Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/06

 

  

 

 

    2024           01            22                                       2024/ДШМ/06

 

 

 

Б.Уд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч А.Сайнтөгс, , Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор: Б.Ариунтөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Жаргалсайхан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны  2023/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Ус давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Уд холбогдох 2319000000286 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б.У , *.

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.У  нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг Холбооны гудамжинд байх задгай тоотод буюу өөрийн гэртээ хохирогч Б.Бн нуруун тус газар нь зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар хутгалж эрүүл мэндэд нь “...нурууны шарх...” бүхий хөнгөн хохирлыг санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс шүүгдэгч Б.Уд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4. Анхан шатны шүүх: “...Шүүгдэгч Б овогт Б.У г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ун эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Уд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, хохирогч Б.Б нь 1,000,000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл 6 бичих эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Ун давж заалдсан гол үндэслэл нь анхан шатны шүүхээс оногдуулсан хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэж гомдол гаргасан. Гэм буруугийн хувьд маргаагүй, хохирол төлбөр төлөгдсөн, гэм буруугаа 3 өөрөө ойлгож байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны шатнаас өөрийнхөө гэм бурууг шударгаар хүлээн зөвшөөрсөн энэ бүхнийг харгалзан үзээд өөрийнхөө ажил үйлчилгээ явуулж орлого олдог байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан..” гэв.

6. Прокурор Б.Ариунтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Өмгөөлөгч нь сая баримт гаргаж өгч байна. Хавтаст хэрэгт шүүгдэгч Уг ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн нотлох баримт байдаггүй. Шүүгдэгчээс асуухад хувиараа ажил эрхэлдэг. Тогтсон ажилгүй гэж шүүхээс 240 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр шийтгэсэн. Мөн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоос 1,000,000 төгрөг нэхэмжлэхэд шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан зүйл байгаагүй. Хувийн байдлыг харгалзан шүүхээс 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн байгаа. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь эрүүгийн хариуцлагын зорилго болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Ун давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн  2023/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолтой хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

                1.Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн баримтуудаар шүүгдэгч Б.У  2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг, Холбооны гудамжны задгайд байх өөрийн гэртээ хохирогч Б.Б хамт архи ууж согтуурсан үедээ түүнийг хутгалж, нуруун тус газар нь шарх бүхий хөнгөн хохирлыг санаатайгаар учруулсан үйл баримт болсон ба энэ үйлдэлд холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын прокурор Б.Ариунтөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

                2.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

                3.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У  “ ...гэм буруу дээр маргахгүй, гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрч байна, миний бие нь Замын-Үүд Улаанбаатарын хооронд бусдын том тэргийг барьж ачаа тээвэрлэж 7 хоногтоо нэг удаа явж 300,000-500,000 төгрөгийн орлого олдог тул надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох шийтгэл болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

                4.Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзсэн, шүүгдэгчийн Б.Ун үйлдэл нь гэрч Э.Э /хх-10/, С.А /хх-11-12, 13-14/, С.У /хх-16-17/ нар болон хохирогч Б.Бн /хх-8/ мэдүүлгүүд,  хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 02/480 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-21/ зэргээр тус тус тогтоогдсон байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байна.

                5.Шүүгдэгч Б.У  хохирогч Б.Бн нуруун тус газар хутгалж, “шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол” гэх шинжид нийцсэн байна.

                6.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан ялаас анхан  шатны шүүх шүүгдэгчид хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан.

                Анхан шатны шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах үндэслэлээ “... согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж өөрийн үйлдлийг удирдах чадвараа алдсан үедээ хохирогчид гэмтэл учруулсан гэж дүгнэж улсын яллагчаас санал болгосон торгох ялыг оногдуулахгүйгээр хэрэглэсэн байна.

                7.Шүүгдэгч Б.У  давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгөхийг хүссэн гомдолдоо ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, карго барьж хувиараа хөдөлмөр эрхэлдэг тухай Замын-Үүд сумын “Хилчин” багийн засаг даргын тодорхойлолт, эхнэр Э.Эрдэнэчимэг Сайншанд сумын ЕБ-ын 1 дүгээр сургуульд үйлчлэгчээр ажилладаг, сарын 850,000 төгрөгийн цалинтай тухайг тодорхойлсон албан бичгийг шүүхэд гаргасан ба эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн давж заалдсан гомдлыг нь хангаж шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

                Учир нь: Анхан шатны шүүх хуралдааны шатанд улсын яллагчийн зүгээс 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байсан, шүүгдэгч нь хувиараа ачаа бараа тээвэрлэдэг хөдөлмөр эрхэлж орлого олдог байх тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” ялын 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон буюу шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж ялыг хөнгөрүүлж шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

                8.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах энэ үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр, ялыг хүндрүүлэхгүйгээр шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болно.

                Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...Б.Уг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял...” гэснийг  “... 1350 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,350,000 төгрөгөөр ...” гэж,

3 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У  нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр гэж ,

4 дүгээр заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж нэмж, ”торгох ялын биелэлтэд “ гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн 3, 4, 5, 6, 7, 8, 9 дугаар заалтыг 5, 6, 7, 8, 9, 10, 11 гэж дугаарлан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ун давж заалдсан гомдлыг хангасугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ

Н.БОЛОРМАА