Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/03

 

 

 

 

 

   

  

 

 

    2024            01           08                                       2024/ДШМ/03

 

 

 

Э.Ат холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Прокурор: Г.Ганцэцэг,

Яллагдагчийн өмгөөлөгч: Х.Баатарбилэг /зайнаас цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж хийсэн, шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/262 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Г.Ганцэцэгийн эсэргүүцлийг үндэслэн, яллагдагч Э.Ат холбогдох 2220000800089 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.   

 

1. Яллагдагчийн биеийн байцаалтын талаар:

 

Э овогт Э.А, *.

 

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

 

Яллагдагч Э.А нь Дорноговь аймгийн Э сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр * гэх газарт 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулан, хууль бусаар газрын хэвлийд халдаж, байгаль орчинд 18,135,814.65 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганцэцэгээс яллагдагч Э.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

 

4. Анхан шатны шүүх: “...яллагдагч Э.А гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, шүүх хуралдааны өмнө хохирол гэх 18,135,184 төгрөгийг улсын орлогод төлсөн байх боловч тэрээр ял, албадлагын арга хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсгэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх,энэ хэргийг шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэх нь тодорхойгүй, Тавин-эх болон Хунхат-Уул нөхөрлөл зөвшөөрөлтэй газраас хэтрүүлэн тусгай зөвшөөрөлгүйгээр олборлолт явуулсан гэж үзсэн бол орлогыг тогтоох, энэ нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг тодорхойлоход хамааралтай эсэх зэрэг нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй байгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих асуудлыг буюу гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлоогүй, ...гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх 6368 УН улсын дугаартай Robex LC загварын тээврийн хэрэгслийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөрдөгч тогтоолоор битүүмжилсэн байх боловч прокурор нь мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хохирлыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй” гэсэн үндэслэлээр яллагдагч Э.А холбогдох эрүүгийн 2220000800089 тоот хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт буцааж,

хэргийг прокурорт очтол яллагдагч Э.Ат урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, өмгөөлөгч эс зөвшөөрөл захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

 

  5. Прокурор Г.Ганцэцэг эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...А нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний шүүх хуралд өмгөөлөгч Баатарбилэгээс татгалзсан үндэслэлээ сайн дураар гаргаж өгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн. Байгаль орчинд учруулсан 18,135,184 төгрөгийн хохирлоо төлж барагдуулж баримтаа хавсаргаж өгснөөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч Баатарбилэгийн хүсэлтийг хэлэлцсэн аль эсхүл Анхбаярын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг хэлэлцсэн нь төдийлөн ойлгомжгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан зүйл заалтыг яллагдагч нь хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй орж ирсэн гэж дүгнэсэн. Ял албадлагын арга хэмжээг яллагдагчтай тохиролцоогүй шүүх хуралдаан хийсэн нь өөрөө ойлгомжгүй, А гэм буруугийн тал дээр маргаагүй, гэсэн хэдий ч өмгөөлөгч Баатарбилэгээс гаргасан гэмт хэргийг хуулийн этгээд үйлдээд байгаа юм уу, А гэдэг хүн үйлдээд байгаа юм уу гэдэг эргэлзээ үүссэн гэж үзэх юм бол хэргийн оролцогчийн хүсэлтийг хангах зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж энэ ажиллагааг нөхөн гүйцэтгэх ажиллагаа байна гэж үзэж байна. Прокурорын зүгээс хууль бус үйл ажиллагаа явуулсан нь А гэж үзсэн, бусад хэргийн нөхцөл байдлаар тогтоогдсон, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн биш А гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж үзсэн, эсэргүүцлээ дэмжиж оролцож байна.” гэв.

  6. Яллагдагчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийг шүүх хуралдаан болсон, шүүх хэргийг тал бүрээс нь харж шийдвэрлэх нь шүүгчийн бүрэн эрхийн асуудал гэж үзэж байна. Шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаанууд ерөнхийдөө энэ хэрэг дээр хийгдвэл зохих ажиллагаа мөн гэж үзэж байна. Миний хувьд хүсэлт гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа хийгээгүй. Хэргийг хэн үйлдсэн, хохирол нь яг хэд юм. Яаж тогтоогоод байгаа юм. Тийм учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй орхиж анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин үргэлжлүүлж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганцэцэгийн эсэргүүцлийг үндэслэн хэргийг хүлээн авч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

1. Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж үзэхэд  прокуророос яллагдагч Э.Аг Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хунхат гэх газарт 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулан, хууль бусаар газрын хэвлийд халдаж, байгаль орчинд 18,135,814.65 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлтэд “...тусгай зөвшөөрөлгүйгээр олборлолт явуулсан” талаар үндэслэлтэй тусгасан байх боловч олборлолтоос хэдий хэмжээний орлого олсон талаар тусгаагүй, орхигдуулжээ.

 

Энэ хэрэгт яллагдагч Э.Ан зөвшөөрөлгүй жонш олборлосноос олсон орлогыг шалгаж, тогтоох мөн иргэний нэхэмжлэгч, төлөөлөгчийг зөв тогтоох  нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл буюу гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийг яаж үйлдсэн, оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар үндэслэлтэй, эргэлзээгүй тогтоогдсон байх ёстой бөгөөд үүний эцэст гэм буруутай этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хуулийн шаардлага  бүрэн хангагдана.

 

2. “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжид дурдсан зарим үндэслэлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх буюу тухайлбал  хор уршгийг арилгуулах болон хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг авах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилж болох учраас прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг үндэслэлтэй гэж хүлээн авч, шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт энэ үндэслэлийг хасаж, шийдвэрлэлээ.

 

Мөн яллагдагч Э.Ан зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон үйлдэл нь хэрэгт авагдсан “Хамтран ажиллах” гэрээтэй хамааралтай гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба энэхүү гэрээ нь зөвшөөрөлтэй газарт олборлолт хийхтэй холбоотой байгуулагдсан байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл прокуророос Тавин-эх болон Хунхат-Уул нөхөрлөлийг зөвшөөрөлгүйгээр олборлолт явуулсан гэж яллах дүгнэлт үйлдээгүй бөгөөд Э.Агтусгай зөвшөөрөлгүйгээр олборлолт явуулж, газрын хэвлийд халдсан гэж яллаж байх тул энэ хэргийг шийдвэрлэхэд “хамтран ажиллах гэрээ” болон бусад нөхөрлөлийн ашигт малтмал олборлох зөвшөөрөлтэй холбоотой нөхцөл байдлыг шалгаж, тогтоох шаардлагагүй.

 

Харин яллагдагч Э.А хууль бус олборлолтоос хэдий хэмжээний орлого олсон, олсон ашиг орлогыг тогтоохтой холбоотой хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчтай холбоотой нөхцөл байдлыг анхаарах шаардлагатай юм.

 

Иймд эдгээр дурдсан үндэслэлээр “Хэргийг прокурорт буцаах”-тай холбоотой шүүгчийн захирамжийн хянавал хэсгийн 1-д заасныг үндэслэлтэй гэж, харин 2 дахь заалтад дурдсан нөхцөл байдлыг дээр дурдсанаар буюу “Яллагдагчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого, ашгийг үндэслэлтэй зөв тогтоох, иргэний нэхэмжлэгч, төлөөлөгч, иргэний хариуцагчийг зөв тогтоох” гэж найруулгын хувьд өөрчилж, 3 дахь заалтыг хасаж, өөрчлөх  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/262 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Ганцэцэгийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ

Н.БОЛОРМАА