Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/08

 

  

 

 

 

 

      

 

 

      2024            01           22                                       2024/ДШМ/08

 

 

 

Б.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

 

Прокурор: Г.Г /цахимаар зайнаас/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: З.Алтанцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн, шүүгдэгч Б.Гт холбогдох 2320001380129 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

А овогт Б.Г  , *.

 

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Б.Г   , мал борлуулна гэж мал худалдан авах захиалга авч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Батхуягаас 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд 26 удаагийн гүйлгээгээр 14,145,000 төгрөгийг хаан банкны 5360328127, 5087169142, 5376309548 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Г   ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч А овогт Б.Г  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г   ийн зорчих эрхийг хязгаарлах ялыг оршин сугаа газар болох Дорноговь аймгийн С сумын хилийн цэсээр тогтоож, 1 /нэг/ жилийн хугацаанд Дорноговь аймгийн С сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас тусад нь эдлүүлж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.-д зааснаар шүүгдэгч Б.Г   ээс гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын төлбөрт 12,645,000 /арван хоёр сая зургаан зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорноговь аймгийн Замын-үүд сумын 2 дугаар ба, Хилийн 1-4 тоотод оршин суух, Ш овогт Б.Б  /РД:*/-т олгохоор,

 

шүүгдэгч Б.Г    энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

 

шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Г нь үйлдсэн хэрэг болон гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй, хохирогчид учирсан хохирлын зарим хэсэг болох 1,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл хохирол төлбөрөө цалингийн эх үүсвэрээр төлж барагдуулахаа илэрхийлсэн. 2024 оны 01 сараас эхлэн Ганцэцэг, Чандмань-Илч ОНӨХХК-нд жижүүрээр ажилд орсон, ар гэрийн нөхцөл байдлын хувьд өсвөр насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар гэр бүлтэй гэж харагдаж байгаа боловч нөхөр нь Солонгос улс явснаасаа хойш ямар ч харилцаа холбоогүй болсон байдаг. Охин О  зүрх болон бамбайн өвчтэй учраас үе үе татаж унадаг. Ээжийнх нь асаргаа зайлшгүй шаардлагатай байдаг. Иймээс ар гэрийн нөхцөл байдал, хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлж байгааг харгалзан тухайн хэргийн зүйлчлэлийн зорчих эрх хязгаарлах ялыг доод хэмжээгээр оногдуулж хөнгөрүүлэн өгнө үү. Мөн өмнө нь гарсан 1,500,000 төгрөгөөр торгох ялыг 125 дугаар шийтгэх тогтоолтой нэгтгэж өгөх боломжтой бол нэгтгэж өгнө үү, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулах хэрэгтэй байгаа учраас энэ талыг харгалзан үзэхийг хүсэж байна ” гэв.

 

6. Прокурор Г.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...шүүгдэгч нь хохирогчид хохирол төлөөгүй, төлөхөө илэрхийлсэн боловч ямар эх үүсвэрээр төлөхөө нотлох баримтаар гаргаж өгөөгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг нь харгалзан үзэж шүүгдэгчид торгох ял оногдуулахаар байгаа. Зөвхөн 2 хүүхдийг харгалзах хүнгүй  хувийн байдлыг нь харгалзан анхан шатны шүүхээс зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн байгаа учраас шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжгүй. Дорноговь аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 176 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1,500 төгрөгөөр торгох 4 шийтгэх тогтоолыг одоогийн 125 дугаар шийтгэх тогтоолыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэлтэй гарсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүхээс, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос, шүүгдэгч Б.Г   ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17,3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

2. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Г   ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг,

 

 шүүгдэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч “...гэм буруугаа зөвшөөрсөн, хохироос 1,500,000 төгрөгийг төлсөн, үлдэх 12,645,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байдал, өсвөр насны хоёр хүүхдийн хамт амьдардаг, охин нь зүрх бамбайн дутмагшил өвчний улмаас эмчийн хяналтад байдаг, ээжийн асаргаа шаардлагатай зэрэг ар гэрийн байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ялыг тухайн зүйлчлэлийн доод хэмжээгээр хөнгөрүүлэн өгнө үү, өмнө нь 1,500,000 төгрөгөөр торгох ялыг, 125 дугаар шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагыг торгуулийн ялаар өөрчлөн хөнгөрүүлж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгуулийн ялыг багаар тогтоож, өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасан.

 

3. “Хуурч, эсхүл ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилжээ.

 

4. Энэхүү хуулийн зохицуулалт болон хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц зөрчил тогтоогдсонгүй.

 

5. Шүүх хуралдаанд шинжлэн судалж, хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар, шүүгдэгч Б.Г    “мал борлуулна, мал зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Б.Батхуягаас 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хугацаанд нийт 26 удаагийн гүйлгээгээр 14,145,000 төгрөгийг хаан банкны 5360328127, 5087169142, 5376309548 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан” үйл баримт нь нотлогдон тогтоогдсон эдгээр баримтыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтат мэдээллүүд байна. Тиймээс шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хөрөнгө ...шилжүүлэн авсан бол” гэх шинжид нийцсэн гэж үзэх нь үндэслэлтэй.

 

6. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй, шүүгдэгчийг “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн, хохирлын зарим хэсгийг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан, түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, энэ ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан/10 сар/ зорчих эрхийг хязгаарласан ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. 

 

Хэдийгээр давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрхтэй боловч энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.Г    ажилгүй, тогтсон цалин, орлогогүй, хохирол төлбөрийг төлөөгүй  зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн “...зорчих эрх хязгаарлах ялыг тухайн зүйлчлэлийн доод хэмжээгээр хөнгөрүүлж, өмнө нь 1,500,000 төгрөгөөр торгох ялыг, энэ шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагыг торгуулийн ялаар өөрчлөн, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгуулийн ялыг багаар тогтоож, өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ

Н.БОЛОРМАА