Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2018/0074

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, Б.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 812 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.А-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 812 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/249 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.А-ыг Нийслэл дэх Төрийн аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,339,780 (гурван сая гурван зуун гучин есөн мянга долоон зуун ная) төгрөгийг Б.А-д олгож эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгаж шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Тус шийдвэр нь Монгол Улсын Ерөнхий аудиторын Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 71 дүгээр зүйлийн 71.3, 13 дугаар зүйлийн 13.4.7, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасан бүрэн эрхэд халдсан шийдвэр болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/249 тоот тушаал ямар хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн эсэх үндэслэлээ шүүхэд гаргаагүй, тодруулаагүй байхад шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргалаа. Б.А нь аудиторын албан тушаалд ажиллаж байгаагүй  бөгөөд зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийг бий болгон, хэрэгжүүлэх чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгож, албан тушаалын жагсаалтыг баталсан талаар тайлбарыг гаргасаар байтал өмнө нь ажиллаж байгаагүй албан тушаалд эгүүлэн тогтоох тухай тодруулгыг үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна. Мөн холбогдох журмыг үндэслэн “Б.А-ыг шинжээчийн албан тушаалд буюу төрийн тусгай /төрийн жинхэнэ албан тушаал/-д томилсон байна” гэж шүүх дүгнэжээ. Төрийн жинэхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д заасан журмын дагуу сонгон шалгаруулалтад орж төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэний дараа томилогддог зохицуулалттай юм. Гэтэл Б.А нь тус журмын дагуу томилогдоогүй болох нь Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 975 дугаартай албан бичгээр нотлогдоно. Түүнчлэн Б.А нь төрийн албанд ажилласан туршлагагүй, аудитыг гүйцэтгэх ерөнхий шаардлагад нийцэхгүй “статистик” мэргэжилтэй юм. Төрийн аудитын байгууллага бол Монгол Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан болзол журмын дагуу томилогдсон албан тушаалтан, төрийн байгууллагыг шалган Төрийн аудитыг бие даан хэрэгжүүлдэг төрийн хяналтын тусгай алба юм. Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаартай "Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 4-т “Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг “сул орон тоо гарсан” гэдэгт хамааруулж үзнэ” гэжээ. Ийм байтал шүүх төрийн жинхэнэ албан хаагч мэтээр дүгнэн хуулийг буруу хэрэглэн, тайлбарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэррлэх тухай хуулийн 121.3.5-т “шүүх хэрэглэх ёсгүй хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлах...” гэж заасанд хамаарахаар байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зөвхөн энэ талаар дурджээ. Шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг үндэслэл болгохдоо тус заалтын “хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг.... мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэсэн бусад зохицуулалтыг авч үзэлгүй өрөөсгөл, хуулийн нарийвчилсан зохицуулалт болох тус хуулийн 27.2.3 болон 27.2.4-т заасныг үгүйсгэсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нийслэл дэх Төрийн аудитын газарт 50 орон тоотойгоор ажиллаж байсныг шинэ бүтэц зохион байгуулалтаар 45 болгож цөөрүүлсэн, Нийцлийн аудитын хэлтэс байгаагүйг бий болгосон зэргээр бүтэц өөрчлөгдсөн бөгөөд менежер 5 байсан нь 4 болж, ахлах аудитор, ахлах шинжээч 15 байсан нь 8 ахлах аудитор болж, 27 аудитор, шинжээч нь 26 болж өөрчлөгдсөн бөгөөд 9 албан хаагчийн орон тоо цөөрсөн юм. Аудитыг аудитор, ахлах аудитор, аудитын менежер нь багаар гүйцэтгэдэг бөгөөд цөөрсөн ахлах аудитор, аудитын менежерийн чиг үүрэг нь аудиторын Ажлын байрны тодорхойлолтод заасан хэрэгжүүлэх чиг үүрэгт хадгалагдан үлдсэн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасны дагуу хамгийн илүү хангаж байгааг томилсон болно. Гэтэл шүүх Терийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т төрийн жинхэнэ алба, тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх”, 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, 17 дугаар зүйлд заасан "төрийн жинхэнэ албан тушаалд авах" зохицуулалтуудыг зөрчиж Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч...” гэж заасан үзэл баримтлалыг алдагдуулах нөхцөл байдлыг дэмжсэн шийдвэр гаргасанд харамсалтай байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2017/00812 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/249 дүгээр тушаалаар “Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцээгүй” гэх үндэслэлээр Б.А-ыг Нийслэл дэх Төрийн аудитын газрын шинжээчийн албан тушаалаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.А нь дээрх тушаалыг эс зөвшөөрч “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/249 дүгээр тушаалыг хүчингүй болгон урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэл гарган, үндэслэлээ “анх ажлын байранд тавигдсан тодорхойлолт, шаардлагад нийцэн ажилд орсон, байгууллагын бүтцийн өөрчлөлтөөр орон тоо цөөрүүлсэн, орон тоо хасагдсан, салбар нэгж татан буугдсан эсэх нь тодорхойгүй үндэслэлээр ажлаас халсан, ажлаас халах тухайгаа мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй” гэж тайлбарласан бол хариуцагчаас “Нийслэл дэх Төрийн аудитын газар нь 50 орон тоотой байсныг 45 орон тоотойгоор бүтцийг шинэчлэн баталсантай холбогдуулан шинжээчийн орон тоо хасагдсан, Б.А нь шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангаагүй тул ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй” гэж  маргасан.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчиж ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай нийцээгүй гэж үзнэ. Тодруулбал,

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаар тушаалаар Нийслэлийн аудитын газрын чиг үүрэг, бүтэц, орон тоог баталж Аудитын газрын дарга 1, дэд дарга 1, Тамгын хэлтсийн дарга 1, аудитын менежер 5, ахлах аудитор, ахлах шинжээч 15, аудитор, шинжээч 27, нийт 50 орон тоотой ажиллаж байсныг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлахдаа Удирдлага 2 /дарга, дэд дарга/, Гүйцэтгэлийн аудитын хэлтэс 10 /хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер 1, ахлах аудитор 3, аудитор 6/, Санхүүгийн аудитын хэлтэс 22 / хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер 2, ахлах аудитор 4, аудитор 16/, Нийцлийн аудитын хэлтэс 6 / хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер 1, ахлах аудитор 1, аудитор 4/, Тамгын хэлтэс 5, нийт 45 орон тоотой байхаар цөөрүүлсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “...тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж орон тоо цөөрсөн тохиолдолд хэрэглэх төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг, 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж  заасныг орон тоо хасагдсан тохиолдолд хэрэгжих төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангасан зохицуулалт гэж ойлгоно.

Маргаан бүхий захиргааны актад дээрх хуулийн зохицуулалтын аль алиныг баримталсан байх ба хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан сонгон шалгаруулалт явуулсан баримтаас үзвэл орон тоог цөөрүүлсэн гэж үзэхээр байх бөгөөд энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан шаардлага хангагдсан эсэхийг шүүх шалгах учиртай. 

Гэтэл Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулалтын комисс нь дээрх хуулийн дагуу шалгаруулалт явуулсан эсэх, шалгаруулалтын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Ананд нь Гүйцэтгэлийн аудитын хэлтэст шинжээчээр ажиллаж байсан, уг хэлтэст менежер 1, ахлах шинжээч 5, шинжээч 13 байснаа шинэ бүтцээр хэлтсийн дарга бөгөөд аудитын менежер 1, ахлах аудитор 3, аудитор 6 болсон энэ тохиолдолд ажлын байрны тодорхойлолтоор адил чиг үүрэг бүхий ажилтан, албан тушаалтнуудын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа 3 ахлах аудитор, 6 аудиторыг  шалгаруулж авах үүрэгтэй бөгөөд энэ шаардлага хангагдсан эсэхийг тодруулаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд урьд нь менежерээр ажиллаж байсан хүмүүсийг ахлах аудитороор, ахлах аудитороор ажиллаж байсан хүмүүсийг аудитороор томилсон байх бөгөөд дээрх албан тушаалтнууд аудиторын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж байсан эсэх, менежер, ахлах аудиторын чиг үүрэг шинээр батлагдсан ямар ажлын байранд шилжсэн эсэх, өөрөөр хэлбэл тэдгээрийг аудитороор ажиллаж байсан хүмүүстэй харьцуулан шалгаруулах боломжтой эсэхийг тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай.

Мөн нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 болон 27.2.4 дэх хэсэгт заасан төрийн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны аль баталгаагаар, хэрхэн хангагдах эрхээ зөрчигдсөн гэж үзэж байгааг тодруулах, аль албан тушаалд томилогдохыг хүсч байгаа, эсхүл өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилох боломж байсан эсэхийг тодруулах, тухайлбал санхүүгийн болон нийцлийн аудитын хэлтэст шилжүүлэн ажиллуулах боломжтой эсэхийг шалгаж тодруулах нь захиргааны хэргийн шүүхийн үүрэг, мөн чанар, зорилготой нийцэхээр байна.

Гэтэл анхан шатны шүүх “шинээч буюу аудиторын орон тоог нэг орон тоогоор цөөрүүлж, 26 аудиторын орон тоо баталсан байх хэдий ч ийнхүү шинжээч болон аудиторын орон тооог цөөрүүлэн батлах үед тус аудитын газарт батлагдсан 26 орон тооноос илүү аудитор болон шинжээч ажиллаж байгаагүй болох нь нотлогдсон” гэж хийсвэрээр дүгнэн шинэ бүтцээр батлагдсан Гүйцэтгэлийн аудитын хэлтэст урьд нь Гүйцэтгэлийн аудитын хэлтэст ажиллаж байсан ахлан аудитор, шинжээч нар томилогдсон байгааг /Г.Цогтбаатар санхүүгийн аудитын хэлтэст ахлах шинжээч байсан/ анхааралгүйгээр нэхэмжлэгчийг дээрх хэлтэст аудитороор эгүүлэн тогтоосон нь шүүхийн шийдвэр хэрхэн яаж биелэгдэх нь ойлгомжгүй, тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэжээ. 

Түүнчлэн, хариуцагчаас “Б.А шинжээчээр ажиллаж байсан, шинжээч буюу аудиторын туслах гэсэн орон тоо нь хасагдсан” гэж татгалзлын нэг үндэслэлээ тайлбарлаж байхад шинжээчийн ажлын байрны тодорхойлолтыг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/87 дугаар тушаалаар батлагдсан аудиторын ажлын байрны тодорхойлолттой харьцуулан дүгнэж, шинжээчээр ажиллаж байсан албан хаагч, аудитороор ажиллах боломжтой эсэх, албан тушаалын ангилал, зэрэглэл, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хувьд аудитор, шинжээч хоёр нь адил байсан эсэх талаарх баримтыг цуглуулж, дээрх нөхцөл байдлыг нэг мөр тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь ач холбогдолтой. 

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 812 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                               

                               

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БАТБААТАР                                                     

                              ШҮҮГЧ                  Э.ЗОРИГТБААТАР    

                              ШҮҮГЧ                                                   О.НОМУУЛИН