| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2018/0036/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2018-03-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 48
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн шүүгдэгч Г.Гд холбогдох 1830000150031 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Халзан сумын 3 дугаар багийн харьяат, 1984 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл 2, эхийн хамт Халзан сумын 3 дугаар багийн Хол худаг гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолооор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дүгээр зүйлийн 126.2.4-т зааснаар 5 жил 10 хоног хорир ялаар шийтгүүлж байсан, РД:ЛЛ84112477, Оохоогийнхон овгийн Г.Г.
Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын 3 дугаар багийн нутаг “Шаргын-Уул” гэх газарт Г.Гын толгойн тус газарт ташуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр нэг бүдүүн залуу ирээд миний чих рүү цохисон. Тэгээд би хэд хоног юм сонсохгүй байсан. Бямбажав олууллаа байсан. Тэгээд намайг мориноос татаж унагасан. Би биеэ хамгаалсан. Эхэлж цохисноороо би буруутаж байгаа. Бямбажавыг ташуураар цохисон нь үнэн. Бямбажавд эмчилгээний зардал 1 сая төгрөг өгсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.
- Яллагдагч Г.Гантулгын: 2018.01.01-ний өдөр Шаргын ууланд нар харчихаад ташуур шүүрэх тэмцээн болж уг тэмцээнд би оролцсон. Тэгээд түрүүлсэн хүмүүст шагнал гардуулах арга хэмжээ болох гэж байхад миний хажууд зогсож байсан үл таних хүн намайг ташуур муу шүүрлээ гэхээр нь би уг хүнтэй маргаад зогсож байсан. Гэнэт хүн хажуу талаас цохих шиг болохоор нь эргээд хартал миний хажууд Асгат сумын иргэн Г.Г зогсож байхаар нь гартаа байсан ташуураар цохисон юм. Би уг хүний ташуурдсан нь үнэн тул сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Намайг ташуурдангууд Бямбажав нүүрээ дараад газар суусан, намайг цохисон зүйл байхгүй. Би Г.Гын эмчилгээний зардалд 1 сая төгрөг өгсөн ” гэх мэдүүлэг /хх- 40-41/,
- Хохирогч Г.Гын: 2018.01.01-ний өглөө найз нарын хамт Шаргын уулан дээрээс нар харчихаад, 09 цагийн үед морьтой ташуур шүүрэх тэмцээнд болж би тэмцээнд орж түрүүлсэн юм. Тэгээд түрүүлснийхээ шагналыг гардаж авах гээд зогсож байтал Халзан сумын харьяат Г.Г нь миний хажууд зогсож байсан хүнтэй маргалдаад эхэлсэн. Тэгтэл ташуураар миний толгойн тус газар ташуурдсаны улмаас баруун нүд битүү хавантай болж, 2018.01.03-нд АНЭ-т ирж үзүүлж мэс заслын тасагт хэвтээд эмчлүүлж байтал “ онош тогтоогдохгүй байна, нүдний болор цайрсан байна, Улаанбаатар хот явж онош тодруулах шаардлагатай ” гэж хэлсэн. Тэгээд би 01 сарын 09-ний өдөр эмнэлгээс гарсан. Гантулга жаахан архи уусан байсан байх, морин дээрээ гуйваад байсан. Би түүнтэй муудаагүй. Өмнө нь нүдэндээ гэмтэл авч байгаагүй. Улаанбаатар хотод очиж томографик зураг авахуулсан, СД-н дээр хуулж өгсөн. Улаанбаатар хотод Сондра нүдний энмэлэгт үзүүлсэн. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүн миний эмчилгээнд гарсан зардлыг бүрэн барагдуулж өгсөн... гэх мэдүүлэг /хх-05-06/,
- Гэрч Э.Саранцэцэгийн: 2018.01.01-ний өглөө манай нөхөр Бямбажав 04 цагийн үед Шаргын уулнаас нар харж ирнэ гээд явсан. Өдөр 11-12 цагийн үед ирэхдээ баруун талын нүд нь битүү хавантай ирсэн. Тэгэхээр нь би түргэн дуудаж үзүүлсэн. 2018.01.03-ны өдөр аймаг явж үзүүл гэхэд нь эмнэлгийн машинтай ирж үзүүлсэн.Тэгээд шууд мэс заслын тасагт хэвтүүлсэн... гэх мэдүүлэг /хх-10/,
- Гэрч Н.Бадралын: 2018.01.01-ний өглөө Шаргын уулнаас нар харчихаад буухад манай сумын Бямбажав нь хүнд ташуурдуулсан гээд нүд нь хавдсан, цасаар угаагаад зогсож байсан. Тэгээд ямар хүн болохыг асуухад Халзан сумын иргэн Шонхор “ энэ байна “ гээд зааж өгсөн. Би уг хүн дээр очоод “ чи яагаад хүүхдийн нүд ташуурдсан бэ, цагдаа явна гээд” заамдаад автал миний шанаан тус газар гараараа цохисон. Тэгэхэр нь би заамдаж байсан гараараа татсан чинь газар ойчсон бөгөөд тэнд байсан хүмүүс “ чи наад хүнээ зодож болохгүй, ухаан нь хагас дутуу хүн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би орхиод явсан... гэх мэдүүлэг /хх- 15-16/,
- Гэрч Г.Гантулгын: Би найзуудын хамт 2018.01.01-ний өглөө Шаргын уулнаас нар харчихаад, морьтой ташуур шүүрэх тэмцээн харж байтал гэнэт хүмүүс бужигнаад ирэхээр нь очтол нэг залуу нүүрээ дараад газар сууж байсан, хажууд нь морьтой хүн зогсож байсан. Тэнд байсан хүмүүсээс юу болсон талаар асуутал морьтой хүн тэр залууг ташуурдсан гэсэн. Тэгээд бид нар уг залууг мориноос нь буулгаад тэнд байсан хүмүүсийг тараасан. Ямар учраас ташуурдсан талаар бол мэдэхгүй, ташуурдах үеийг нь хараагүй юм...гэх мэдүүлэг /хх-17/
- Гэрч Э.Дашжаргалын ” Г.Г нь нүдэндээ ташуурдуулаад 1 сарын 3-нд үзүүлж АНЭ-ийн мэс заслын тасагт 9 хүртэл хэвтэж эмчлүүлсэн. Эмчлэгч эмч нь би байсан. Тухайн үедээ баруун нүд нь дөнгөж гэрэл мэдэрч байсан. Эвэрлэг хавантай, өмнөд камерт цустай, фибринтэй, хүүхэн хараа өргөн, гэрлийн урвал үгүй, цааш шинжлэх боломжгүй байсан. Эмийн эмчилгээнд дээрх өөрчлөлтүүд үгүй болсон боловч хараа 0.04-өөс нэмэгдэхгүй шар толбонд өөрчлөлттэй байсан тул 3-р шатлалд шилжүүлэх/ торлог шилэнцэрийн/ эмчид үзүүлж шинжилгээ хийлгэхийг зөвлөсөн байгаа. Одоогоор бол болор цайгаагүй байгаа, гэхдээ хоёрдогчоор гэмтлийн улмаас болор цайх тохиолдол байдаг. Болор цайвал хараанд нөлөөлнө. Цайсан тохиолдолд хиймэл болор солих мэс засал хийдэг. Компьютерийн/ОСТ-macul/, Ухархай КТГ-г чиглэлээр зураг манай аймагт авдаггүй болохоор Улаанбаатар хотод явуулж торлог шилэнцэрийн эмчид үзүүлэхийг зөвлөсөн. Гэмтлийн улмаас шар толбондоо retinal pigment epithelium/ RPE/ торлогийн эмч 1 сарын дараа давтан ирж үзүүл гэсэн. Тиймээс торлогийн мэргэжлийн эмч /ОСТ-macul/ шинжилгээ хийж байгаад өмнөх шинжилгээтэй харьцуулалт хийж хариу өгөх байх “ гэх мэдүүлэг /хх- 20/,
- Асгат сумын Эмнэлгийн 2018.01.01-ний өдрийн тодорхойлолтонд: Тархины доргилт, баруун нүдний гэмтэл ... гэжээ. /хх-23/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 49 дугаартай дүгнэлтдээ: 1.Г.Гын биед тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцралт, цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болно. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй”... гэжээ /хх-25/,
- Шинжээч А.Болор-Эрдэнийн: Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Онош бүрэн тогтоогдоогүй, нүдний алимны доргилт гэсэн оношоор аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан. Дээрх гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой /хх- 18/,
Нарийн мэргэжлийн эмчийн үзсэн үзлэгийн карт болон СД-ний зургийг үзэж харсан. Энэ гэмтэл нь өмнө гаргасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд цаашид гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Одоогийн байдлаар нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Энэ хүний нүдний гэмтэл нь цаг хугацааны хувьд эдгэрэх үгүй нь шийдэгдэх учир одоогоор нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Харин сарын дараа очиж үзүүлээд ямар байгаагаас шалтгаалж өөрчлөгдөх үгүй нь мэдэгдэнэ... гэх мэдүүлэг /хх- 21/,
- 2018.01.22-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааны актын дүгнэлтэнд: 1. Г.Г оюун ухааны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлттэй өвчтэй. 2. Г.Г нь болсон асуудлыг бодитоор тусгаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно. 3. Г.Г нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг хурц эмгэгүй, оюуны хомсдол, зан төрхийн өөрчлөлттэй байсан. 4.Г.Г нь хэрэг хариуцах чадвартай болно... гэжээ. /хх-31-32/
- Г.Гантулгын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-52/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх- 54/
- үхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багийн Засаг даргын 2018.01.23-ны өдрийн 7/113 дугаартай тодорхойлолт /хх-27/
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 25 дугаартай Прокурорын санал /хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар/- /хх-90/
- Хохирогч Г.Гын эмчилгээ, замын зардлын баримтууд /хх-43- 45/
- Хохирогч Г.Гын өвчний түүх, эмчилгээний баримтууд /хх-58- 81/
- Хохирогч Г.Гын хүсэлт /хх-85 / зэрэг болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 09 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Асгат сумын 3 дугаар багийн нутаг “ Шаргын уул” гэх газарт Г.Гын толгойн тус газарт ташуураар цохиж эрүүл мэндэд нь “ тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцралт, цус хуралт “ бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
- шүүгдэгч Г.Гантулгын “ Бямбажавыг ташуураар цохисон нь үнэн. Бямбажавд эмчилгээний зардал 1 сая төгрөг өгсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна “ гэх,
- хохирогч Г.Гын” 2018.01.01-ний өглөө найз Шаргын уулан дээрээс нар харчихаад, 09 цагийн үед морьтой ташуур шүүрэх тэмцээн болсон ба би тэмцээнд орж түрүүлсэн юм. Тэгээд түрүүлснийхээ шагналыг гардаж авах гээд зогсож байтал Халзан сумын харьяат Г.Г нь миний хажууд зогсож байсан хүнтэй маргалдаад эхэлсэн. Тэгтэл ташуураар миний толгойн тус газар ташуурдсаны улмаас баруун нүд битүү хавантай болж, 2018.01.03-нд АНЭ-т ирж үзүүлж мэс заслын тасагт хэвтээд эмчлүүлж байтал “ онош тогтоогдохгүй байна, нүдний болор цайрсан байна, Улаанбаатар хот явж онош тодруулах шаардлагатай” гэж хэлсэн. Тэгээд би 01 сарын 09-ний өдөр эмнэлгээс гарсан. Гантулга жаахан архи уусан байсан байх, морин дээрээ гуйваад байсан. Би түүнтэй муудаагүй. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүн миний эмчилгээнд гарсан зардлыг бүрэн барагдуулж өгсөн” гэх,
- Гэрч Э.Саранцэцэгийн “ 2018.01.01-ний өглөө манай нөхөр Бямбажав 04 цагийн үед Шаргын уулнаас нар харж ирнэ гээд явсан. Өдөр 11-12 цагийн үед ирэхдээ баруун талын нүд нь битүү хавантай ирсэн. 2018.01.03-ны өдөр аймаг явж үзүүлээд шууд мэс заслын тасагт хэвтүүлсэн “гэх,
- Гэрч Н.Бадралын ” 2018.01.01-ний өглөө Шаргын уулнаас нар харчихаад буухад манай сумын Бямбажав нь хүнд ташуурдуулсан гээд нүд нь хавдсан, цасаар угаагаад зогсож байсан. Тэгээд ямар хүн болохыг асуухад Халзан сумын иргэн Шонхор “ энэ байна “ гээд зааж өгсөн “гэх,
- Гэрч Г.Гантулгын “ Би найзуудын хамт 2018.01.01-ний өглөө Шаргын уулнаас нар харчихаад, морьтой ташуур шүүрэх тэмцээн харж байтал гэнэт хүмүүс бужигнаад ирэхээр нь очтол нэг залуу нүүрээ дараад газар сууж байсан, хажууд нь морьтой хүн зогсож байсан. Тэнд байсан хүмүүсээс юу болсон талаар асуутал морьтой хүн тэр залууг ташуурдсан гэсэн “ гэх,
- Асгат сумын Эмнэлгийн их эмчийн 2018.01.01-ний өдрийн “ онош: Тархины доргилт, баруун нүдний гэмтэл “ гэх тодорхойлолт,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 49 дугаартай “ 1.Г.Гын биед тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцралт, цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болно. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй”... гэх дүгнэлт зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.Гантулгын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл үндэстэй, шүүгдэгч хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Г.Г гэмт хэргийг хувийн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа, ямар ч шалтаг шалтгаангүйгээр хохирогчийг ташуураар цохиж эрүүл мэндэд зориуд хохирол учруулжээ.
Тэрээр хэрэг үйлдсэн шалтгаанаа “ Тухайн өдөр нэг бүдүүн залуу ирээд миний чих рүү цохисон. Тэгээд би хэд хоног юм сонсохгүй байсан. Бямбажав олуулаа байсан. Тэгээд намайг мориноос татаж унагасан. Би биеэ хамгаалсан “ гэж тайлбарлах боловч энэ нь хэрэгт нотлогдоогүй ба хохирогч Г.Гантулгыг ташуураар цохисон үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Иймд шүүгдэгч Г.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяр нь шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж шүүх дүгнэв.
Тухайлбал, энэ хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Г.Гантулгын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Г нь түүнтэй эвлэрсэн талаарх хүсэлтийг хэрэгт гаргасан ба тэрээр хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Г.Гантулгыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Г.Гантулгын гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан эдийн хохирол буюу эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирлын талаар хохирогч Г.Г хэрэгт өгсөн хүсэлтэндээ“ Г.Г гэгчид нүдэн тус газартаа ташуурдуулсанаас аймгийн эмнэлэгт хэвтсэн, мөн Улаанбаатар хот явж нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн. Энэ бүх хугацаанд ний 700.000 төгрөгийн зардал гарсан ба эргэж явж үзүүлэх ёстой. Иймээс Г.Гас 1 сая төгрөг авсан, одоо бид хоёрын дунд эд материалын ямар нэгэн маргаан байхгүй, ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй “ гэжээ /хх- 85/.
Шүүгдэгч Г.Гантулгын үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүний үйлдлээс хохирогчид хөнгөн хохирол учирсан, хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтийг хэрэгт гаргасан зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд прокуророос гаргасан ялын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулах 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд сард 150.000, 150.000, 200.000 төгрөгөөр тус тус хэсэгчилэн төлөхөөр тогтоолоо.
Г.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдая.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 5, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Оохоогийнхон овгийн Ганхуягийн Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантулгыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Г.Гд шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд сард 150.000, 150.000, 200.000 төгрөгөөр тус тус хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Г шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ялтан Г.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Ялтан Г.Гд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН