Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2025/0487

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн би, Б.Ц*******гийн нэхэмжлэлтэй, Мал эмнэлгийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц*******гоос 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/86 дугаар тушаалаар миний бие тус албан тушаалд томилогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц******* 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд хандаж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 146 дугаартай тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Б.Ц*******г Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргаар томилохыг даалгах гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг Мал эмнэлгийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан.

Шүүх уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд бичгээр хүсэлт ирүүлж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан байна.

Энэхүү хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д: нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн заалтад нийцэж байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч Б.Ц******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Мөн нэхэмжлэгч Б.Ц*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тус тус тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Б.Ц*******гийн нэхэмжлэлтэй, Мал эмнэлгийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 146 дугаартай тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Б.Ц*******г Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргаар томилохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 128/2025/0395/З индекстэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц*******гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН