| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 2319002290260 |
| Дугаар | 2024/ДШМ/05 |
| Огноо | 2024-01-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2024/ДШМ/05
2024 01 08 2024/ДШМ/05
Ц.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор: Ц.Цэрэндулам,
Шүүгдэгч: Ц.Б ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: З.Алтанцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж хийсэн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны 2022/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Бд холбогдох 2319002290260 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Ц.Б , *.
2. Холбогдсон хэргийн товч агуулга:
3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас шүүгдэгч Ц.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
4. Анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Б овогт Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хулгайлах гэмт хэргийг бусдын тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б ийн цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд оруулах тооцож,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Nike гэсэн шар өнгийн бичиглэлтэй, наалддаг зангуутай цэнхэр өнгийн резинэн углааш 1 хосыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
Энэ хэрэгт хураагдсан битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Шүүгдэгч Ц.Бд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн. Бн хувьд өөрийн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн хүлээн зөвшөөрч, маргадаггүй. Анхан шатны шүүхэд өмгөөлөгчийн зүгээс нотлогдвол зохих байдал нотлогдоогүй байна гэдгээр маргаж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргаж байсан. Гэхдээ энэ нь Бн гэм буруугийн тал дээр маргаж байна гэж үзэх үндэслэл болохгүй. Харин Бд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал анх удаа гэмт хэрэг үйлдсэн хохирол төлбөрөө нөхөн төлсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эдгээр нөхцөл байдал байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал нурууны суулт өвчлөлтэй, гэмт хэргийн хор уршиг, хохирол төлбөрийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийдвэрээр оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Гомдлоо дэмжиж оролцож байна.” гэв.
6. Шүүгдэгч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Тайлбар байхгүй.” гэв.
7. Прокурор Ц.Цэрэндулам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Бд холбогдох хэрэгт түүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байдаг. Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан дээр Батмөнх гуай өмгөөлөгч авч тухайн хүсэлтээсээ татгалзсан. Өөрөөр хэлбэл хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй тул нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах нь зүйтэй гэж үзсэн учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй, хангагдахгүй байна гэж үзэж шүүх ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шийдсэн. Гэвч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан нөхцөл байдал хангагдаж байна гэж үзэж хөнгөрүүлж шийдвэрлэсэн. Прокуророос Батмөнх гуайг анх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нөхцөл байдлыг харгалзан үзэж гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал байдаг юм байна гэж үзэж давж заалдах шатны шүүхэд прокурорын эсэргүүцэл бичээгүй. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг гаргахдаа хуулийн хүчин төгөлдөр хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн. Түүний агуулга бүтэц хуульд заасан үндэслэл журмыг бүрэн хангасан гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Б ийн өмгөөлөгч С.Шинэбаярын давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолтой хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 07 дугаар сарын 01-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Алтанжолоогийн 4-р гудамжны 402 тоотод орших Н.Сын хашаанд байх цоожтой амбаарын цоожийг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч гар дрилл хулгайлж бусдад 105,600 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон ба прокуророос шүүгдэгчийн энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
2.Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б ийг хулгайлах гэмт хэргийг бусдын байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяраас эс зөвшөөрч “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан ялыг хөнгөрүүлж оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлж 1 жил болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.
3.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүхээс шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж үзсэн.
4.Шүүгдэгч Ц.Б ийн “... санаж байгаа зүйл гэвэл би хаанаас авсан нь үл мэдэх улаан өнгийн хайрцагтай батарейгаар ажилладаг гар дрилл барьчихсан явж байсан, тухайн үед Сайншанд сумын 2 дугаар баг, гэр бүлийн талбайн урд зогсоол дээр үл таних хүнд 20,000 төгрөгөөр зарсан” гэж өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх 16/,
хохирогч З.Оны “ 2023 оны 07 дугаар сарын 01-ны өдөр амбаарын хаалга эвдэж орох үедээ ... 130,000 төгрөгөөр худалдан авч байсан баттерейгаар ажилладаг гар дрилл хулгайд алдагдсан” гэсэн мэдүүлэг /хх 9/,
эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэргээр шүүгдэгч Ц.Б ийн үйлдсэн хулгайн гэмт хэрэг тогтоогдсон ба шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 дах хэсгийн 2.1-д тус тус заасан “ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол, ...энэ гэмт хэргийг ... орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэх хулгайлах гэмт хэргийн шинжүүдэд нийцсэн.
5.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “...хоёр жилээс найман жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ялаас анхан шатны шүүх шүүгдэгчийн насны байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршиг болон улсын яллагч, өмгөөлөгчийн санал зэргийг тус тус харгалзан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” тухай журмын буюу Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан ялыг хөнгөрүүлж шүүгдэгч Ц.Бд 1 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Иймд анхан шатны шүүх шүүгдэгчид хуульд заасан ялаас доогуур хөнгөн ял оногдуулж болох Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн тул давж заалдах шатны шүүх ялыг дахин хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй юм.
6.Иймд энэ үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаярын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаярын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Б ийн цагдан хоригдсон 46 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ
Н.БОЛОРМАА