Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2025/0451

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З******* ХХК /РД:*******/

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны А/62 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нарын хоорондын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд нөхөх олговор хүссэн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал газрын тосны газрын татгалзлыг хүчингүй болгуулах, уг тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газарт уламжлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг тус Ажлын хэсэгт даалгах маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны А/62 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч З******* ХХК нь тус компанийн эзэмшлийн XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд нөхөх олговор хүссэн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал газрын тосны газрын татгалзлыг хүчингүй болгуулах, уг тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газарт уламжлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны А/62 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэгт даалгах-аар маргаж байна.

  1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар:

2.1 Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 673 дугаар шийдвэрээр Булган аймгийн Б*******, Сэлэнгэ сумдын нутаг Х******* нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын ХВ-0******* дугаар тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгчид олгосноор тус компани нь 2011 оноос 2014 оны ээлжит жилийн төлбөрөө төлж зохих журмын дагуу эзэмшиж байсан,

2.2. Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбай хил заагийг тогтоох тухай 300 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан Эрдэнэтийн зэс, молибдений ордын талбайн хил зааг-тай З******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХВ-0******* тусгай зөвшөөрлийн 23534.85 гектар талбайг бүхэлд нь хамруулж, тус талбайг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 69 дүгээр шийдвэрээр "Э*******" ТӨҮГ-т олгосон,

2.3. 2022 онд З******* ХХК тус шүүхэд ...2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №10/21 тоот албан бичгээр болон 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №05/22 тоот албан бичгээр гаргасан ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль, журамд нийцүүлэн хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан,

2.4. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2022/0567 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2022/0651 дүгээр магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 79 дүгээр тогтоолоор дээрх шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн,

2.5. Уг тогтоолд ...Өмнө дурдсан Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын албан ёсны тайлбар-ын 3-т Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан үндэслэлээр улсын тусгай хэрэгцээнд авсан бөгөөд нөхөх олговорт энэ зүйлд заасан талбай олгох талаар Засгийн газрын шийдвэр гараагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу нөхөх олговрыг мөнгөн дүнгээр тооцуулах хэлбэрээр авах боломжийг өөрт хадгалагдсан гэж ойлгоно гэж тайлбарласан, нөхөх олговрын асуудлаар шийдвэр гаргах болон уг асуудлаар маргах бол шүүхийн энэхүү шийдвэр саад болохгүйг дурдаж шийдвэрлэсэн байна.

2.6. Маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/376 дугаар албан бичгээр ...ХВ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь...Эрдэнэтийн зэс, молибдений ордын талбайн хил зааг-тай бүхэлдээ хамаарч байна...тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаарх мэдээлэл бэлтгэх, тооцоо судалгаа хийх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг 2019 оноос хойш байгуулан ажиллаж...зөвхөн шүүхийн шийдвэртэй аж ахуйн нэгжийн хүсэлт холбогдох баримт материалыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу Засгийн газраас шийдвэр гаргуулахаар уламжилж байгаа тул танай хүсэлтийг шууд уламжлах боломжгүй гэх хариуг нэхэмжлэгчид өгчээ.

3. Нэхэмжлэгч З******* ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж үйлчилж буй Ашигт малтмалын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, бусад хууль, тогтоомжуудад зааснаар төрийн захиргааны байгууллагаас нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад уламжлахад заавал шүүхээр шийдвэрлүүлсэн байх шаардлагыг тусгаагүй бөгөөд хуулиар зохицуулаагүй, хууль бус үндэслэлээр манай компанийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул тус компанийн нөхөх олговор авах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2025.01.27-ны өдрийн 1/376 тоот албан бичгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын 2025.01.27-ны өдрийн 1/376 тоот албан бичгийг хүчингүй болгох нэхэмжлэгчийн гол ашиг сонирхол байгаа ба гагцхүү хариуцагчийн буруутай захиргааны үйл ажиллагаанаас шалтгаалж, нөхөн олговор авах эрхээ эдэлж чадахгүй байна.

-Даалгах шаардлагын тухайд, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын УУХҮЯ-д хүргүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №03/4563 тоот албан бичгээр ... З******* ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрөлтэй талбайг давхцуулан Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай Засгийн газрын 2018 оны 300 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар Эрдэнэтийн зэс, молибдений ордын талбайн хил заагийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан тухайн тусгай зөвшөөрөлтэй талбайн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэх албан бичгийг тус яаманд ирүүлсэн байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 16 дахь заалтад заасны дагуу геологи, эрдэс баялгийн бодлого болон геологи, эрэл хайгуул, судалгааны зохицуулалтын асуудал нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудалд хамаарах тул өмгөөлөгч Б.Бэс ирүүлсэн хүсэлтийг танай яаманд үүгээр уламжилж байна. Дээрх хүсэлтийг судлан үзэж, зохих хариуг хүргүүлэхийг хүсье. гэсэн хариуг,

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /Хуучин нэрээр/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 03/1325 тоот албан бичгээр ... З******* ХХК-ийн нөхөх олговрыг мөнгөн хэлбэрээр шийдвэрлэх боломжгүй нь тодорхой байх тул АМТХ-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу нөхөх олговроор талбай дүйцүүлэн авах хүсэлтийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх талаар санал боловсруулж ирүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны А/62 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэгт уламжилж байна гэсэн хариуг,

Эдийн засаг, хөгжлийн сайдын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад хүргүүлсэн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01/1487 тоот албан бичгээр "... Гомдол дурдсанаар З******* ХХК-ийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрөл бүхий талбайг Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 300 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан Эрдэнэтийн зэс, молибдений ордын талбайн хил заагийг шинэчлэн тогтоох замаар Э*******т өгсөн байна. Нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ажиллаж, Сангийн яаманд нөхөн олговрыг олгуулах хүсэлтийг хүргүүлсэн байна. Мөн тус компанийн өмгөөлөгчийн зүгээс АМТХ-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтаар нөхөн олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан ч хариу өгөөгүй тухай дурдсан байна. Иймд гомдлын дагуу холбогдох тайлбар, мэдээллийг ирүүлэн хамтран ажиллана уу гэсэн хариуг,

2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/1762 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газраас 2024 оны 1/3715 дугаартай албан бичгээр ирүүлсэн тайлбар, мэдээлэлд Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон хүсэлтийг З******* ХХК дахин гаргах шаардлагатай эсэх, энэ талаар тус компанид мэдээлсэн эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн З******* ХХК-иас Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтаар ашигт малтмалын талбайг дүйцүүлэн олгуулах хүсэлтийг 2021 оноос удаа дараа тавьсныг анхаарах нь зүйтэй байна. Иймд гомдлыг судалж, хөрөнгө оруулагчийг хохиролгүй болгох арга хэмжээг яаралтай авч ажиллах хүсье" гэсэн хариуг тус тус ирүүлээд байна.

Мөн хариуцагч талаас манай компанид нөхөн олговор олгох талаар маргадаггүй, нөхөн олговрыг олгох асуудалтай холбогдуулан АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга бөгөөд ажлын хэсгийн ахлагчаас 2025.01.24-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 10/367 дугаар албан бичгээр ... Иймд тус газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт холбогдох хүсэлт, мэдээллийг ирүүлнэ үү. гэх мэдэгдлийг ирүүлснээс үзэхэд манай компанид нөхөн олговор олгохгүй гэж маргахгүй байгаа нь тодорхой харагдаж байгаа бөгөөд харин ... шүүхийн шийдвэртэй аж ахуйн нэгжийн хүсэлт холбогдох баримт материалыг Засгийн газраас шийдвэр гаргуулахаар уламжилж байгаа тул танай хүсэлтийг шууд уламжлах боломжгүй. гэж татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

...Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ХЭГ/3038 тоот албан бичиг, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ХЭГ/1385 тоот албан бичиг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/1410 тоот албан бичгээр өгсөн чиглэлийн дагуу АМГТГ-ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/62 тоот тушаалаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд хууль, тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуйн нэгжүүдэд нөхөх олговрыг АМТХ- ийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлэхэд шаардлагатай мэдээлэл бэлтгэх, тооцоо судалгаа хийх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна.

Гэтэл хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь нэхэмжлэгчийн нөхөн олговор авах хуульд заасан эрхийг хязгаарлаж Нөхөн олговрын асуудлыг хэлэлцэн тохиролцох үүрэг бүхий ажлыг хэсэг зөвхөн шүүхийн шийдвэртэй аж ахуй нэгжийн холбогдох баримт материалыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу Засгийн газраас шийдвэр гаргуулахаар уламжилж байгаа тул танай хүсэлтийг шууд уламжлах боломжгүй байна гэх хариуг өгч Засгийн газарт уламжлахгүй эс үйлдэхүй гаргаж байгаад гомдолтой байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно. гэж заасан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын 2025.01.27-ны өдрийн 1/376 тоот албан бичиг нь нэхэмжлэгчийн нөхөн олговор авах асуудлыг Засгийн газарт уламжлахгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан, мөн шүүхийн шийдвэргүй тул уламжлахгүй гэх үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй хариу өгч байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газраас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...ХВ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 300 дугааp тогтоолоор батлагдсан Эрдэнэтийн зэс-молибдений ордын хилийн заагтай бүхэлдээ, Э******* ТӨҮГазрын эзэмшлийн ашигт малтмалын XV-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай 22240.27 га талбайгаар хэсэгчлэн, Усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй 1838.80 га талбайгаар хэсэгчлэн, Ойн сантай 18760,14 га талбайгаар хэсэгчлэн тус тус давхцалтай байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно гэж хуульчилсан.

Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн нийт шүүгчдийн хуралдааны 13 дугаар тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын тайлбарын 1-т Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авах талаар Улсын Их Хурал болон Засгийн газраас хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр нь уг шийдвэрийн улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүссэн үр дагаврыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу нөхөх олговрын журмаар шийдвэрлэх, ингэхдээ харилцан тохиролцсон бол өөр талбай-г дүйцүүлэн олгох үндэслэл болно гэж заажээ.

Булган аймгийн Б*******, Сэлэнгэ сумдын нутагт орших Х******* нэртэй 23534.85 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-0******* дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан З******* ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг үндэслэн нөхөн олговор авах эрхгүй байна. Иймд нэхэмжлэгч З******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

5. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны А/62 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Булган аймгийн Б*******, Сэлэнгэ сумдын нутаг Х******* нэртэй талбайг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /хуучин нэрээр/-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 673 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХВ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх олгосон.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно. гэж заасны дагуу Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор Усан сангийн хамгаалалтын бүс, ойн сан, гол мөрний урсац бүрэлдэх эхийн хил заагийг тогтоосонтой х*******той ашигт малтмалын хайгуулын ХВ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

З******* ХХК-иас 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 04/14 дүгээр албан бичгээр ...ашигт малтмалын хайгуулын ХВ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын дагуу усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцал үүсээд байгаа тул 2014 оны хайгуулын ажил явуулах төлөвлөгөөг батлах боломжгүй гэсэн хариу АМГ-ын Геологийн албанаас өгсөн..., ...Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор уг талбай нь давхцалтай тул цаашид үйл ажиллагаа явуулах эсэх нь тодорхойгүй болоод байгаа бөгөөд талбайд хийгдсэн ажлуудын хэмжээ, гаргасан зардлуудыг харгалзан үзэж цаашид хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд геологи хайгуулын судалгааны ажлыг үргэлжлүүлэн явуулах боломж олгох талаар... хүсэлт ирүүлсэн.

Хүсэлтийг судлан үзээд Ашигт малтмалын газрын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 4-2944 дүгээр албан бичгээр ... Булган аймгийн Б*******, Сэлэнгэ сумдын нутагт орших Х******* нэртэй XV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь усны эх бүхий газрын хилийн заагт байгаа тул 2014 онд гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөөг хуульд заасны дагуу баталгаажуулах боломжгүй... талаар З******* ХХК-д хариу хүргүүлсэн.

Мөн Ашигт малтмалын газрын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4-6422 дугаар албан бичгээр ... Кадастрын бүртгэлийн хэлтсийн мэдээллийн санд шалгуулахад XV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбайд бүрэн давхцалтай байна. Иймд танай XV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажлын төлөвлөгөө батлах боломжгүй болно... гэж З******* ХХК-д мэдэгдсэн.

Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбай хил заагийг тогтоох тухай 300 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан Эрдэнэтийн зэс, молибдений ордын талбайн хил зааг-тай З******* ХХК-ийн Булган аймгийн Б*******, Сэлэнгэ сумдын нутагт Х******* нэртэй газарт олгогдсон 23534.85 гектар ашигт малтмалын хайгуулын ХВ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь хамруулж, тус талбайг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 69 дүгээр шийдвэрээр Э******* ТӨҮГ-т олгосон байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны /хуучин нэрээр/2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/3494 дугаартай албан бичгээр ... Засгийн газрын 2018 оны Стратегийн ашигт малтмал бүхий зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай 300 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар Эрдэнэтийн зэс молибдений ордын талбайн хил заагийг 246504,22 га солбицлоор баталсан байна. Уг ордын талбайн хил заагийг тогтоохдоо Э*******ийг цаашид ажиллуулах нөхцөл бололцоог бүрдүүлэх, уг үйлдвэрт ашиглах ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор З******* ХХК-ийн ХВ-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг түүнд бүрэн хамруулсан байна. Эрдэнэтийн зэс молибдений ордын талбайн хил заагт хамрагдсан хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг үндэслэн дээрх зориулалтаар төрийн мэдэлд авахаар болсон ба З******* ХХК-ийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий төрийн байгууллагад хандаж хүсэлтээ шийдвэрлүүлэх нь зүйтэй байна..." гэж тус компанид мэдэгдсэн байсан.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын /хуучин нэрээр/ 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Чиглэл хүргүүлэх тухай 01/1031 дугаартай албан бичгийг Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам-ыг баталсан. Уг журмын 4.1 дэх хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргах бөгөөд түүнд дараах бичиг баримтыг хавсаргана гэж заасан байдаг. Журмын 4.2 дахь хэсэгт Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх чиглэлийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн.

Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Нөхөх олговор олгуулах тухай 1/2477 дугаартай албан бичгээр З******* ХХК-ийн нөхөх олговор авах хүсэлтийг холбогдох бичиг баримтын хамт Сангийн яаманд хүргүүлсэн.

Сангийн яамны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Хүсэлт уламжлах тухай 03/4563 дугаар албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 16-д заасны дагуу геологи, эрдэс баялгийн бодлого болон геологи, эрэл хайгуул, судалгааны зохицуулалтын асуудал нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудалд хамаарах тул З******* ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасан дагуу нөхөх олговор авах хүсэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд /хуучин нэрээр /уламжилсан байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны /хуучин нэрээр/2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн "Гомдол шийдвэрлүүлэх тухай" 03/1325 дугаар албан бичгээр З******* ХХК-ийн нөхөх олговрыг мөнгөн хэлбэрээр шийдвэрлэх боломжгүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу нөхөх олговроор талбай дүйцүүлэн авах хүсэлтийг хууль тогтоомж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас /хуучин нэрээр/ өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх материалыг бэлтгэн ирүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын даргын 2023 оны А/62 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэгт чиглэл ирүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Асуудал шийдвэрлүүлэх тухай 02/586 дугаар албан бичгээр ... Гомдолд дурдсан асуудлыг судлан үзэхэд уг асуудлыг шийдвэрлүүлэхээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 03/1325 дугаар албан бичгийг Танд хүргүүлж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны А/62 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэгт уламжилсан байх тул хууль тогтоомжийн хүрээнд судалж, саналаа хүргүүлэх талаар холбогдох арга хэмжээ авах, цаашид...Ажлын хэсгийн үйл ажиллагаанд хяналт тавьж удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч, иргэн, аж ахуйн нэгжийн хөндөгдсөн эрхийг хууль тогтоомжийн хүрээнд хангах, төрийн үйлчилгээ, холбогдох шийдвэрийг шуурхай хүргэхэд анхаарч ажиллах... чиглэл өгсөн,

Мөн Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Гомдол шийдвэрлүүлэх тухай 01/1762 дугаар албан бичгээр З******* ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтаар ашигт малтмалын талбай дүйцүүлэн олгох хүсэлтийг анхаарч хөрөнгө оруулагчийг хохиролгүй болгох арга хэмжээг яаралтай авч ажиллах талаар чиглэл тус тус ирүүлсэн байна.

Дээрх чиглэлүүдийн дагуу Ажлын хэсгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10/367 дугаар албан бичгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нөхөн олговроор хэлэлцэн тохиролцох талбайг ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээний газарт хамаарахгүй талбайгаас бэлтгэн төрийн захиргааны байгууллагаас байгуулсан ажлын хэсэгт тохиролцоо хийх холбогдох мэдээллийг ирүүлэх талаар гаргасан З******* ХХК-д мэдэгдсэн.

Гэсэн хэдий ч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 1/376 дугаартай албан бичгээр ... Нөхөх олговрын асуудлыг хэлэлцэн тохиролцож шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг зөвхөн Засгийн газарт уламжлахыг даалгасан шүүхийн шийдвэртэй аж ахуйн нэгжүүдийн хүсэлт холбогдох баримт материалыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу Засгийн газраас шийдвэр гаргуулахаар уламжилж байгаа тул танай хүсэлтийг шууд уламжлах боломжгүй... талаар З******* ХХК-д мэдэгдсэн байх тул Ажлын хэсгийн зүгээс дээрх өгсөн мэдэгдлийн дагуу З******* ХХК-тай хэлэлцэн тохиролцох боломжгүй болсон болно.

Учир нь АМТХ-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д зааснаар шийдвэрлүүлэх гол эрх зүйн үндэслэл нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааны дагуу хийгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газраас АМТХ-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу нөхөх олговрын асуудлаар шүүхийн шийдвэртэй 12 аж ахуйн нэгжийн холбогдох материалыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн "Хүсэлт уламжлах тухай" 1/4066 дугаар албан бичгээр уламжилсан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу З******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХВ-0******* тоот тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр тохиролцож Монгол Улсын Засгийн газарт уламжлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцохыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны А/62 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсний эцэст Ажлын хэсгээс зохих ажиллагаа хийх болохыг үүгээр тайлбар болгон хүргүүлж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч З******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч З******* ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан З******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд нөхөх олговор хүссэн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/376 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, З******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газарт уламжлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны А/62 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэгт даалгуулах-аар маргаж байна.

Нэг. Нэхэмжлэлийн З******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд нөхөх олговор хүссэн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/376 тоот албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

1.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх нэхэмжлэгчид 2008 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 673 дугаар шийдвэрээр Булган аймгийн Б*******, Сэлэнгэ сумдын нутаг Х******* нэртэй талбайг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /хуучин нэрээр/-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын ашигт малтмалын хайгуулын ХВ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон, үүний дагуу нэхэмжлэгчээс хуульд заасан үүргээ зохих журмаар биелүүлж ирсэн, энэ талаар талууд маргаагүй.

1.2. Харин, Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбай хил заагийг тогтоох тухай 300 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан Эрдэнэтийн зэс, молибдений ордын талбайн хил зааг-тай З******* ХХК-ийн Булган аймгийн Б*******, Сэлэнгэ сумдын нутагт Х******* нэртэй газарт олгогдсон 23534.85 гектар ашигт малтмалын хайгуулын ХВ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь хамруулж, тус талбайг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 69 дүгээр шийдвэрээр Э******* ТӨҮГ-т олгосон болох нь тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар ч маргадаггүй.

1.3. Үүний дараа, дараахь огнооны дарааллаар нэхэмжлэгчийн нөхөх олговор авах хүсэлтийг төрийн захиргааны эрх бүхий байгууллагууд шийдвэрлэж байсан нь тогтоогдов. Үүнд:

- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны /хуучин нэрээр/ 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/3494 дугаар албан бичгээр ... Засгийн газрын 2018 оны Стратегийн ашигт малтмал бүхий зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай 300 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар Эрдэнэтийн зэс молибдений ордын талбайн хил заагийг 246504,22 га солбицлоор тогтоож, З******* ХХК-ийн ХВ-0******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг түүнд бүрэн хамруулсан,. тусгай зөвшөөрлийн талбайг улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг үндэслэн дээрх зориулалтаар төрийн мэдэлд авахаар болсон ба З******* ХХК-ийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий төрийн байгууллагад хандаж хүсэлтээ шийдвэрлүүлэх нь зүйтэй... гэж нэхэмжлэгчид мэдэгдсэн,

-Уг яамны сайдын /хуучин нэрээр/ 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Чиглэл хүргүүлэх тухай 01/1031 дугаар албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж, үүний хариуд Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Нөхөх олговор олгуулах тухай 1/2477 дугаар албан бичгээр З******* ХХК-ийн нөхөх олговор авах хүсэлтийг холбогдох бичиг баримтын хамт Сангийн яаманд хүргүүлсэн,

-Сангийн яамны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Хүсэлт уламжлах тухай 03/4563 дугаар албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд /хуучин нэрээр/ хандаж ...Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 16 дахь заалтад заасны дагуу геологи, эрдэс баялгийн бодлого болон геологи, эрэл хайгуул, судалгааны зохицуулалтын асуудал нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудалд хамаарах тул З******* ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасан дагуу нөхөх олговор авах асуудлыг шийдвэрлүүлэх-ээр шилжүүлсэн,

- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны /хуучин нэрээр/ 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн "Гомдол шийдвэрлүүлэх тухай" 03/1325 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Баярмандалд хүргүүлж, З******* ХХК-ийн нөхөх олговрыг мөнгөн хэлбэрээр шийдвэрлэх боломжгүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу нөхөх олговроор талбай дүйцүүлэн авах хүсэлтийг хууль тогтоомж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас /хуучин нэрээр/ өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх материалыг бэлтгэн ирүүлэхийг мэдэгдсэн,

- Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Асуудал шийдвэрлүүлэх тухай 02/586 дугаар албан бичгээр ...ашигт малтмалын хайгуулын талбайд хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуйн нэгжүүдэд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээлэл бэлтгэх, тооцоо судалгаа хийх цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагаанд хяналт тавьж удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч, иргэн, аж ахуйн нэгжийн хөндөгдсөн эрхийг хууль тогтоомжийн хүрээнд хангах, төрийн үйлчилгээ, холбогдох шийдвэрийг шуурхай хүргэхэд анхаарч ажиллах... чиглэл өгсөн,

- Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Гомдол шийдвэрлүүлэх тухай 01/1762 дугаар албан бичгээр З******* ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтаар ашигт малтмалын талбай дүйцүүлэн олгох хүсэлтийг анхаарч хөрөнгө оруулагчийг хохиролгүй болгох арга хэмжээг яаралтай авч ажиллах талаар чиглэлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд хүргүүлсэн байна.

1.4. Дээрх эрх бүхий байгууллагуудаас өгсөн чиглэлүүдийн дагуу Ажлын хэсгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10/367 дугаар албан бичгээр ...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нөхөн олговроор хэлэлцэн тохиролцох талбайг ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээний газарт хамаарахгүй талбайгаас бэлтгэн төрийн захиргааны байгууллагаас байгуулсан Ажлын хэсэгт тохиролцоо хийх холбогдох мэдээллийг ирүүлэх-ийг талаар З******* ХХК-д мэдэгджээ.

1.5. Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 79 дүгээр тогтоолд Өмнө дурдсан Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын албан ёсны тайлбар-ын 3-т Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан үндэслэлээр улсын тусгай хэрэгцээнд авсан бөгөөд нөхөх олговорт энэ зүйлд заасан талбай олгох талаар Засгийн газрын шийдвэр гараагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу нөхөх олговрыг мөнгөн дүнгээр тооцуулах хэлбэрээр авах боломжийг өөрт хадгалагдсан гэж ойлгоно гэж тайлбарласан, нөхөх олговрын асуудлаар шийдвэр гаргах болон уг асуудлаар маргах бол шүүхийн энэхүү шийдвэр саад болохгүй гэж дурдаж шийдвэрлэсэн үйл баримтууд тус тус тогтоогдов.

1.6. Маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/376 дугаар албан бичгээр ...ашигт малтмалын хайгуулын ХВ-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай ...Эрдэнэтийн зэс, молибдений ордын талайн хил зааг-тай бүхэлдээ хамаарч байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ХЭГ/3038 дугаар...Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/88, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/1410 дугаар албан бичгүүдээр ирүүлсэн чиглэлийн дагуу ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хууль, тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуй нэгжүүдэд олгох нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх үүднээс тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаарх мэдээлэл бэлтгэх, тооцоо судалгаа хийх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг 2019 оноос хойш байгуулан ажиллаж байна, Ажлын хэсэг зөвхөн шүүхийн шийдвэртэй аж ахуйн нэгжийн хүсэлт холбогдох баримт материалыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу Засгийн газраас шийдвэр гаргуулахаар уламжилж байгаа тул танай хүсэлтийг шууд уламжлах боломжгүй гэж мэдэгджээ.

1.7. Нэхэмжлэгчээс уг татгалзлыг хууль бус гэж үзэж буй үндэслэлээ ...XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн дагуу нийт 4,443,985,904.0 төгрөгийн зардал гаргасныг тогтоосон, нөхөх олговрыг мөнгөн хэлбэрээр, эсвэл талбай дүйцүүлэн олгох талаар хүсэлт гаргахад Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн сайд болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мөнгөн хэлбэрээр олгох боломжгүй гэж хариу өгсөн...Ажлын хэсэг зөвхөн шүүхийн шийдвэртэй аж ахуйн нэгжийн хүсэлтийг уламжилна гэх шаардлага тавьж байгаа нь хууль бус гэж тайлбарлав.

1.8. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана гэж заасан.

1.9. Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно гэж зохицуулсан,

1.10. Мөн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын албан ёсны тайлбар-ын 3-т Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан үндэслэлээр улсын тусгай хэрэгцээнд авсан бөгөөд нөхөх олговорт энэ зүйлд заасан талбай олгох талаар Засгийн газрын шийдвэр гараагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу нөхөх олговрыг мөнгөн дүнгээр тооцуулах хэлбэрээр авах боломжийг өөрт хадгалагдсан гэж ойлгоно гэж тайлбарлажээ.

1.11. Эдгээр үйл баримтууд болон хуулийн заалтуудаас үзвэл нэхэмжлэгчийн эзэмшлийн талбайг тусгай хэрэгцээнд авсан боловч нөхөх олговорт Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13-д заасан талбай олгох талаар Засгийн газрын шийдвэр гараагүй, мөнгөн дүнгээр тооцож олгох боломжгүй, мөн талбай дүйцүүлэн олгох талаар дээд шатны төрийн захиргааны төв байгууллагуудаас удаа дараа чиглэл өгсөн, энэ тохиолдолд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас ...Ажлын хэсэг зөвхөн шүүхийн шийдвэртэй аж ахуйн нэгжийн хүсэлт холбогдох баримт материалыг...уламжилж байгаа тул танай хүсэлтийг шууд уламжлах боломжгүй гэж татгалзсан нь нь хууль бус гэж шүүх дүгнэв. Учир нь:

1.12. Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 79 дүгээр тогтоолоор ...нөхөх олговрын асуудлаар шийдвэр гаргах болон уг асуудлаар маргах бол шүүхийн энэхүү шийдвэр саад болохгүй гэж дурдаж шийдвэрлэсэн, Агентлагийн даргын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/98 дугаар тушаалаар байгуулагдсан "Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуйн нэгжүүдэд нөхөх олговрыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлэхэд шаардлагатай мэдээлэл бэлтгэх тооцоо судалгаа хийх. цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг-ийг байгуулсан, уг Ажлын хэсгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10/367 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хандаж ...ажлын хэсэгт тохиролцоо хийх холбогдох мэдээллийг ирүүлэх-ийг мэдэгдсэн байхад хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/376 дугаар албан бичгээр шууд татгалзсан нь үндэслэлгүй.

1.13. Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллагаас 2 өөр агуулга бүхий хариу өгсөн, энэ тохиолдолд захиргааг сонгох боломжийн хүрээ хязгаарыг хэтрүүлээгүй, зөв хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хариуцагчийн татгалзсан дээрхи албан бичигт ...зөвхөн шүүхийн шийдвэртэй аж ахуйн нэгжийн хүсэлт холбогдох баримт материалыг...уламжилж байгаа гэж дурдаж хууль бусаар татгалзсаны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байна.

1.14. Иймд З******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд нөхөх олговор хүссэн хүсэлтийг хууль зүйн үндэслэлгүйгээр шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/376 тоот албан бичгийг хүчингүй болгох нь зүйтэй.

Хоёр. Нэхэмжлэгчийн, З******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газарт уламжлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

2.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан.

2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/62 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 83.1, 8.4 дэх хэсэг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Чиглэл өгөх тухай 01/88 дугаартай чиглэл, Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 03/2357 дугаартай чиглэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/1410 дугаартай чиглэлийг тус тус үндэслэн Агентлагийн даргын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/98 дугаар тушаалаар "Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуйн нэгжүүдэд нөхөх олговрыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлэхэд шаардлагатай мэдээлэл бэлтгэх тооцоо судалгаа хийх. цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий" Ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан,

2.3. Уг Ажлын хэсэг нь Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуйн нэгжүүдэд нөхөх олговрыг олгох асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад мэдээлэл, тооцоо бэлтгэн хүргэх чиг үүрэгтэйгээр байгуулагджээ.

2.4. Түүнчлэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын /хуучин нэрээр/ 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Чиглэл хүргүүлэх тухай 01/1031 дугаартай албан бичгийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Нөхөх олговор олгуулах тухай 1/2477 дугаартай албан бичгээр З******* ХХК-ийн нөхөх олговор авах хүсэлтийг холбогдох бичиг баримтын хамт Сангийн яаманд хүргүүлсэн, тус яамны 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Хүсэлт уламжлах тухай 03/4563 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид нөхөх олговор авах хүсэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд /хуучин нэрээр/ уламжилсан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны /хуучин нэрээр/2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн "Гомдол шийдвэрлүүлэх тухай" 03/1325 дугаар албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Асуудал шийдвэрлүүлэх тухай 02/586 дугаар албан бичиг, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Гомдол шийдвэрлүүлэх тухай 01/1762 дугаар албан бичиг зэргээр удаа дараагийн чиглэлүүдийг хүргүүлсэн,

2.5. Эдгээр албан бичиг, чиглэлүүдийн дагуу Ажлын хэсгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10/367 дугаар албан бичгээр ...ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нөхөн олговроор хэлэлцэн тохиролцох талбайг ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээний газарт хамаарахгүй талбайгаас бэлтгэн төрийн захиргааны байгууллагаас байгуулсан ажлын хэсэгт тохиролцоо хийх холбогдох мэдээллийг ирүүлэх-ийг нэхэмжлэгчид мэдэгдсэн атлаа тухайн чиг үүрэгт заасан үйл ажиллагаагаа дуусгаагүй нь хууль бус.

2.6. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 1/376 дугаартай албан бичгээр ...Нөхөх олговрын асуудлыг хэлэлцэн тохиролцож шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг зөвхөн Засгийн газарт уламжлахыг даалгасан шүүхийн шийдвэртэй аж ахуйн нэгжүүдийн хүсэлт холбогдох баримт материалыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу Засгийн газраас шийдвэр гаргуулахаар уламжилж байгаа тул танай хүсэлтийг шууд уламжлах боломжгүй... талаар З******* ХХК-д мэдэгдсэн хууль бус мэдэгдлийг үндэслэн нэхэмжлэгчид холбогдох баримт, мэдээллийг гаргуулж эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй нь хууль бус гэж шүүх дүгнэв.

2.7. Түүнчлэн хариуцагч Ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ...захиргааны байгууллага заавал шүүхийн шийдвэр гэж шаардахгүйгээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай хэлэлцэн тохиролцож хохирлыг мөнгөн хэлбэрээр эсвэл талбай дүйцүүлэн олгох хэлбэрээр шийдвэрлэнэ, заавал шүүхийн шийдвэртэйгээр Засгийн газарт уламжилна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй гэж тайлбарласан, мөн Ажлын хэсэг нь ...шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг...шийдвэрлэсний эцэст Ажлын хэсгээс зохих ажиллагаа хийх болно... гэх тайлбар ирүүлснийг тус тус дурдах нь зүйтэй.

2.8. Иймд З******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газарт уламжлахгүй байгаа Ажлын хэсгийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэв.

Гурав. Нэхэмжлэлийн, З******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны А/62 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэгт даалгуулах шаардлагын тухайд:

3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох; гэж заасан.

3.2. Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/62 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нь Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуйн нэгжүүдэд нөхөх олговрыг олгох асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад мэдээлэл, тооцоо бэлтгэн хүргэх чиг үүрэг бүхий байгууллага байна.

3.3. Түүнчлэн шүүхийн энэ шийдвэрээр З******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газарт уламжлахгүй байгаа хариуцагч Ажлын хэсгийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн болно.

3.4. Энэ тохиолдолд, З******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны А/62 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэгт даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ..

4. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно. Учир нь, тус шүүх хуралдааны товыг С.Д*******гийн шүүхэд мэдүүлсэн 9******* дугаар гар утсанд 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ярьж мэдэгдсэн ба шүүхийн мэйл хаягаар шүүх хуралдааны дундуур буюу 6 сарын 10-ны өдрийн 14 цаг 50 минутад ирүүлсэн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт болон түүнд хавсаргасан баримтууд нь 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд хуралдаан хойшлуулах-аар ирүүлсэн баримттай ижил баримтууд байсан болно.

Өөрөөр хэлбэл дээрхи баримтууд нь тухайн өдрийн шүүх хуралдаанд С.Д*******гаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргахдаа үндэслэл болгон ирүүлснээр нэгэнт хэлэлцэгдэн шийдвэрлэгдсэн тул дахин энэ үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б болон хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны А/62 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*******г байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасныг тус тус дурдах нь зүйтэй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т заасны дагуу шүүх хуралдааныг явуулсан, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гаргасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтээсээ татгалзсаныг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг тус тус баримтлан З******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, З******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд нөхөх олговор хүссэн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/376 тоот албан бичгийг хүчингүй болгож, З******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газарт уламжлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны А/62 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэгт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдав.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН