| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2018/0073/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/85 |
| Огноо | 2018-03-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2018/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар П.Ханбүргэд
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж
Шүүгдэгч Э.А- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А-д холбогдох эрүүгийн 1738002260125 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Э.А-,
Шүүгдэгч Э.А- нь 2017 оны 08 дугаар сарын 06-наас 2017 оны 08 дугаар сарын 07-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт байрлах иргэн М.Д-гийн эзэмшлийн “Хөөнгө” дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлж 445.810 төгрөгний хохирол, бэлэн 520.000 төгрөг, дэлгүүрийн цонх эвдсэний төлбөр 88.600 төгрөг нийт 1.054.410 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Э.А- нь 2017 оны 08 дугаар сарын 06-наас 2017 оны 08 дугаар сарын 07-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт байрлах иргэн М.Д-гийн эзэмшлийн “Хөөнгө” дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлж 445.810 төгрөгний хохирол, бэлэн 520.000 төгрөг, дэлгүүрийн цонх эвдсэний төлбөр 88.600 төгрөг нийт 1.054.410 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч М.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 06-наас 07-ны шөнө манай “Хөөнгө” нэртэй дэлгүүрт хулгай орж бараа, мөнгө төгрөг зэргийг авсан байсан. Энэ үед би хөдөө жимсэнд явсан байсан. 08 дугаар сарын 08-ны өглөө 10 цагийн үед манай баруун талын хөрш Банзрагч гэдэг хүн надад танай дэлгүүрийн гадна цонх чинь онгорхой байна гэж мессэж бичсэн байсан. Тэгээд би хөдөөнөөс хүн гуйж мотоциклоор хүргүүлж орж ирсэн. Намайг ирэхэд төв гудамж руу харсан дэлгүүрийн цонх нь онгорхой байснаас гадна төмөр хаалтны нэг төмрийг авсан байсан. Вакум цонхны дотор түгжээ хугараад бяцарцан байсан. Энхцэцэг манай дэлгүүрт орж ирээд манай дэлгүүрээс Аагий хулгай хийчихсэн юм байна. Хэдэн төгрөгний хохирол учирсан юм. Түүнийгээ барагдуулъя гээд байна гэсэн. Тэгээд би Аагийг дуудуулаад чи нээрээ манай дэлгүүрээс хулгай хийчихсэн юм уу гэсэн чинь танай дэлгүүрийн чинь цонх онгорхой байсан. Тэгээд би танай дэлгүүрт ороод 2 шил Чансаа нэртэй архи, 2 ширхэг Соёолж нэртэй пиво авсан гээд байсан. Тэгээд надаас хэдэн төгрөгний хохирол гарсан юм бэ? Хохиролыг чинь барагдуулъя гээд байдаг байсан. Надад хохиролын мөнгө 300.000 төгрөг өгсөн. Мөн 400.000 төгрөгөнд нэг ширхэг дотоодын хивс өгсөн. Одоо үлдэгдэл 400.000 төгрөг нэхэмжилнэ. Одоо үлдэгдэл 400.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-31-р тал/,
Гэрч С.Ц-йн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын эхээр Энхцэцэг эгч над руу утсаар яриад зарах хонь байна уу гэхээр нь би байна гэсэн. Тэгээд ирж авна гэхээр нь та маргааш ирж ав гэсэн чинь маргааш нь Э.А- гэдэг залуу Энхцэцэг эгчийн хүүхэдтэй ирж надаас улаан зүсмийн нас нийлж байгаа эр хонь аваад явсан. Тэгээд надтай утсаар ярихдаа мөнгийг нь дараа өгье гээд байдаг байсан. Нилээд хэд хоногийн драа Энхцэцэг эгч надтай уулзаж мөнгө авах гээд очиход Энхцэцэг эгч Адъяням нар байсан. Энхцэцэг эгч надад өндөр шилтэй Чансаа гэдэг 0.75 грамттай нэг шил архи, бор савлагаатай том пиво 1 ширхэг, саарал өнгийн Эл Ди гэдэг тамхи нэг хайрцагийг өгсөн. Би бас М.Д- гэдэг хүнд нэг борлон зарсан байсан. Тэр мөнгөө авах гээд нилээн хэд хоногийн дараа дэлгүүрт нь очиход М.Д- эгч, эгч нь дэлгүүрээсээ архи, тамхи, пиво, тамхи алдсан гээд ярихаар нь Энхцэцэг эгч Чансаа гэдэг архи бас том пиво, тамхи зэрэг өгсөн гэсэн чинь тэгвэл уусан архины чинь шил байгаа бол аваад ирээч гэхэд нь уг архиа уусан газар болох дутуу баригдсан эзэнгүй хашаан дотроос архиныхаа шилийг аваад М.Д- эгчид аваачид өгөхөд миний алдсан архи мөн байна гэсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50-р тал/,
Гэрч Б.Э-йн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 08 сарын эхээр байх сар өдрийг нь сайн мэдэхгүй байна. М.Д- эгчийг жимсэнд манай хүү хүргэж өгсөн. Маргааш нь би хүүтэйгээ хамт жимсэнд яваад би хүүтэйгээ шөнө орж ирсэн. Шөнийн 01 цаг өнгөрч байхад манайд Э.А- нэлээн согтуу нэг том пиво уусан бололтой нэг тал пиво барьсаар орж ирсэн. Тэгээд надад хэлэхдээ би М.Д- гэдэг хүний дэлгүүрээс архи, пиво авчихлаа гэсэн өврөөсөө нэг том шилтэй архи гаргаж ирээд тэрийгээ ууж чадаагүй үүдэнд унтаад өгсөн. Өглөө босож ирэхээр нь чи Дүүгээ эгчийн дэлгүүрээс архи, пиво авсан нь үнэн юм уу гэхэд үнэн үнэн гэсэн. Тэгэхээр нь чи наад юмнуудаа авчиж өгөөч гэхэд юм хэлээгүй 11 цаг өнгөрч байхад манайхаас явсан. 4/2 хэмжээтэй морины зурагтай хивс манай хивс байгаа юм. Э.А- надаас мөнгө зээлүүлээч М.Д- гэдэг хүний хохирлыг барагдуулах гэсэн чинь мөнгө байхгүй байна гэхээр нь би энэ хивсээ 400.000 төгрөгөнд бодож Э.А-д зээлүүлсэн. Э.А- М.Д-тэй уулзахдаа хохирлын мөнгөний оронд хивс оролцуулж өгье гэхэд М.Д- гэдэг хүн тэг тэг гэж зөвшөөрсөн гэсэн. Надаас хивс авсны сарын дараа Э.А-ын ээж нь надад 400.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58, 65-р тал/,
Гэрч Г.В-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...08 сарын эхээр байхаа сайн мэдэхгүй байна М.Д- хөдөө жимсэнд явах гэж байна. Та нааш, цаашаа явахдаа манай хашааг сайн харж байгаарай гэж хэлээд хөдөө явсан. Тэгээд жимсэнд явсны маргааш би ач хүүгээ талханд яваад ирээч гэсэн удалгүй Дүүгээ эгчийн цонх онгорхой байна гэсээр ирсэн. Тэгэхээр нь би очоод үзэхэд үнэхээр онгорхой байсан. Тэгээд би багийн засаг дарга, олон нийтийн байцаагч нарт давхар хэлээд хулгай орсон гэх байшин луу явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-р тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10-р тал/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14-18-р тал/,
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон тайлан /хх-ийн 89-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Э.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Э.А- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 106-р тал/-аар,
Шүүгдэгч Э.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч нь 520.000 төгрөгний бэлэн мөнгө, 445.810 төгрөгний эд зүйл хулгайлсан ба вакум цонх гэмтээсний 88.600 төгрөгний хохирлыг нэмж нийт 1.054.410 төгрөгний хохирол учруулсанг нөхөн төлсөн байна.
Шүүгдэгчийн ял шийтгэлийг түүний хувийн байдал болон багийн засаг даргын тодорхойлолт зэргийг үндэслэн хорих ялын доод хэмжээгээр шийтгэж, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 1738002260126 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь 7 хоног цагдан хоригдсон болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э.А-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.А-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн урьдчилан цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-д урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ