Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/204

 

 

 

 

 

 

   2024            02             15                                        2024/ДШМ/204

 

 

  М.Ж-ад холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч М.Ж-ын өмгөөлөгч М.Цэдэнпунцаг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/1462 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Лхагвасүрэнгийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 6 дугаар эсэргүүцлийг үндэслэн М.Ж-ад холбогдох 2308004360483 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

........... овгийн ............-ын Ж, 19... оны .. дугаар сарын ..-ний өдөр .... төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, “.....” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл .., ...-ийн хамт ... дүүргийн .. дүгээр хороо, “.......” хотхоны .. байрны .. тоотод оршин суух, /РД: ................../,

Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1/27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 91.2.2, 91.2.12, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 15 жил хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан,

Шүүгдэгч М.Ж нь 2022 оны 11 дүгээр  сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва аппартмент 132А байрны 809 тоотод Г.Бямбарагчаагийн байрны найр хийсний дараагаар гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, .... байрны ... тоотод орох үедээ “хаалга түгжлээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М.Г-ийг элэг рүү нь өвдөглөж, нуруу нь өшиглөж гэр бүийн хүчирхийлэл үйлдэж биед нь халдсан,

үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-ны шилжих шөнө 01:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, .... байрны ... тоотод “оройтож ирлээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М.Г-ийг үснээс нь зулгааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед халдсан,

үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, .... байрны ... тоот гэртээ эхнэр М.Г-ийг “халуун сав битүү чанагч угаа, угаасангүй” гэх шалтгаанаар ёлка /шинэ жилийн гацуур мод/-ны төмөр оройгоор зодож эрүүл мэндэд нь зүүн чамархай хуйх, баруун бугалганы шарх, зүүн бугалганы цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Ж-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас М.Ж-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-ад 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч М.Ж-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн 2308004360483 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч М.Ж-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Лхагвасүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлаж үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй мөн шүүхийн шийдвэр агуулгын хувьд ойлгомжгүй гарсан гэж үзэж байна.

Хэргийн тухайд шүүгдэгч М.Ж нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд М.Г-ийг байнга буюу 2022 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө элэг, нуруу руу нь өшиглөх, 2022 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө үснээс нь зулгаах, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр эд зүйлээр бие рүү нь ороолгож, шавхуурдах зэргээр зодсон болох нь хохирогч М.Г, хэрэг явдлыг шууд харсан гэрч Б.А нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогддог бөгөөд хохирогч, гэрчийн мэдүүлгийг М.Г-ийг урьд зодуулсан болохыг мэдсэн, сонссон гэрч Ч.Э, Г.Б, Б.О, О.У нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд шууд болон дамжмал байдлаар мөн давхар нотлогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан заалт зөрчигдөөгүй болно. Тодруулбал, гэрч Б.А нь тухайн цаг хугацаанд хохирогч, шүүгдэгч нартай хамт байсан, үйл явдлыг нүдээр харахад “элэг рүү нь өшиглөх гээд байж байхаар нь би салгаад эгчийг том өрөө рүү авч ороод хэвтүүлтэл ах эгчийг үснээс нь зулгааж босгоод өрөө рүүгээ аваад явсан” гэх харсан үйл баримтыг шууд заан мэдүүлсэн нь Б.А нь тухайн хэрэг явдлыг нүдээр шууд харсан хэргийн гол гэрч юм.

Мөн хохирогч М.Г-ийн “...намайг 2-3 удаа элэг рүү өвдөглөсөн, тэгээд намайг зодож байгаад гараад явахаар нь хаалгаа түгжчихсэн. Тэгээд 1 цаг гарангын дараа намайг хаалга түгжлээ гэж элэг рүү өвдөглөж, нуруу руу өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг нь гэрч Б.А-гийн 2022 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө харсан үйл баримтыг өмнө нь зодож байсан ижил төстэй аргаар үйлдэл хийх гэж байсан гэмт этгээдийн үйлдлийн аргыг нь шууд зааж мэдүүлсэн нь гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх боломжгүй байсан гэдгийг илэрхийлж байна гэж үзэж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгасан агуулгаар ойлгох бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга /зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан/ хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тодорхойлсон болно.

“Байнга” гэх гэмт хэргийн шинж нь хэвшмэл, дахин давтагдах шинжтэй бөгөөд гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүнийг зодсон үйлдэл нь гурав түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдлээр илэрхийлэгдэх хууль зүйн ойлголт юм.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар уг гэмт хэрэг нь үндсэн шинжийг хангаж байхад шүүхээс гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа, эсхүл нийтдээ гурав ба түүнээс дээш удаа байх аль ч тохиолдол гэмт хэргийн шинжийг хангана гэж үзнэ.

Мөн шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэхгүйгээр хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал:

Хохирогч М.Г-ийн “...хүүхэд санамсаргүй тоглож байгаад Ж-ыг цохих эсвэл санаандгүй хүрчихэд буцаагаад цохидог...” гэх мэдүүлэг, гэрч Б.А-гийн “...ааш зан, хүүхдэдээ хэлж байгаа үг нь их зэрлэг, хүүхдийнхээ үсийг самнаж байгаад зулгаагаад дүү ааваа өвдөөд байна гэтэл зүгээр чи цаашдаа олон эрэгтэй хүнд зулгаалгана гэх мэт зүйл ярьдаг. Маш жижигхэн асуудлаас болж уурлаж эгчийг зоддог. ...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Э-гийн “...нас барсан аавыг нь доромжлоод байдаг, үр хүүхдээ бодоод өдийг хүрсэн байх. Ер нь байнга манай охиныг зоддог. ...” гэх мэдүүлгүүд хавтаст хэрэгт цугларсан байгааг анхаарч үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Ж-ын гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэнд, бие махбодид байнга халдсан үйл баримтын шүүхээс гэмт үйлдэлд тооцохгүй байгаа үйлдлээс бусад үйлдлийг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь хүлээн зөвшөөрч, маргадаггүй бөгөөд анхан шатны шүүхээс М.Ж-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдээгүй харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж гэм буруутайд тооцсон нь хуулийг буруу тайлбарлаж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр, дүгнэлтийг гаргасан гэж үзэж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/1462 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Ж-ын өмгөөлөгч М.Цэдэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч М.Г нь анхны мэдүүлэгтээ 2022 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө болсон үйл явдлын талаар огт яриагүй байдаг. 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дахин мэдүүлэг өгөхдөө дээрх хугацаанд болсон асуудлын талаар мөн мэдүүлээгүй. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө биед нь халдсан үйлдэл байсан бол анх өгсөн мэдүүлэг болон дахин өгсөн мэдүүлэгтээ дурдах байсан байх. Гэтэл зөвхөн А-ийн өгсөн мэдүүлгийг үндэслэж дээрх хугацаанд болсон асуудлыг нотлогдсон гэж прокуророос үзсэн. А нь хохирогч М.Г-ийн үеэл дүү нь байдаг. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр болсон үйлдлээс болоод салах шийдвэр гаргасан гэж тайлбарладаг. Иргэний шүүхэд хүүхдүүдийн асрамжийн асуудал болон эд хөрөнгийн маргаантай холбоотой хэрэг үүссэн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн тохиолдолд эвлэрүүлэн зуучлалаар дамжихгүй шууд шүүхэд хандаад асуудлаа шийдвэрлэх боломжтой гэх зөвөлгөөг хохирогч өмгөөлөгчөөс авсан байсан тул болсон асуудлыг хэт дөвийлгөж мэдүүлсэн талаараа хохирогч М.Г давж заалдах гомдолдоо дурдсан байдаг. Гэрч А-гийн өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Сонингохайрхан дүүргийн прокурорын газраас М.Ж-ыг “2022 оны 11 дүгээр  сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва аппартмент 132А байрны 809 тоотод Г.Б-гийн байрны найр хийсний дараагаар гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, .... байрны ... тоотод орох үедээ “хаалга түгжлээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М.Г-ийг элэг рүү нь өвдөглөж, нуруу нь өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед нь халдсан,

үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-ны шилжих шөнө 01:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, .... байрны ... тоотод “оройтож ирлээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М.Г-ийг үснээс нь зулгааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед халдсан,

үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва аппартмент 132А байрны 409 тоот гэртээ эхнэр М.Г-ийг “халуун сав битүү чанагч угаа, угаасангүй” гэх шалтгаанаар ёлка /шинэ жилийн гацуур мод/-ны төмөр оройгоор зодож эрүүл мэндэд нь зүүн чамархай хуйх, баруун бугалганы шарх, зүүн бугалганы цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. 

Ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “... тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн тодорхойлон тогтоосон.

Хуулийн энэхүү зохицуулалтаар зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан болон шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлсэн хэрэг, хүний хувьд л шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй юм.

Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлт, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдох бөгөөд эдгээрт дурдагдаагүй хэрэг, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ямар нэгэн ажиллагаа явуулах эрхгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” бол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө гэж заасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг тодорхойлсон учраас давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт эрүүгийн хариуцлагыг нэмэх байдлаар өөрчлөн зөвтгөх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Иймд прокурор Г.Лхагвасүрэнгийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 6 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/1462 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Ж-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/1462 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Г.Лхагвасүрэнгийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 6 дугаар эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Шүүгдэгч М.Ж-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                           ШҮҮГЧ                                          Ц.ОЧ

                                            ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                  ШҮҮГЧ                                           Т.ШИНЭБАЯР