Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2016/01359

 

Б.Тунгалагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 182/ШШ2016/00152 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1604 дүгээр магадлалтай,

Б.Тунгалагийн нэхэмжлэлтэй

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны олговор 6.716.800 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэрийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, нарийн бичгийн дарга Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Тунгалаг 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-д ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5558 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон ба Улсын Дээд шүүхээс эцэслэн шийдвэрлэж 2015 оны 219 дүгээр тогтоол гарсан. Энэ шийдвэр, тогтоол, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16684 дугаартай захирамжаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулж ажилгүй байсан байсан хугацааны олговроо авсан боловч “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн удирдлага өмнө эрхэлж байсан ажилд аваагүй. Дахин нэхэмжлэл гаргаж 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 5772 дугаар шийдвэр гаргуулсан ба намайг мөн ажилд эгүүлэн тогтоогоогүй хохироосон. Харин 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн удирдлага намайг дуудаж уулзаад “Ажилд орохгүй гэсэн өргөдлөө бичиж өгвөл шүүхийн шийдвэрийн дагуу олгогдвол зохих мөнгийг өгнө, шийдвэр гүйцэтгэх байгууллага чамайг ажилд чинь оруулж чадахгүй байгаа биздээ, манай байгууллага мөнгийг чинь өгвөл өгнө, ажилд авах эсэхийг бид л шийддэг” гэж намайг шахаж шаардан, ярилцлагын бичлэг хийж намайг сэтгэл зүйн дарамтанд оруулсан. Өнөөдрийг хүртэл энэ өргөдлийн дагуу намайг ажлаас чөлөөлсөн тухай тушаал шийдвэрийн хувийг надад өгөөгүй байна. Ажлаас халсан тухай интернетээр тарааж дараагийн ажилд орох боломжийг хаасан, намайг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд авахгүй хохироосон, сэтгэл санааны байнгын хямралд оруулснаас үүдсэн гэм хорын хохирлыг жичид нь нэхэмжлэх болно. Шүүхэд хандаж “2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 4 сарын цалинтай тэнцэх 6 716 800 төгрөгийг “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-иас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 5772 дугаар шийдвэрээр ажил олгогчид тус шийдвэрийг биелүүлэх тодорхой хугацаа тогтоогоогүй болно.

Мөн Б.Тунгалаг нь 2015 оны 09 дүгээр сараас Их Британи улс, Лондон хотод суралцахаар явсан, Монгол Улсад байгаагүй тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байсан. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өөрчлөгдөн томилогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийг танилцан санал дүгнэлтээ Төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, байгууллагын төсвөөс шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд шаардагдах 15.177.034 төгрөгийг хэрхэн гаргах талаар шийдвэрлүүлэх ажил хийгдэж ирсэн. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн зардлыг төлөөлөн удирдах зөвлөлөөс баталдаг бөгөөд төсөвлөгдөөгүй зардал юм. 2015 оны 12 дугаар сард байгууллагын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулахаар бэлтгэл ажил хийгдэж эхэлсэн бөгөөд иргэн Б.Тунгалагийг байгууллага дээр ирж уулзахыг хүсэж 2015 оны 12 дугаар сарын 10-нд интернетээр холбогдож лавлахад ажилдаа орохгүй, 15.177.034 төгрөгөө авмаар байгаа, өөрөө сургуульд сурч байгаа Монголд удахгүй очихоороо ирж уулзана гэж хэлснээр нь ямар нэг шийдвэр гаргаж чадалгүй хүлээж байсан.

Б.Тунгалаг нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК дээр ирж уулзаж шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 15.177.034 төгрөгийг гаргуулан авах, ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тухай тушаал гаргуулах зэргээр харилцан тохиролцсон. Ийнхүү тохиролцохдоо 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс ажилгүй байсан хугацаанд цалингаа нэхэмжлэхгүй гэж өөрөө мэдэгдсэн. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн удирдлага Лондонд сурч байгаа Б.Тунгалагийг ирж уулзахыг хүсэлт тавьж хүлээж байсан, харин түүний нэхэмжлэлд дурдсан шиг 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэнэт дуудаж сэтгэл зүйн дарамтанд оруулсан үйл ажиллагаа болоогүй. Харин ч Б.Тунгалагийг ажилла хэмээн мэдэгдсэн болно гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 182/ШШ2016/00152 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 6.716.800 төгрөгийг хариуцагч "Монголын Хөрөнгийн бирж" төрийн өмчит хувьцаат компаниас гаргуулан нэхэмжлэгч Б.Тунгалагт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Тунгалагийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг "Монголын хөрөнгийн бирж" төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Монголын хөрөнгийн бирж" төрийн өмчит хувьцаат компаниас 122.420 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Тунгалагт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1604 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2016/00152 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 143.218 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 182/ШШ2016/00152 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 1604 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуулийн дараах зохицуулалтыг анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д ...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй...гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Тунгалаг 5 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Б.Тунгалагтай хамгийн сүүлд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр биечлэн уулзсан. Уг уулзалтад өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлэх, ажилд эгүүлэн тогтоох тушаал гаргах талаар уулзсан бөгөөд Б.Тунгалаг нь 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх цалинг “одоо маргаж буй олговор” өөрөө санаачлан нэхэмжлэхгүй гэдэг саналыг гаргаж гарын үсэг зурсан уулзалтын тэмдэглэл хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Уг өдрөөс хойш 5 сарын дараа нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд  хөөн хэлэлцэх хугацаа сэргээсэн талаарх баримт хэрэгт байхгүй. Давж заалдах шатны шүүх мөн хуулийн дээрх заалтыг анхааралгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь буруу болжээ. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 5558 дугаар шийдвэрээр Б.Тунгалагийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн үйл ажиллагааны газрын даргын ажилд эгүүлэн тогтоосон байна.

Ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 397 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Тунгалагийг Арилжаа, хяналтын албаны захирлын албан тушаалд томилж, улмаар 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр тушаалаар өөрийнх нь хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн, энэ талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс ажлаас халагдах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6.716.800 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговор шаардах эрхтэй хэдий ч энэхүү эрхээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хугацаанд хэрэгжүүлэх ёстой.

Анхан шатны шүүх хөдөлмөрийн харилцаанаас үүсэх маргааны талаар гомдол гаргах хугацааг богиносгон тогтоосон хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, уг алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу болжээ.

Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааны талаарх гомдлыг харьяалан шийдвэрлэх субъект, гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан  зохицуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2.-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах, мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д зааснаар ажил олгогч буюу ажилтан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговроо ажилд эгүүлэн тогтоогдсон үеэс эхлэн 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй гэж үзнэ.

Б.Тунгалаг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэх нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үр дагаврыг бий болгожээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Б.Тунгалагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 182/ШШ2016/00152 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1604 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг баримтлан Монголын хөрөнгийн бирж ТӨХК-с ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6.716.800 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай Б.Тунгалагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 122.418 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ