| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 2319001380168 |
| Дугаар | 2024/ДШМ/11 |
| Огноо | 2024-02-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Д |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2024/ДШМ/11
2024 02 19 2024/ДШМ/11
Б.П, М.Н, З.Т нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор: Б.Дашням,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э ,
Яллагдагч З.Т ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/49 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Б.Дашнямын эсэргүүцлийг үндэслэн, Б.П, М.Н, З.Т нарт холбогдох 2319001380168 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Яллагдагчийн биеийн байцаалт:
1.1.М овогт Б.П , *.
1.2.С овогт М.Н , *.
1.3.Х овогт З.Т , *.
2. Холбогдсон хэргийн товч агуулга:
2.1.Яллагдагч Б.П , З.Т нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2022 оны 09 дүгээр сард Дорноговь аймгийн Д сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, 24 дүгээр зөрлөгийн орчим байрлах Г ХХК-ийн өмчлөлийн төмөр замын суман шилжүүлэгчийн 6 метр урттай, 2 ширхэг шор төмрийг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч Г ХХК-д 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан,
2.2.Яллагдагч З.Т , М.Н нар бүлэглэн М.Нт итгэмжлэн хариуцуулсан Дорноговь аймгийн Д сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, 24 дүгээр зөрлөгийн орчим байрлах Г ХХК-ийн өмчлөлийн төмөр замын суман шилжүүлэгч ком 13 ширхгийг завшихыг санаачлан, удирдан, төлөвлөж, М.Ннүйлдлийг хуваарилан, албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдэхийг зохион байгуулж, 2022 оны 11 дүгээр сард Г ХХК-д 63,468,408 (жаран гурван сая дөрвөн зуун жаран найман мянга дөрвөн зуун найм) төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3. Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас яллагдагч Б.П, М.Н, З.Т нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
4. Анхан шатны шүүх: “...Яллагдагч Б.П , З.Т , М.Н нарт холбогдох эрүүгийн 2319001380168 дугаартай хэргийг прокурорт буцааж,
Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.П , З.Т , М.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, яллагдагч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,
Энэ захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5. Прокурор Б.Дашням эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Г ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 167 дугаартай албан бичгээр тус компанийн ажилтан Д.Эг хэрэг бүртгэлийн 231900138 дугаартай хэрэгт компанийн эрх ашгийг төлөөлж оролцуулах албан бичгийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт хүртгүүлсэн. /1 хх 22/ Албан бичгийг үндэслэн ЭХХШТХ-ийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г ХХК-ийг хохирогчоор тогтоож, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хууль ёсны төлөөлөгчөөр Д.Э г тогтоож, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулсан. Гэтэл шүүх хохирогчоор Г ХХК-ийг тогтоосон байх боловч уг тогтоолыг хууль ёсны төлөөлөгч Д.Э д танилцуулж гарын үсэг зуруулсан. Мөн тухайн компанийн хууль ёсны төлөөлөгч томилсон баримтгүйгээр хууль ёсны төлөөлөгчийг томилсон нь ойлгомжгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Харин яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “...яллагдагч З.Т , М.Н нарыг суман шилжүүлэгчийн ком 13 ширхийг завшихыг санаачлан...” гэсэн нь ойлгомгүй гэсэн заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоног хойшлуулж, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой байна. Учир нь дээрх заалтыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэхэд яллагдагч, хохирогчийн эрх зүйн байдал дордохгүй.
Иймд тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 49 дугаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, яллах дүгнэлтийг дахин гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгаж, шүүх хэргийг хянан хэлэлцэхийг 15 хоногийн хугацаагаар хойшлуулж гэж өөрчлөлт орчуулуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэв.
6. Яллагдагч З.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Байхгүй.” гэв.
7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүгчийн захирамжид дурдсан хохирлын хэмжээг бүрэн бодитой тогтоогүй байна гэсэн саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямын эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/49 дугаартай шүүгчийн захирамжтай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:
1. Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн баримтуудаар яллагдагч Б.П , З.Т нар нь 2022 оны 09 дүгээр сард Дорноговь аймгийн Д сумын 2-р багийн нутаг дэвсгэр, 24 дүгээр зөрлөгийн орчим байрлах “Г ” ХХК-ны өмчлөлийн төмөр замын суман шилжүүлэгчийн 6 метр урттай 2 ширхэг шор төмрийг машин механизм ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэнд,
Яллагдагч М.Н нь яллагдагч З.Т тай хамтарч мөн газар, байршилд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан “Г ” ХХК-ны өмчлөлийн төмөр замын суман шилжүүлэгчийн ком 13 ширхгийг завшсан үйлдэлд гүйцэтгэгчээр хамтран оролцсон, яллагдагч З.Т нь уг үйлдлийг зохион байгуулагчаар хамтран оролцсоны улмаас 58,500,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тус тус яллуулахаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
2. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг нотлох үүрэг бүрэн хэрэгжээгүй байхад прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу болсон, анхан шатны шүүх хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцаасан нь зөв болсон буюу шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл: Яллагдагч нарын үйлдлийн улмаас “Г ” ХХК-ны өмчлөлийн Дорноговь аймгийн Д сумын 2-р багийн нутаг дэвсгэр, 24 дүгээр зөрлөгийн орчим байрлах “Г ” ХХК-ны өмчлөлийн төмөр замын суман шилжүүлэгчийн ком алдагдсан нь хэрэгт авагдсан яллагдагч нарын мэдүүлгүүд болон хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 11-17/ зэргээр тогтоогдсон ба прокурор яллах дүгнэлтдээ хохирлыг “...төмөр замын суман шилжүүлэгчийн ком” гэж тодорхойлсон боловч прокуророос яллагдагч нарын үйлдэл тус бүрээр нь хохирлыг ялгаж, салган тус тусад нь үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /1хх 36-39, 42-45, 2хх 42-62/ гаргаснаас өөрөөр хохирогчид учирсан хохирлыг бүрэн бодитойгоор тогтоогоогүй, суман шилжүүлэгчийн комд ямар ямар эд анги багтдаг, яллагдагч нарын үйлдэл тус бүрээр яаж алдагдсан зэргийг бүрэн бодитойгоор тогтоогоогүй байна.
- яллагдагч нарын үйлдлийн улмаас нэг эд хөрөнгөд хохирол учирсан байхад яллагдагч нарын үйлдэл тус бүрээр нь ялгаж, салгаж шинжээчийн дүгнэлт гаргаж хохирлыг тооцох нь үндэслэлтэй эсэх.
- мөн “Г ” ХХК-ны төмөр замын хохирол болох суман шилжүүлэгчийн комын үнэлгээг тогтоохоор мөрдөгчөөс 2 удаа шинжээч томилж, 2 өөр үнэлгээтэй шинжээчийн дүгнэлт /1хх 42-45, 2хх 42-62/ гаргуулсан, мөрдөгч болон прокуророос энэ дээр шинжээчээс тодруулах, эсхүл нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх байсан эсэх зэрэг нэмэлт ажиллагаа хийгдэх шаардлагатай байхад хийгээгүй байна.
- прокурор яллах дүгнэлтдээ эхний буюу 58,500,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг баримталсан нь мөн ойлгомжгүй.
- хохирогч “Г ” ХХК-ны хууль ёсны төлөөлөгч Д.Э д шинжээчийн дүгнэлтүүдийг танилцуулсан баримтгүй байна.
3. Хэргээс үзэхэд энэ гэмт хэргийн улмаас “Г ” ХХК-ны эд хөрөнгө болох Дорноговь аймгийн Д сумын 2-р багийн нутаг дэвсгэр, 24 дүгээр зөрлөгийн орчим байрлах төмөр замын суман шилжүүлэгчийн ком алдагдаж компанид эд хөрөнгийн хохирол учирсан байхад мөрдөгчөөс хохирогчоор иргэн Д.Э г тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцээгүй.
4. Хэрэгт яллагдагч Б.П , З.Т нар нь хулгайлах гэмт хэргийн улмаас, яллагдагч М.Н , З.Т нар нь хөрөнгө завших гэмт хэрэгт тус тус хамтран оролцож үйлдсэн байхад мөрдөгч, прокуророос шүүгдэгч нарын үйлдэл, оролцоог Эрүүгийн хуульд зааснаар нарийвчлан тогтоогоогүй байна.
Иймд анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тогтоогоогүй, хохирогчийг зөв тогтоогоогүй, гэмт хэрэгт хамтран оролцсон яллагдагч нарын үйлдлийг тогтоогоогүй гэж тус тус үзсэн нь үндэслэлтэй зөв болсон буюу эдгээр ажиллагаанууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаасан тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/49 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Дашнямын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ
А.САЙНТӨГС