| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0800/З |
| Дугаар | 128/ШШ2025/0335 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2025/0335
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмгөөлөгч Ж.Ө //,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Б //,
Хариуцагч: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Г,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А /*******/,
Гуравдагч этгээд: “С ун” ХХК //,
Гуравдагч этгээдийн төлөөлөгч: Б.Б******* //,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.А //,
Нэхэмжлэлийн шаардлага: “Эм, эмнэлгийн хяналт зохицуулалтын газрын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дугаар, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаар лицензүүдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-т заасны дагуу хүчингүй болгуулах, Хууль тогтоомж зөрчиж импортын лиценз авсан “С Ун” ХХК-ийн 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай тусгай зөвшөөрөл цуцлахыг Эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч өмгөөлөгч Ж.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, Б.А, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаатай дугаар импортын лиценз, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаатай 003/23/1185 дугаар импортын лиценз, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаатай дугаар импортын лиценз, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаатай дугаар импортын лицензийг тус тус “С-Ун” ХХК-д олгожээ.
1.2. Өмгөөлөгч Ж.Ө******* Эрүүл мэндийн яаманд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 3513/47 дугаартай гомдлыг гаргасан.
1.3. Эрүүл мэндийн яамнаас Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэж, хариу өгөөгүй тул өмгөөлөгч Ж.Ө******* “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас “С Ун” ХХК-ийн импортын лиценз хүссэн өргөдөл нь журамд заасан шаардлага хангасан эсэхийг шалгахгүйгээр 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн , 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн *******, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *******, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай 4 удаагийн импортын лицензийг олгосон захиргааны үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, Хууль тогтоомж зөрчиж импортын лиценз авсан “С Ун” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг Эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлсэн ба 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 8048 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг нь тодруулж байсан ба 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа “1. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас “С Ун” ХХК-ийн импортын лиценз хүссэн өргөдөл нь журамд заасан шаардлага хангасан эсэхийг шалгахгүйгээр 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн , 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн *******, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *******, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай лицензүүдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-т заасны дагуу хүчингүй болгуулах; 2. Хууль тогтоомж зөрчиж импортын лиценз авсан “С Ун” ХХК-ийн 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлахыг Эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгуулах” гэж тодруулсан хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “..... Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ж.Ө миний бие Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан өөрт тусгайлан олгогдсон эрхийнхээ хүрээнд нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс энэхүү асуудлыг хөндөж, холбогдох гомдлыг Эрүүл мэндийн яаманд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргасан.
Гэвч гомдлыг шийдвэрлэх чиг үүрэгтэй тухайн байгууллагаас Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэж, хариу өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Өмгөөлөгч би хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс "нийтийн эрүүл мэндийн ашиг сонирхлыг зөрчсөн эсхүл зөрчиж болзошгүй захиргааны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох тухай" нэхэмжлэл гаргаж байгаа гэдгийг тодруулбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас хууль тогтоомж зөрчиж нэр бүхий компанид олгосон лицензийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд эрсдэх бодит нөхцөл байдал үүссэн байх тул тухайн захиргааны хууль бус үйл ажиллагаа болон дээрх лицензээр орж ирсэн албан ёсны зөвшөөрөлгүй, баталгаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийг таслан зогсоох байдлаар нийтийн эрүүл мэндийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах юм.
Маргаан бүхий 4 удаагийн лицензээр чанарын шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй, тухайн барааны үйлдвэрлэгчийн албан ёсны зөвшөөрөлгүй бараа оруулан ирж, улмаар эмнэлгүүдэд нийлүүлэгдсэн үйл баримтыг хэрхэвч "өнгөрсөн явдал" гэж өнгөрөөж болохгүй. Тухайн лиценз нь нэг удаагийн үйлчлэлтэй буюу тодорхой хугацаатай олгогддог хэдий ч лицензээр оруулж ирсэн гарал үүсэл нь тодорхойгүй, албан ёсны зөвшөөрөлгүй бараа /эмнэлгийн хэрэгсэл/-ны хор уршгийн үр дагаврын асуудал хэзээ ч дуусашгүй. Тухайлбал, тухайн барааг хэрэглэсэн иргэн эрүүл мэндээрээ хохирсон, эсхүл хохирч болзошгүй, цаашлаад амь насаа ч алдах, бүр алдсан байхыг үгүйсгэхгүй бөгөөд энэ тохиолдолд нийтийн эрүүл мэндийн хор хохирлын асуудал хэмжээлшгүй биз. Ийм учраас тухайн лицензүүдийг хууль тогтоомж зөрчиж олгож, улмаар гарал үүсэл нь тодорхойгүй, албан ёсны зөвшөөрөлгүй барааг Монгол Улсын хилээр оруулж ирэх нөхцөлийг бий болгосон захиргааны хууль бус үйл ажиллагааг шүүхээр тогтоолгож, таслан зогсоолгосноор эрүүл мэндээрээ хохирсон, хохирч болзошгүй иргэдийн эрүүл мэндээ хамгаалах, эсхүл хохирохоос урьдчилан сэргийлэх, хохирлоо барагдуулах зэрэг эерэг үр дүнгийн асуудал ар араасаа ун гарч ирэх бөгөөд ийм байдлаар нийтийн эрүүл мэндийн эрх, ашиг сонирхол хамгаалагдахаар байна. Өөрөөр бол, хохирч болзошгүй иргэд хохирохоос урьдчилан сэргийлэх, хохирсон иргэд хохирлоо нэхэмжлэх гэх мэт иргэдийн мэдэх болон шүүхэд мэдүүлэх эрх давхар хангагдах юм. Монголчууд "өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх” гэх байдлаар асуудалд хайнга хандаж, зүгээр орхидог нь ирээдүйд ирэх гай зовлонг өдөөх хор гэдгийг хэзээ гэж хэлж болохоор харагддаг. Бидний энэхүү араншин, хандлага хууль бус тамтагт нь тултал өөгшүүлсээр эцэс сүүлдээ нийтээрээ эрүүл мэндээрээ, эд хөрөнгөөрөө хохирох хор уршигтай учир асуудалд эрүүл саруул ухаанаар, хууль ёсны дагуу хандаж, аливаа хэм хэмжээ зөрчсөн асуудлыг таслан зогсоох нь, зогсоохын төлөө явах нь монголын ирээдүй эрүүл байх үндэс болохоор байна.
Хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээдэд томилолт шаардахгүй болохыг Улсын дээд шүүх тайлбарласан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Хуулиар тусгайлан эрх олгогдсон..." гэж заасныг УДШ-ийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны 30 дугаар тогтоолоор “Өмгөөлөгчийн хувьд өөрийн нэрийн өмнөөс нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд томилолт шаардахгүй...” гэж тайлбарласан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/Ш32024/7639 дугаартай захирамжийн үндэслэх нь хэсгийн 2 дугаарт заасан Өмгөөллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн “...томилолтын үндсэн дээр төлөөлнө” гэсэн үндэслэл хамаарахгүй. Учир нь Өмгөөллийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “өмгөөлөгч ...нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс ...шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй" гэж заасан бөгөөд нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар нэхэмжлэл гаргаж байгаа хуулиар тусгайлан эрх олгогдсон өмгөөлөгчид томилолт шаардахгүй болох тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийн "Хуулиар тусгайлан эрх олгогдсон” гэснийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолоос тодорхой харагдана.
Иймд өмгөөлөгч би өөрийн нэрийн өмнөөс нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор нэхэмжлэл гаргаж буй тохиолдолд Өмгөөллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан томилолт шаардагдахааргүй байна. Энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 676 дугаартай магадлалын хянавал хэсгийн 2.4, 2.5-д дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Ийнхүү томилолт шаардсан нь буруу байна гэж давж заалдах шатны шүүх тайлбарласаар байтал дахин томилолт байгаа эсэх талаар бүрдүүлбэр хангуулах тухай захирамж гарсан нь ойлгомжгүй байна.
Нийтийн эрүүл мэндийн ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй үйл баримтын тухайд. 1. Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй "С-Ун” ХХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Perseverance Medical Technology Co.,Ltd компаниас эх сурвалж, гарал үүсэл болон чанарын баталгаатай эсэх нь тодорхойгүй эмнэлгийн бараа бүтээгдэхүүн /Үүнд: оношилгооны катетер, яширо катетер, итропусер иж бүрдэл, ангиографик катетер, чиглүүлэгч катетер гэх мэт/-ийг Япон Улсын Тэрүмо /Terumo/ үйлдвэрийн үйлдвэрлэсэн баталгаат бараа хэмээн худал мэдүүлэх замаар импортын лиценз авч, улсын хилээр нэвтрүүлж, эмнэлгүүдэд ханган нийлүүлэх байдлаар Монгол Улсын нийт хүн амын эрүүл мэндэд аюул занал учруулж байна гэсэн мэдээлэл өмгөөлөгч надад ирсэн. 2. Тодруулбал, "С Ун" ХХК нь Японы /Тэрүмо/ Terumo компанийн монгол дахь цор ганц албан ёсны борлуулагчийн эрхтэй гэх байдлаар бусдыг төөрөгдөлд оруулж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Perseverance Medical Technology Co., Ltd-aac 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн , 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн *******, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *******, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай 4 удаагийн лицензээр 1000 гаруй эмнэлгийн хэрэгслүүд /дээр нэрлэн заасан/-ийг импортлон, /Тэрүмо/ Terumo үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн гэж эмнэлгийн байгууллагуудад нийлүүлж байна.
Эндээс харахад гурван сая гаранхан монголчууд, тэр дундаа дээрх бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлагатай өвчнөөр өвдсөн хүмүүсийн эрүүл мэндэд том аюул заналхийлэл учирсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Эмчлүүлэх бус бүгдээрээ ертөнцийн мөнх бусыг цагаасаа өмнө үзэх бодит эрсдэл үүссэн гэж үзэхээр байна. Зүй нь "С-Ун" ХХК нь Япон Улсын /Тэрүмо/ Terumo үйлдвэрийн албан ёсны дистрибьютер гэх эрхийг авсан тохиолдолд тухайн үйлдвэрийн албан ёсны бараа бүтээгдэхийг албан ёсны эх сурвалжаас нь Монгол Улсад оруулж ирнэ гэсэн үүргийг гэрээгээр хүлээсэн байдаг. Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, БНХАУ-ын "Huachang High and Tech Equipment" Co., Ltd, Perseverance Medical Technology Co. Ltd гэх цахим сайт, хаяггүй компаниас Тэрүмо /Terumo/-ийн гэх тодотголтой барааг бүр 2017 оноос хойш үйлдвэрийн хоёр дахь сав баглаа боодолгүй, задгайгаар автомашинд тээвэрлэж Замын-Үүд боомт, хилээр олон ширхгээр нь оруулж ирсэн үйлдэл нь нийтийн эрүүл мэндэд бодитоор заналхийлсээр байна.
Эндээс Монгол Улс хуультай, хил, гаалийн хууль хяналт байгууллагуудтай хэр нь хүн амынх нь нийтийн эрүүл мэндэд бодитоор заналхийлж буй этгээдийн хууль бус үйлдлийг яагаад таслан зогсоохгүй байна вэ?, Хятадын дээрх хоёр компани нь Тэрүмо /Terumo/-ийн албан ёсны гэрээт борлуулагч биш гэсэн хэрнэ Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас "С Ун" ХХК-д импортын лиценз яагаад олгоод байна вэ? гэдэг асуулт болон эргэлзээ өөрийн эрхгүй төрнө.
Хууль зөрчиж буй үндэслэлийн тухайд. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспорт, худалдаа, түгээлт, хяналттай холбоотой үйл ажиллагааг төрийн зүгээс нэгдсэн зохицуулалтаар хангана" гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл ... импортлох, экспортлох, худалдах, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно” гэж, 7.3 дахь хэсэгт “Эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурыг тусгай зөвшөөрлийн дагуу нийлүүлж байгаа эсэхэд эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина" гэж тус тус заасан байна. Ийнхүү хуулийн зохицуулалттай хэдий ч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь Тэрүмо /Terumo/ үйлдвэрлэгчийн албан ёсны эрхгүй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Perseverance Medical Technology" Co.,Ltd-aac 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн , 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн *******, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *******, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай 4 удаагийн импортын лицензийг "С-Ун" ХХК-д олгосон нь Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын лиценз олгох журамд заасан эм, эмнэлгийн хэрэгслийн лиценз хүссэн өргөдөл шаардлага хангасан эсэхийг шалгахгүйгээр лиценз олгосон гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлогч нь гадаад улсын эмийн үйлдвэр, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай, экспортлогч нь худалдан авагч байгууллагатай худалдааны гэрээ байгуулсан байна” гэж, Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт экспортын лиценз олгох журмын 2 дугаар зүйлийн 2.7-д заасан "Өргөдөлд дурдсан мэдээлэл болон бүрдүүлэх материалын үнэн зөв, бодит байдлыг өргөдөл гаргагч хариуцна” (шинэ журмын 1.8) гэж заасныг илтэд зөрчиж лиценз хүссэн өргөдөл гаргасан "С-Ун" ХХК-ийн тавигдах шаардлагад хяналт тавьж, шалгаагүй нь нийтийн эрүүл мэндэд бодитоор хохирол учирч болзошгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.
Иймд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас "С Ун" ХХК-ийн импортын лиценз хүссэн өргөдөл журамд заасан шаардлага хангасан эсэхийг шалгахгүйгээр 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн , 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн *******, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *******, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай 4 удаагийн импортын лицензийг олгосон захиргааны үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, хууль тогтоомж зөрчиж импортын лиценз авсан "С Ун" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг Эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгах байдлаар нийтийн эрүүл мэндийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү“ гэжээ.
2.2. Нэхэмжлэгч, өмгөөлөгч Ж.Ө шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрлэл импорт, экспорт худалдаа, түгээлт хяналттай холбоотой үйл ажиллагааг төрийн зүгээс нэгдсэн зохион байгуулалтаар хангана гэж заасан. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хүн ам эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлох, худалдан ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно гэж, 7.3 дахь хэсэгт эм, эмнэлгийн хэрэгсэл оношлуурыг тусгай зөвшөөрлийн дагуу нийлүүлж байгаа эсэхэд эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хяналт тавина гэж тус тус заасан тусгайлсан чиг үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт хуулиар олгосон. Ийнхүү зохицуулалттай байсан хэдий ч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар Тэрүмо /Terumo/ үйлдвэрлэгчийн албан ёсны эрхгүй, эрхтэй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддоггүй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Persevrance Medical Technology Co.,Ltd гэдэг компаниас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дугаар бүхий лицензүүдийг “С-Ун” ХХК-д олгосон нь эм, эмнэлгийн хэрэгсэл импорт экспортын лиценз олгох журамд заасан эмнэлгийн хэрэгслийн лиценз хүссэн өргөдөл шаардлага хангасан эсэхийг шалгахгүйгээр лиценз олгосон гэж үзэж байна. Учир нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт эм эмнэлгийн хэрэгслийн одоо импортлогч нь гадаад улсын эмийн үйлдвэр эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай, экспортлогч нь худалдан авагч байгууллагатай худалдааны гэрээтэй байна гэж хуульчилсан эм эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын лиценз олгох журмын 2 дугаар зүйлийн 2.7-т заасан өргөдөлд дурдсан мэдээлэл болон бүрдүүлэх материалын үнэн зөв байдлыг өргөдөл гар гаргагч хариуцна. Сүүлд батлагдсан шинэ журмын 1.8 дугаар зүйлийн заалтад тусгагдсан байдаг. Дээрх заалтуудыг лиценз олгохдоо илт зөрчсөн гэж үзэж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын тодруулсан үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-д захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн эрх ашиг зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон тохиолдолд хууль бус үйл ажиллагааг хүчингүй болгох гэдэг агуулга байдаг. Зөвхөн лиценз хүчингүй болгуулах биш захиргааны хувьд лиценз олгоод байгаа захиргааны үйл ажиллагаа өөрөө хууль зөрчсөн учраас үүнийг хүчингүй болгож өгнө үү гэдэг агуулгаар буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн. Захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд захиргааны үйл ажиллагаа тухайлах юм бол захиргааны актын эрх зүйн үр дагаврыг өөрчлөх дуусгавар болгоход чиглэгдэж байна. Эрх зүйн үр дагаврын хувьд 4 удаагийн лицензээр нийт 3380 ширхэг бараа орж хэрэглэгдэж байна. Нэгэнт гарал үүсэл нь тодорхойгүй, албан ёсны гэрээт борлуулагч биш компаниас Тэрүмо /Terumo/ компанийн барааг оруулж ирж байгаа нь Монгол Улсын стандарт чанар, шаардлагыг хангасан эсэх нь эргэлзээтэй байна. Тийм учраас энэ баталгаагүй бараа, эрүүл мэндийн салбарт одоо нийлүүлэгдэж, барааг хэрэглээд эрүүл мэнд нь хохирсон эсхүл хохирогч болзошгүй бодит эрсдэл үүсчхээд байгаа учраас энэ захиргааны актыг хууль бусад тооцож өгөөч гэсэн шаардлага гаргасан...” гэв.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргааны гол агуулга нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасан эмийн импортод эм, эмнэлгийн хэрэгслийн импортын мэдүүлэг, хавсаргавал зохих баримтыг буюу худалдааны гэрээ авагдаагүй байхад эмийг хилээр нэвтрүүлэх лиценз бүртгэлийг захиргааны байгууллага олгосонтой холбоотой маргаан байна. Энэ нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад дараах байдлаар тогтоогдож байна. Эм, эмнэлгийн хэрэгсэл хяналт зохицуулалтын газрын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны 04611 дүгээр албан бичгээр Япон Улсын Тэрүмо /Terumo/ үйлдвэрлэгчээс Бүгд Найрамдах Хятад Ард Улс дахь гэрээт борлуулагч Persevrance Medical Technology Co.,Ltd мөн эсэх талаар тодруулга авахад Persevrance Medical Technology Co.,Ltd нь 2022 оны 08 сарын 16-ны өдрөөс эхлэн албан ёсны гэрээт борлуулагч биш болсон талаар мэдэгдсэн гэдэг тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Энэ албан бичгээр захиргааны байгууллага захиргааны акт баталсан боловч акт гаргахдаа бас алдаатай гаргасан байж болзошгүй юм байна гэж үзээд нотлох баримтыг нөхөж цуглуулсан. Тухайн гадаад улсын хуулийн этгээдээс лавлагаа тодруулгыг авсан. Энэ лавлагаа тодруулгыг авахад С Ун ХХК тухайн захиргааны актыг гаргуулахын тулд баримт бичгийг бүрдүүлэхдээ дутуу бүрдүүлсэн мөн одоо буруу ойлголт тайлбарыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар гаргаснаас үүдэж энэ захиргааны акт гарсан байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан маргаан бүхий захиргааны актын үр дагавраар тодорхой эмнэлгийн хэрэгсэл Монгол Улсын хилээр импортоор орж эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлэгдсэн Монгол Улсын хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ашиглагдсан учраас 2024 оны 04 дүгээр сарын 23-ны албан бичгийг явуулахдаа гэрээ нь дуусгавар болсныг бид нар 2024 оны 01 сараас 03 сарын хугацаанд тайлбар тодруулга авах замаар энэ үйл баримтыг мэдсэн гэж тайлбарладаг. Хэдий захиргааны акт гаргаснаас хойш 1 жилийн дараа энэ захиргааны акт хууль бус байсан болох нь тогтоогдсон тул Захиргааны ерөнхий хуулийн 49.3.3-т шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол, 49.3.5-т нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх түүнийг зайлуулахын тулд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хэдийд ч цуцалж болно гэж заасны дагуу захиргааны актыг гаргахдаа хайнга буюу хайхрамжгүй хандсан. Төр эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрыг байгуулсан шалтгаан, гол чиг үүрэг нь Монгол Улсын хилээр гарал үүсэл нь тодорхой, найдвартай хамгийн чанартай эм, эмнэлгийн хэрэгслийг хууль ёсны дагуу оруулж ирэхэд нь хяналт тавих ёстой. Энэ чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Захиргааны ерөнхий хуульд заасан нотлох баримт цуглуулах бодит нөхцөл байдлыг тогтоох гэрээ Англи, Орос, Монгол хэл дээр ирдэг хэлбэрийн төдий үйл ажиллагаа бол биш хянаж компани нь ямар компани юм хэзээ, гэрээ байгуулсан юм гэрээний гол нөхцөл, бүтээгдэхүүнүүдийг хилээр нэвтрүүлэхээр худалдан борлуулах зөвшөөрөл буюу онцгой эрх, эрх дистрибьютерийн эрх, С-Ун ХХК-нд олгогдоод байгаа юм бэ гэдгийг нягтлан шалгах чиг үүрэг нь захиргааны байгууллага буюу хариуцагч байгууллагад байсан. Хариуцагч байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд тавигдах шалгуур үзүүлэлт, ажиллагаануудыг хийгээгүй, нөхөн гүйцээж хийсэн үйл баримт хангалттай тогтоогдож байна. Маргаан бүхий захиргааны актууд нь С-Ун ХХК-ийн хувьд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх боловч Монгол Улсын хүн амын хувьд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байна гэж дүгнэж байна. Учир нь Монгол Улсын иргэн иргэнийхээ хувьд гарал үүсэл нь тодорхой, чанар стандартын баталгаа хангасан, албан ёсны, хууль тогтоомжийн дагуу хилээр орж ирсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх эрхтэй. Энэ эрхийг нь зөрчиж зөвшөөрөл олгож захиргааны акт хэрэгжсэн байх тул захиргааны актыг хүчингүй болгох нь цаашид гарах үр дагавар буюу нийтийн ашиг сонирхол зөрчигдөх хууль ёсны шаардлагыг хангаагүй стандартыг хангаагүй байж болзошгүй юм байна гэдгийг олон нийт мэдэх эрх нь хэрэгжинэ гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна.
Иймд захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэсэн саналтай байна” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: “....Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь Монгол Улсын Их Хурлын 2020 оны 22 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны "Агентлаг байгуулах тухай” 222 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болж байгуулагдсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын нэгдэх хэсгийн тайлбарлавал, манай газар нь эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, протез, эмийн үйлдвэрт хэрэглэгдэх эмийн түүхий эд, туслах бодис, туслах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхэд импорт, экспортын бүртгэлийг дараах хууль, журмыг үндэслэн олгодог. Үүнд: 1.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т "Энэ хуулийн 15.1-д заасан лиценз олгох журмыг эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэж заасны дагуу Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/407 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Эм, эмнэлгийн хэрэгсэлд импортын лиценз олгох журам", 2.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг хүчингүй болсонтой холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдийн А/82 тушаалаар Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/407 дугаар тушаалыг хүчингүй болгож Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15.1, 15.3 дахь хэсгүүдийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг манай газарт үүрэг болгосон. 3.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15.1, 15.3 дахь хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудад төрийн үйлчилгээг тасралтгүй хэвийн үзүүлэх шаардлагаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн А/48 дугааp тушаалын хавсралтаар “Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын бүртгэл" олгох журам"-ыг батлан үйл ажиллагаандаа ашиглаж байсан. 4.Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/249 дүгээр тушаалын хавсралтаар “Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын бүртгэл олгох тухай журам"-д нэмэлт өөрчлөлт орж батлагдсан. Энэхүү тушаал батлагдсантай холбоотойгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/48 дугаар тушаалыг хүчингүй болгосон. Нэг удаагийн импортын лицензийг (бүртгэл) тухайн лиценз хүсэгч аж ахуйн нэгжийн ирүүлсэн албан хүсэлт болон хавсралт баримт бичигт үндэслэн олгодог. “С Ун” ХХК-д 2022 онд 1 удаа, 2023 онд 3 удаагийн импортын лицензүүдийг (бүртгэл) олгохдоо холбогдох баримт бичгийн бүрдлийг (албан бичиг, нэхэмжлэх, гэрээ, ISO сертификат, баримт бичгийн үнэн зөвийн баталгааны хуудас) хянан шалгаж олгосон байна. Тус компани нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/407 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эм, эмнэлгийн хэрэгсэлд импортын лиценз олгох журам"-ын 2.7-т "Өргөдөлд дурдсан мэдээлэл болон бүрдүүлэх материалын үнэн зөв, бодит байдлыг өргөдөл гаргагч өөрөө хариуцна" гэсний дагуу үнэн зөв материал өгснөө баталж "Баримт бичгийн үнэн, зөвийн баталгаа" гаргасан. Эдгээр нэг удаагийн импортын лицензүүд нь олгосноос хойш 6 сарын хугацаанд хүчинтэй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу захиргааны актын үйлчлэх хугацаа дууссан болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан “С Ун” ХХК нь албан ёсны зөвшөөрөлгүй, баталгаагүй, гарал үүсэл нь тодорхойгүй эмнэлгийн хэрэгсэл нийлүүлснээс нийтийн эрүүл мэнд хохирсон, хохирч болзошгүй гэдгийг хэрхэн нотолж байгаа нь тодорхойгүй нотлох баримтаар хавсаргасан ямар нэг баримт мэдээ байхгүй байна. Мөн С Ун ХХК-ийн нийлүүлсэн эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой нийтийн эрүүл мэнд хохирсон, хохирч болзошгүй талаарх төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болон иргэдээс өргөдөл, гомдлоор манай газарт утсаар, цаасан хэлбэрээр ирээгүй болно. Харин Эрүүл мэндийн яаманд өгсөн “Ч******* Т*******” ХХК-ийн гомдлын дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу хяналт шинжилгээний ажлын хэсэг 2023 оны 12 дугаар сард хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан бөгөөд гомдолд дурдсан нөхцөлүүд тогтогдоогүй юм.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хоёр дахь хэсгийн тайлбарын тухайд. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан нөхцөлүүд тогтоогдоогүй тул “С Ун” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг манай газраас хүчингүй болгох боломжгүй юм.
“С Ун” ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Японы Тэрүмо /Terumo/ компанийн зүрх судасны бүтээгдэхүүн буюу эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэх Монгол дахь албан ёсны төлөөлөгч дистрибьютер гэрээт борлуулагч мөн болохыг манай газрын албан цахим шуудан [email protected]д Тэрүмо /Terumo/ компанийн [email protected] цахим шуудангаар албан бичгийг ирүүлсэн. Тус албан бичгийг нотлох баримтаар нэхэмжлэлд хавсаргасан. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 7, 15 дугаар зүйлүүд болон холбогдох тушаал, журмын дагуу “С Ун” ХХК-д импортын лицензүүдийг олгосон байна. Мөн тус хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хуулийн нөхцөлүүд хангагдаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...2022 болон 2023 онд 3 удаагийн лиценз олгосон нийт 4 удаагийн лицензийн асуудал яригдаж байна. Дээрх лицензүүд нь 1 удаагийн шинжтэй, 6 сар хүртэлх хугацаанд хүчинтэй, үнэт цаасан дээр гаргадаг. Энэ баримт бичиг нь ерөнхийдөө Монгол Улсын хэмжээнд аль улсаас, ямар тоо хэмжээтэй, хэдэн төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүн ирж байгаа тухай статистик тоон мэдээ гаргах, манай байгууллагын хувьд тухайн байгууллагын гаргаж өгсөн баримтад үндэслэн олгож байдаг. Лиценз гээд нэртэй учраас асуудал нь чухалд тооцогдож байх шиг байна. Сүүлд журам шинэчлэгдэж бүртгэл гэдэг нэртэй болсон. Ерөнхийдөө сүүлийн лиценз нь 2023 оны 07 дугаар сард 03/24/4536 гэдэг лиценз авсан. Энэхүү лицензийн үйлчлэх хугацаа 6 сар байсан бөгөөд одоо хүчингүй болсон” гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Н.Г шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар нь эм, эмнэлгийн үйлчилгээний зохицуулалттай холбоотой Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг олгодог. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13.17 болон 13.18 дугаар зүйлд заасан мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1.1, 6.2-т заасан тусгай зөвшөөрлөөр олгох эрх түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох чиг үүрэг нь манай байгууллагад ирсэн. “С-Ун” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлахтай холбоотой хуульд заасан хүчингүй болгох нөхцөлүүд үүсээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна...” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
4.1. Гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа Ж.Ө******* нэхэмжлэлтэй Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа "С Ун" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна.
1. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн , 2023 оны 03 дугар сарын 30-ны өдрийн *******, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *******, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай 4 удаагийн импортын лицензийг олгосон захиргааны үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд "С Ун" ХХК нь Япон улсын Тэрүмо /Terumo/ корпорацын албан ёсны борлуулагчаар 2019 оны 04 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа, Монгол Улсад уг компаниас өөр албан ёсны төлөөлөгчийн эрхтэй компани одоогоор байхгүй байна. Нэхэмжлэгч нь нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэх боловч дээрх үйлчлэлийн хугацаа нь дуусаж хүчингүй болсон импортын лицензүүдийг хууль бус болохыг тогтоосноор хэний зөрчигдсөн эрх сэргэх нь тодорхойгүй, үр дагаваргүй нэхэмжлэлийн шаардлага байна. Мөн энэхүү импортын лицензийг үндэслэн нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний улмаас бусдад ямар нэгэн хор уршиг учруулсан, эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйл баримт байхгүй, Захиргааны хэргийн шүүх нь бусдад гэм хор учруулсан учруулсан эсэхийг тогтоох, хохирлыг арилгах шийдвэр гаргах байгууллага биш, энэ нь Иргэний хэргийн шүүхэд харьяалагдах маргаан байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.
2. Хууль тогтоомж зөрчиж импортын лиценз авсан "С Ун" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг Эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгуулах нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч Ж.Ө******* нэхэмжлэлийн 2 дахь шаардлагад дурдсан "Хууль тогтоомж зөрчиж импортын лиценз авсан “С Ун” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг Эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгуулах" нэхэмжлэл нь тус компанийн яг ямар тусгай зөвшөөрлийн асуудлыг дурдаж байгаа нь тодорхойгүй байна. Хэрэв тусгай зөвшөөрөл цуцлахтай холбоотой асуудал яригдах тохиолдолд нэхэмжлэгчийн дурдсан "Хууль тогтоомж зөрчиж импортын лиценз авсан” гэх үндэслэл нь Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.
Мөн “С Ун" ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь нэхэмжлэгчийн болон нийтийн ямар эрх ашгийг зөрчсөн, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор хэний, ямар эрх ашиг сэргэх нь тодорхойгүй, ямар нэгэн үр дагаваргүй шаардлага байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4.2. Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харахад Terumо компанитай холбоотой шаардлагатай бүхий л баримтыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт өгсөн. Эрүүл мэндийн яам болон газрын агентлаг, Гадаад харилцааны яамаар дамжуулан Persevrance Medical Technology Co.,Ltd гэдэг компанитай холбогдож Terumo компанийн Шанхай дахь бүс нутгийн хамгийн том оффистой холбогдож байсан баримт нь хавсаргагдсан. Terumo компанийн хувьд манай байгууллага нь 2019 оноос хойш Монгол Улсад төлөөлөх эрхтэй болсон. Төлөөлнө гэдэг нь зөвхөн худалдаа биш тухайн барааны чанар, аюулгүй байдлын баталгааг хариуцах, бүс нутгийн дистрибьютер болон худалдааны бүх компаниудтай харилцах эрхтэй компани юм. Манай компанийн эрх, ашгийг ноцтой зөрчиж байна. Орж ирсэн бараа материалын чанар, аюулгүй байдлын тухайд Terumo компани нь өөрөө баталгаа гаргаж өгсөн, хамтарч ажилласан хэвээрээ байгаа, манай бүтээгдэхүүнийг ашигласнаар чанартай сайн тусламж үйлчилгээ үзүүлсэн гэдгийг илэрхийлсэн байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар нь шалгалт хийж байхдаа энэ талаар тогтоосон байх” гэв.
4.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...”С-Ун” ХХК-ийн албан ёсны онцгой эрхтэй эсэх асуудлыг яриагүй гэж ойлголоо. Гэхдээ тодруулга хэлье 407 дугаартай тухайн үед хэрэгжиж байсан журмын 2.1.6-т тухайн эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлэх, импортлох онцгой эрхтэй гэрээтэй бол үүнийг яам руу мэдэгдэнэ гэсэн зохицуулалттай байсан. Энэ зохицуулалтын хүрээнд Тэрүмо /Terumo/ компанийн гэрээ дээр холбогдох баримтыг яам руу болон эмийн агентлагт өгсөн. “С-Ун” ХХК нь эрхтэй гэдэг нь хангалттай нотлогдчихсон. Persevrance Medical Technology Co.,Ltd гэдэг компанийн хувьд мөн адил Тэрүмо /Terumo/ компанийн албан ёсны эрхтэй гэдэг нь Шанхай дахь салбараас ирсэн тодорхойлолтоор харагддаг.
Процессын хувьд Тэрүмо /Terumo/ компани нь европ салбартай харилцдаг. Бид нар шаардлагатай байгаа эм эмнэлгийн хэрэгслийн захиалгыг өгөхөөр европ дахь салбарт одоохондоо байхгүй, энэ эмнэлгийн тусламж үйлчилгээг саатуулах одоо түргэн шуурхай нийлүүлэх энэ бололцоог хангахын тулд нөөц нь бэлэн, ойр байгаа Хятад дахь Persevrance Medical Technology Co.,Ltd компаниас тэр нөөцөө татаад авчих гэдэг зөвшөөрлийн дагуу тухайн компаниас авсан. Гэтэл энэ Persevrance Medical Technology Co.,Ltd гэдэг компани өөрөө Тэрүмо /Terumo/ эрхтэй, “С-Ун” өөрөө Тэрүмо /Terumo/ эрхтэй тэгэхээр ямар нэгэн байдлаар эрхийн зөрчилтэй асуудал ерөөсөө байхгүй. Хоёрдугаарт хууль зүйн үндэслэлийн хувьд нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-д заасан үндэслэлийг баримталж, хүчингүй болгох гэдэг шаардлага тавигдаж байгаа, хүчингүй болгохын тулд урьдчилсан нөхцөл нь нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол гэдэг энэ тогтоогдчихсон нотлох баримт огт авагдаагүй байна. Иймд 106.3.10-д заасан урьдчилсан нөхцөлийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хангахгүй байна.
Хариуцагчаас 1 удаагийн шинжтэй шийдвэр буюу 6 сарын хугацаагаар олгогдож, 6 сарын дараа хугацаа нь дуусаад үйлчлэл нь дуусгавар болдог гэдгийг тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, үйлчлэл нь дуусгавар болчихсон нэгэнт хүчингүй болчихсон лицензийн асуудал дээр дахиад хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэж шийдвэрлэх ямар ч боломжгүй. Иймд хуульд заасан үндэслэлийн хүрээнд бол тухайн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх ямар ч боломжгүй байна гэж үзэж байна. 2 дахь шаардлагын үндэслэлийг тайлбарлаагүй учир 2 дахь шаардлагаас татгалзаж байна гэж ойлголоо” гэв.
ҮНДЭСЛЭХ нь.
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
2. Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр нэхэмжлэл гаргасан өмгөөлөгч Ж.Ө******* нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартай харьцуулан үнэлээд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Хариуцагч Эм, эмнэлгийн хяналт зохицуулалтын газрын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дугаар, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай бүртгэл /лиценз/-үүдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-т заасны дагуу хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
4. 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.23. “эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага гэж эмийн сан, эрүүл мэндийн байгууллага болон мал эмнэлгийг эм, эмийн хэрэгслээр бөөний үнээр хангах үйл ажиллагааг эрхлэх тусгай бүхий хуулийн этгээдийг” ойлгохоор заасан ба, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. “эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага нь эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлоход эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас лиценз авна”, 15.2. “энэ хуулийн 15.1-д заасан лиценз олгох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж зааснаар Эрүүл мэндийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/407 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын лиценз олгох журам” нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь заалтыг хүчингүй болгож, мөн өдрийн хуулиар 15 дугаар зүйлийн 15.1. “Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлоход эмийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авна” гэж өөрчлөн найруулга орсноор Эрүүл мэндийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/82 дугаар тушаалаар Эрүүл мэндийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/407 дугаар тушаалыг хүчингүй болгосон байх ба Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15.1, 15.3-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхээр хариуцагч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Журам батлах тухай” А/48 дугаар тушаалын 1 дэх заалтаар “Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын лиценз”-ыг “Эм, эмнэлгийн хэрэгслийн импорт, экспортын бүртгэл” болгон өөрчилж, уг тушаалын нэгдүгээр хавсралтаар “Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын бүртгэл олгох журам”-ыг, хоёрдугаар хавсралтаар “импорт, экспортын бүртгэл олгох үйл ажиллагааны стандарт ажиллагааны заавар”-ыг, гуравдугаар хавсралтаар “импорт, экспортын бүртгэлийн маягтын загвар”-ыг тус тус баталсан. Түүнчлэн мөн газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” А/249 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын бүртгэл олгох журам”-ыг шинэчлэн баталсан, энэхүү тушаал гарсантай холбогдуулан 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Журам батлах тухай” А/48 дугаар тушаалыг хүчингүй болгосон.
5. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн маргаж буй лиценз /бүртгэл/-ээс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар импортын лиценз нь 2010 оны хууль болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/407 дугаар тушаал хуулийн хүчин төгөлдөр хэрэгжиж байх үед, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дугаар, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаар импортын лиценз нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн өөрчлөн найруулга орсон хууль болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2023 оны А/48 дугаар тушаал хэрэгжиж байх үед гарсан байна.
6. Одоо 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинэчилсэн найруулгаар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/249 дугаар тушаал хүчин төгөлдөр үйлчилж, өмнөх хууль болон журмууд хүчингүй болсныг тэмдэглэж байна.
7. Хариуцагчаас гуравдагч этгээд “С-Ун” ХХК-д олгосон 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар импортын лиценз нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дугаар импортын лиценз нь 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар импортын бүртгэл нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаар импортын бүртгэл нь 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тус тус тасалбар болон хүчинтэй хугацаа нь дууссан байх ба нэгэнт хүчингүй болсон бүртгэлүүдийг хүчингүй болгуулахаар маргах хууль зүйн боломжгүй байна.
8. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/407 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын лиценз олгох журам”-ын 2.2.1-д “эм, эмнэлгийн хэрэгслийн импортлогч нь гадаад улсын эмийн үйлдвэр эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан худалдааны гэрээ”-г хавсаргахаар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Журам батлах тухай” А/48 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурт импорт, экспортын бүртгэл олгох журам”-ын 3.1.3-т “худалдааны гэрээ /импортлогч нь гадаад улсын эмийн үйлдвэр эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан худалдааны гэрээтэй байна/-г бүрдүүлэхээр тус тус зааснаар гуравдагч этгээд “С-Ун” ХХК нь Япон Улсын Тэрүмо /Terumo/ корпорацын албан ёсны борлуулагчаар 2019 оны 4 дүгээр сараас хойш ажиллаж байгаа болох нь гуравдагч этгээдийн болон хариуцагчийн тайлбараар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 127 дугаар албан бичгээр, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/558 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтуудаар нотлогдож байна.
9. Иймд 2010 оны Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн
15.3. “Импортын болон экспортын бүртгэлийн бичигт эм, эмнэлгийн хэрэгслийн нэр, хэлбэр, тун, тоо хэмжээ, үйлдвэрлэгчийн нэр, улсын хилээр нэвтрүүлэх хугацаа, хилийн боомтыг заасан байна”, 15.6. “Эм, эмнэлгийн хэрэгсэл импортлогч нь гадаад улсын эмийн үйлдвэр, эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчтай, экспортлогч нь худалдан авагч байгууллагатай худалдааны гэрээ байгуулсан байна” гэх заалтыг гуравдагч этгээд нь импортын лиценз хүсэхдээ зөрчөөгүй, гуравдагч этгээдийг албан ёсны худалдааны гэрээгүй байсан гэж үзэхгүй болно.
10. “С Ун” ХХК-ийн 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлахыг Эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
11. Эрүүл мэндийн яамны 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2/1476 дугаар албан бичгээс үзэхэд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/339 дүгээр тушаалаар “эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, импортлох” үйл ажиллагааны чиглэлээр гуравдагч этгээд “С Ун” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон байх ба мөн яамны 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №ХХ-07/23/3103 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт ёсоор 2016, 2019, 2024 он хүртэл хүчинтэй хугацааг сунгасан төлөвтэй байх бөгөөд,
12. 2024 оны Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.“Тусгай зөвшөөрлийг өмчлөлийн хэлбэрээс үл хамааран хуулийн этгээдэд дангаар болон хавсарсан байдлаар энэ хуулийн 7.7-д заасан тусгай зөвшөөрлийн комиссын шийдвэрийг үндэслэн дараах чиглэлээр Зөвшөөрлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д заасан хугацаагаар олгоно”, 6.1.2. “эм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн импортлох-ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл”, 6.4.“Энэ хуулийн 6.1.1, 6.1.2-т заасан тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох асуудлыг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ...хариуцна” гэж зааснаар эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах талаар төрийн захиргааны байгууллагад хандаагүй, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. “Импортлох-ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид дараах шаардлага тавина”, 9.4. “Импортлох-ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид дараах үйл ажиллагааг хориглоно” гэж зааснаар хуульд заасан ямар шаардлага хангахгүй болсон, хуульд заасан ямар хориглолтыг зөрчсөн талаар нэхэмжлэгч нь мэтгэлцэж тайлбарлаагүй болно.
13. Иймд нэхэмжлэгч, өмгөөлөгчийг нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нийтийн эрүүл мэндийн чиглэлийн хүрээнд нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар гуравдагч этгээдэд олгосон “...эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн импортлох-ханган нийлүүлэх” тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах талаар хангалттай сонирхол илэрхийлж чадаагүй, нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар үндэслэлтэй тайлбарлаж маргахгүй байх тул нэхэмжлэлийн “даалгах” шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.“нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. 2010 оны Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.3, 15.6, 2024 оны Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.2, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч, өмгөөлөгч Ж.Ө******* Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан “Эм, эмнэлгийн хяналт зохицуулалтын газрын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар мөн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дугаар, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай лицензүүдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-т заасны дагуу хүчингүй болгуулах, Хууль тогтоомж зөрчиж импортын лиценз авсан “С Ун” ХХК-ийн 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлахыг Эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч хуулийн этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН