Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/00977

 

 

С.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2021/01113 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Эгийн хариуцагч Л.Гд холбогдуулан гаргасан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны үнэ 64 488 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн төлбөрт 37 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Т.У нь Л.Гээс 25 000 000 төгрөг зээлэх зорилгоор С.Эгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2201041678 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, ....дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, 32 байр, 37 тоот, 41,52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалахаар тохиролцсон. Гэтэл Л.Г нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардсан тул орон сууц худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн. Уг гэрээг 10 000 000 төгрөгөөр байгуулсны дараа буюу 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 25 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлсэн зээлийн гэрээг бичгээр байгуулж, Т.У, С.Э нар гарын үсэг зурж нотариатаар батлуулсан.

Зээлийн гэрээний дагуу Л.Г нь “Голомт банк” ХХК-ийн 1809328767 тоот дансанд 24 960 000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Л.Гээс авсан зээлийг Т.Ут өгсөн боловч Л.Г нь С.Эгаас    25 000 000 төгрөгийг нэхэмжилдэг. Зээл авснаас хойш эргэн төлөлт хийж чадаагүй, харин Т.У нэг удаа өөрийн эгчийн дансаар Л.Г рүү 2019 оны 10 дугаар сард төлөлт хийсэн. Л.Г 9910-9817, 9902-8414 гэсэн дугааруудаас С.Эгийн 9911-1129 дугаарт “зээлийн хүү, үндсэн зээл нийлээд 33 550 000 төгрөг болсон, орон сууцыг зарлаа” гэсэн. Худалдах зорилгогүйгээр орон сууцыг Л.Гийн дарамт шахалтаар зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлсэн нь хууль бус гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлж хийсэн хэлцэл мөн болохыг тогтоолгож, орон сууцыг С.Эгийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг Л.Гд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, уг эд хөрөнгөөр шилжүүлсэн эд хөрөнгийг буцаан шилжүүлэх боломжгүй гуравдагч этгээд М.Ций өмчлөлд шилжсэн тул орон сууцны үнэ 64 488 000 төгрөгийг Л.Гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Этай 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр дээрх орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээг нотариатаар баталгаажуулсан. Тухайн үед нотариатын хажууд гэрээний 7, 8, 9 дүгээр заалтуудын дагуу уг гэрээг тэгш эрхийн үндсэн дээр, талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлж, бусдын дарамт шахалт, нөлөөлөл байхгүйгээр хийсэн гэдгээ нотолж талууд гарын үсгээ зурж, нотариатаар баталгаажуулсан. Иймд худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр С.Э нь мөнгө зээлээч гэсэн ба барьцаа хөрөнгө шаардахад “өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, ..... дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, 32 байр, 37 тоот 41.52 м.кв 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлье, зээлээ төлөөд буцаан авна” гэсэн. Иймд                                   25 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тутам хоногт 0.5 хувь алданги төлөх нөхцөлөөр зээлсэн. Гэвч С.Э нь одоог хүртэл төлбөр төлөөгүй атлаа худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж орон сууцны үнэ шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Дээрх орон сууцны өмчлөгч нар олон удаа солигдсон байдаг. С.Э “О” ХХК-д менежерээр ажиллаж байсан мэдээлэл байдаг тул тэрээр зээлийн гэрээний дүр үзүүлсэн, дүр үзүүлээгүй эсэхийг сайн мэднэ. Хариуцагч энэ талаар мэдлэггүй. Өөрийн нэр дээр шилжүүлвэл эрсдэлгүй гэж бодсон. Орон сууцыг буцааж өгөөд, зээлүүлсэн мөнгөө алданги, хүүтэй нь авна. н.Цэнгүүн 2020 оны 5 дугаар сараас хойш одоог хүртэл орон сууцандаа орж чадаагүй, мөнгө болон сэтгэл санаагаар хохирч байна. С.Э нь н.Сосорбарам гэх гэр бүлд надаас өмнө урьдчилсан байдлаар иргэд хоорондын гэрээгээр орон сууцыг зарсан. н.Сосорбурамд өмнө нь С.Этай гэрээ хийсэн талаар хэлэхэд С.Этай гэрээ хийчихсэн, нэхэмжлэгчээс мөнгөө авсны дараа байрыг чөлөөлнө гэсэн. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргахад энэхүү маргаан шийдэгдсэний дараа шийднэ гэсэн. н.Сосорбурамаас С.Э нь сар бүр түрээсийн төлбөр авч ашиг олдог.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: С.Э нь Сонгинохайрхан дүүрэг, .....дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, 32 байр, 37 тоот 41.52 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалах байтал Л.Гийг хууль мэдэхгүйг далимдуулан зориудаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Зээлсэн 25 000 000 төгрөг, алданги 12 500 000 төгрөг, нийт 37 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Зээлийг хэн аваад зарцуулсныг Л.Г өөрөө мэддэг. Энэ асуудлыг тусад нь шийдүүлэх нь зүйтэй, үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэх боломжгүй. Хамтран хариуцагчаар Т.Уыг татуулах хүсэлтийг татгалзаад байна. Л.Г 25 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлээгүй, гэрээний үүргийг шаардах үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлд авагдсан нотлох баримтуудад Т.У гарын үсэг зурсан гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Э 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр зээлээр Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт 18105 дугаар гудамж, 32 дугаар байр, 37 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг Л.Гийн өмчлөлд шилжүүлсэн. Л.Г нь тус орон сууцыг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр М.Цд 35 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээгээр худалдаж, өмчлөх эрхийг шилжүүлсэн.  М.Ц нь эхнэртэйгээ БНСУ-д ажиллаж байж олсон мөнгөөрөө тус байрыг авсан. Орон сууцандаа одоог хүртэл амьдарч чадаагүй, өөр хүн амьдардаг. Үүнтэй холбоотойгоор М.Ц маргаан бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч нэхэмжлэгч тал уг маргаантай холбоотой баримт бүрдүүлж ирээд хэргийг түдгэлзүүлчихсэн. Орон сууцыг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхэд татгалзахгүй, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 37 500 000 төгрөгийг Л.Гд өгвөл мөнгөө буцаан авахад татгалзах зүйлгүй. М.Ц залуу гэр бүлийн хувьд хэрүүл маргаантай ийм орон сууцанд амьдрахыг хүсэхгүй.

Тиймээс сөрөг нэхэмжлэлийг гуравдагч этгээд дэмжиж байгаа. Нэхэмжлэгч 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр анх нэхэмжлэлээ гаргахдаа орон сууцыг буцаан олгож гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэснийг татгалзахгүй.  Хэргийн 36 дугаар талд авагдсан 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 7/711 гэх Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичгээр 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тус орон сууцыг н.Бат-Өршөөлд шилжүүлж, 01 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн өмчлөлд буцаан авсан. 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр н.Бт шилжүүлж, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр н.Бд шилжүүлж, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр буцаан авсан байдаг. 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Л.Гд шилжүүлсэн. Үүнээс хойш 1 жилийн дараа 2020 оны 4 дүгээр сарын 30-ны Л.Г М.Ц рүү шилжүүлсэн. С.Э дүр үзүүлэн хууль бус хэлцэл хийсэн.

Уг орон сууцны үнийг хариуцагч нэхэмжлэгчид өгөөд М.Ц байраа болсон ч гэсэн цаашид албадан чөлөөлүүлэхтэй холбоотой нэхэмжлэл дахин 3 шатны шүүхээр 2 жил орчим үргэлжлэх тул М.Цд хохиролтой байна. М.Ц одоо сар бүр байрны түрээс 600 000 төгрөг төлдөг. Иймээс гуравдагч этгээдийн эрх ашгийг хүндэтгэж сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дах хэсэгт заасныг тус тус баримтлан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр С.Э, Л.Г нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Л.Гээс 64 488 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Эд олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч С.Эгаас зээлийн гэрээний үүрэгт 37 440 000 төгрөгийг гаргуулж хариуцагч Л.Гд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 60 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56,2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 655 340 /174,950+480,390/ төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345 450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Л.Гээс 655 340 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Эд, нэхэмжлэгч С.Эгаас 345 150 төгрөг гаргуулж хариуцагч Л.Гд тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан үнэлбэл зохих нотлох баримт болон хэрэглэх ёстой байсан хуулийн зүйл заалтыг баримтлаагүй дутуу үнэлсэн. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дах хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжпуулах эрхтэй...” Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6 дах хэсэг “Өмчлөгч энэ зүйлд заасан эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлэн авсан этгээд эд юмсыг өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилго, дүрмийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй" хэмээн хуульчилсан. Гэтэл 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах тухай гэрээний 4 дүгээрт “Уг орон сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь бусдад худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, түрээслүүлээгүй болно” гэсэн байдаг. Нэхэмжлэгч тал энэ үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт заасны дагуу хариуцагч болон гуравдагч этгээдийн талаас маргаан бүхий Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 04 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, 32 дугаар байр, 37 тоот 41.52 м.кв бүхий орон сууцанд өнөөдрийг хүртэл н.Сосорбарам гэх этгээд амьдарч байгаа тухай хэлсэн мөн тус маргаан бүхий орон сууцнаас н.Сосорбарамыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг гуравдагч этгээд М.Ц гаргасан боловч нэхэмжпэгч С.Э хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсний дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эндээс үзвэл тус маргаан бүхий орон сууц М.Ций нэр дээр шилжсэн боловч өнөөдрийг хүртэл үр шимийг хүртээгүй байна. С.Э нь “н.Сосорбарам түр хугацаанд амьдарч байгаа” гэсэн боловч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд н.Сосорбарамд хувийн лизингээр худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулаад урьдчилгаа аваад сар бүр төлөлт хийнэ гэж тохирсон байсныг мэдсэн.

Нэхэмжлэгч С.Э нь худалдах, худалдан авах гэрээг мэдэж байгуулсан. Энэ нь тус орон сууцны өмчлөлийн шилжилт нь 2018 оны 01 дүгээр сарын 04- ны өдөр С.Э, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б.Бат-Өршөөл, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр С.Э, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Б.Б, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б.Бат-Өршөөл, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр С.Э гэдгээс үзвэл дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. М.Ц нь маргаан бүхий орон сууцыг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр худалдан авсан болоч өнөөдрийг хүртэл түрээсийн байранд амьдарч байна, цаашид ч амьдрахгүй гэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 27 048 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг эс зөвшөөрч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хоорондын маргаанд хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, уг шийдвэрийг өөрчлөх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Л.Гд холбогдуулан гаргасан 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу орон сууцны үнэ 64 488 000 төгрөг гаргуулахаар шаардсан байна. /хх-30, 143/  

Хариуцагч Л.Г “С.Э надаас мөнгө зээлсэн, барьцаа шаардахад орон сууцаа миний нэр дээр шилжүүлээд зээлээ төлөөд буцаан авна гэсэн, зээлээ төлөөгүй, орон сууцны үнэ шаардаж байгааг зөвшөөрөхгүй, зээлдүүлсэн мөнгөө аваад орон сууцыг буцаан өгнө” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37 500 000 төгрөг шаардан сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Талуудын хэн алинд С.Эгийн өмчлөлд бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны Толгойт 18105 гудамж, 32 дугаар байрны 37 тоот 2 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах хүсэл зориг байгаагүй, харин 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд тавих зорилгоор 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” байгуулж, орон сууцны өмчлөх эрхийг Л.Гд шилжүүлсэн болох нь тэдгээрийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх-3-6/

Нэхэмжлэгч тал хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжсэн эд хөрөнгөө уг байдлаар нь хариуцагчаас гаргуулах боломжгүй, тухайн хөрөнгө өөр гуравдагч этгээдийн өмчлөлд хууль ёсоор шилжсэн гэх үндэслэлээр хөрөнгийн үнийг гаргуулахаар шаардаж, шүүхэд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн “Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайланг нотлох баримтаар гарган өгчээ. /хх-56-71/

Хариуцагч Л.Г, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Ц нар дээрх гэрээнээс татгалзсан, орон сууцыг буцаан өгөх боломжтой гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч С.Эгийн хариуцагчаар тодорхойлсон Л.Гд хууль ёсны өмчлөх эрх бүртгэлгүй, буцаан шилжүүлэх боломжгүй нөхцөл үүссэн байна. Тодруулбал, хариуцагч Л.Г нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Цд дээрх орон сууцыг худалдан борлуулж, өмчлөх эрхийг түүний нэр дээр улсын бүртгэлээр өмчлөх эрхийг шилжүүлсэн болох нь хэргийн 40-43 дах талд буй 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар нотлогдож байна. Гуравдагч этгээд М.Ц нь уг орон сууцны үнийг хариуцагч Л.Гээс авсан тул нэхэмжлэгч С.Эгийн өмчлөлд буцаан шилжүүлэх боломжтой гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар гуравдагч этгээдэд холбогдуулан түүнээс ямар нэг шаардлага эд хөрөнгө буюу мөнгийг гаргуулахаар шийдвэрлэж болохгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай.

Мөн нэхэмжлэгч нь эд хөрөнгийн үнийг шаардаж буй тохиолдолд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6, 492 дугаар зүйлийн 492.3 дах хэсгийн зохицуулалтыг анхаарах шаардлагатай.  

Нэхэмжлэгч тал өөрийн захиалж хийлгэсэн хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээгээр буюу 64 488 000 төгрөгөөр, хариуцагч нь орон сууцыг гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үнэ 35 00 000 төгрөгөөр орон сууцны үнийг тус тус тодорхойлж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн зүйлийн 56.5 дах хэсэгт нөхөн төлбөрт авсан зүйлийн үнэлгээгээр бус эд хөрөнгийн үнийг төлөх агуулга илэрхийлэгдэж байгаагаас гадна хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн зүйлийг буцаах боломжгүй тохиолдолд хамаарах нарийвчилсан зохицуулалт бүхий гэрээний бус үүргийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглээгүй байна.

Түүнчлэн эд хөрөнгийг буцаан шилжүүлэх боломжтой байхад эдгээр нөхцөл байдлыг тодорхой болгоогүй тохиолдолд хэргийг эцэслэн шийдвэрлэх, давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн явуулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                       167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2021/01113 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасныг баримтлан давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 293,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                              ШҮҮГЧИД                                Н.БАТЗОРИГ

 

                                                                                Ч.ЦЭНД