Батзориг /хх 10-11/, шүүгдэгч Ч.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн /хх 13-14, 27-28/ мэдүүлгүүд, Зөрчлийн талаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 6/, Яаралтай тусламжийн хуудас /хх 21/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 32/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 33/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

            Шүүгдэгч Ч.Б нь согтуурсан үедээ 2018 оны 02 сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 12 дугаар байрны зүүн талд бусадтай маргалдаж байсан түүнийг хориглосон У.Батзоригийг өшиглөж зодон эрүүл мэндэд нь “баруун чамархайд язарсан шарх, дух, эрүүнд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон:

            Хохирогч У.Батзоригийн эх сурвалжаа зааж, тогтвортойгоор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Энхтуяа, Батзэрэг нарын хамт Хэрлэн сумын 9 дүгээр баг, 12 дугаар байрны тэнд явж байхад нэг машин зогсож байхаар нь таксинд явж магадгүй гэж бодоод очиход машины хаалга нь онгорхой машины ард талд нэг 50 орчим насны ахыг нэг залуу дээр нь гарсан маргалдаж байсан. Тэгэхээр нь би “Хөөе чи болиоч” гээд дээрээс нь босгох гээд тэр залууг татсан. Тэгсэн тэр залуу босч ирээд “чи муу яах гээд байгаа юм, чи хэн юм” гээд духаараа нүүр рүү тулаад байсан. Тэгээд би тэр залууд хандаж “Энэ хүн чиний аав шиг хүн байна шүү дээ, яах гэж байгаа юм” гэж хэлсэн. Гэтэл тэр залуу намайг хавирч унагаагаад нүүр рүү хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн. Энхтуяа, Батзэрэг нар салгаад түүнийг холдуулсан. Би босоод хувцас хунараа гөвөөд байж байхад нөгөө залуу дахин над руу ирж намайг унаган толгой руу хэд хэдэн удаа өшиглөж зодсон. ...Энэ үед нөгөө машинтай ах зугтаад явсан байсан...” /хх 10-11/ гэх,

            Тухайн үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч Э.Энхтуяагийн “...Машины цаад талд нэг залуу байсан. Би жолоочоос асуучихаад Батзэрэг нар дээр очих гээд буцаад эргэхэд тэр машины жолооч, машины цаана зогсож байсан хүнтэй маргалдаж эхэлсэн. Батзориг нь тус хоёр хүн дээр “очоод юу болж байгаа юм” гээд болиулах гэтэл тэр залуу “чамд ямар хамаатай юм” гээд үгийн зөрүүгүй Батзоригийг барьж аван дайраад зодолдох гээд байсан. Батзэрэг ах бид хоёр салгаад Батзоригийг аваад цааш явахад нөгөө залуу араас ирж Батзоригийг барьж аваад хавсарч унагаан дээрээс нь хөлөөрөө өшиглөж зодож цохисон. Батзэрэг ах болиулахаар очиход тэр залуу мөн ирээд Батзоригийг хавсарч унагаан дээрээс нь өшиглөж зодож цохиод байсан...” /хх 16/ гэх мэдүүлгүүд,

            Хохирогч У.Батзоригийн биед “баруун чамархайд язарсан шарх, дух, эрүүнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол тогтоогдсон талаар дүгнэсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 151 тоот дүгнэлт /хх 20/, Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 6/, Яаралтай тусламжийн хуудас /хх 21/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ч.Б-н үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

            Хохирогч У.Батзоригийн эрүүл мэндэд учирсан “баруун чамархайд язарсан шарх, дух, эрүүнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол нь түүний нүүрэн тус газарт өшиглөсөн шүүгдэгч Ч.Б-ийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэстэй байна.

            Мөн энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.

            Иймд шүүгдэгч Ч.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар хохирогч У.Батзориг мөрдөн шалгах ажиллагаанд “...Энэ хэрэгтэй холбоотой гарсан зардлаа нэхэмжилж байна. Томографикт үзүүлсэн зардал, цаашид эмчилгээний зардал нийт хэдэн төгрөг болохыг хэлж мэдэхгүй байна. Цаашид гарах зардлыг нэхэмжилж байна.../хх 11/ гэж, шүүхэд дуудсан баримтанд “...Би Өмнөговь аймагт гаалийн улсын байцаагч ажилтай тул тус шүүх хуралдаанд очиж оролцож чадахгүй. Би толгойны зураг авахуулж чадаагүй, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.../хх задгай 1ш/” гэж тус тус мэдүүлж, хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл “...учирсан хохирлоо нэхэмжилж байна...” /хх 34/ гэжээ.

            Гэвч хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдуулж хор уршгийн нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд огт ирүүлээгүй боловч дээрх хор уршгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг хохирогчид мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрөө өөрийгөө өмгөөлж “...Үйлдсэн хэргээ ойлгон гэмшиж байна...Намайг улсын яллагчийн санал болгосон торгох ялаар шийтгэж өгнө үү...” гэж мэтгэлцэв.

            Шүүгдэгч Ч.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй /хх 12, 26, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, хэрэгт шүүгдэгчийн хөрөнгө, бусад орлого олох боломж тогтоогдоогүй, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь оршин суух өөрийн хаяггүй, Баянтүмэн суманд айлын мал малладаг болохоо илэрхийлсэн байна.

            Иймээс шүүх дээр дурдсан болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хэрэгт шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж болон эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ......... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Ч.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б-г 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ч.Б-д анхааруулсугай.

            5. Эрүүгийн 1821001120068 дугаартай хэрэгт шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6. Хохирогч У.Батзориг нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч У.Батзоригт мэдэгдсүгэй.

            7. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ