Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 46

 

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор:  Х.Энхтуул,  

       Шүүгдэгч: Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогтой Т-ийн Н-т холбогдох эрүүгийн 1835000520058 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, нөхөр, 5 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7-р баг 06-10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, РД:ОЙ81070804, Т ургийн овогтой Т-ийн Н.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 5-р багийн нутаг дэвсгэрт 81-19 УВХ улсын дугаартай “ Suzuki Swift” маркийн  автомашин жолоодож яваад Монгол Усын Замын хөдөлгөөний дүрмийн 12.7 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ч.С-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                  1.Шүүгдэгч Т.Н-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

                  Шүүгдэгч Т.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 5-р багийн нутаг дэвсгэрт 81-19 УВХ улсын дугаартай “ Suzuki Swift ” маркийн автомашин жолоодож яваад Монгол Усын Замын хөдөлгөөний дүрмийн 12.7-д заасан “ Зөвшөөрөгдсөн гэрэл дохио ассан үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ч.С-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, замын бүдүүвч зураг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үззүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл,

            хохирогч Ч.С-ын: “Би 75 настай, Увс аймгийн Улаангом сумын 5-р багт амьдардаг. Би 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 10 цагийн үед Улаангом сумын 7-р багт байрлах Хөгжимт драмын театрын дэргэд байрладаг “Ахмадын хороо”-нд очиж эмчид үзүүлээд чийрэгжүүлэлтийн танхимд жаахан хөдөлгөөн хийж байгаад цайны цаг болох үед  буюу 12 цагийн үед “Ахмадын хороо”-оос гарч Улаангом сумын 5-р баг, цогцолбор 2-р сургуулийн хичээлийн байрны урд байрлах гэрлүүгээ явж байгаад “Нийгмийн даатгалын хэлтэс”-ийн урд талын 4 замын уулзвараар гарах гээд явган гарцан дээр очиж зогсоод эхлээд зүүн гар талдаа автомашин ирж байгаа эсэхийг харчихаад авто машин байхгүй болохоор нь явган хүний гарц руу орж зогсоод дахин баруун гар талаас автомашин ирж байгаа эсэхийг харахад баруун талаас саарал өнгийн жийп машин ирж байхаар нь тухайн автомашиныг зөрүүлчихээд гарна даа бодоод зогтуссан. Тэгтэл тэр саарал жийп машин ч хурдаа хасахаар нь би энэ машин намайг зөрүүлээд явах юм байна гэж бодоод урагшаа нэг алхахад миний зүүн талаас цагаан өнгийн машин орж ирээд миний өвдөг хавиар мөргөхөд би газарт унасан. Тэгээд би тэр үедээ босоод газар гишгэхэд зүгээр байхаар нь би босоод цааш явсан. Тухайн газраас 300 метр орчим газар яваад миний хөл янгинаад өвдөхөөр нь би арай хийж гэртээ ороод түргэн тусламж  дуудаж үзүүлэхэд “Рентгенд харах шаардлагатай” гэж хэлэхээр нь маргааш нь рентгенд харуулсан, тэгээд эмнэлэгт 7 хоног хэвтсэн. Тухайн үед намайг мөргөсөн автомашинаас 2 эмэгтэй хүн бууж ирээд “Яанаа, муухай зүйл боллоо, миний машинд суучих, эмнэлэг явъя” гэж хэлсэн ба би босох үед миний хөл гишгэж байхаар нь би  “Зүгээр зүгээр та хоёр яв” гээд тэр хоёрыг явуулчихсан. Би өөрөө хараа муутай, чих маань хатуу ямар нэгэн зүйлийг муу сонсдог. Тухайн үед би гэрлэн дохио анзаарч хараагүй, би хоёр талдаа машин хараад явган хүний гарцаар гарсан. Би өдөр бүр тэр явган хүний гарцаар гардаг. Намайг мөргөсөн авто машин миний зүүн талаас ирж миний зүүн хөл тус газарт мөргөсөн. Би одоогоор эвтэйхэн гишгээд явж байгаа бөгөөд чанга гишгэхээр хөл янгинаж өвдөөд байгаа. Өдөр бүр өвчин намдаах эм хэрэглэж байна. Ослын улмаас учирсан хохирлыг би тооцож гаргаагүй байгаа. Тухайн үед эм тариа авсан баримтууд байгаа. Би голдуу өвчин намдаах эм тариа авсан. Намайг мөргөсөн жолооч надад витамин авч өгсөн бөгөөд манайд ирж надтай уулзаад уучлал гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

                  гэрч Ж.А-ийн өгсөн “2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бэр Н-ийн хамт түүний машинаар “Увс хүнс” ХК-ийн агуулах худалдааны дэлгүүр орохоор явж байсан. Н-ийн авто машин нь буруу талдаа рультэй бөгөөд би жолоочийн дэргэдэх суудал дээр сууж явсан. Тухайн үед Н “Хаан банк”-ны замын уулзвараар нэвтэрч байгаад явган хүний гарцаар явж байсан хүнийг мөргөж унагаасан. Тэгээд мөргүүлсэн хүнийг газар унасан байхад нь Н өргөж босгосон. Би бас машинаас буугаад нөгөө хүн дээр очоод “Та зүгээр үү, манай машинд суучих, эмнэлэг явъя” гэхэд “Миний бие зүгээр, манай гэр ойрхон байдаг юм” гэж хэлээд босоод алхаад явчихсан. Тухайн үед тэр хүн  “ миний бие зүгээр, зүгээр хэвийн байна” гээд алхаад явчихаар нь зүгээр юм байх гэж бодоод бид хоёр явчихсан. Түүний дараа үдээс хойш гэртээ очоод байж байтал “Нөгөө мөргүүлсэн хүн цагдаад мэдэгдсэн байна” гэж сонсоод гэрт нь яваад очиход гэртээ хэвтчихсэн байсан тул эмнэлэг авч зжраг авахуулж эмчид үзүүлж харуулахад “Хөл нь цуурсан байна” гэж хэлсэн. Уг хүнийг авто машины яг аль хэсгээр мөргөснийг би сайн мэдэхгүй байна. Тухайн үед би гэрлэн дохио анзаарч хараагүй. Ямар гэрлэн дохио асаж байсныг мэдэхгүй байна. Н их тогтуухан явж байсан бөгөөд тоормос гишгэхэд зогсохгүй гулсаж ороод мөргөчихсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

                  шүүгдэгч Т.Н-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 12 цаг 30 минутын үед би өөрийн эзэмшлийн 81-19 УВХ улсын дугаартай автомашинтай төв “Хаан банк”-ны ар талын буюу аймгийн “Нийгмийн даатгалын хэлтэс”-ийн өмнөх 4 замын уулзвараар гэрлэн дохио харж байгаад ногоон гэрэл асах үед чигэээрээ уулзвар нэвтэрсэн. Тэр үед явган хүний гарцан дээр нэг хүн явж байгаад зогссон. Би тэр хүнийг зогсож байгаа юм байна гэж ойлгоод явахад тэр хүн миний машины урдуур орж ирж мөргөгдөж унасан. Тэр даруйд нь би машинаа зогсоогоод машинаасаа буугаад мөргүүлсэн хүнийг босгоод эмнэлэг явах гэсэн боловч тэр хүн “Би зүгээр байна, би гайгүй. Та нар явцгаа” гэхээр нь би “Та үнэхээр зүгээр үү” гэхэд “Зүгээр байна” гээд цааш  алхаад явахаар нь би зүгээр л байгаа юм байх гэж бодоод яваад өгсөн. Тэгтэл үдээс хойш над руу мөргүүлсэн хүн залгаад “Бие муудлаа” гэхээр нь би гэрт нь очиход тэр хүн хэвтчихсэн байсан. Тэгээд эмнэлэгт хүргэж үзүүлээд маргаашнаас нь үргэлжлүүлэн эмнэлэгт хэвтүүлсэн. Тухайн үед би эхлээд эмнэлэгт мэдэгдээд дараа нь цагдаад мэдэгдэнэ гэж бодож байсан боловч тэр хүн “Би зүгээр байна, явчихаж чадна. Та нар явцгаа” гэхээр нь зүгээр юм байх гэж бодоод явчихсан. Миний хувьд хэргийн газрыг орхиж зугатаасан зүйл огт байхгүй. Би осол болсон талаар мэдэгдэх л байсан. Тухайн үед тэр хүн “Зүгээр байна” гэхээр нь би явчихсан юм. Би 2006 онд Увс аймагт “БМ” автокурст жолооны курс төгсөж “В” ангиллын үнэмлэх авсан. Тухайн үед унаж явсан авто машин нь миний эзэмшлийн авто машин байгаа юм. Би тухайн үед 10-20 км/ цагийн хурдтай явсан.       Би хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулна. Хохирогч С гуайн охин УБ хотоос ирсэн, буцсан унааны зардал, эм тарианы мөнгийг нь төлж өгнө. Би 3 сартай нялх хүүхэдтэй учраас гэрт нь очиж эргэж чадаагүй, харин эмнэлэгт байхад нь эргэж байсан.  Өчигдөр гэрт нь очиход нь уурлаж загнаад хүлээж аваагүй. Эмнэлэгт хэвтэж байхад нь гаднаас эм тариа авч өгөх гэхэд эмнэлэг аваагүй тул би уураг, витамин авахад зориулж 200000 төгрөг өгсөн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,     

                  Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №112 дугаартай: “Иргэн Ч.С-ийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Зүүн хөлний өвдөгний үений битүү цуурсан хугарал, тэр хэсгийн зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 38/,

                  Увс аймгийн Цагдаагийн газрын Замын тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Буянтогтохын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гаргасан 01 тоот Шинжээчийн: “ Жолооч Т.Н нь  Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. МУ-ын ЗХД-ийн 12.7-д зааснаар “Зөвшөөрөгдсөн гэрэл дохио ассан үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч Т.Н ЗХД-ийн 12.7 дахь хэсгийг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн шууд шалтгаан болж байна ” гэх дүгнэлт /хх-ийн 42/,   

                  Увс аймгийн Цагдаагийн газрын Замын тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Буянтогтохын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 02 тоот Шинжээчийн: “Явган зорчигч Ч.С Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 47/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.     

      Шүүгдэгч Т.Н нь Монгол улсын  “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 12.7-д “Зөвшөөрөгдсөн гэрэл дохио ассан үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарч, хохирогч Ч.С-ын биед хүндэвтэр гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож, хэргийн бүрдэл хангагдсан байна.

      Иймд шүүгдэгч Т.Н-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

      Шүүгдэгч Т.Н-ийн гэмт хэрэг үйлдэхдээ жолоодож явсан 81-19 УВХ улсын дугаартай, “Suzuki Swift” маркийн автомашин өөрийнх нь эзэмшлийнх, Т.Н нь “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолооодох эрхийн  435364 дугаартай үнэмлэхтэй, гэмт хэрэг гарах үед Т.Н-ийн автомашинд эвдрэл, гэмтэл гараагүй зэрэг нь Гэмтлийн акт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон. 

                  Шүүгдэгч Т.Н-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.С-ийн биед зүүн хөлний өвдөгний үений битүү цуурсан хугарал, тэр хэсгийн зөөлөн эдийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Ч.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг 867.100 төгрөг нэхэмжилсэн байх боловч хэрэгт энэ талаархи нотлох баримт хангалттай авагдаагүй байх тул хохирлын хэмжээг тооцож гаргах боломжгүй байна. Иймд хохирогч Ч.С нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь  зүйтэй байна.

                  2. Шүүгдэгч Т.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

      Шүүгдэгч Т.Н нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

                   Шүүгдэгч Т.Н нь нөхөр, 0-16 насны 5 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Улаангом сумын 7 дугаар багийн Засаг даргын 2018-03-07-ны өдрийн 509 дүгээр Тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар, тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус  нотлогдсон.

       Шүүгдэгч Т.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Т.Н-ийн хувийн байдал, улсын яллагч торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэв. 

      Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

       Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн гудамж талбайн гадна орчны хяналтын камерын дүрс бичлэгийг хуулж хадгалсан гэх CD-г шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлахад дүрс бичлэг нь уншигдахгүй, гэмтэлтэй, сэргээгдэх боломжгүй нь тогтоогдсон тул устгах нь зүйтэй гэж дүгнэв.            

                  Шүүгдэгч Т.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.              

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                  1. Шүүгдэгч Т ургийн овогтой Т-ийн Н-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-т 900 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.С-ын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.  

           5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн гэмтэлтэй CD 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Т.Н-ийн 81-19 УВХ улсын дугаартай, “Suzuki Swift” маркийн автомашин битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

           6. Шүүгдэгч Т.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Н-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ,

                                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН