| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/07914/И |
| Дугаар | 197/ШШ2025/04843 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 197/ШШ2025/04843
| 2025 04 22 | 197/ШШ2025/04843 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С*** давхарт байрлах, ***ХХК,
Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, Т.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,756,772 төгрөг гаргуулах тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. ***ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.08.08-ны өдрийн А/*** дугаар тушаалаар Албан ажлын хэрэгцээнд авто тээврийн хэрэгсэл ашиглах, сэлбэг хэрэгсэл, шатахуун, тос тосолгооны материалын тооцоо хийх журам-ыг баталжээ.
Уг журмын 2.3-т Албан ажлын автомашиныг ашиглах ажилтан нь Захиргааны асуудал эрхэлсэн нэгжийн удирдлагад хүсэлтээ гарган автомашин хэрэглэх зөвшөөрлийн хуудсыг баталгаажуулснаар ашиглах эрх үүснэ гэж зааснаар хариуцагч Т.Б нь ***ХХК-д Төсөл судалгааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Захиргаа, удирдлагын газрын даргын зөвшөөрлөөр албаны автомашин унаж байсан ба зохигчид зөвшөөрөлгүй унасан эсэх талаар маргаагүй.
3. ҮАын газраас ***ХХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд аудит хийж, 2024.03.25-ны өдрийн төлбөр барагдуулах тухай актаар 6 удирдах албан тушаалтан 7 автомашиныг чиглэл зорилго тодорхойгүй, хот дотор унаж, шатахууны зардалд 6,536,857.60 төгрөг олгосон байна гэснийг үндэслэн нэхэмжлэгч нь Төсөл судалгааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Б-оос 2023 оны 1-5 сард чиглэл зорилго тодорхойгүй, хот дотор автомашин унаж, шатахуун зарцуулж, байгууллагад хохирол учруулсан гэж 2,756,772 төгрөгийг шаардаж байна.
4. Хариуцагч нь Захиргаа удирдлагын газрын даргын зөвшөөрлөөр албан хэрэгцээнд автомашин унасан бөгөөд хувийн хэрэгцээнд өөрөө шийдвэр гарган ашиглаагүй, 6 удирдах албан тушаалтан чиглэл тодорхойгүй ашиглаж, 6,536,857.60 төгрөгийн шатахуун зарцуулсан гэж аудитын актад дурдсан боловч хэрхэн, яаж тооцоолон надаас 2,756,772 төгрөгийг нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн тооцоолол тодорхойгүй, үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.
5. Зохигчид нь хөдөлмөрийн гэрээний харилцаатай байсан байна.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Ажил үүргээ гүйцэтгэх үедээ аж ахуйн нэгж, байгууллагад өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж болно, 129.2-т Ажил үүргээ гүйцэтгэх үедээ аж ахуйн нэгж, байгууллагад өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд энэ хуулийн 130, 131 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлагыг ажил олгогчийн шийдвэрээр хүлээлгэх бөгөөд энэ нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй гэжээ.
Ажилтны учруулсан эд хөрөнгийн хохирлын хэмжээг тодорхойлохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д Хэд хэдэн ажилтны буруугаас учирсан хохирлын хэмжээг тэдгээрийн гэм буруугийн хэмжээ, эд хөрөнгийн хариуцлагын төрлийг харгалзан ажилтан тус бүрээр тодорхойлно гэж заасан байна.
Гэтэл нэхэмжлэгч нь ҮАын төлбөрийн акт, хохирлын хэмжээг тодорхойлсон ажил олгогчийн шийдвэр, 6 удирдах албан тушаалтанд эд хөрөнгийн ямар хариуцлага хүлээлгэх гэрээг үндэслэж, хэрхэн хохирол төлбөрийг хуваарилсан талаарх тооцооллоо нотлох баримтаар гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадсангүй.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үед ажилтнаар нөхөн төлүүлэх эд хөрөнгийн хариуцлагыг шүүхийн журмаар гаргуулж болно гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч түүний нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2, 132 дугаар зүйлийн 132.5 дахь заалтыг баримтлан хариуцагч Т.Б-оос эд хөрөнгийн хохиролд 2,756,772 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ***ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,058.35 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ