| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0546/З |
| Дугаар | 128/ШШ2025/0364 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2025/0364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “А*******” ХХК //,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ч,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Э,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Д нарын хооронд үүссэн
1. Улсын Их Хурлын 2012 оны 57 дугаар тогтоолын дагуу “А*******” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын , дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авсны улмаас тус газрыг цаашид ашиглах, эзэмших боломжгүй болсон эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох,
2. “А*******” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын , дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор авах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлүүлэхээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор авах хүсэлтийг холбогдох байгууллагад хүргүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Нэхэмжлэгч “А*******” ХХК-д Геологи уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1703 дугаар шийдвэрийн дагуу 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр С аймаг, Е сум, Ша******* гол нэртэй газарт 12129 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахаар /одоо / дугаар тусгай зөвшөөрлийг 2009 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуусталх хүртэл хугацаагаар, Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаар шийдвэрээр 2007 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр С аймаг, Е сум, А гол нэртэй газарт 4745 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахаар 11073Х /одоо ХV-011073/ дугаар тусгай зөвшөөрлийг 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг дуусталх хугацаагаар тус тус анх олгожээ.
1.2. Улмаар дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусаж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг сунгахтай холбоотой маргаан үүсэж, нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд /хуучин нэрээр/ “А*******” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын , , , , , , , дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, тус шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 235 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
1.3. Нэхэмжлэгчийн зүгээс 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2012/08 дугаартай албан бичгээр дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд /хуучин нэрээр/ гаргасны дагуу тус шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1507 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэгдсэн байна.
1.4. Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/58 дугаартай албан бичгээр маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газруудын нөхөх олговрыг олгох, дүйцүүлэн шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл авах талаарх хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэн өгөхийг Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яаманд уламжилж өгөх талаар хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гаргасан.
1.5. Тус албан бичгийн хариуд Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/638 дугаартай албан бичгээр “…******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, …******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2009 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болж бүртгэгдсэн байна... дээрх талбайн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссаны дараа тус талбай нь Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолд хамрагдсан байх тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй…” гэх хариуг нэхэмжлэгч хуулийн этгээдэд хүргүүлжээ.
1.6. Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01/647 дугаартай албан бичгээр дээрх маргаан бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд болон бусад 6 тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгасан талаар, хариуцагч байгууллагын 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 6-752 дугаартай албан бичигт шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэлээ “…компанийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн сунгах өргөдлийг шийдвэрлэсэнтэй холбоотой асуудал Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа тул шийдвэрийг биелүүлэх боломжгүй…” гэж мэдээлсэн талаар тодруулан, Авлигатай тэмцэх газарт шалгагдсан эсэх, үүнтэй холбоотой ямар шийдвэр гарсан талаар тайлбар мэдээлэл хүсжээ.
1.7. Уг албан бичгийн хариуд Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/1817 дугаартай албан бичгээр “…Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 235 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй тухай 2013 оны 18-ны өдрийн 6-752 дугаартай албан бичгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хошууч Э.Б*******, 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 6-752 дугаартай албан бичгийг танай компанид тус тус хүргүүлсэн. Дээр дурдсан асуудал нь хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх мэдээлэл манай байгууллагад байхгүй…” гэх хариуг хүргүүлжээ.
1.8. Улмаар нэхэмжлэгчийн зүгээс эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох агуулга бүхий “…“А*******” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын *******, ******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговор авах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлүүлэхээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор авах хүсэлтийг холбогдох байгууллагад хүргүүлэхийг даалгах…” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гаргаж, тус шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШЗ2024******* дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
1.9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа “…Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 252 дугаар “Шүүхийн шийдвэрийг биелүүлж тусгай зөвшөөрлийг сэргээх тухай” шийдвэрийг “А*******” ХХК-д мэдэгдээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах…” гэж ихэсгэсэн, мөн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “…1.Улсын Их Хурлын 2012 оны 57-р тогтоолын дагуу “А*******” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын , дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авсны улмаас тус газрыг цаашид ашиглах, эзэмших боломжгүй болсон эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох, 2. “А*******” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын , дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор авах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлүүлэхээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нөхөх олговор авах хүсэлтийг холбогдох байгууллагад хүргүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах…” гэж өөрчилсний дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хоёр. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч “А*******” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“А*******" ХХК-ийн эзэмшлийн С аймгийн Е, Мандал сумын нутагт дамнан байрлах "Арижлэхийн гол" нэртэй 4741.98 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай, мөн Е сумын нутагт байрлах Ша******* гол нэртэй 4741.98 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийн ******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Улсын Их Хурлын 2012 оны 57 дугаар тогтоолоор авсан улсын тусгай хэрэгцээний газартай давхцалтай болсноос тухайн хэсэг ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.
Дээрх тогтоолын 4 дэх заалтаар газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авснаар тухайн газар нутагт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиг боломжгүй болсон бол тухайн хуулийн этгээдэд холбогдох хууль журмын дагуу нөхөх олговрын тооцож олгохыг Засгийн газар даалгаж шийдвэрлэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 болон 14 дүгээр зүйлд заасны дагуу нөхөх олговор авах хууль ёсны эрхээ эдлэхээр манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын *******, ******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг төрийн мэдэлд шилжүүлэн авсан тул нөхөн олговрыг дүйцүүлэн шинээр тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан.
Тус газраас манай хүсэлтийг хүлээж аваад 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/638 тоот албан бичгээр “А*******” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын *******, ******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2009 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болсон гэсэн хариу манайд ирүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль бус юм. “А*******” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын *******, ******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа 2009 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, эдгээр 2 тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн 2012 оны 06 сарын 13-ны өдрийн 235 дугаартай шийдвэр гарсан бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болсон.
Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газар нь энэхүү шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй ирсэн атлаа Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмал хайх болон тусгай хэрэгцээнд тусгай зөвшөөрлийг авсан бол нөхөх олговрыг бүрэн олгох үүргээ биелүүлэхгүй байна. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/98 тоот тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу нөхөх олговор олгох хүсэлтийг хүлээн авах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ирүүлсэн чиглэлийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцоход баримтлах нөхөх олговор тооцох аргачлалыг баталж аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэж байгаа.
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно”, гэж 14.4. “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно”, мөн хуулийн 56.1.3-т “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн бол тусгай зөвшөөрлийн давхцалтай хэсгийг цуцалж, тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах” эдгээр хуулийг зөрчсөн нь төрийн захиргаанаас гаргасан эс үйлдэхүйгээр тогтоогдож байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг тусгай хэрэгцээний төрийн мэдэлд авахад нөхөх олговор олгохоор журамласан байтал эдгээр хоёр тусгай зөвшөөрлийг дуусгавар болсон тул манай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн нь ойлгомжгүй бөгөөд төрийн байгууллага хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэхгүй хууль бус үйлдэл гаргаж байгааг шүүх анхаарч үзэхийг хүсье.
Ашиг малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасны дагуу нөхөх олговрыг шийдвэрлэж байсныг хариуцагч мэдэж байгаа атлаа хуульд өөрчлөлт оруулах нэрийдлээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговор авах эрхийг зөрчиж, хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэхгүй төрийн захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйг гаргаж байгаа нь тогтоогдож байна.
Төрийн захиргааны байгууллагын энэхүү эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.2-т “шуурхай, тасралтгүй байх”, 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчмуудыг илтэд зөрчсөн шийдвэр болсон.
Иймд Улсын Их Хурлын 2012 оны 57 дугаар тогтоолын дагуу "А*******" ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын *******, ******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авсны улмаас тус газрыг цаашид ашиглах, эзэмших боломжгүй болсон эрх зүйн харилцаа байгааг тогтоолгож, ашигт малтмалын хайгуулын *******, ******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговор авах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлүүлэхээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор авах хүсэлтийг холбогдох байгууллагад хүргүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж өгнө үү” гэжээ.
2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нэхэмжлэгч компанийн зүгээс С аймгийн Е, Мандал сумын нутагт дамжин байрлах Арижлэхийн гол нэртэй 4741.98 гектар газарт ашигт малтмалын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай, мөн Е сумын нутагт байрлах Ша******* гол нэртэй газарт тус тус тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байсан. Тус зөвшөөрлүүдийг Улсын Их Хурлын 2012 оны 57 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээний газартай давхцалтай болсноос тухайн хэсэгт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрлийн талбайг 2009 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэртэй холбоотойгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тухайн нэхэмжлэлтэй холбоотойгоор нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Тусгай зөвшөөрлийг сэргээсэн боловч бодит байдал дээр Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолын хүчин төгөлдөр байдлаас болж тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг явуулах боломжгүй харилцаатай байсан. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн талбай хүчин төгөлдөр болж сэргэсэн эсэх талаарх баримтуудыг Ашигт малтмал, газрын тосны газраас тухай бүр тодруулахад Авлигатай тэмцэх газраас шалгагдаж байна гэсэн хариуг мэдэгддэг. Нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч нар эрүүл мэндийн шалтгаантай байсны улмаас тусгай зөвшөөрлийн нөхөн олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр тухайн үед эрх бүхий байгууллагад хандаж чадахгүй байснаар хувьцаа эзэмшигч нар солигдож энэ асуудлаар хариуцагч байгууллагад хандаж шийдвэрлүүлэхээр явж байсан. Хариуцагч байгууллагын татгалзах үндэслэл нь 2009 онд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл дуусгавар болж бүртгэгдсэн тул Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолын үйлчлэл нэхэмжлэгчид хамаарахгүй гэдэг байдлаар эс үйлдэхүй гаргаж, нэхэмжлэгчийн дурдсан тусгай хамгаалалтад авсны дагуу нөхөн олговор олгох хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт уламжлахгүй эс үйлдэхгүй гаргасан. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, томоохон хэмжээний нөхцөлийг хэрэгжүүлэх тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Мөн хуулийн 14.14-т хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгочихсон бол хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрх,хайх, ашиглах боломжгүй болсон бол шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговорт олгох олговрыг нэг жилийн дотор төлөхөөр захиргааны байгууллагад үүрэг болгосон хуулийн зохицуулалтууд байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс дурдсанчлан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр сэргэсэн эсэхээс үл хамааран тухайн шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг дүгнэхгүйгээр 2019 оны хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусчихсан гэдэг үндэслэлээр үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэж байгаа учраас энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Улсын Их Хурлын 57 дугаар тогтоол болон өөр бусад тогтоолуудын үйлчлэлтэй холбогдуулан маргаж буй Засгийн газарт уламжлахыг даалгах гэдэг шаардлагаар маргаж байсан хэд хэдэн компани байдаг. Анх удаа гарч буй кэйс биш юм. Мөн Ашигт малтмал, газрын тосны газар нь шууд яаманд харьяалах ямар үүрэгтэй байх вэ гэдэг талаар тодруулаад тайлбарлая. Улсын Их хурлын тогтоолоор Засгийн газарт үүрэг болгочихсон байдаг. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т агентлагийн Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар хүрээний бодлогын улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага гэж заасан. Мөн хуулийн 4 дүгээр зүйлд агентлагийн Засгийн газрын хэрэг эрхлэх газар бусад яам, агентлаг хуульд заасан хүрээнд шууд харилцана гэж заасан байдаг. Яамтай шууд эрх зүйн байдал, чиг үүргээрээ Ашигт малтмал, газрын тосны газар л харилцана. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь яамтай харилцах боломж байхгүй. Чиг үүргийн дагуу агентлагтай харилцаж, тохиролцох боломжтой. Тохиролцох боломжтой агентлаг нь 2009 онд тусгай зөвшөөрөл дуусгавар болсон үндэслэлээр эс үйлдэхүй гаргаж татгалзаж байна. Гэтэл 2009 оноос хойш Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гарчихсан. Тухайн шүүхийн шийдвэрийг хуульд зааснаар хугацаанд нь биелүүлэхгүй байна. Шүүхийн шийдвэр бодит нөхцөлд заавал биелэгдэх шинжийг агуулж байгаа эрх зүйн акт юм. Шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаа гэж бодож маргаж байсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэргээсэн шийдвэр гарсан хэдий ч бодит нөхцөлд биелэгдэх боломжгүй юм. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын талбайд эрэл хайгуул хийж, түүнийг ашиглах, олборлолт явуулах эрх зүйн боломжгүй. Энэ үндэслэлийн хүрээнд нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг гаргасан.
Хоёрдугаарт, нэхэмжлэгч компани 10 орчим жил маргаагүй асуудлыг шүүхээс хөндөж байна. Үүрэг болгож буй асуудал нь Ашигт малтмал, газрын тосны газар буюу Монгол Улсын Засгийн газар, түүний хэрэгжүүлэгч агентлагууд үүргээ хэрэгжүүлэх ёстой юм. Нэхэмжлэгч компанийн зүгээс уулзахад шалгаж байна гэсэн хууль бус татгалзах эс үйлдэхүй гаргаж байна. Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолын үйлчлэлд хамаарна гэж үзэж байгаа юм бол тохиролцох үйлдлийг гаргаагүй гэж тайлбарлаж байна. Тохиролцох гэхээр танай тусгай зөвшөөрөл хүчингүй болсон, Авлигатай тэмцэх газраас шалгаж байна гэсэн үндэслэлгүй тайлбар гаргаж байгаа нь Засгийн газарт даалгасан үүргийн хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…2012 оны Улсын Их Хурлын тогтоол мөн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 14 дүгээр зүйлд заасан зохицуулалтуудын урьдчилсан нөхцөл нь нөхөх олговор авч байгаа тохиолдолд тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй байна. Өөр хэлбэл, нөхөх олговрын асуудал ярих юм бол тусгай зөвшөөрөл мөн гэсэн асуудал яригдаж байна. Тусгай зөвшөөрөл 2012 оны 57 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд тухайн талбайг авах үед тусгай зөвшөөрөл эзэмшигч мөн болох нь 2013 оны 252 дугаартай Ашигт малтмалын газрын Кадастр хэлтсийн даргын шийдвэрээр тогтоогдож байна. 2013 онд тусгай зөвшөөрөл нь сэргэсэн үедээ Улсын Их Хурлын 2012 оны 57 дугаар тогтоолоор эзэмших, ашиглах, олборлох үйл ажиллагаа явах боломжгүй байсан нөхцөл үүсэж байна. Энэ нөхцөл байдал тогтоогдсоноор хуульд заасан үр дагаврын асуудал буюу нөхөн олговрын асуудал, нэхэмжлэлийн 2 дахь шаардлагатайгаа уялдах байдлаар нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг өнөөдөр тодруулж хэлж байгаа өмнө нь нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т заасны дагуу гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бол одоо нөхөх олговортой холбоотой асуудлыг Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг хариуцагчид даалгах асуудлаар агуулгаа тодорхойлсон. Учир нь нэг талаас Улсын Их Хурлын 2012 оны 57 дугаар тогтоолоор нөхөх олговрын асуудлыг Засгийн газар шийдвэрлэх талаар үүрэг өгсөн. Өөр хэлбэл, нөхөх олговортой холбоотой асуудлыг зөвхөн нэхэмжлэгч компаниас хүсэлт гаргаснаар гэдэг агуулгаар биш нөхөх олговортой холбоотой асуудлыг шийдвэрлэх үүргийг Засгийн газар цаашлаад яам, агентлагуудаар дамжуулан хэрэгжүүлэхээр үүрэг болгосон. Нөгөө талаасаа нөхөх олговортой холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох хариуцагчтай холбоотой Засгийн газрын эрх хэмжээний асуудал юм. Иймд шүүхэд нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэх байдлаар бус илүү ерөнхий байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хууль зүйн үндэслэлтэй хүсэлтийг Засгийн газарт уламжилсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх нь дараагийн асуудал гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: “…Нэгдүгээрт, Төрийн захиргааны байгууллага С аймгийн Е, Мандал сумдын нутагт орших Арижлэхийн гол нэртэй 4745 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаар шийдвэрээр “А*******” ХХК-д олгосон бол, С аймгийн Е сумын нутагт орших Ша******* гол нэртэй 12121,81 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаар шийдвэрээр “А*******” ХХК-д олгожээ.
Хоёрдугаарт, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”, 14.5-д “энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно" гэж заасан байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т "Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй" гэж хуульчилсан.
Гуравдугаарт, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т "ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно" гэж хуульчилсан.
"А*******" ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын *******, ******* дугаартай тусгай зөвшөөрлүүд нь 2009 оны 01 дүгээр сард дуусгавар болсон бүртгэлтэй байгаа тул дээр дурдсан тусгай зөвшөөрлүүдэд нөхөх олговор олгох үндэслэлгүй юм. Иймд "А*******" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл 2019 онд хэрэгжих болсон ч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 2012 онд сэргээгдсэн байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно гэж заасан. Энэхүү хуулийн зохицуулалтыг Улсын дээд шүүх 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар тогтоолоор тайлбарласан. Энэхүү тайлбарт хуулийн 9.1.13-т заасныг хэрэгжүүлэх эрх нь Засгийн газрын бүрэн эрх байхаар тайлбарласан. Гэтэл хуулийн 9.1.13-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талбайг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дурдсан Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-т тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцоно гэсэн хуулийн заалт байдаг. Мөн хуулийн 9.1.14-т тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй төрийн захиргааны байгууллага буюу тусгай хэрэгцээнд авсан этгээд нь өө хэлэлцэн тохиролцож нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх зохицуулалттай. Нэхэмжлэгч компанийн хувьд тусгай зөвшөөрөл 2006 онд тогтоогдож 2009 онд дуусгавар болсон боловч шүүхийн шийдвэр гарч тусгай зөвшөөрлийг сэргээсэн. 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд одоо нэгэнт тусгай зөвшөөрөл эзэмшигч биш учраас төрийн захиргааны байгууллага нөхөн олговор олгох боломж байхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан “...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн , дугаар талбайг улсын тусгай хамгаалалтад авсны улмаас цаашид ашиглах, боломжгүй болсон эрх зүйн харилцаа байгааг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн , дугаартай талбайн зарим хэсгийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор авах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлүүлэхээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нөхөх олговор авах хүсэлтийг холбогдох байгууллагад хүргүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, түүний өмгөөлөгчийн тайлбар, нэхэмжлэлийг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Эрх бүхий байгууллагаас, нэхэмжлэгч “А*******” ХХК-д ******* дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг 2009 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл, *******, дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвшөөрлийг 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаагаар тус тус анх олгожээ.
4. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх /тухайн үеийн нэршлээр/-ийн 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 235 дугаар шүүхийн шийдвэрээр “А*******” ХХК-ийн маргаан бүхий *******, ******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байх ба уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаар 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1507 дугаар шүүгчийн захирамж гарчээ.
5. Хариуцагч Ашигт малтмалын газраас “А*******” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах өргөдлийг шийдвэрлэсэнтэй холбоотой асуудал Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа тул Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 235 дугаар шийдвэрийг биелүүлэх боломжгүй болохыг 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 6-657 дугаар албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт, 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 6-752 дугаар албан бичгээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд тус тус мэдэгдэж байсан байна.
6. Гэвч шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийг биелүүлж тусгай зөвшөөрлийг сэргээх тухай” 252 дугаар шийдвэрээр маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сэргээж, дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосон огноог 2006 оны 01 дүгээр сарын 10-ны өдр, дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосон огноог 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдр тус тус тооцож, энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон өдс эхлэн тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг 1 сарын дотор хүлээн авч бүртгэн шийдвэрлэхээр шийдвэрлэсэн.
Захиргаа уг шийдвэрийг 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 6-3624 дугаар албан бичгээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд хүргүүлсэн гэх тайлбартай.
7. Шүүхэд нотлох баримтаар Улсын Их Хурлын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ТГ-02/1927 дугаар албан бичгээр Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 57 дугаар тогтоолыг хавсралтуудын хамт ирүүлсэн. Уг тогтоол ёсоор байгаль орчны тэнцэл, унаган төрхийг хадгалан хамгаалахад болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдол зарим газрыг дурдсан ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсны дотор С аймгийн Е, Х*******, Төв аймгийн Э******* сумдын зарим хэсгийг Хан Х******* дархан цаазат газрын хилийн заагт хамруулан дархан цаазат газрын ангиллаар авахаар шийдвэрлэжээ.
8. Ашигт малтмал газрын тосны газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10/4743 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтад: “...*******: Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Улсын тусгай хэрэгцээний Хан Х******* дархан цаазат газарт авсан талбайтай 12080.16 га талбайгаар хэсэгчлэн давхцалтай. Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай 968.43 га талбайгаар хэсэгчлэн давхцалтай. Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай бүхэлдээ, Ойн сан бүхий газрын хилийн заагтай 11560.57 га талбайгаар хэсэгчлэн давхцалтай гэж,
*******: Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Улсын тусгай хэрэгцээний Хан Х******* дархан цаазат газарт авсан талбайтай бүхэлдээ давхцалтай. Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай 433.82 га талбайгаар хэсэгчлэн давхцалтай. Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагтай бүхэлдээ, Ойн сан бүхий газрын хилийн заагтай бүхэлдээ давхцалтай гэж ирүүлсэн байна.
9. Шүүх маргаан бүхий үйл баримтад дүгнэлт хийхдээ, нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс анх 2006 онд төрийн захиргааны байгууллагаас олж авсан ашигт малтмалын хайгуулын дугаартай болон ******* дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйтэй холбоотой маргаж, улмаар шүүхээр 2012 онд шийдвэрлэгдсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй холбоотойгоор захиргааны байгууллагаас 2013 оны 252 дугаар шийдвэр гарсан, энэ шийдвэрүүдийг хүчин төгөлдөр болох үед Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 57 дугаар тогтоол ёсчлогдон батлагдсан байсан, уг тогтоолын хавсралт ёсоор ашигт малтмалын хайгуулын талбай улсын тусгай хамгаалалтад авсан талбайтай хэсэгчлэн болон бүхэлдээ давхцал бий болсон нь тогтоогдож байна.
10. Иймээс, нэхэмжлэлийн зүйл болсон нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшилд хүчин төгөлдөр байсан ашигт малтмалын хайгуулын , ******* дугаартай тусгай зөвшөөрлүүд дэх талбай, улсын тусгай хамгаалалтад дархан цаазат газрын ангиллаар авсан талбайтай хэсэгчлэн болон бүхэлдээ давхцал үүссэн, үүний улмаас нэхэмжлэгч хуулийн этгээд нь цааш нь үргэлжлүүлэн ашиглах, эзэмшилдээ байлгах боломжгүй харилцаа үүссэнийг тогтоох үндэслэлтэй байна.
11. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13. “тусгай хэрэгцээний газар гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг” ойлгохоор нэр томьёоны утгыг хуульчилсан ба мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. “ашигт малтмалын асуудлаар Улсын Их Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 8.1.3. “улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх”, 8.1.5. “...өөрийн санаачилгаар тодорхой нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг, ...буюу хориглох”, Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1. “Улсын Их Хурал газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 17.1.3. “энэ хуулийн 16.1.-16.1.4, ... заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1/ “газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах талаар төрийн бодлогыг тодорхойлох”, 2/ Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх” гэж заажээ.
12. Тэгвэл, маргаан бүхий энэ тохиолдолд Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Улсын тусгай хэрэгцээний Хан Х******* дархан цаазат газарт авсан талбайтай хайгуулын ******* дугаар талбай нь 12080.16 га талбайгаар хэсэгчлэн, ******* дугаар талбай нь бүхэлдээ давхацсан нөхцөл бий болсон.
13. Ийнхүү нэхэмжлэгчийн эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь улсын тусгай хэрэгцээнд авсан газартай солбицол болон байршлаараа давхацсан нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хариуцагч захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлөө эзэмших боломжгүйд хүргэсэн, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлах, хориглох тусгай хэрэгцээний газрын талаар зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4. “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө”, 14.5. “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно” гэх зохицуулалт хэрэгжээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.
14. Ашигт малтмалын тухай хуулийн 14.4-д “...тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлөх” заалтыг утгачлан тайлбарлавал, нөхөх олговрын асуудлыг шийдвэр гаргасан тухайн байгууллага болох Улсын Их Хурлаас гаргах авч, дээрх тогтоол ёсоор Засгийн газарт даалгасан агуулгаар тогтоосон, тодруулбал, Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 57 дугаар тогтоолын 4 дэх заалтаар “Энэхүү тогтоолоор газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авснаар тухайн газар нутагт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн хуулийн этгээдэд холбогдох хууль, журмын дагуу нөхөх олговрыг тооцож олгох Засгийн газарт даалгаж” шийдвэрлэсэн. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг ....тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр ...болно” гэж зааснаас үзвэл, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд нөхөх олговор олгох эсэх тухай асуудлыг дээрх тогтоол болон хуульд зааснаар Засгийн газраас хэрэгжүүлэх, шийдвэр гаргах үйл ажиллагаа байна.
15. Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд “танай компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын , ******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дууссаны дараа тус талбай нь Монгол Улсын Их Хурлын 2012 оны 57 дугаар тогтоолд хамрагдсан байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг өгсөн нь хэтэрхий өсгөл, харин нэхэмжлэгчийн зүгээс “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр сэргэсэн эсэхээс үл хамааран тухайн шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг дүгнэхгүйгээр 2009 онд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусчихсан гэдэг үндэслэлээр үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус” зэргээр маргаж даалгуулах шаардлагын үндэслэлээ тайлбарласныг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.
16. Иймд нэхэмжлэгч хуулийн этгээд нь шууд Засгийн газартай харилцах боломжгүй, энэ тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр эсэх, уг тусгай зөвшөөрлүүдийн эзэмших эрхийг сунгах эсэх талаарх шүүхийн шийдвэр 2012 онд шийдвэрлэгдэж, 2013 онд хариуцагч захиргааны байгууллага шийдвэр гаргаж байсан зэрэг нь үйл баримтаар тогтоогдож байх тул эдгээр шийдвэрээс өмнө хэрэгжсэн Улсын Их Хурлын тогтоолыг биелүүлэхгүй байх, тусгай зөвшөөрлийг анх 3 жилийн хугацаагаар олгосон 2006 оноос тооцон 2009 онд хугацаа нь дуусгавар болсон гэх үндэслэлээр хэрэгжүүлэхгүй байх үндэслэл биш, өөрсдийн эрх хэмжээний бус асуудлыг уламжлан шийдүүлэх үүрэгтэй байхаас гадна Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14. “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” чиг үүргийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна.
17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.“нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 103.3.5, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 8 дугаар зүйлийн 8.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А*******” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “А*******” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын , дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг Улсын Их Хурлын 2012 оны 57 дугаар тогтоолын дагуу улсын тусгай хамгаалалтад авсны улмаас тус газрыг цаашид ашиглах, эзэмших боломжгүй болсон эрх зүйн харилцаатай байсныг тогтоон хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын , дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг улсын тусгай хамгаалалтад авсны нөхөх олговор авах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлүүлэхээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговор авах хүсэлтийг холбогдох байгууллагад хүргүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулан нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН