Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00999

 

 

 

 

К.Б ХХК дах банкны эрх хүлээн авагчийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2021/00903 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч К.Б ХХК-ийн эрх хүлээн авагчийн хариуцагч С.Бт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 8 572 609.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Б нь К.Б ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ЗГ14/266 тоот зээлийн гэрээ байгуулж, 62 040 000 төгрөгийг сарын 0,67 хувийн хүүтэйгээр орон сууцны зориулалттай зээл авсан. Банк нь 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр С.Бийн 2028002606 дугаартай дансанд 62 040 000 төгрөг шилжүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлдэгч С.Б үндсэн зээлээс 55 496 791.12 төгрөг зээлийн хүүнд 11 537 681.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 242 960.27 төгрөг, нийт 68 277 432.54 төгрөгийг төлсөн. К.Б ХХК-ийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс С.Бтэй 2019 оны 10 дугаар сарын 11, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрүүдэд ажлын байранд нь очиж уулзсан, тэрээр зээлийн үлдэгдэл өр төлбөрөө төлөх хүсэлт гаргаж байсан. Зээлдэгч С.Б нь 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 222 071.27 төгрөгийг зээл, зээлийн хүүнд төлсөн, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээл 6 543 208.88 төгрөг, зээлийн хүү 1 683 925.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 331 974.67 төгрөг, зээлийн хүү 1 683 925.62 төгрөг, нотариатын үнэ 13 500 төгрөг, нийт 8 572 609.17 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 онд зээлийн гэрээ байгуулахдаа ипотекийн зээлийн гэрээ байгуулж байгаа тул энэ өдрөөс хойш сар бүр тогтмол 250 000 орчим төгрөг төлөөд, 2017 онд байрандаа орох боломжтой гэж тайлбарласан. Үүнээс харахад зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна. Зээлийн гэрээний үндсэн зарчим бол зээлдэгчийн өмчлөлд хөрөнгө шилжүүлэх үндсэн зохицуулалттай байдаг. Хэрэгт авагдсан үйл баримтуудаар зээл олгогч К.Б ХХК нь энэ зарчмаар мөнгийг зээлдэгчид олгоогүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зээлдэгчид данс нээгээд түүндээ мөнгийг шилжүүлдэг зарчимтай. Гэтэл 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 18 000 000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 18 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 18 000 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 6 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 48 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Гэрээний үүрэг 1 жилийн хугацаатай байсан буюу аль хэдийн гэрээний хугацаа дуусчихсан байхад мөнгө шилжүүлээд, түүнийгээ буцаагаад татаж аваад байдаг.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ нь Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа бүх хуулийг зөрчсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Монголын ипотекийн корпорацаас ирүүлсэн албан бичигт зээлийг шилжүүлэх үед С.Б 50 000 000 төгрөгийн өр төлбөртэй байсан, үүнийг энэ чигээр нь бид худалдаж авсан. К.Б ХХК, Монголын Ипотекийн корпораци нарын хооронд байгуулагдсан гэрээнд заасны дагуу төөрөгдөл орохуйц биш бүх баримтууд үнэн зөв байна гэж банкны баталгаа гаргаад гэрээ хийсэн. Гэтэл Монголын ипотекийн корпорацитай хийсэн 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ипотекийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр, үнэн зөв гэж харагдахуйц байгаа боловч өнөөдөр 2014 оны гэрээнээс программаар ийм үлдэгдэл гарч ирсэн гэдэг нь үндэслэлгүй байна. Энэ нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн, ямар журмаар мөнгө татаад байгаа нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч С.Бээс 6,556,708 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К.Бны Эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлээс 2,015,900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч С.Бээс 119 857 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ХАХНХЯ-аас албан хаагчтай орон сууцны зээлд хамруулах орон сууц санхүүжилтийн асуудлаар харилцан тохиролцож 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ЗГ14/266 тоот Зээлийн гэрээ-г К.Б ХХК-тай харилцан тохиролцож байгуулсан болно. Уг гэрээ нь ипотекийн журамд нийцээгүй болно.

Тус гэрээний гол зорилго нь Гүйцэтгэгч нь орон сууцны гэрчилгээг зээлд хамрагдсан алба хаагчийн нэр дээр гарган банкинд хүлээлгэн өгсөнөөр Орон сууцны ипотекийн зээлийн журмын шаардлагыг бүрэн хангасан зээлдэгч /Алба хаагч/-ийн зээлийг ипотекийн зээл болгоно хэмээн тохиролцсон болно. Ийнхүү гэрээгээр тохиролцсоны дагуу 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ЗГ-38 тоот Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-ээр 61 600 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 360 сарын хугацаатай байхаар харилцан тохиролцож К.Б ХХК-тай гэрээг шинэчлэн байгуулж өмнөх 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг гэрээний 3.2-т заасны дагуу дуусгавар болгосон хэмээн хариуцагчийн зүгээс үзсэн.

Гэтэл К.Б ХХК нь дээрх Орон сууцны зээлийн гэрээ-г Монголын ипотекийн корпораци ОССК ХХК-д худалдахдаа хариуцагч С.Бийн зээлийн үлдэгдлийг 50 876 462.77 төгрөгөөр тасалбар болгож худалдсан байна.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч С.Бийн зээлийн үлдэгдэл нь 50 876 462.77 төгрөг байсан бөгөөд ямар үндэслэлээр 6 543 208.88 төгрөгийн үлдэгдэлтэй эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл зээлдэгч буюу зээлийн зуучлагч К.Б ХХК нь ямар үндэслэлээр 6 543 208.88 төгрөгийн үлдэгдэлтэй МИК ОССК ХХК -д худалдсан эсэх нь тодорхойгүй байхаас гадна 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний 3.2, 3.3-т заасан үүргээ яагаад бүрэн биелүүлээгүй нь мөн тодорхойгүй байдаг.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлж чадаагүй болно. Учир нь хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан хариуцагч С.Бийн Зээлийн дансны хуулгад 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 6 543 208.88 төгрөг хасагдсан мөн өдрөө нэмэгдэж орлого орсон нь эргэлзээтэй байхад үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь учир дутагдалтай байна.

Шүүх 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу шаардах эрхгүй хэмээн зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрхтэй байна хэмээн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс хэтрүүлэн дүгнэлт хийсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг ноцтой зөрчсөн байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч К.Б ХХК-ийн эрх хүлээн авагч нь хариуцагч С.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 572 609 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч 2014 оны зээлийн гэрээ хуульд нийцээгүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргасан байна.

 

Ажилтан С.Б нь ажил олгогч Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын яамтай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, үүнтэй холбогдуулан К.Бинд орон сууцны зээлд хамрагдах хүсэлт гаргажээ. /хх-18-29/ Уг хүсэлтийг тус банк хүлээн авч, С.Бтэй 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ЗГ14/266 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч К.Б нь 62 040 000 төгрөгийг сарын 0.67 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай, орон сууц худалдан авахад зориулан зээлдүүлэх, зээлдэгч С.Бийн хувьд зээл, түүний хүүг гэрээгээр баталсан хуваарийн дагуу төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-14-16/

 

Гэрээний дагуу зээлдүүлэгчээс 4 удаагийн үйлдлээр нийт 62 040 000 төгрөгийг зээлдэгчийн 2028002607 тоот зээлийн данс руу шилжүүлсэн, зээлдэгч нь уг мөнгийг орон сууцны захиалгын төлбөрт шилжүүлжээ. /хх-4-8/ Эдгээр үйл баримтууд хэрэгт буй С.Бийн К.Б дах 2028002607 тоот зээлийн дансны хуулга, ХАХНХЯамнаас албан хаагчтай орон сууцны зээлд хамруулах, орон сууцны барилга санхүүжилтийн асуудлаар харилцан тохиролцож байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн гэрээ, К.Бинд гаргасан хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх-70-72/

 

Нэхэмжлэгч тал зээлийн хөрөнгийг хэсэгчлэн шилжүүлсэн үндэслэлээ 2014 онд орон сууц ашиглалтад ороогүй байсан, ... хариуцагчийн хүсэлтээр хэсэгчлэн шилжүүлсэн гэж тайлбарласныг хариуцагч баримтаар үгүйсгэж, мэтгэлцээгүй байна. /хх-79-145/

 

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг харьцуулан үнэлээд банк эрх бүхий этгээд, иргэн хоёрын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийн заасантай нийцэж байх тул 2014 оны гэрээг хуульд нийцээгүй гэх хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй. Гэрээ хүчин төгөлдөр учир гэрээний нэг тал нь нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь 2017 онд ипотекийн зээлийн гэрээг шинэчлэн байгуулж, өмнөх 2014 оны гэрээний үүрэг дуусгавар болсон гэж маргаж энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

 

Талууд 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ЗГ-38 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулж, К.Б 51 600 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 360 сарын хугацаатай зээлдүүлэхээр, С.Б нь гэрээгээр баталсан хуваарийн дагуу зээл, хүү төлөхөөр харилцан тохиролцжээ. Гэрээний дагуу зээлдэгчийн данс руу 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 51 600 000 төгрөг шилжүүлсэн, мөн өдөр нь С.Бээс 51 621 000 төгрөгийн зээл төлсөн агуулгатай зарлага гарсан болох нь хэргийн 72 дах талд авагдсан зээлийн дансны хуулгын баримтаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч тал хариуцагч С.Бийн 2014 оны зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 58 164 208.88 төгрөгөөс 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нэмэгдүүлсэн хүүд 526 240 төгрөг, үндсэн хүүд 2 665 704 төгрөг, үндсэн зээлд 48 429 056 төгрөг, нийт 51 621 000 төгрөг төлж, 6 543 208.88 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор шүүхэд зээлийн дансны хуулгыг баримтаар гаргаж өгчээ. /хх-72/

 

Хариуцагч С.Б нь уг нотлох баримтыг баримтаар үгүйсгэж мэтгэлцээгүйгээс гадна нэхэмжлэгч К.Б ХХК-ийн эрх хүлээн авагчид 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн үлдэгдэл төлбөр 8 108 970 төгрөгийг цалингийн зээл авч төлөх агуулга бүхий хүсэлт гаргаж байжээ. Энэ хүсэлтийг нэхэмжлэгч тал хүчээр бичүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч С.Бийг 2014 оны зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 6 543 209 төгрөг, түүнд ногдох хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон шаардаж буй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсгийн заасантай тус тус нийцнэ. Энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Анхан шатны шүүхийн, талуудыг 2017 оны ипотекийн зээлийн гэрээ байгуулснаар өмнөх 2014 оны зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж, шинэ харилцаа үүссэн гэх дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүйгээс гадна хариуцагчаас 6 543 208.88 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ. Учир нь талууд 2014 оны зээлийн гэрээний үүргийг 2017 оны гэрээний үүргээр сольсон гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагыг 6 556 708 төгрөгийн хэмжээнд хангасан анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч К.Б ХХК-ийн эрх хүлээн авагчаас давж заалдах гомдол гаргаагүй учир энэ дүнд өөрчлөлт оруулахгүй байх нь талуудын диппозитив зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2021/00903 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 492.1.1-д гэснийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121 819 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД