| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0091/э |
| Дугаар | 83 |
| Огноо | 2018-03-26 |
| Зүйл хэсэг | 20.16.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэнг суулган,
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч Т.Б-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Т
Шүүгдэгч Ч.Н, Т.Б нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Ч.Н, Боржин овогт Т.Б нарт холбогдох эрүүгийн 1821000000053 дугаартай хэргийг 2018 оны 03 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Чонос овогт Ч.Н, Дорнод аймгийн Гурванзагал суманд ...........оны ...... сарын .....-ны өдөр төрсөн, ..... настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ............/, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ....дугаар багийн ..............тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 05-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл.
Шүүгдэгч Боржин овогт Т.Б, Дорнод аймгийн Хэрлэн суманд ............. оны ..... сарын .....-ны өдөр төрсөн, ..... настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ......./, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын .....дугаар багийн .......тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, сэтгэцийн хөгжлийн эмгэг өвчин, оюун ухааны хөнгөн хомсдол өвчнөөр 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан.
Шүүгдэгч Ч.Н нь 2018 оны 02 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Тэгш тал” хүнсний дэлгүүрийн гадна Б.Ууганбаатарыг шинэ тамхи өгөлгүй татаж байсан тамхиа өглөө гэх шалтгаанаар шүүгдэгч Т.Б-тэй бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 02 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Тэгш тал” хүнсний дэлгүүрийн гадна Б.Ууганбаатарыг шинэ тамхи өгөлгүй татаж байсан тамхиа өглөө гэх шалтгаанаар шүүгдэгч Ч.Н-тай бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйлгүй байхгүй гэв.
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр найзыгаа хүргэж өгөх гээд 5-уулаа явж байсан юм. Н бид хоёрыг дэлгүүрийн гадаа үлдээгээд бусад нь Хишигсайханыг хүргэж өгөх гээд явсан. Бид хоёр дэлгүүрийн урд тамхи татаад сууж байсан ахаас тамхи гуйсан. Тэгсэн тэр ах татаж байсан тамхиа өгсөн. Тэгэхээр нь “ах аа, шинэ тамхи өгчих” гэсэн чинь “хуц чаддаг юм бол зодоод ав” гэж хэлсэн. Тэгээд тэр ахтай маргалдаад зодолдсон. Тэр ах бид хоёрыг цохиж чадаагүй. Би тэр ахыг 2 удаа өшиглөсөн. Нямжав толгой руу нь нэг удаа өшиглөсөн гэв.
Шүүгдэгч Т.Б-ийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хэргийн талаар мэдэхгүй, сүүлд нь сонссон. Б нь цэцэрлэг сургуульд сурч байгаагүй. 2013 оноос хойш сэтгэл мэдрэлийн 60 хувийн групп-д байгаа юм. Манай хүү Б нь миний үгэнд сайн ордог, цаашид би тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатайг ойлголоо гэв.
Шүүгдэгч Ч.Н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд тэр ахтай маргалдаад би тэр ахыг цохисон чинь ойчоод өгсөн ба унасан хойно нь толгой руу нь нэг удаа өшиглөөд, бөөр рүү нь хоёр удаа өшиглөсөн. Хажуунаас Б ороод өшиглөж байсан. Тэгтэл хажуунаас Ганаа, Отгоо, Хишгээ гурав ирээд салгасан...Би Ууганбаатарын нүүр рүү нь нэг удаа гараараа цохиод ойчихоор нь толгойд нь нэг удаа өшиглөсөн. Баруун талынх нь бөөр хавьцаа нэг удаа өшиглөсөн. Тэр үед Б бөөр рүү нь өшиглөсөн...” гэжээ. /хх 50-51/
Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Бид хэд Хишигээг хүргэж өгөхөөр Хэрлэн сумын 2 дугаар баг, Тээвэрчдийн хороолол руу /яг хаягийг нь сайн мэдэхгүй/ явцгаасан ба Н бид хоёр гудамжны наана дэлгүүрийн тэнд хүлээгээд нөгөө хэд маань Хишигээг хүргэж өгөхөөр цааш явсан. Тэгээд хүлээж байхад “Тэгш тал” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа нэг ах /хохирогч Б.Ууганбаатар/ сууж байсан. Тэгэхэд нь бид хоёр очоод Н тэр ахаас тамхи гуйсан. Тэгтэл татаж байсан тамхиа өгөөд дараа нь дахин шинэ тамхи гаргаад өөрөө асаахад нь Н дахиад “шинэ тамхи” өгчих гэсэн чинь тэр ах “чаддаг юм бол зодоод авчих” гэсэн. Тэгээд Н тэр ахтай маргалдаад байсан ба муудалцаад гэнэт зодолдоод гарахаар нь хажуунаас нь орж би тэр ахыг ганц хоёр удаа өшиглөсөн. Тэгээд байж байтал Хишигээг хүргэж өгөхөөр явсан Ганаа, Отгоо, Хишигээ гурав эргэж ирээд салгасан. Тэгээд Н бид хоёр зүүн тийшээ явахад “Хишигээг хүргэж өгнө” гээд Ганаа, Отгоо, Хишгээ гурав нөгөө зодуулсан ахтай үлдсэн...Н босч ирээд тэр ахтай маргалдахад Н-ыг бариад авахад түүнийг түлхээд газар унагасан. Тэгэхэд баруун талаас Ганзориг ирээд Н-ыг болиулсан. Тэр ах босч ирээд Н руу дайраад байхаар нь Н очоод газар түлхэж унагаад дээрээс нь 1-2 удаа өшиглөхөөр нь болиулах гэхэд, тэр ах намайг тохойлдохоор нь миний уур хүрээд тэр ахын нуруу орчимд нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөөд больсон...” гэжээ. /хх 45-47/
Хохирогч Б.Ууганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Хэрлэн сумын 2 дугаар багийн Тээвэрчдийн 7-06 тоотын өөрийн гэрээс гараад найз Ганболдтой уулзахаар манай эгнээний зүүн үзүүрт байрлах “Тэгш тал” хүнсний дэлгүүрийн гадаа такси хүлээгээд байж байхдаа тамхилаад сууж байсан чинь баруун талаас хоёр залуу ирээд “тамхиа өгчих” гэхээр нь татаж байгаа тамхиа өгөөд, дахин нэг тамхи гаргаад өөрөө асаагаад татсан чинь “тамхитай байж акурка өглөө” гээд намайг тэр хоёр залуу өшиглөж унагаагаад хоёр талаас балбаж зодсон. Тэгээд зодуулж байхад баруун талаас хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн ирээд “хөөе хүн аллаа, та нар болиоч” гээд салгасан. Тэгтэл нөгөө хоёр залуу зүүн тийшээ явж байхад нь нөгөө гурван хүний нэг эрэгтэй нь “Н нааш ир ээ” гээд дуудахаар нь нөгөө залуугаас “чи таньдаг юм уу” гэсэн чинь эхлээд “танихгүй” гэж байгаад сүүлдээ “танина” гээд утсаар нь яриад “хүрээд ир ээ, нөгөө хүнтэйгээ учраа ол оо” гээд дуудсан. Тэгээд намайг зодсон хоёр залуу ирэхээр нь “та хоёр яагаад намайг балбаж байгаа юм бэ” гэсэн чинь нэг залуу нь /Н/ утсаар залгаад “нэг ахыг акурка өгөхөөр нь нэг цохичихсон чинь цагдаа энэ тэр гээд гонжроод байна, ирж ав” гээд утсаар ярьж байгаад манай эхнэрээс гэрийн хаяг асууж хаалга онгойлгоод гараад зугтаачихсан...тамхиныхаа акуркыг өглөө гэдэг шалтгаанаар зодсон.../хх 19-21/,...Эмчилгээний зардалд Б, Н хоёр 270000 төгрөгийг бүрэн төлсөн, одоо нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ. /хх 22/
Гэрч Ц.Хишигсайхан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 сарын 12-ны орой найз Ганзориг болон гурван найзтай нь...23 цаг өнгөрч байхад караокеноос гарсан. Тэгээд тэр хэд намайг хүргэж өгнө гээд хамт алхаад манай хорооны буюу Хэрлэн сумын 2 дугаар баг, Тээвэрчдийн 6 дугаар эгнээний зүүн булангийн дэлгүүрийн үүдэнд Н, Б хоёр үлдээд бид гурав манай гэрийн үүдэнд алхаж очоод юм яриад зогсож байгаад эргээд хальт алхаад хартал дэлгүүрийн үүдэнд Н, Б хоёр хүнтэй маргалдах шиг харагдахаар нь буцаж бид гурав алхаад дэлгүүрийн үүдэнд ирэхэд тэр хоёр танихгүй ахыг бариад муудалцаад зогсож байсан...Н тэр ах руу очоод тэвэрч аваад унагаахад Б тэр ахыг нэг өшиглөсөн. Тэгэхэд Н дахин тэр ахыг өшиглөхөөр нь Ганзориг, Отгоо хоёр очиж болиулсан...” гэжээ. /хх 23/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 сарын 13-ны өдрийн 163 тоот дүгнэлтэд: “1.Б.Ууганбаатарын биед тархи доргилт, нүүрний болон толгойн үстэй хэсэг, зүүн бөөрний хэсгийн зөөлөн эдийн няцралт, духны болон 2 гарын сарвуу хэсгийн зөөлөн эдийн зулгаралт бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Учирсан гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 34/
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт 10-т “1.Т.Б нь сэтгэцийн хөгжлийн эмгэг өвчин, оюун ухааны хөнгөн хомсдолтой байна. 2.Т.Б нь хэргийн талаар үнэн зөв тайлбарлаж мэдүүлэг өгөхдөө хүний дэмжлэг, зөвлөгөө хэрэгтэй, хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ. /хх 39/
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Гэрч Б.Ганзориг /хх 24/, О.Отгонтулга /хх 25/, Ч.Пүрэвсүрэн /хх 28/, Б.Түвшинцэцэг /хх 30/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Зөрчлийн талаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 10/, Яаралтай тусламжийн хуудас /хх 32/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 59, 62/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 64-65, 67-70/, шүүгдэгч Т.Б-ийн талаарх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх 63/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Ч.Н, шүүгдэгч Т.Б нар 2018 оны 02 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Тэгш тал” хүнсний дэлгүүрийн гадна нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, “шинэ тамхи өгөхгүй татаж байсан тамхиа өглөө” гэх шалтгаанаар хохирогч Б.Ууганбаатарыг цохиж өшиглөн хүч хэрэглэж эрүүл мэндэд нь “тархи доргилт, нүүрний болон толгойн үстэй хэсэг, зүүн бөөрний хэсгийн зөөлөн эдийн няцралт, духны болон 2 гарын сарвуу хэсгийн зөөлөн эдийн зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Т.Б-ийн “...“Тэгш тал” хүнсний дэлгүүрийн гадна...Би тэр ахыг 2 удаа өшиглөсөн. Н толгой руу нь нэг удаа өшиглөсөн...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, шүүгдэгч Ч.Н-н “...Би Ууганбаатарын нүүр рүү нь нэг удаа гараараа цохиод ойчихоор нь толгойд нь нэг удаа өшиглөсөн. Баруун талынх нь бөөр хавьцаа нэг удаа өшиглөсөн. Тэр үед Б бөөр рүү нь өшиглөсөн...” /хх 50-51/ гэх мэдүүлгийг давхар нотолсон дараах:
Хохирогч Б.Ууганбаатарын эх сурвалжаа зааж, тогтвортойгоор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...“Тэгш тал” хүнсний дэлгүүрийн гадна... тамхилаад сууж байсан чинь баруун талаас хоёр залуу ирээд “тамхиа өгчих” гэхээр нь татаж байгаа тамхиа өгөөд, дахин нэг тамхи гаргаад өөрөө асаагаад татсан чинь “тамхитай байж акурка өглөө” гээд намайг тэр хоёр залуу өшиглөж унагаагаад хоёр талаас балбаж зодсон. Тэгээд зодуулж байхад баруун талаас хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн ирээд “хөөе хүн аллаа, та нар болиоч” гээд салгасан...” /хх 19-21/ гэх,
Тухайн үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч Ц.Хишигсайханы “...Н тэр ах руу очоод тэвэрч аваад унагаахад Б тэр ахыг нэг өшиглөсөн, тэгэхэд Н дахин тэр ахыг өшиглөхөөр нь Ганзориг, Отгоо хоёр очиж болиулсан...” /хх 23/ гэх,
Гэрч Б.Ганзоригийн “...Н, Б хоёр нэг танихгүй эрэгтэй хүн рүү дайраад барьж аваад зууралдаад байхаар нь бид гурав салгаж болиулсан. Тэгээд би утсаар ярихад Н нөгөө эрэгтэй хүн рүү дахин очоод унагааж байсан. Би утсаар ярьж дуусаад дахин очиж Н-г салгаж болиулсан...” /хх 24/ гэх,
Гэрч О.Отгонтуяагийн “...Б, Н хоёр дэлгүүрийн гадаа нэг танихгүй эрэгтэй хүнтэй барьцалдаад маргалдаад байхаар нь очиж салгасан. Тэгэхэд Н дахин дайраад тэр хүнийг тонгорч унагаад дээрээс нь 2 удаа өшиглөхөд, хажуунаас нь Б 1 удаа нүүр, цээж орчимд өшиглөсөн. Тэгээд Ганзориг бид хоёр очиж салгаж болиулсан...Н тэр хүнийг барьж авч унагаад цээж, нүүр орчимд нь 2-3 удаа өшиглөсөн...” /хх 25/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд,
Хохирогч Б.Ууганбаатарын эрүүл мэндэд “тархи доргилт, нүүрний болон толгойн үстэй хэсэг, зүүн бөөрний хэсгийн зөөлөн эдийн няцралт, духны болон 2 гарын сарвуу хэсгийн зөөлөн эдийн зулгаралт” бүхий хөнгөн хохирол тогтоогдсон талаар дүгнэсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 163 тоот дүгнэлт /хх 33-34/, Болсон хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн газарт хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 10/, Гэмт хэрэг үйлдэгдсэн тэр цаг хугацаанд эмнэлгийн анхны тусламж авсан талаарх яаралтай тусламжийн хуудас /хх 32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Н, Т.Б нарын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Хохирогч Б.Ууганбаатарын эрүүл мэндэд учирсан “тархи доргилт, нүүрний болон толгойн үстэй хэсэг, зүүн бөөрний хэсгийн зөөлөн эдийн няцралт, духны болон 2 гарын сарвуу хэсгийн зөөлөн эдийн зулгаралт” бүхий хөнгөн хохирол нь түүний нүүр, цээж рүү гараар цохиж, хөлөөр өшиглөсөн шүүгдэгч Ч.Н, Т.Б нарын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэстэй байна.
Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч нарын 2018 оны 02 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн орчимд /шөнийн цагаар/ “Тэгш тал” хүнсний дэлгүүр буюу олон нийтийн газарт Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Ч.Н, шүүгдэгч Т.Б нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нарын учруулсан гэмт хэргийн хохирлын улмаас хохирогч Б.Ууганбаатарт 270000 төгрөгийн хор уршиг учирч түүнийг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч төлж барагдуулсан болох нь хохирогч Б.Ууганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...Эмчилгээний зардал болох 270000 төгрөгийг Н, Б хоёр бүрэн төлсөн, надад одоо гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх 22/ гэх мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэх үндэстэй байна.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийг арилгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.
Харин шүүгдэгч Ч.Н нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 05-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж эдэлж дууссанаас хойш 2 сар 4 хоногийн дараа дахин гэмт хэрэг үйлдсэн /хх 65, задгай/ болон шүүгдэгч Т.Б-ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн /хх 64/, сэтгэцийн хөгжлийн эмгэг өвчин, оюун ухааны хөнгөн хомсдол өвчнөөр 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан биеийн эрүүл мэндийн байдал /хх 63/ зэрэг тус тусын хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч Ч.Н-ын ............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэн дуруй, шүүгдэгч Т.Б-н ............ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чонос овогт Ч.Н, Боржин овогт Т.Б нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Н-г 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Т.Б-т анхааруулсугай.
5. Тэнссэн шүүгдэгч Т.Б-т хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн 1821000000053 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ч.Н-н ............ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, шүүгдэгч Т.Б-н .................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төлөгдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ч.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 03 сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан тус тусын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ