Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 318/ШШ2025/00266

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.А,

Хариуцагч: ДН ББН-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин нийт 22,973,196 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.А, түүний өмгөөлөгч Т.Уянга,

Хариуцагч ДН ББН-ийн дарга Д.О, түүний өмгөөлөгч Г.Алтанлхам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

2. Нэхэмжлэгч Н.А нь түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны буюу 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 1 жил, 1 өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 22,973,196 төгрөг гаргуулж, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ гэв.

3. Хариуцагч талаас нэхэмжлэгч нь өөрийн нэг сарын дундаж цалин хөлсийг бодит нөхцөлд тохирохгүй хэт өндөр тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин нэхэмжлэгч Н.Агийн нэг сарын дундаж цалин хөлсийг 1,150,000 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан нийт хугацааны цалин хөлсийг олгохоос татгалзах зүйлгүй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна. 

4.1. Хариуцагч ДН ББН-ийн дарга Д.О нь 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.Агийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна.

Нэхэмжлэгч Н.А нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2024/00469 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Н.Аг ДН ББН-ийн сувилагчийн ажлын байранд эгүүлэн тогтоож, 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12,494,394 төгрөгийг хариуцагч ДН ББН-өөс гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Тус шийдвэрийг Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 224/МА2024/00034 дүгээр магадлалаар хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ШХТ2025/00113 тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

4.2. Хариуцагч ДН ББН-ийн дарга Д.О нь  хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Н.Агийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс сэргээсэн болох нь хэрэгт авагдсан ДН ББН-ийн даргын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заажээ.

Нэхэмжлэгч Н.А нь 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,494,394 төгрөгийг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчаас гаргуулсан байна.

Иймд нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл буюу хөдөлмөр эрхлэлийн харилцааг сэргээх хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заажээ.

Нэхэмжлэгч Н.Агийн 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх нэг сарын дундаж цалин хөлс 1,388,266 төгрөг болохыг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2024/00469 дүгээр шийдвэрээр тогтоож, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12,494,394 төгрөгийг олгосон байна.

Иймд шүүх нэхэмжлэгч Н.Агийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцохдоо дахин дундаж цалин хөлсийг тодорхойлох шаардлагагүй болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Н.Агийн ажилгүй байсан хугацаа болох 1 жил, 1 өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 16,722,295 төгрөгийг (1,388,266х12=16,659,192 төгрөг, 1 өдрийн дундаж цалин 63,103 төгрөг) хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,250,901 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов.

4.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй.

Иймд хариуцагч нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21.7-д заасан журмын дагуу нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх нь зүйтэй.

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 241,561 төгрөг гаргуулж, улсын орлогод буюу Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн  759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ДН ББН-өөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 16,722,295 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,250,901 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Н.Агийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21.7 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлөхийг хариуцагч ДН ББН-д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Агийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч ДН ББН-өөс улсын тэмдэгтийн хураамж 241,561 (хоёр зуун дөчин нэгэн мянга таван зуун жаран нэг) төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Я.УРНАА