| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0377/З |
| Дугаар | 128/ШШ2025/0467 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2025/0467
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Г.Н******* /РД:*******/,
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын улсын байцаагч Ч.О******* нарын хоорондын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 09******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Г.Н*******, хариуцагч Ч.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Г.Н*******ээс Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын улсын байцаагч Ч.О*******д холбогдуулан 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 09******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар гомдлын шаардлага гарган маргаж байна.
2. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, тогтоогдсон үйл баримтууд:
2.1. 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Цагдаагийн ахмад Ц.Гын үйлдсэн Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл-д ...эргүүл хяналт, шалгалтаар СХД-ийн 11-р хороо Х*******ын 1******* тоотод амьдардаг иргэн Г.Н******* нь ЧД 2 хороо найман шарга төвийн гудамжинд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж /вальют арилжаа эрхэлсэн/ гэх зөрчил /дуудлага/ мэдээлэл 2025 оны 04 дугаар сарын 15-ны 11 цаг 50 минутанд хүлээн авч, Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тэмдэглэл үйлдэв гэж дурдсан, уг тэмдэглэлд гомдол мэдээлэл гаргасан Г.Н******* гэж гарын үсэг зурагдсан,
2.2. Цагдаагийн ахмад Ц.Гын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн илтгэх хуудсаар ...авто эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Чингэлтэй дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт 11:00 цагт 8 шарга төвийн гадна зохих зөвшөөрөлгүй гар дээр валют арилжаа эрхэлсэн, гудамж талбайд худалдаа эрхэлсэн зөрчил гаргасан Иргэн Г.Н******* /*******/ нь ЧД 2 хороонд 8 шарга валют арилжаа төвийн гадна олон жил, гар дээрээс зохих зөвшөөрөлгүй сайн дураараа олон төрлийн /ирсэн/ валют авч байгаа гэж тодорхойлсон,
2.3. 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэлд Г.Н******* ...ЧД 2 хорооны нутагт байрлах Найман шарга худалдааны төвийн гадна гар дээрээс мөнгө, вальют сольж арилжаа эрхэлж амьдардаг юмаа, би дотор лангуутай байсан 2021 онд ковид гарснаас хойш гадаа гудамжинд зогсож ажиллаад байгаа, доллор, евро, юуан, иен, вон, рубль гэх мэт ямарч хамаагүй ирсэн вальютаа л авдаг, зөвшөөрөл байхгүй, ямар нэг санхүүгийн байгууллагад бүртгэл байхгүй гэж мэдүүлсэн ба эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл үйлдэж, хурааж авсан валютын гэрэл зургийг хавсаргажээ.
2.4. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Э*******2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх-ээр ...иргэн Г.Н*******-с гаргасан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо найман шарга төвийн гудамжинд 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж валют арилжаа эрхэлсэн гэх зөрчлийн талаарх гомдол мэдээлэлтэй танилцахад гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, холбогдогчийн мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, асап сангийн мэдээлэл, цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас зэргээр харьяаллын бус нөхцөл байдал тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон бүртгэлийн 3-2133 дугаартай гомдол, мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороонд харьяаллын дагуу шилжүүлэх санал гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Б.Б 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоолоор Гомдол гаргагч Г.Н*******-с гаргасан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо найман шарга төвийн гудамжинд 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж валют арилжаа эрхэлсэн гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороонд харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
2.5. Уг гомдол мэдээллийг хүлээн авснаар Улсын байцаагч Ч.О******* 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл үйлдэн улмаар 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 09******* дугаар шийтгэлийн хуудсаар ...Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, Төмөрчний гудамжинд зөвшөөрөлгүй гадаад валютын арилжаа эрхэлж байсан асуудлыг шалгаад холбогдогч Г.Н******* (РД:*******) нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6.1 зөрчсөн болох нь холбогдогчийн мэдүүлэг, бусад баримт зэрэг нотлох баримтаар нотлогдсон... холбогдогч Г.Н*******ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.5 зүйлийн 11.5.1-д заасны дагуу дөрвөн мянган нэгж торгох шийтгэл оногдуулж, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлж биелүүлэхийг даалгаж, Зөрчил шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой баримт болох бэлэн мөнгө (жагсаалтаар хавсаргасан)-г хууль бусаар олсон хөрөнгө орлого гэж нотлох баримтгүй тул Г.Н*******д буцааж өгсөн үйл баримтууд тогтоогдов.
3.1. Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа: Г.Н******* миний бие нь тэтгэвэрт байдаг ба тэтгэврийн 500.000 төгрөг хүрэлцдэггүй учир тэтгэврийн 500.000 төгрөгөө гар дээрээ бариад Найман шарга валютын зах дээр гадаа зогсож цөөхөн хэдэн задгай доллар задгай юань авч буцааж зарж өдөрт 20-30 мянган төгрөг хийж амьжиргаагаа залгуулдаг. Гэтэл Санхүүгийн Зохицуулах Хороо хяналт шалгалтын газрын улсын байцаагч Ч.О******* нь гар дээрээс зөвшөөрөлгүй наймаа хийлээ гэж 4.000.000 сая төгрөгөөр торголоо. Надад 4.000.000 төгрөг төлөх боломж бололцоо байхгүй. Би 500.000 төгрөгөөр л арилжаа хийдэг. Иймд №09******* тоот шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
3.2. Гомдол гаргагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа Би сард 689,000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Тиймээс зөрчилд ноогдуулсан торгуулийн хэмжээг төлж барагдуулах боломжгүй байна. Зээл аваад төлье гэсэн ч надад зээл гарахгүй байна. гэв.
4.1. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т санхүүгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл /цаашид зөвшөөрөл гэх/ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2.7-т банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо олгоно, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Банк бус санхүүгийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон зөвшөөрлийн дагуу Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд эрхэлж болно, 7 дугаар зүйлийн 7.1-д Банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж дараах үйл ажиллагааг ойлгоно:, 7.1.7 гадаад валютын арилжаа гэж тус тус заасны дагуу аливаа этгээд банк бус санхүүгийн гадаад валютын үйл ажиллагааг тус Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлж, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүргийг хүлээдэг.
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ч.О******* би, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс харьяаллын дагуу шилжиж ирсэн зөрчлийн 2133 бүртгэлийн дугаартай гомдол мэдээллийг хүлээн авсан.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд холбогдогч иргэн Г.Н*******ээс 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр холбогдогчийн мэдүүлэг авч, цуглуулсан нотлох баримт болон мэдүүлгийг үндэслэн иргэн Г.Н*******ийн Чингэлтэй дүүргийн Төмөрчний гудамжинд банк бус санхүүгийн гадаад валютын арилжааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн, эсхүл банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4.000.000 төгрөгийн торгууль ногдуулж, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэн холбогдогч Г.Н*******д хэрэг шийдвэрлэсэн талаар танилцуулж, шийтгэлийн хуудсыг гардуулсан болно. Иймд иргэн Г.Н*******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
4.2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Гар дээр валют арилждаг талаар Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн байгууллагуудад гомдол орж ирдэг. Гадаа зогсдог иргэдээс валют солиулахдаа мөнгөө дутуу авах тохиолдлууд гарч, банк бус санхүүгийн байгууллагуудын камер шүүх хүсэлтүүд цагдаагийн байгууллагад ирдэг. Санхүүгийн зохицуулах хорооны байцаагч нар очих үед зугтаад явдаг. Тиймээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтран ажиллахаар болсон. Г.Н*******ийн хувьд ганц түүнийг торгосон гэж ойлгож байна. Энэ арга хэмжээ нь зөвшөөрөлгүй валют арилжаа эрхэлдэг бүх этгээдүүдэд хамааралтай ба тасралтгүй үргэлжлэх үйл ажиллагаа юм. Өмнө нь зөвшөөрөлгүй валют арилжаа эрхэлж байгаа этгээдүүдэд манай хянан шалгагч нар аман байдлаар эхний удаа анхааруулдаг байсан. Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөлгүй валют арилжаа эрхэлдэг этгээдүүдийг зогсоох арга хэмжээ авах ажиллагаа нь тасралтгүй үргэлжлүүлэх байр суурьтай байна. гэв.
4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банкны хамтарсан ажлын хэсэг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд найман шарга гудамжны эргэн тойронд үзлэг хийсэн. Үзлэгийн дараагаар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт Хамтран ажиллах тухай гар дээрээс валют эрхэлж буй иргэдэд арга хэмжээ авах талаар албан бичиг явуулсан. Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт гадаад валютын арилжаа нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд хамаардаг гэж заасан. Банк бус санхүүгийн байгууллагын хяналтын байцаагч нар найман шарга газарт очиход зөвшөөрөлгүй валют эрхлэгч нар зугтаад явдаг нөхцөл байдлууд олон жил үргэлжилж байна. Энэ ажиллагаа үр дүнгүй байгаа учраас цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаж эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас зөрчлийг тогтоосон тохиолдолд харьяаллын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд шилжүүлж ажиллахаар тохиролцсон. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын байцаагч Г.Н*******ийг тухайн өдөр гар дээрээс валют арилжиж байхад нь илрүүлж, мэдүүлэг авч, харьяаллын дагуу манайх руу шилжүүлсэн.
...Валютын үйл ажиллагаа эрхлэх нь эрсдэлтэй, төгрөгийн ханш чангатгах, зах зээлд валютын эрэлтийг үүсгэж, нөөц багасгадаг эрсдэлтэй. Тиймээс энэ үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл авч эрхлэх ёстой. Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлсэн учраас хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тиймээс гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үүнд:
2. Гомдол гаргагч Г.Н*******ээс Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын улсын байцаагч Ч.О*******д холбогдуулан 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 09******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
3. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын улсын байцаагч Ч.О******* 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 09******* дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Г.Н*******ийг гадаад валют арилжих үйлчилгээг зөвшөөрөлгүй эрхэлсэн зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.5 зүйлийн 11.5.1-д зааснаар 4 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
4. Хэрэгт авагдсан, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албанаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын дарга Ц.А*******эд 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн № 3/1287 дугаар албан бичгээр ...48 банк бус санхүүгийн байгууллага Чингэлтэй дүүргийн Төмөрчний гудамжинд үйл ажиллагаа эрхэлж байна,...гадаад валютын нөөц буурч, эрэлт нэмэгдэх, улмаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарах үзэгдэл ажиглагдаж...валютын хомсдол үүсгэж ханш өсгөх, дээр дурдсан тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллагуудын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл байдал үүсээд байна, иймд хууль бусаар, гар дээрээс бэлэн валют арилжиж буй иргэдэд чиг үүргийн хүрээнд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн, холбогдох мэдээллийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дотор ирүүлэх-ийг хүссэн, улмаар Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 115 дугаар Шалгалтын удирдамж батлах тухай тушаалаар ...мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээрх эрсдэлд суурилсан газар дээрх хяналт шалгалтыг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 04 дүгээр сарын 18-ны өдрүүдэд хийх шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон шалгалтад хамрагдах мэдээлэх үүрэгтэй этгээдийн нэрс-ийг баталсан байна.
5. Дээрхи арга хэмжээний хүрээнд хийсэн гэх хяналт шалгалтын явцад иргэн Г.Н*******ийг тухайн зөрчлийг гаргасан гэж үзэж шийтгэл ногдуулсан байх боловч хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс гадна эрх бүхий албан тушаалтны гаргасан шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Үүнд:
Нэг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:
1.1. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Э*******нь иргэн Г.Н*******ийн гаргасан гэх зөрчилд хэрэг бүртгэлт хийж холбогдогчоор Г.Н*******ээс тайлбар мэдүүлэг авч улмаар эд зүйлийг хураан авч тэмдэглэл үйлдэх зэрэг ажиллагаа явуулсны дараа тухайн зөрчлийн хэрэг бүртгэлийн материалыг Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд харьяаллын дагуу шилжүүлэх санал хүргүүлсэн байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна., 6-д Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ:, 6.8.цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч Зөрчлийн тухай хуулийн ...11.15 дугаар зүйлийн 7 дахь ...хэсэгт заасан зөрчил;, 6.18-д Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч Зөрчлийн тухай хуулийн 11.5... хэсэгт заасан зөрчил, 6.4 дүгээр зүйлийн 1-д Зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл тухайн байгууллагын харьяаллын бус болох нь тогтоогдвол зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан ажлын 3 өдрийн дотор харьяаллын дагуу шилжүүлж, прокурорын нэгдсэн бүртгэлд даруй бүртгүүлнэ.гэж тус тус заасан.
Үүнээс үзвэл Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс нь Зөрчлийн тухай хуулийн 11.5-д заасан зөрчлийн талаархи гомдол мэдээллийг харьяалан шийдвэрлэх эрхгүй этгээд атлаа эрхтэй мэтээр анхнаасаа хамтран ажиллахаар тохиролцож тухайн хяналт шалгалтыг эхлүүлсэн нь үндэслэлгүй, хууль бус.
1.2. 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Цагдаагийн ахмад Ц.Гын үйлдсэн Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл-д иргэн Г.Н******* нь ЧД 2 хороо найман шарга төвийн гудамжинд зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж /вальют арилжаа эрхэлсэн/ гэх зөрчил /дуудлага/ мэдээлэл хүлээн авч, гомдол мэдээлэл гаргасан этгээдээр Г.Н*******ийг тодорхойлсон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна:, 1.1-1.4т заасны аль ч тохиолдолд хамаарахгүй байхад зөрчлийн хэрэг нээсэн нь хууль бус.
Өөрөөр хэлбэл тухайн холбогдогч Г.Н*******ийг өөрийг нь гомдол гаргагч гэж тодорхойлж улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий байгууллага нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гаргасан зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг амаар, бичгээр болон харилцаа холбооны хэрэгслээр дамжуулан хүлээн авна., мөн 5-д Эрх бүхий байгууллага, албан тушаалтан зөрчлийн талаархи гомдлыг хүлээн авахдаа дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:, 5.1-д гомдол гаргагчид эдлэх эрх, үүргийг танилцуулах; 5.2. гомдлыг амаар гаргаж байгаа бол энэ талаар тэмдэглэлд тусган гомдол гаргагчийг санал оруулах, гарын үсэг зурах боломжоор хангах;, 5.4-д хүлээн авсан гомдолд тухайн гомдол гаргагч гарын үсэг зурсан эсэхийг нягталж, хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэн бүртгэх гэж заасныг зөрчсөн.
1.3 Цагдаагийн ахмад Ц.Гын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн илтгэх хуудсанд ...авто эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд тухайн зөрчлийг илрүүлсэн гэж тодорхойлсон, авто эргүүлийн үүргийн хүрээнд зөрчлийг илрүүлсэн гэх нь түүний эрхлэн хэрэгжүүлэх чиг үүрэгт нийцээгүй байхад эрх бүхий албан тушаалтан Ч.О******* нь үүнийг нягтлан шалгаагүй, илт хууль бус баримт бичигт үндэслэн шийтгэлийн хуудсыг ногдуулсан гэж үзэхээр байна.
Хоёр. Шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлгүй талаар:
2.1. Зөрчлийн тухай хуулийн 11.5 зүйлийн 11.5.1-д Банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн, эсхүл банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь банк бус санхүүгийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтцийг тогтоох, түүнд зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино. гэж мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:, 4.1.6-д гадаад валютын гүйлгээ гэж гадаад валютыг худалдах, худалдан авах, түүгээр зээл олгох, баталгаа гаргах үйл ажиллагааг;, 7 дугаар зүйлийн 7.1-д Банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж дараахь үйл ажиллагааг ойлгоно:, 7.1.7-д гадаад валютын арилжаа гэж тус тус заасан.
2.2. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн зорилгоор тайлбарлавал, тухайн гадаад валютын арилжааг эрхлэх боломжтой, энэ хуульд заасан шаардлага хангахуйц этгээдийг Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр энэ хуулийн 7 дугаар зүйлд нэрлэн заасан буюу 7.1.7-д гадаад валютын арилжаа төрлийн үйл ажиллагааг эрхэлж болохыг зөвшөөрсөн зохицуулалт гэж ойлгох ба тухайн хуулийн үйлчлэлд хамаарах субъект нь Г.Н******* буюу иргэн биш, дурын иргэн энэ хуулийн үйлчлэлд хамаарахааргүй байна.
2.3. Нөгөө талаар Зөрчлийн тухай хуулийн 11.5 зүйлийн 11.5.1-д ...банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд гэдэг хүрээ хязгаарт иргэн Г.Н******* хамаарахгүй. Учир нь иргэн Г.Н*******ийн зарж борлуулж олж буй орлого нь тодорхойгүй байх хэдий ч тэрээр өөрийн тэтгэврийн орлого болон хүнээс зээл авч хүмүүст валют зардаг гэж мэдүүлсэн, энэ тохиолдолд Г.Н*******ийг банк бус санхүүгийн байгууллагын эрхэлдэг-гадаад валютын арилжааг тогтвортой эрхэлдэг субъект гэж үзэх боломжгүй.
2.4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 4.15 дугаар зүйлд Зөрчлийг нотлох гээд 1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ. гэж тус тус заасан.
2.5. Иймд хариуцагчийн гаргасан шийтгэлийн хуудас нь бодит нөхцөлд тохироогүй, зорилгодоо нийцээгүй, зөрчлийг хуульд заасан журмын дагуу нотлоогүй байх тул Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын улсын байцаагч Ч.О*******гын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 09******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 11.5.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.7-д заасныг тус тус баримтлан Гомдол гаргагч Г.Н*******ээс Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын улсын байцаагч Ч.О*******д холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын улсын байцаагч Ч.О*******гын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 09******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН