Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэнг суулган,

            Улсын яллагч Б.Догмиддорж

            Өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энх-Отгон

            Шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан,

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гарьд овогт Н.Х-д холбогдох 1821000330045 дугаартай хэргийг 2018 оны 03 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Гарьд овогт Н.Х, Улаанбаатар хотод ...... оны ..... сарын ....-ны өдөр төрсөн, .... настай, эмэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ........./, дээд боловсролтой, эрүүл ахуйч мэргэжилтэй, “Дорнод худалдаа” ХК-нд эрүүл ахуйч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ..... дугаар багийн .......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Шүүгдэгч Н.Х нь 2018 оны 01 сарын 23-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын талбайн зүүн талын төв зам дээр ............ улсын дугаартай “Тoyota prius-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5, 13 дугаар бүлгийн 13.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар иргэн Б.Т-ийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 01 сарын 23-ны өдөр хүүхдээ сургуулиас нь аваад тусгаар тогтнолын талбайн зүүн талын замаар явж байсан юм. Явган хүний гарцан дээгүүр явж байтал гэнэт замын хажуу талаас нэг хүүхэд гүйгээд гараад ирсэн. Тэгээд би сандраад зогсоох арга хэмжээ аваад буухад, нүдний шил нь цантчихсан нүүрээ битүү ороосон хүүхэд газар унасан байсан. Уйлаад байхаар нь аваад эмнэлэг явсан. Анх эмнэлэг дээр очиход Энхтулга эмч үзсэн. Эмч тухайн үед “сарын хугацаа өнгөрөхөд эдгэрнэ” гэж хэлсэн. Миний буруу болохыг ойлгон гэмшиж, гэм бурууугаа хүлээн зөвшөөрч байна.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүүхдээ хот руу авч явна гэсэн юм. Хотод очоод 7-8 хүний бүрэлдэхүүнтэй хагалгаанд ороод 7 хоног гибстэй байсан. Тэгээд Дорнод руу ирэх болохоор нь хадаасыг нь хөндөх байх гээд онгоцоор ирүүлсэн. Эрүүл мэндийн даатгалаас хагалгааны зардлыг даасан. Хохирогчид хагалгааны дараа барагшун, кальцийн хамгийн сайныг авч өгсөн. 2018 оны 03 сарын 11 өдөр гибс хадаасаа авахуулахаар хот руу явсан. Тухайн өдөр онгоцоор явна гэхээр нь боломж бололцооноос болоод өөрсдийн машинаар авч явсан. Хотод очоод эмнэлгийн хэрэгсэл зардал, эргэлт зэргийг өгч байсан. Миний тооцоогоор нийт 1187800 төгрөгийн замын зардал, эргэлт, эм тарианы үнэ өгсөн гэсэн тооцоо байгаа. Эргэлтийг сайн санааны үүднээс сэтгэлээсээ өгч байсан юм гэдгийг хохирогч тал ойлгоосой гэж хүсч байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энх-Отгон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай хүү 2018 оны 01 сарын 23-ны өдөр 12 цаг 30 минутын үед “сургуульдаа явна” гээд гарсан. Өдөр 12 цаг 45 минутын ойролцоо танихгүй хүний дугаараас залгаад “хүүхдийг чинь мөргөчихлөө” гээд эмнэлэг дээр дуудсан. Манай хүүхдийн тулгуур яс, шилбэ нь хугарсан байсан. Манай аймагт эмчилгээ хийх боломжгүй гэсэн учраас мэс заслын эмч Ганбатын зөвлөснөөр Улаанбаатар хот руу очиж 2018 оны 01 сарын 29-ний өдөр хагалгаанд орсон.  Хөлдөө 3 хадаас тавиулж гибсдүүлсэн, одоо хүртэл явж чадахгүй суга таягтай байгаа. Хичээлдээ 2-3 сар яваагүй, цаашид эдгэрээд өмнөх шигээ зүгээр болно гэж байхгүй. Хүүхдээ бүрэн эдгэртэл гомдолтой байна.

Энэ хугацаанд бидний зүгээс хүүхэддээ хүүхдийн кальц 130680 төгрөгөөр, эм тариа 36200 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Мөн би ажлаасаа эхлээд 2 хоногийн, дараа нь 6 хоногийн цалингүй чөлөө авч хүүхдээ эмчилгээнд авч явсан, энэ нь илүү цагийн мөнгөтэй нийт 390210 төгрөг болж, нийт 557090 төгрөг гарсан байгаа.

Шүүгдэгч Х-ын аав өөрөө дайрчихсан юм шиг эргэж ирж байсныг ойлгож байгаа. Харин Х сүүлдээ ярих ч үгүй, утсаа ч авахаа больсон. Бидэнд нийт 1187800 төгрөгийн замын болон хоол эргэлтийн зардал, эм шаардлагатай зүйлийн зардлыг өгсөн гэж Х ярьж байна. Бид хохиролд түүний тооцоонд бичигдсэн зүйлээс бинт 2 ш, торко, татлага, гипс, унааны зардлууд,  эмчид өгөх 150000 төгрөг, барагшун, кальци зэрэг зүйлүүдийг авсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Харин хоол эргэлт, хүнсний зүйл, 2 ширхэгээс бусад бинт өгсөн гэдгийг тооцоонд оруулах боломжгүй гэж үзэж байна.

Бид цаашдын эмчилгээнд гарах зардлыг нэхэмжилнэ гэв.

Өсвөр насны хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Гэрээсээ сургууль руугаа явж байгаад Тусгаар тогтнолын талбайн зүүн талын замын явган хүний гарцаар гарах гэж байгаад машинд дайруулчихсан юм. Тэр машин цагаан өнгөтэй байсан бөгөөд жолооч эгч машинаас гарч ирэхдээ гар утсаар ярьж байсан. Тэгээд намайг эмнэлэг рүү аваад явж байхдаа манай ээжийн дугаарыг асуухаар нь хэлж өгсөн юм. Би машин ирж байхыг харсан боловч замаар гарах гэж байсан чинь машин дайрчихсан юм. Ингээд машинд дайруулаад миний хөл хугарчихсан бөгөөд миний хөлөнд эмч нар хадаас хийчихсэн байгаа...” гэжээ. /хх 16-18/

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2018 оны 02 сарын 06-ны өдрийн 04 тоот дүгнэлтэд: “1.Жолооч Н.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2.Жолооч Н.Х нь хөдөлгөөнд аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйгээс осол гарах шалтгаан болсон гэж үзлээ. 3.Хэргийн материалд авагдсан фото зураг “Toyota prius-20” маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нь замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Улзын хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна” гэжээ. /хх 32-33/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 26-ны өдрийн 122 тоот дүгнэлтэд: “1.Г.Т-ийн биед зүүн шилбэ ясны хөндлөн далд хугарал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон зүүн шилбэ ясны хөндлөн далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх 37/

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Дээрх нотлох баримтуудаас гадна мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Б.Т /хх 17-18/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энх-Отгон, Гэрч Д.Тэгшжаргал /хх27-28/, Ж.Мөнхжаргал /хх 29-30/ нарын болон шүүгдэгч Н.Х-ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 24-25, 43-44/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-6/,  Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг  /хх 7-8/, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон “Toyota prius-20” маркийн 36-42 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-11/, Эд мөрийн баримтаар CD бичлэг хураан авах тухай Прокурорын тогтоол, тэмдэглэл /хх 12, 14/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 51/, Хохиролтой холбогдох баримтууд /хх 54-59/, Шүүгдэгч Н.Х-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 48/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Н.Х нь 2018 оны 01 сарын 23-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутагт байршилтай Тусгаар тогтнолын талбайн зүүн талын төв зам дээр ............. улсын дугаартай “Тoyota prius-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5, 13 дугаар бүлгийн 13.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас өсвөр насны хохирогч Б.Т-г мөргөж түүний эрүүл мэндэд “зүүн шилбэ ясны хөндлөн далд хугарал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч “...Би 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 12 цаг 36 минутын орчимд... “Тoyota prius-20” маркийн ........ УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хүүхэд Хүслэнгийн хамтаар явж байхад баруун талаасаа зүүн зүгт жоохон хүүхэд алхаж байгаад гэнэт гүйгээд зам руу ороод ирсэн юм. Ингээд машинаасаа буухад машинд мөргүүлсэн хүүхэд уйлаад байсан...Ийм зүйл болсонд маш их харамсаж байна. Эмчилгээний зардалд гарах мөнгийг өөрийн боломжоороо төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх 23-25/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Явган хүний гарцан дээгүүр явж байтал гэнэт замын хажуу талаас нэг хүүхэд гүйгээд гараад ирсэн. Тэгээд би сандраад зогсоох арга хэмжээ аваад буухад, нүдний шил нь цантчихсан нүүрээ битүү ороосон хүүхэд газар унасан байсан. Уйлаад байхаар нь аваад эмнэлэг явсан...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх мэдүүлгийг давхар нотлсон:

Мэдүүлгийн эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн өсвөр насны хохирогч Б.Т: “...Гэрээсээ сургууль руугаа явж байгаад Тусгаар тогтнолын талбайн зүүн талын замын явган хүний гарцаар гарах гэж байгаад машинд дайруулчихсан юм. Тэр машин цагаан өнгөтэй байсан бөгөөд жолооч эгч машинаас гарч ирэхдээ гар утсаар ярьж байсан...Би машин ирж байхыг харсан боловч замаар гарах гэж байсан чинь машин дайрчихсан юм...” /хх 16-18/ гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энх-Отгоны: “...Манай хүү Т 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 12 цаг 30 минутын орчимд сургуульдаа явахаар гарсан юм. Манай хүү гараад удаагүй байхад миний гар утас руу танихгүй дугаараас залгаж, “хүүг чинь мөргөчихлөө, би хүүхдийг чинь аваад эмнэлэг явж байна та хүлээн авах дээр яваад очих уу” гэж хэлэхээр нь “тэгье” гэж хэлээд шууд хүлээн авах тасаг дээр очсон... /хх 19-22, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх мэдүүлгүүд,

Хэргийн газарт үзлэг хийсэн “...осол болсон А цэгийн харалдаа явган хүний гарц тэмдэглэсэн тэмдэглэгээ байсныг гэрэл зургаар харуулав...Осол болсон гэх газарт тээврийн хэрэгслийн дугуйн тормозны мөр...үлдээгүй байв...” гэх тэмдэглэл /хх 05/, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтийн явган хүний гарцтай самбарыг зааж харуулсан хэсэг /хх 06/, осол гарсан газрын схем зураг /хх 7/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 8/, Эд мөрийн баримтаар хураан авсан, явган хүний гарцаар гарах гэж яваа өсвөр насны хүүхдийг мөргөж байгаа дүрс бүхий камерын бичлэг /хх 13-14/, Мөн шүүгдэгч Н.Х-ын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас осол гарах шалтгаан болсон талаар дүгнэсэн техникийн шинжээчийн /хх 32-33/ болон уг ослын улмаас өсвөр насны хохирогч Б.Т-ийн эрүүл мэндэд “зүүн шилбэ ясны хөндлөн далд хугарал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол учирсан талаар дүгнэсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 122 тоот /хх 37/ дүгнэлтүүд, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон “Toyota prius-20” маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-11/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Х-ын үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч Н.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөн гэж үзэх үндэстэй байна.

Тухайлбал, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1-н 1.5-д заасан заалтыг зөрчиж явган хүний гарцтай газар тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүй болох нь осол болсон гэх газарт тээврийн хэрэгслийн дугуйн тормозны мөр...үлдээгүй талаар тэмдэглэсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, тухайн зорчиж буй хэсэгт явган хүний зохицуулдаггүй гарц байгааг тэмдэглэсэн тэмдэглэгээг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт,  шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...явган хүний гарцтай газар явж байсан учраас би хурд багатай явсан...20 км/цаг орчим байх...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байх ба хөдөлгөөнд аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж дүгнэсэн техникийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Энэ талаар дүгнэсэн техникийн шинжээчийн болон шүүх эмнэлгийн шинжээчийн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар дүгнэсэн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримт /факт/-ыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Н.Х-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, өсвөр насны хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол, түүнээс үүдэн гарсан хор уршиг нь шүүгдэгч Н.Х-ын тээврийн хэрэгсэл жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5, 13 дугаар бүлгийн 13.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг сайн дураараа төлсөн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энх-Отгон хор уршгийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Хүүхэд минь бүр мөсөн эдгэрээд өмнөх шигээ зүгээр болно гэж байхгүй...Цаашид гарах эмчилгээний зардлыг төлүүлнэ...Бид Х-аас 1187800 төгрөгийн хохирол аваагүй, түүний тооцооноос бинт 2 ш, торко, татлага, гипс, унааны зардлууд, эмчид өгөх 150000 төгрөг, барагшун, кальци зэрэг зүйлүүдийг авсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Харин хоол эргэлт, хүнсний зүйл, 2 ширхэгээс бусад бинт өгсөн гэдгийг хохирлын тооцоонд оруулах боломжгүй гэж үзэж байна... бид хүүхэддээ 36200 төгрөгийн эм, 130680 төгрөгөөр хүүхдийн кальц авч өгч, цалингүй 8 хоног байсан. Нийт 557090 төгрөг зарцуулсан талаарх баримтыг хэрэгт өгсөн байгаа...” гэжээ.

Шүүх, иргэний нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдлыг хавтаст хэргийн хэмжээнд шинжлэн судалж дүгнэвэл, өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энх-Отгон нь гэмт хэргийн хор уршигтай холбогдуулж мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд бүгд 557090 төгрөгийн нотлох баримтыг ирүүлжээ. Дээрх хор уршиг бодитой учирсан нь мөнгөн шилжүүлгийн баримт,  БОЭТ-ийн даргын тушаал, цалин хөлсний нягтлан бодогчийн тодорхойлолт /хх 57, задгай 4ш/, зарлагын баримт /задгай 1ш/ зэргээр;

Шүүгдэгч Н.Х нь хохирлын хор уршигт нийт 1187800 төгрөг төлсөн гэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлсэн нотлох баримтаас унааны зардалд 542200=(140000+20000+247200+65000+70000) төгрөг, эмчилгээний зардалд 299000=(16000+8000+50000+51000+8000+10000+6000+150000) төгрөг, бүгд 841200 төгрөгийг хохирогчид учирсан хохирлын хор уршигт зарцуулсан болох нь мөнгөн шилжүүлэг, бэлэн мөнгөний орлогын баримт /хх 54-56, задгай 6ш/ зэрэг нотлох баримтуудаар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Харин шүүгдэгчийн хохиролд төлсөн гэх 1187800 төгрөгөөс хохирогчид 318700 төгрөгөөр долоо удаагийн эргэлт, таван ширхэг бинт өгсөн гэх боловч эргэлтийн хоолыг үнэлэх боломжгүй, 3 ширхэг бинтний 25900=(8900+5000+12000) төгрөгийн нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, барагшун эмийг баримтаас зөрүүтэй тооцсон 2000 төгрөг, /хохирогчийн төлөөлөгч 2 ширхэг бинтээс бусад бинтийг хүлээж аваагүй гэж тайлбарласан/, нийт 346600 төгрөгийг тус тус хохирол төлсөнд оруулан тооцох үндэсгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршигт шүүгдэгч Н.Х нь хохирогчид нийт 841200 төгрөг бодитой зарцуулсан гэж үзэх үндэстэй байх тул хохирогчийн төлөөлөгчийн зарцуулсан 557090 төгрөгийн хохирлыг хасаж тооцоход шүүгдэгч нь 284110 төгрөгийг илүү төлсөн нь түүнийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэх үндэслэл болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “...цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх ба нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй, шүүгдэгч нь хохиролд 284110 төгрөг илүү төлсөн болохыг тус тус дурдах, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ..............регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гарьд овогт Н.Х-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-д оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Х-д анхааруулсугай.

5. Эрүүгийн 1821000330045 дугаартай хэрэгт шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, 284110 /хоёр зуун наян дөрвөн мянга нэг зуун арав/ төгрөгийг илүү төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7. Өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогчийн төлөөлөгч Г.Энх-Отгонд мэдэгдсүгэй.

8. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ............... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ