| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2017/0036/э |
| Дугаар | 40 |
| Огноо | 2018-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 40
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Х.Энхтуул,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,
Шүүгдэгч: Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогтой Г-ийн Д-д холбогдох эрүүгийн 1835000420046 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 9-р багт оршин суух, гавъяа шагналгүй, РД:ОО84040677, Б ургийн овогтой Г-ийн Д.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 9-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Д-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Г.- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар :
Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 9-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Д-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Д-ийн: “Би 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 18 цагийн орчим гэртээ бууз хийх гээд махаа татчихаад гурил зуурч бэлдэх гээд байж байтал манай нөхөр Д “Чи одоо цай чанаадах” гэж хэлэхээр нь би “Цай байгаа, данх болон халуун саванд дүүрэн цай байгаа” гэж хэлэхэд “Чамайг би дахиад цай чана гэж байна. Яадаг муу яатуу вэ” гээд босож ирээд миний үснээс зулгааж чирээд гараараа миний шанааны зүүн хойд хэсэгт 2 удаа цохисон. Мөн баруун нүд тус газар гараараа 1 удаа цохиход нь би орон дээр унахад дээрээс дарж байгаад аманд сонгино чихээд баруун шанаанд гараараа 1 удаа цохисон. Тэгээд толгойг минь гараараа дарж байгаад аманд чихсэн сонгиноо аваад “Чи муу гарч зайл” гээд хөөхөөр би айгаад гэрээсээ гараад ээжийнхээ гэр лүү гүйсэн. Манай ээжийнх манай гэрээс 8 орчим км бөгөөд би ээжийн гэрт очсон. Тухайн үед нөхөр Д архи уугаагүй байсан. Ер нь Д архи дандаа уудаг бөгөөд уусан үедээ намайг дандаа хэл амаар доромжилж зоддог юм. Нөхөр Д намайг зодож байсан талаар миний зүгээс болон манай ар гэрээс цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Мөн би урьд өмнө нь нөхөртөө зодууллаа гэж эмнэлэгт хандаж байгаагүй. Сүүлд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт тархины зураг авхуулж, гэмтлийн эмчид үзүүлж оношлуулсан. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,
гэрч Д.С-ийн өгсөн “Д нь миний төрсөн дүү юм. Би Д, Д нарын хажууд байнга байдаггүй болохоор Д нөхөртөө зодуулж байсан талаар мэдэхгүй байна. Харин Д “Намайг нөхөр зодлоо, гэрээсээ хөөлөө” гэж манай ээжид олон удаа хэлж байсан гэсэн. Хамгийн сүүлд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны орой Д “Нөхөртөө зодууллаа, манай нөхөр намайг гэрээсээ хөөгөөд байна. Би нөхрөөсөө салмаар байна” гээд ээжийн гэрт ирэхээр нь би “Өөрсдөө шийдэж байгаа бол тэг ” гэж хэлсэн. Өмнө нь Дийн нөхөр Дийг зодож биед нь гэмтэл учруулж байсан талаар би мэдэхгүй байна. Д л “Манай нөхөр намайг зодлоо” гэж хэлж байсан. Дийг 2014 онд нөхөртөө зодуулж, тархиндаа гэмтэл авч эмчилгээ хийлгэж байсан талаар би мэдэхгүй байна. Тухайн үед Д ухаан алдаад Улаанбаатар хот руу эмчлүүлэхээр манай ээж, Дийн нөхөр 2 Дийг аваад явж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,
гэрч Д.С-ийн “Би 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20.00 цагийн үед гэрийн гадаа малдаа өвс өгөөд байж байтал урд зүгээс “Сандаг ахаа” гэж орилох дуу гарахаар нь би өмнөөс нь явж очиход миний дүү Д “ Би төөрчихлөө” гэж хэлсэн. Тэгээд би дүү Д-ийг гэртээ авч ороод юу болсон талаар асуухад “Манай нөхөр үснээс татаж, толгой тус газар цохиж, ам руу сонгино чихэж зодлоо” гэж хэлсэн. Намайг байхгүй үед Д нөхөртөө зодуулаад ээжийнд ирж хоноод явсан талаар би сонсож байснаас нөхөртөө зодуулаад бэртсэн, гэмтсэн талаар би мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,
гэрч Д.Д-ийн “Миний охин Д нь айлын хамгийн бага нь юм. 2007 онд Д гэгчтэй гэр бүл болсон. Би охиноо нөхөртөө зодуулж, дарамтлуулсан тухай 2012 оноос хойш сонсож байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн орой 20 цагийн үед манай охин Д даарчихсан явган гүйж ирсэн. Тэр надад “Манай нөхөр намайг үсдээд толгой руу цохиж зодлоо” гэж хэлсэн. Би Дийг нөхөртөө зодуулж байхыг нь харж байгаагүй бөгөөд “Нөхөртөө зодуулчихлаа” гэж хэлээд манай гэрт гүйж ирдэг байсан. Сүүлд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Нөхөртөө зодуулчихлаа” гэж ирэхэд Д-ийн биед ил харагдах шарх байгаагүй. Миний охиныг зодож гэмтэл учруулсан Д-д гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,
гэрч Б.Э-ын “Миний 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан оношыг үзвэл нүдний уг дурандах, толгойн компьютерт харуулах, биед илэрсэн эмнэл зүйн шинж тэмдэг зэргийг үндэслэн тархины доргилт гэдэг онош тавьсан байна. Д-ийн тархины доргилт гэмтэл нь урьд үүссэн байх боломжгүй, шинээр үүссэн гэмтэл байсан. 2013 оны 09 дүгээр сард тархины цус харвалтын улмаас гавал тархины хагалгаанд орж байсан өвчинтэй холбоогүй. Тархины доргилт гэмтэл нь бүрэн эмчилгээ хийлгэвэл 14-21 хоногийн хугацаанд эдгэх гэмтэл юм” гэх мэдүүлэг /хх-ийн 51/,
гэрч Ц.Ц-гийн “Би Увс аймгийн Тэс сумын 9-р багийн засаг даргаар 1 жил орчим ажиллаж байна. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн орчим Д нь “Намайг манай нөхөр зодсон. Би энэ хүнээс гэрлэлтээ цуцлуулмаар байна” гэж ээж Д-гийн хамт надтай ирж уулзсан. Тэгээд би Д-т “Хуулийн байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлэх хэрэгтэй” гэж хэлээд Тэс сумын цагдаагийн хэсэгт өргөдөл гаргуулсан юм. Надтай уулзах гэж ирэхэд Д-ийн биед ил харагдах шарх байгаагүй. Харин баруун шанаанд нь хонхорхой байсныг заагаад “Манай нөхөр намайг энд цохисон. Мөн үсдэж аваад амруу сонгино чихсэн” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,
шинжээч эмч О.П-гийн “Би 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дэслэгч Т-ын шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу Д овогтой Д-ийн биед үзлэг хийж, шаардлагатай нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, холбогдох шинжилгээ хийгдсэний үндсэн дээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах дүгнэлт гаргасан. Д-ийн тархинд үүссэн доргилт гэмтэл нь 2013 оны 09 дүгээр сард тархины цус харвалтын улмаас гавал тархины хагалгаанд орж байсан гэмтэлтэй холбоогүй. Гэхдээ тархинд хуучин голомтод үлдэц өөрчлөлт /уйланхай/ байсан учраас тодорхой хэмжээгээр гадны хүчин зүйл нөлөөлсөн байх боломжтой. Д-ийн биед 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үүссэн их тархины доргилт гэмтэл нь бие даасан гэмтэл мөн” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/,
шүүгдэгч Г.Д-ны мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Тэс сумын төв явахдаа эхнэр Д-т “Адууны мах гаргаж тавиад махаа татчихаарай” гэж хэлчихээд яваад орой 22 цагийн орчим гэртээ ирээд хартал Д махаа татаагүй хэвээрээ байсан. Тэгээд тэр үед юм хэлэлгүй амарчихаад маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 18-ны 11 цагийн хониндоо явахдаа Д-т “Махаа татчих” гэж дахин хэлээд явсан. Тэгээд хониноосоо 14 цагийн орчим гэртээ иртэл махаа татаагүй байсан тул би өөрөө буузны махаа татсан. Тэгээд хониндоо явчихаад 15 цаг өнгөрөөд хонио орхичихоод буцаж гэртээ ирээд махны өөх татчихаад сонгины хальс арилгаад сууж байгаад эхнэр Д-т хандаж “Цай чанаад авчих. Одоо бууз хийлцэх хүмүүс ирж байгаа” гэхэд “Цай чанаж чадахгүй” гээд уурласан. Тэгэхээр нь би “Одоо байгаа цай хүрэхгүй. Дахиад нэмээд чанаадахаач” гэж хэлтэл Д надтай хэрүүл хийгээд над руу түлээний мод аваад шидэхээр нь би авч шидээд байсан модноос нь холдуулах гээд ор луу түлхэж унагаасан. Тэгтэл Д босож ирээд надаас зуураад авахаар нь би сонгино барьчихсан байсан гараараа биенийх нь хаана нь түлхсэнээ сайн санахгүй байна түлхтэл газарт өгзөгөөрөө суусан. Тэгээд би Дт хандаж “Чи зүгээр суудаг амралтын газраа очвол оч” гэж хэлэхэд Д хувцсаа өмсөөд гэрээс гараад явсан. Уг явдал гэр дотор 16 цагийн орчим болсон бөгөөд хажууд хүн байгаагүй. Би урьд нь эхнэрээ зодож байсан удаа байхгүй хэрүүл, маргаан бол гарч байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,
Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №92 дугаартай: “Иргэн Д.Д-ийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, толгойн хуйханд эмзэглэлтэй зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 55/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Д-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Д-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Г.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Д нь хохирогч Д.Д-ээс уучлалт гуйж, эвлэрсэн, хохирогч Д.Д нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болох нь түүний шүүхэд гаргасан “Миний бие гаргасан гомдлоо буцаан авах хүсэлт тавьсан билээ. Миний энэхүү гомдол нь гэр бүлийн өчүүхэн маргаанаас болж, уурандаа өгсөн гомдол юм. Бид одоо эвлэрсэн бөгөөд цаашид ийм асуудал гаргахгүй гэдгээ амалж байна. Мөн урьд өмнө нь намайг дарамталж, зодож гэмтэл учруулж байгаагүй болно. Тиймээс бидний маргааныг ял шийтгэл оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлтээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Г.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Г.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах буюу хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн зэрэг нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б ургийн овогтой Г-ийн Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь торгох ялыг хуульд заасан хугацаанд төлж биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН