| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 2319000000194 |
| Дугаар | 2024/ДШМ/04 |
| Огноо | 2024-01-08 |
| Зүйл хэсэг | 17.2.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2024/ДШМ/04
2024 01 08 2024/ДШМ/04
И.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор: Б.Дашням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/188 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Б.Дашнямын эсэргүүцлийг үндэслэн, И.Бд холбогдох 2319000000194 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Ц овогт И.Б , Монгол Улсын иргэн, *.
2. Холбогдсон хэргийн товч агуулга:
3. Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц овогт И.Б ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч И.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бд оногдуулсан Зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрээс яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч И.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгааг гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
5. Прокурор Б.Дашням эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Бд холбогдох хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн зүйчилж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгөд хүч хэрэглэж авахаар довтолсон үйлдэл байдаг. Энэ үйлдлийг хиймэгц төгсдөг ийм гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Энэ нь бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийллээр үйлдэж хүний өмчлөх эрхэд халдахаас гадна амь биед аюултай нөхцөл байдлыг үүсгэдэг. Мөн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь хохирогчийн бие махбод болон сэтгэл зүйд учирч буй хор уршгаараа тухайн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээс ялгагддаг. ...Б нь сэтгэл зүй болоод үргэлжлүүлэн бие махбодод нь халдаж гар утсыг нь авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэж үзсэн. Мөн хохирогчийг зүй бус үгээр айлган дарамталсан үйл явдлын талаар хохирогч мэдүүлдэг. Мөн Бд 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 69 дугаартай шүүгчийн захирамжаар Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэтэл шүүх шийтгэх тогтоол дээр тухайн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлээгүй зөвхөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн. Шүүгдэгч Бны тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчлэлийг хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс утсыг авсан энэ үйлдлийг түүнээс хойш хийсэн үйлдэл гэж үзэж байгаа. Гэмт хэрэг нь тодорхой цаг хугацаанд үргэлжлэн үйлдэгддэг онцлогтой гэмт хэрэг. Ингэхдээ хөнгөнөөс хүнд рүү шилждэг ийм онцлогуудтай байдаг. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Бны үйлдэл холбогдолд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж хэргийн зүйчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн байгаа. Анхан шатны шүүх таслан сэргийлэх арга хэмжээг анх хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэх боломжтой гэж байгаа. Гэтэл хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг нэмэлтээр авсан. Тэгэхээр энэ таслан сэргийлэх арга хэмжээг бүтэн зааж өгөөгүйгээрээ хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа зорчих эрх хязгаарлах ялыг зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах чиглэлээр хариуцлагын үр нөлөөг алдагдууллаа гэсэн зүйл ярьж байна. Гэтэл Эрүүгийн хэргийн ерөнхий хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээс тогтоосон зорчих чиглэлийг шүүх шийдвэртээ маш тодорхой заагаад өгсөн. Эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах нөхцөлөөс бусад заалтад Мандах сумаас гадагшаа гарах эрхгүй байхаар хязгаарласан. Ялын үр нөлөө алдагдаж байгаа зүйл харагдахгүй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямын эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/188 дугаартай шийтгэх тогтоолтой хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ.
1.Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн баримтуудаар 2023 оны 06 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Дорноговь аймгийн * сумын 8 дугаар баг, “Залуус” хорооллын гадна шүүгдэгч И.Б нь хохирогч Б.Бын “Ipone6” маркийн гар утас, мөнгөн гинжийг илээр, цохих, өвдөглөх зэргээр зодон авч, бусдад 470,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон, прокуророос шүүгдэгчийн энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
2.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
3.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг прокурор эс зөвшөөрч “...хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн, ...шүүгдэгчид урьд нь Монгол Улсын хилээр гарахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсныг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан, ...шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хил хязгаарыг тодорхой, нарийвчлан тогтоож өгөөгүй” гэсэн үндэслэлүүдээр эсэргүүцэл бичсэн.
4.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж давж заалдах шүүх үзсэн. Учир нь:
Анхан шатны шүүхийн “...хохирогч Б.Бын эзэмшлийн гар утсыг авахдаа илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан байна” гэсэн дүгнэлт нь нотлох баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх нөхцөл болсон.
Мөн шүүгдэгчид 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээ /хх 87-88/ авагдсан байсныг анхаараагүй буюу шүүгдэгчид шийтгэх тогтоол гарахын өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэхийг шийдвэрлэх байсныг орхигдуулсан.
5.Эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлүүд болсон тул энэ үндэслэлээр гаргасан прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/188 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд хэргийг буцааж, прокурор Б.Дашнямаас гаргасан эсэргүүцлийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ
А.САЙНТӨГС