Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян.

Улсын яллагч Ц.Мөнхжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Чимэдбадам

Хохирогч  Д.О-

Шүүгдэгч П.Х- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Х-т холбогдох эрүүгийн 1838000740047 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, П.Х-,

Шүүгдэгч П.Х- нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ...тоотод оршин суух иргэн Д.О-ын байшингийн хаалганы цоожийг хөшиж онгойлгоон орон байранд нэвтрэн орж их гарын хөөрөг, мөнгөн бөгж, хонх, очир зэрэг эд зүйл хулгайлж 4.850.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Х- нь 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ...тоотод оршин суух иргэн Д.О-ын байшингийн хаалганы цоожийг хөшиж онгойлгоон орон байранд нэвтрэн орж их гарын хөөрөг, мөнгөн бөгж, хонх, очир зэрэг эд зүйл хулгайлж 4.850.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч Д.О- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр манай охин Өлзийсайхан залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар руу ярьж дуудлага өгсөн юм. Би гэрт ирээд юмаа бүртгэхэд манай гэрээс их гарын хуучны халтар манан хөөрөг, хуучны очир, хонхны хамт бас эрэгтэй хүний мөнгөн бөгж зэрэг зүйлс алдагдсан байсан. ...хуучны очирыг хонхны хамт 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Энэ нь 4 үе дамжсан юм. Миний хөөрөг хуучны их гарын халтар манан хөөрөг юм. Тэгэхдээ цуурчихсан учираас би 5.000.000 төгрөгөөр үнэлнэ. Мөнгөн бөгжөө би 50.000 төгрөгөөр үнэлнэ. ...би хөөргөө хүлээж авлаа. Бусад эд зүйлийн хохирлыг барагдуулж авах саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р тал/,

Гэрч Д.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цагийн үед ирэхэд гэрийн таамбарын хаалгыг хөшсөн байхаар нь түлхүүрээр онгойлгож орж ирээд өрөө рүү ороход орны гудсыг хөдөлгөсөн байдалтай байхаар нь номын сан руу харсан хишгийн сав унагаагаад дотор тард нь байсан будааг гаргасан байсан. Хөөрөг номын сангийн доод тавиур дээр байсан. Тэгтэл хөөрөгний даалин байсан байрнаасаа хөдөлсөн байхаар нь даалинг нь аваад үзтэл дотор нь хөөрөг байхгүй байсан. Тэгээд би Улаанбаатар хотод яваа аавд хэлсэн. Аав цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р тал/,

Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 17-ны орой манайд 5 хүн орж ирээд 1 номерын караокед орж нэг цагийн турш дуу захиалсан. Тэгээд архи уусныхаа мөнгийг өгчихөөд дундуур нь 3 хүн гарч яваад нэг хүн нь буцаж орж ирсэн. Тэр 3 хүн караокены 10.000 төгрөгийг өгөөгүй учраас би тэр хүмүүсийг гаргаагүй. Тэгээд 20-30 минутын турш хүлээж байтал гаднаас хүн орж ирсэн. Тэгээд тооцоонд нэг хөөрөг гаргаж ирээд 10.000 төгрөгний барьцаанд тавьсан. ...бөх барилддаг Хатнаа гэж өөрийнхөө нэрийг хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,

Гэрч Б.Н- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын сүүлээр намайг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар хороонд байрлах зах дотор гурил аваад зогсож байхад П.Х- над дээр ирээд мэнд мэдээд надад мөнгөний хэрэг болоод байна.  Энэ очир, хонх 2-ыг мөнгө байвал 30.000 төгрөгөнд авчих гэсэн. Тэгээд би 30.000 төгрөг өгөөд хонх, очир хоёрыг нь авсан. П.Х-аас авсан хонх, очироо бараг тэр дор нь зах дээр монгол гутал, хөөрөг зарж явсан хүнд нэг ширхэг  орчин үеийн хөөргөөр сольчихсон...тэр эд зүйлийг П.Х- минийх л гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,

Гэрч Т.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын дундуур байх өдрийг нь сайн санахгүй байна. Намайг зах дотор алт мөнгөний дархан хийдэг ажлын байрандаа байж байхад үл таних нэг залуу орж ирээд хар өнгийн шигтгээтэй эрэгтэй хүний мөнгөн бөгж үзүүлээд энэ бөгжийг 10.000 төгрөгөнд авчихаач дүүд нь мөнгө хэрэг болоод байна гээд гуйгаад байсан. Тэгээд би тэр залууд 10.000 төгрөг өгөөд тэр бөгжийг авсан. Тухайн бөгжийг хайлуулаад юм хийчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/,

Эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 29-р тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-8-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч П.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Хэргийн газрын үзлэгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөгч Б.Балжинням явуулсан ба үзлэгийн тэмдэглэл хэсэгт 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 16 цагт гаргасан мэдээлэл гэж зөрүүтэй бичсэн боловч үзлэгийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цаг 30 минутанд эхэлж 16 цаг 20 минутанд дуусгасан талаар бичиж гарын үсэг зурж бэхжүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдсан байна гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаж байна.

Гэрч Д.Ө-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт “...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 10 цагийн үед гэртээ ирэхэд хаалганы цоож зүгээр байсан. 18-ны 15 цагийн үед ирэхэд гэрийн таамбар хөшиж орсон байсан. Хөөрөг номын сангийн дээд тавиур дээр байсан. Тэгтэл хөөрөгний даалин байсан байрнаасаа хөдөлсөн. Доторх хөөрөг алга болсон байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч П.Х-ын яллагдагчаар болон гэрчээр өгсөн мэдүүлэгтэй таарч байх тул түүнийг орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэм буруутайд тооцлоо.

Шүүгдэгч П.Х- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 38-р тал/-аар,

Шүүгдэгч П.Х- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчийн ял шийтгэлийг түүний хувийн байдал, багийн засаг даргын тодорхойлолт зэргийг үндэслэн хорих ялын доод хэмжээгээр шийтгэж, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 1838000740047 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.Х-ыг бусдын эд зүйлийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлж авсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х-т 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Х-т оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.АРИУНЖАРГАЛ