Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/203

 

 

 

  2024            02           15                                          2024/ДШМ/203          

 

 О.О-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Янжиндулам,

шүүгдэгч О.О-гийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/1465 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.О-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2308 00000 0701 дугаар хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн ....-гийн О, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, .... боловсролтой, мэргэжил..., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ...-ийн хамт ... аймгийн .... сумын .. дугаар багт оршин суух, /РД: ТЕ............./;

Хөвсгөл аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

Шүүгдэгч О.О нь “О О” гэсэн нэртэй фэйсбүүк хаяг ашиглаж “хямд машин зарна” гэсэн зарыг 94609627 дугаартай хамт байршуулж улмаар тухайн дугаарт холбогдсон хохирогч Б.Б-г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчоос 850.000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлэн авч залилсан,

мөн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуус-2 хорооллын замын эсрэг талд байрлуулсан байсан Л.С-ын эзэмшлийн 10-79 УБИ улсын дугаартай “Тоёота Марк-2” маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Л.С-т 2.140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдал зориудаар бий болгон, хохирогчийг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-д 8 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жил 8 сараар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 63 хоногийг түүний эдлэх ял оруулан тооцож, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-гээс нийт 2.990.000 төгрөг гаргуулж хохирогч Л.С-т 2.140.000 төгрөг, хохирогч Б.Б-д 850.000 төгрөгийг тус тус олгуулж, шүүгдэгч О.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.О гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хорих ангид хоригдож ял эдлэж байх хугацаандаа цаг хугацаа ямар их үнэ цэнэтэй, амьдрал ямар их хариуцлагатай болох, бусдын хөрөнгийн үнэ цэнийг ямар ч бодлогогүйгээр шамшигдуулж, увайгүй хулгайч зан гаргаж байснаа гүнээ ойлгож байгаа. Хохирогч нартаа хохирлыг бүрэн барагдуулна. Би эхнэр хоёр хүүхэдтэй, эхнэр маань бие давхар би гэр бүлээ тэжээдэг. Дахин ийм муухай үйлдэл хийхгүй, цэвэр хөдөлмөрийнхөө үнэ цэнээр сайхан амьдрах болно. Хохирогч нараасаа уучлалт гуйж гүнээ хүлцэл өчье. Миний ар гарийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч О.О-гийн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа ойлгож ухаарсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Тэрээр эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр нь жирэмсэн. Хохирлыг барагдуулахаа илэрхийлж байгаа. Иймд миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал зэргийн харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Янжиндулам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг хоёр гэмт хэргийг үйлдсэн. Хохирлыг барагдуулаагүй бөгөөд хэрэг шалгагдаж байх явцад хохирол төлбөр төлөх талаар санаачилга гаргаагүй. Оршин суух хаягтаа байдаггүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлж байсан. Эдгээрээс үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.О нь “О О” гэсэн нэртэй фэйсбүүк хаяг ашиглаж “Хямд машин зарна. 94609627” гэсэн зарыг цахим сүлжээнд байршуулж улмаар хохирогч Б.Б-г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчоос 850.000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлэн авч залилсан,

мөн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуус-2” хорооллын замын эсрэг талд байрлуулсан Л.С-ын эзэмшлийн 10-79УБИ улсын дугаартай “Тоёота Марк-2” загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хэргийн газарт болон хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх 5-10, 26-28/,

Г.Г-ийн эзэмшлийн Хаан банкны 5030677741 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 32/,

хохирогч Л.С-ын “...Би 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Тоёота марк-2” маркийн тээврийн хэрэгслээ унаж яваад эвдрэл гарсан тул Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Залуус-2 хорооллын эсрэг талын зам дагуу тавьчихсан юм. Тэгээд 2023 оны 3 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчимд дэлгүүр орж тамхи авах гээд гартал миний машины урд копуд нь онгорхой байхаар нь хаачихаад эргээд гэртээ орж амарсан юм. Тэгээд маргааш нь буюу 3 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд ажил хөөцөлдөх гээд гартал миний машин алга болсон байсан юм. Тэгээд тухайн үед би машинаа хулгайд алдсан гэж бодоогүй хажуу талд нь барилгын ажил явагдаж байсан тул тухайн барилгын ажилчид ийш, тийш нь байрлуулсан байх гэж бодоод тухайн үед яваад өгсөн. Тэгээд орой 23 цагийн үед гэртээ ирээд байрныхаа орчимд өөрийнхөө машиныг байгаа эсэхийг шалгаад танил хүмүүсээс асуусан чинь мэдэхгүй байсан учир цагдаагийн байгууллагад хандсан юм. ...” /хх 13-15/ гэх мэдүүлэг,

гэрч Э.О-ын ”... О надад хэлэхдээ машин зарсан юм би өөрөө архи уучихсан согтуу байгаа учир хүнтэй уулзмааргүй байна гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад Огийн мөнгө авах ёстой гэх хүнтэй дээрх 95050977 гэх дугаараас холбогдож уулзаад мөнгийг нь авсан. Тэгсэн тухайн залуу надаас асуухдаа “Таныг явуулсан хүн хаана байгаа юм бэ, надад худлаа хэлээд өөр хүний машин зарчихсан байна, цагдаа дээр дуудагдаад байна” гэж хэлсэн. ...” /хх 17/ гэх мэдүүлэг,

гэрч Г.А-гийн “...Би өөрийн авто машинаар чирээд Г тус Марк-2 загварын авто машиныг барьж явсан. Бид хоёр Г-ийн гэр рүү буюу Сонгинохайрхан дүүрэг, 42 дугаар сургуулийн ард байх гэрт нь очиж чирч явсан Марк-2 загварын автомашиныг буулгасан юм. ...Г тус автомашиныг хүнээс худалдаж авсан. Намайг чирээд өгөөч гэж л хэлсэн. Би тухайн машиныг ямар учиртай талаар огт мэдээгүй. ...” /хх 19/ гэх мэдүүлэг,

 гэрч Г.Г-ийн “...Над руу ойр ойрхон залгаад машин авах бол хурдан очоод авчих гэж шалаад байсан бөгөөд надад 300.000 төгрөг байна, 450.000 төгрөг хүрэхгүй байна гэхэд 150.000 төгрөгийг дараагаар нь машин дотроосоо эд зүйлсээ авахдаа авчихъя гэж хэлсэн. Би худалдаж авсан марк 2 загварын цагаан өнгөтэй автомашиныг өөрийн засварын газар буюу гэртээ авчраад задалж урд, хойд гупер, урд хоёр гэрэл, хоёр кирлан, дөрвөн обуд зэргийг өөр хүний машинд тавьж явуулсан. Тэгсэн цагдаагийн байгууллагаас надтай холбогдоод хулгайд алдсан машин авч явсан байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад ирээд надтай холбогдсон хүнийг олж өгөхийн тулд фэйсбүүкээр дахин харилцаж үлдэгдэл мөнгөө ав гэж хэлж дуудаж уулзаад цагдаа дуудаж хүлээлгэж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 21/,

шүүгдэгч О.О-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.О-ийг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдал зориудаар бий болгон, хохирогчийг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч О.О-ийг хохирогч Б.Б-г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 850.000 төгрөгийг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хохирогч Л.С-ын эзэмшлийн 10-79 УБИ улсын дугаартай “Тоёота Марк-2” загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.140.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жил 8 сараар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгч О.О-гийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч О.О-гийн “...Миний ар гарийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Шүүгдэгч О.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч өмнө нь гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ба тэрээр өмнөх үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн зэрэг нь түүний хувийн байдлыг илтгэх хүчин зүйл болж байгааг дурдах нь зүйтэй.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч О.О-гийн хохирогч Л.С-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг хулгайлж Г.Г-д 450.000 төгрөгөөр зарж орлого олсон нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт өгөөгүй байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч О.О-ийг дээрх автомашиныг бусдад зарж олсон орлого 450.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хурааж улсын орлого болгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулан шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч О.О-гийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 65 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/1465 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-гээс 450.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.О-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-гийн цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                     ДАРГАЛАГЧ,

              ШҮҮГЧ                                       Ц.ОЧ           

              ШҮҮГЧ                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

              ШҮҮГЧ                                        Т.ШИНЭБАЯР