| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00135/И |
| Дугаар | 304/ШШ2025/00255 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 304/ШШ2025/00255
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О******* аймаг, Б******* сум, С******* баг, ******* тоотод оршин суух, Б.М*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Г******* сум, 3 дугаар багт оршин суух, Б.С*******ид холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 26,000,000 /хорин зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2025/00135/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц******* оролцов.
Нэхэмжлэгч Б.М*******а, хариуцагч Б.С******* нарт шүүх хуралдааны товыг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрч, эврэлийн гэрээг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М*******а нь хариуцагч Б.С*******ид холбогдуулан 26,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна.
Миний бие Б.М*******а нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажил гүйцэтгэгч Б.С*******той харилцан тохиролцож О******* аймаг, Б******* сум, Х баг, 11 дүгээр хороолол, Б хэсгийн 14 тоотод байрлах 270 м.кв талбай дээр 14.8x12=177.6 м2 хэмжээтэй барилгын суурь, В1 (граж) ба I, II давхрын бүрэн цутгамал хийцлэлийн мужааны ажлыг хийлгэхээр тохиролцсон. Үүнд:
Суурийн ажлын (фундамент) хөлсийг 1 м2 нь 50,000 төгрөг буюу (14.8*12) *50,000=8,880,000 төгрөг
В1 давхрын ажлын хөлсийг 1м2 нь 70,000 төгрөг буюу (14.8*12) *70,000=12,432,000 төгрөг
Нийт 21,312,060 төгрөгт хийгдэхээр тохиролцон ажлын хөлсний урьдчилгаа мөнгөнд 24,000,000 төгрөгийн үнэтэй ОРБ улсын дугаартай ТОҮОТА НАRRIER маркийн хар өнгийн автомашинsu 248000,000 төгрөгөнд тооцож өгсөн. 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Б.С*******ийн нэр дээрх Хаан банкны дансанд 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн 26,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн.
Б.С******* нь 2024 оны 07 дугаар сараас 10 дугаар сар хүртэл 3 сарын хугацаанд суурийн ажлаас өөр ажил хийж гүйцэтгэхгүй байсан бөгөөд миний хүсэлтээр 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр №3096 дугаартай гэрээг 20 хоногийн хугацаатай буюу 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дуусгахаар байгуулсан. Уг заасан 20 хоногт гэрээнд заасан ажлаа хийхгүй, утсаа авахгүй, холбоо барих боломжгүй алга болсон. Цаашид Б.С*******ийн дутуу орхисон, стандартад нийцэхгүй, шаардлага хангахгүй, дуусгаагүй байгаа нь барилгын бетон цутгалт болон арматурчлал хийгдэх ямар ч боломжгүй байна. Мөн эхнээс нь дахин янзлах, дахиж ажлын хөлс төлж засуулах зэрэг зардлууд гарч байгаа тул миний зүгээс гомдолтой байна. Одоогийн байдлаар надад дараах хохирлууд үүсээд байна. Үүнд:
[1].Ф12; Ф16; Ф20 мм нийт 6.0 тн арматур гадаа зэвэрч чанарын шаардлага хангахааргүй болж байна.
2.Барилгад ашиглагдах түрээсийн хэв хашмал 300 ширхэг , хэв хашмалын дотор булан 10/20той 32 ширхэг, урт богино дэгээ 280 ширхэг зэрэг нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл өдрийн түрээс төлөгдсөн нийт 959,400 төгрөг болсон.
3.Таазны хэв хашмалд ашиглах 100 ширхэг (хар панер) бороо цасанд норж чанарын шаардлага хангахааргүй муудсан гэх мэт
Б.С******* нь гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгээгүйн улмаас дээрх томоохон хохирлууд үүссэн. Миний хувьд гомдолтой байгаа учраас дээрх нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд гэрээг цуцалж, 26,000,000 төгрөг нэхэмжилж байх тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Миний бие нэхэмжлэгч Б.М*******а нь хариуцагч Б.С*******той 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:
1.Нэхэмжилсэн 26,000,000 төгрөгөөс барилгын суурийн арматурчлал болон мужааны ажлын хөлсийг хасаж үлдэгдэл 11,300,000 төгрөгийг хүлээн авахаар тохиролцов.
2.2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 3,766,666 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 3,766,666 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 3,766,666 төгрөгөөр тус тус Хаан банк дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М*******а нь хариуцагч Б.С*******ид холбогдуулан 26,000,000 /хорин зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зохигч эвлэрч, нэхэмжлэгч нэхэмжилсэн 26,000,000 төгрөгөөс барилгын суурийн арматурчлал болон мужааны ажлын хөлсийг хасаж, үлдэгдэл 11,300,000 төгрөгийг хариуцагч Б.С*******оос гаргуулж, хариуцагч нь уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 3,766,666 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 3,766,666 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 3,766,666 төгрөгөөр тус тус Хаан банкны дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжилсэн 26,000,000 төгрөгөөс барилгын суурийн арматурчлал болон мужааны ажлын хөлсийг хасаж, үлдэгдэл 11,300,000 төгрөгийг хариуцагч Б.С*******оос гаргуулж, хариуцагч нь уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 3,766,666 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 3,766,666 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 3,766,666 төгрөгөөр тус тус Хаан банкны дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287,950 /хоёр зуун наян долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагч Б.С*******оос 195,750 /нэг зуун ерэн таван мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.М*******ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч Б.С******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ