Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/07

 

 

Б.Г, Ц.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ц.О даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Х.Г,

Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Ж.М,

Шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч М.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Ж.М эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Б.Г, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 2316********** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгч нарын хувийн мэдээлэл:

 

Х овогт Б.Г нь Монгол улсын иргэн, халх, 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ........... сумын .......... багт оршин суух хаягтай, ................. регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй,

 

Н овогт Ц.Б нь Монгол улсын иргэн, халх, 19... оны ... дүгээр сарын ... -ны өдөр төрсөн, ... настай, эмэгтэй, дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ......... сумын ........... багт оршин суух хаягтай, ............. регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй,

 

2. Холбогдсон хэргийн талаар:

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г-г 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тус аймгийн ......... сумын ............. багийн нутаг .............гэх газарт малаа малтай нийлүүллээ, малаа авсангүй гэх зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн Ц.Б руу чулуу шидэж, эрүүл мэндэд зүүн талын 8, 9-р хавирганы далд зөрөөгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.Б-г 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн ............. сумын ............. багийн нутаг .............гэх газарт малаа малтай нийлүүллээ, малаа авсангүй гэх зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн О.С түлхэж газарт унагаж, дээр нь гарч хоёр гарыг нь барьж нүүрэн хэсэгт нь гараараа алгадаж, цохиж, толгойн хэсэг рүү нь цохиж, өшиглөсний улмаас тархины доргилт, баруун бугалга, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

 

Шүүгдэгч Н овгийн Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овгийн Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ял тус бүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Г, Ц.Б нарт мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хохирогч О.С-ий нэхэмжилсэн 230,880 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Бгаас гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 2,750,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Сд, 45,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, шүүгдэгч Б.Ггаас 65,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгуулж, Ц.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, ... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

4. Шүүгдэгч Б.Ггийн өмгөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өмгөөлөгч Ж.М миний бие Б овогтой Ггийн хүсэлтээр түүний хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хамгаалахаар “Хууль зүйн туслалцааны гэрээ” байгуулан өмгөөлөгчөөр оролцож байгаа билээ.

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолын Б.Гг гэм буруутайд тооцсон дүгнэлт нь хэргийн жинхэнэ нөхцөл байдалтай нийцээгүй бөгөөд хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

 

Б.Ггийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 11.4-1-д заасан гэмт хэргийн үндсэн шинж болох обьектив болоод субьектив шинжийг хангахгүй бөгөөд хавтаст хэргийн материалаас харахад Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдэл байгааг гэмт хэрэг гэж дүгнэлт хийж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолыг дахин хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

7. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

8. Үйл баримтын тухайд:

 

Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тус аймгийн ............. сумын ............. багийн нутаг .............гэх газарт мал нийлүүллээ, малаа авсангүй гэх зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн Ц.Б руу чулуу шидэж, эрүүл мэндэд зүүн талын 8, 9-р хавирганы далд зөрөөгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн ............. сумын ............. багийн нутаг .............гэх газарт малаа нийлүүллээ, малаа авсангүй гэх зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэн О.С түлхэж газарт унагаж, дээр нь гарч хоёр гарыг нь барьж нүүрэн хэсэгт нь гараараа алгадаж, цохиж, толгойн хэсэг рүү нь цохиж, өшиглөсний улмаас тархины доргилт, баруун бугалга, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан доорхи баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

8.1. Энэ нь шүүгдэгч Ц.Бгийн мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “...Би очоод танайх өчигдөр малаа ялгаж авна гэсэн чинь яасан бэ гэж хэлсэн чинь О.С над руу балай айлгүй авгай минь малаа ялгахгүй байж байхгүй яасан юм бэ гэж хэл амаар доромжлоод байхаар нь би О.С-ийн толгой руу нь гараараа түлхээд авсан чинь Б.Г нь миний хоёр гараас барьж аваад О.С нь над руу чулуу шидээд байсан. Тухайн чулуу нь миний бөөр болон гуя хэсэгт цохисон. О.С-ийн шидсэн чулуу нь Б.Ггийн толгой хэсэгт цохисон чинь Б.Гн эхнэр О.С лүү чи надыг чулуугаар цохичихлоо гэж хэлээд миний гарыг тавихаар нь би О.С очоод түлхсэн чинь газарт О.С унасан. Тэгээд би очоод дээр нь хоёр гарыг нь бариад сууж байсан чинь О.С миний толгой хэсэгт хөлөөрөө 2 удаа өшиглөхөөр нь би ээж шигээ хүнийг цохилоо гэж хэлээд нүүр хэсэг рүү нь гараараа цохисон. О.С-ийн нүүр хэсгээс цус гарсан. Б.Г нь миний араас чулуугаар цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/,

 

8.2. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Д-ийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 236 дугаартай “...О.С-ийн биед тархины доргилт, баруун бугалга, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг гарсан үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” гэх дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/

 

8.3. Гэрч Б.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг очсоноос хойш Б.Г нь Ц.Бг толгойгоо дарж сууж байгаад намайг мотоцикл данхраадах хооронд нилээн том 1 кг орчим чулуу гараараа өргөж байгаад зүүн талын далны доод хэсэгт 3 метр орчмоос шидчихсэн. Тэгээд Б дуу алдаад сөхөрч суугаад боссон. Тэгэхээр нь би Б.Гг заамдаж авч түлхэж унагаагаад ээж шигээ эмэгтэй хүнийг яаж байгаа юм боль чи гээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79-р хуудас/,

 

8.4. Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Д-ийн “...2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 246 дугаартай “...Ц.Бгийн биед зүүн талын 8, 9-р хавирганы далд зөрөөгүй хугарал, зүүн хөхөнд цус хуралт, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг гарсан үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн хүндэвтэр зэрэгт хамаарна ” гэх дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

9. Хууль зүйн дүгнэлт: Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч  Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий бөгөөд шүүгдэгчдийн үйлдэл нь тухайн гэмт хэргүүдийн хуульд заасан шинжийг бүрэн хангасан  байна.

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь үйлдсэн хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байна.

 

10. Давж заалдах гомдлын тухайд:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 11.4-1-д заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн обьектив шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал ба түүнд халдаж хүндэвтэр хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байна. Уг гэмт хэргийн субьектив шинж нь 16 насанд хүрсэн этгээдийн гэм буруугийн шууд санаатай үйлдлээр илэрсэн байхаар хуульд тусгажээ. Хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж үзэхэд Б.Ггийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 11.4-1-д заасан гэмт хэргийн обьектив болоод субьектив шинжийг хангахгүй байна гэх Ж.М өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Гэрч Б.Х-ын мэдүүлгээр /х/х-ийн 150 дугаар хуудас/ “... О.С Ц.Бг чулуугаар цохих гэж хөөж байсан. Б.Г толгойгоо дарж сууж байснаа 1 кг орчим чулуу өргөж байгаад шидчихсэн. Ц.Б дуу алдаад сөхөрч суугаад боссон гэжээ.’’ Дээрх мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Б.Ггийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар довтолгоо төгссөн хойно хийгдсэн үйлдэл тул аргагүй хамгаалалтын шинжгүй байна.  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

        2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.О

     ШҮҮГЧИД                             Ч.Э

                                                          Ш.Б