Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/00976

 

 

Ц.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2021/00886 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Оын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01903 дугаар захирамжаар Ц.Оаас 19 998 062 төгрөг гаргуулж “ГКП ББСБ” ХХК-д олгохоор захирамжилсан. Үүний дагуу НШШГГ нэхэмжлэгчийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураах ажиллагаа явуулсан. Ц.О нь цаг үеийн байдлаас болж бизнес нь түр зогссон хэдий ч төлбөрөө төлнө гэж шийдвэр гүйцэтгэгчид баталгаа гаргасан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь Баянгол дүүргийн .....дугаар хороо, Шинэ хотхон, Москва гудамж, 8 дугаар байр, ... тоотод байрлалтай 2 өрөө орон сууцны зах зээлийн үнийн саналыг өмчлөгчөөс аваагүй, төлбөр авагчийн хүсэлтээр албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээг хийлгэсэн. Үнэлгээчин зах зээлийн ханшнаас маш хямдаар буюу 64 639 000 төгрөгөөр үнэлсэн байна. Шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 01 сарын 12-ны өдөр дуудаж Шинжээчийн үнэлгээтэй танилц, орон сууцыг чинь албадан дуудлага худалдаанд оруулна гээд НШШГГ 2021 оны 01 сарын 11-ний өдрийн 4/141/217 тоот мэдэгдэл болон албан бичгүүдийг гардуулж өгсөн, орон сууцыг 64 639 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь дээрх орон сууц нь Энхтайваны өргөн чөлөө буюу хотын төв замын ойролцоо, үйлдвэрлэл үйлчилгээтэй ойрхон төвийн байрлалтай, ашиглалтад ороод удаагүй, автозогсоол талбайтай, зах зээлд өндөр үнээр борлогддог орон сууцыг маань зах зээлийн ханшнаас доогуур үнэлж, хэт үнэгүйдүүлж өмчлөгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн мөн улс орон даяар халдварт тахал өвчин гарсан ийм хүнд цаг үед орон гэрийг маань маш хямдаар худалдан борлуулах гэж байгаад маш их гомдолтой байна.

Иймд Ц.О нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зуйлийн 55.7 дах хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байх тул түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040078 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхон, Москва гудамж 8 дугаар байр 77 тоотод байрлах 42,2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 64 639 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01903 дугаар захирамжаар Ц.Оаас 19 998 062 төгрөгийг гаргуулж “Газар капитал партнерс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.От төлбөрийг төлөх мэдэгдэл өгсөн боловч төлж барагдуулаагүй тул түүний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040078 дугаартай Баянгол дүүргийн ... дугаар хороо, Шинэ хотхон Москва гудамж 8 дугаар байрны ... тоотод байрлах 42.20 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 2020 оны 08 сарын 26-ны өдрийн 20370456/02 тоот тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 10 сарын 07-ны өдрийн 20370456/03 дугаар тогтоолоор хураасан.

Төлбөр төлөгчид хөрөнгийн үнийн санал өгөх тухай 2020 оны 10 сарын 12-ны өдрийн 4-141/36983 дугаар мэдэгдлийг өгсөн боловч хариу ирүүлээгүй. Төлбөр авагчийн 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 01/2-41 дугаар албан бичигт хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцох боломжгүй тул хөндлөнгийн шинжээч томилон орон сууцны үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасан. Талууд хөрөнгийн үнэлгээгхарилцан тохиролцоогүй тул 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 11/557 дугаар тогтоолоор шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээний “В.В” ХХК нь орон сууцыг 64 639 000 төгрөгөөр үнэлснийг мэдэгдсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг 2021 оны 01 сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлаж, талуудад мэдэгдсэн боловч тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 сарын 25-ны өдрийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээд байна.

Иймд төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ц.Оын гомдол шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ц.Оын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 сарын 25-ны өдрийн 102/ШЗ2021/01139 дугаар захирамж хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ тогтоох урьдчилсан нөхцөл болох үнийн санал авах ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч хуульд зааснаар явуулаагүй. Төлбөр авагч буюу өмчлөгч Ц.Оаас үнийн санал аваагүй, шинжээч томилсон тогтоолыг танилуулалгүй дур мэдэн шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн нь хууль зөрчсөн, улмаар үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж маргасан байтал шүүх үүн дээр үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, хэрэгт авагдсан баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаанд оруулах эд хөрөнгийн үнийг өмчлөгч буюу төлбөр төлөгч Ц.О, төлбөр авагч “ГКП” ББСБ ХХК-д үнийн санал өгөх, тэрхүү үнийн саналууд зөрүүтэй тохиолдолд шинжээч томилох үндэслэл болох бөгөөд тухайн үнийн санал авах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон өмчлөгч нарыг тохиролцуулах ажиллагааг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд болох НШШГГ явуулахаар хуульчилсан байтал хариуцагч нь төлбөр авагчийн албан бичгийг үндэслэн шинжээч томилсон нь хэрэгт авагдсан баримтаар тоггоогддог.

Өөрөөр хэлбэл, хөрөнгийг үнэлэх ажилаагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн саналыг харгалзан өөрөө үнэлэх эрхтэй гээд хэрэв шийдвэр гүйцэтгэгч үнэлээгүй тохиолдолд 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэхдээ 55.2.2-т зааснаар үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж хуульчилсан бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч Ц.Оаас үнийн санал аваагүй байж шинжээч томилсон. 2020 оны 11 сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээний “Виннер вэй” ХХК-ийг шинжээчээр томилсон. Улмаар “Виннер вэй” ХХК нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 64 639 000 төгрөгөөр үнэлсэн. Гэвч шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилсон тогтоолыг төлбөр авагч буюу нэхэмжлэгч Ц.От танилцуулаагүй, шууд шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн.

2021 оны 01 сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгч Ц.От шинжээчийн үнэлгээг мэдэгдлийг танилцуулсан. 2020 оны 11 сарын 06-ны өдөр үнэлгээний мэдэгдлийг баталгаат шуудангаар явуулсан гэж байгаа боловч үүнийг нэхэмжлэгч огг мэдээгүй. 2021 оны 01 сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийг дуудаж уулзах үед үнэлгээний талаар мэдсэн байдаг, үүнийгээ шүүх хуралдаан дээр тайлбарласан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу мэдсэнээс хойш 7 хоногийн дотор буюу 2021 оны 01 сарын 14-ний өдөр шүүхэд гомдлоо гаргасан. Гэтэл шүүх гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

           

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ. /хх1-2, 20/

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01903 дугаар захирамжаар Ц.Оаас 19 998 062 төгрөгийг гаргуулан “Газар капитал партнерс ББСБ” ХХК-д олгох, барьцаа хөрөнгө болох  Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон 8 байр, 77 тоот хаягт байршилтай, 42,2 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2205040078 дугаартай бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх 23/

Хариуцагч байгууллага нь дээр дурдсан шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр үүсгэж, 8 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, мөн оны 10 дугаар сарын 07-ны өдөр хураах ажиллагаа явуулж, мөн сарын 12-ны өдөр төлбөр төлөгч, авагч нараас орон сууцны үнийг харилцан тохиролцож ирүүлэх талаар мэдэгдсэн үйл баримт хэрэгт авагдсан тус газрын тогтоолууд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон ба эдгээр ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд талууд маргаагүй. /хх 30-41/

Дээрх тогтоогдсон үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч Ц.О нь хураалгасан үл хөдлөх эд хөрөнгийн талаарх үнийн саналаа 2020 оны 10 сарын 12-ны өдрийн 4-141/36893 дугаартай “Мэдэгдэл”-д заасан хугацаанд ирүүлээгүй буюу уг мэдэгдэлтэй танилцсан боловч хүлээн авахаас татгалзсан нь “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”-д тусгагдсан. /хх-40/

Түүнчлэн, төлбөр төлөгч нь мэдэгдэлд заасан хугацаанд үнийн санал ирүүлээгүй нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд харилцан тохиролцоогүй гэх үндэслэлд хамаарна. Өөрөөр хэлбэл,  төлбөр төлөгч, өмчлөгч Ц.Оын үнийн санал гаргах ажиллагаанд оролцох эрхэд хариуцагч байгууллагаас саад учруулсан нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Мөн төлбөр авагчаас “төлбөр төлөгчтэй хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцох боломжгүй” гэх үндэслэлээр хөндлөнгийн үнэлгээний байгууллагыг шинжээчээр томилуулах хүсэлтийг 2020 оны 11 сарын 02-ны өдөр гаргасан байна. /хх40-41/ Уг хүсэлтийг хариуцагч байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байх тул “шийдвэр гүйцэтгэгч дур мэдэн шинжээч томилсон” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Зохигчид шинжээчийн үнэлгээ зах зээлийн үнэд нийцсэн, бодитой эсэх талаар маргасан байна.

Шинжээч “Виннэр вэй” ХХК нь Баянгол дүүргийн 20 дугаар хороод байрлах Шинэ хотхон, Москвагийн гудамж, 8 дугаар байрны 77 тоот орон сууцыг үнэлэхдээ орлогын хандлагын болон өртгийн, мөн зах зэээлийн жишиг үнийн хандлагын аргуудыг ашигласан байх ба эдгээрээс зах зээлийн жишиг үнийн хандлагын аргыг 100 хувийн ач холбогдолтой гэж үзэн хөрөнгийн эцсийн үнэлгээг 64 639 000 төгрөгөөр тогтоожээ. /хх-44-55/ Иймээс шинжээчийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргасан гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь “орон сууцыг хотын төвийн замын ойролцоо, үйлдвэрлэл үйлчилгээтэй ойрхон, ... зах зээлд өндөр үнээр борлогддог” гэх гомдлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Харин нэхэмжлэгч талын үнэлгээний талаарх гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байх боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй учир шүүхийн шийдвэрийг өөрчлөх эсхүл хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                       167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2021/00886 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                              ШҮҮГЧИД                                Н.БАТЗОРИГ

 

                                                                                Ч.ЦЭНД