| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийсайхан Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 114/2025/0035/З |
| Дугаар | 114/ШШ2025/0031 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 114/ШШ2025/0031
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ би, Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын Од сургуулийн захирал Х.Б*******т холбогдох төрд учруулсан хохирол 7 159 600 төгрөгийг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаас гаргуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын Од сургуулийн захирал Х.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...миний бие Төрийн албаны зөвлөлийн надад холбогдуулан гаргасан төрд учруулсан хохирол 7 159 600 төгрөгийг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын Од сургуулийн захирал Х.Б*******т холбогдуулан гаргасан төрд учруулсан хохирол 7 159 600 төгрөгийг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаас гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр гарган илэрхийлсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ:, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх..., 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд ийнхүү хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр хуульчилжээ.
Хариуцагч нь Төрийн албаны зөвлөлөөс гаргасан төрд учруулсан хохирол 7 159 600 төгрөгийг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаас гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх бөгөөд ийнхүү хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар хариуцагчид тайлбарласан ба түүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолд ...Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоодог бөгөөд тэд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг боловч төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан нь нийтийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэгчийн хувьд, мөн нийтийн сан хөмрөг болох төсвийн хөрөнгийг ерөнхийлөн захирагчийн хувьд бусад нийтийн эрх зүйн хууль тогтоомжоор тусгайлсан эрх, үүрэг хүлээдгээс гадна төрийн албаны сонгон шалгаруулалтаар томилогдож, үр дүнгийн гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа дүгнүүлэх зэргээр төрийн жинхэнэ албан хаагчтай адилтгахуйц эрх зүйн байдалтай байх нь нийтлэг байна, ...Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага, албан тушаалтан бол, түүнчлэн захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан этгээд бол нэхэмжлэгч захиргааны байгууллага нь өөрт учирсан хохирлоо гаргуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тайлбарласнаас үзвэл хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын Од сургуулийн захирал Х.Б*******ийн төрд учруулсан хохиролтой холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын Од сургуулийн захирал Х.Б*******т холбогдуулан гаргасан төрд учруулсан хохирол 7 159 600 төгрөгийг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаас гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар Төрийн албаны зөвлөл шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Энэхүү шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй.
ШҮҮГЧ Ө.МӨНХ-ЭРДЭНЭ