Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 49

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,                                                                               

Улсын яллагч С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Нд холбогдох 1730000040024 дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаартай магадлалаар дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн харьяат, 1986 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, ЛЮ86070613 регистртэй,  боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар баг “ Таваарын хөндий” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгүүлж байсан, Зээрднүүд овогт Т.Н /РД:ЛЮ86070613/. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Т.Н нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нар” дэлгүүрт нэвтрэн орж бэлэн 270.000 төгрөг, Болор архи 2 шил, Экс архи 1 ширхэг, 2.5 литрийн пиво 1 ширхэг, шпрот загасны консерв 4 ширхэг, хятад асаагуур 24 ширхэг, ууттай кофе 30 ширхэг, сахлын татуурга 4 ширхэг, Айфоне маркийн гар утас 1 ширхэг, ментос бохь 3 боодол, шил арчигч 1 ширхэг, үүргэвч зэрэг эд зүйл хулгайлж нийт 480.100 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.  

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Нар дэлгүүр рүү орж кофе, сахлын татуурга, асаагуур авсан. Мөнгө 160000 төгрөг авсан. Би загасны лаазалсан мах, нэг хайрцаг тамхи, печень авсан. Хохирлыг бүгдийг төлсөн... гэв.

  - Яллагдагч Т.Нн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 07-р сарын 04-ний 20 цаг өнгөрөөж гараад Сүхбаатарын талбай дээр сууж байгаад шөнө 00 цаг өнгөрөөд хойшоо буцаад ахынхруугаа явж байхад 2 дугаар сургуулийн зүүн талд байх Нар дэлгүүр хаалттай байсан. Тэгэхээр нь зүүн талын 2 цонхны хойд талын гадна хамгаалалтыг татаж аваад цонхыг нь хөшиж онгойлгоод дотогшоо орсон. Тэндээс 2.5 литрийн Боргио пиво 1-ийг, 30 орчим ширхэг кофе, лаазалсан загас 4 ширхэг, 1 хайрцаг нарийн тамхийг аваад, баруун талын өрөөнд байсан цүнхтэй нөүтбүүк байсныг нөүтбүүкийг нь гаргаж тавиад цүнхэн дотор байсан цагаан өнгийн гар утсыг нь хамт аваад цүнхэн дотроо авсан эд зүйлүүдээ хийж 20 гаруй ширхэг асаагуур, шил арчигч авч баруун талын лангуун дор байсан цаасан хайрцагтай мөнгийг бүгдийг нь аваад гарсан. Хулгайлсан эд зүйлээ Хүрэлбат ахын хашаанд байдаг амбаарт хийсэн. Тэгээд авсан эд зүйлээсээ пивоо задалж ганц нэг балгаад асгаад хаясан. Авсан мөнгө 60.000 орчим төгрөг байсныг мотоцикльдоо бензин хийж хоол хүнсний зүйл аваад Дарьганга сумаар яваад дуусгасан. Тухайн үед Дарьганга сум явах гээд мөнгөгүй болчихоод байсан. Тэгээд л Нар дэлгүүрийн хажуугаар явж байхдаа гэнэт хулгай хиймээр санагдаад цонхоор нь орж хулгай хийсэн. Би хохирогч Анхбаярт 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 366.000 төгрөгийг бэлнээр өгч хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Одоо надад төлөх төлбөр байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/

 

 - Хохирогч Н.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн үед би дэлгүүрээ хааж түгжээд гэр рүүгээ харьсан. Маргааш өглөө нь 10 цагт дэлгүүрээ нээх гэж очиход манай дэлгүүрийн хойд талын цонхны төмөр хаалтыг салгаад дор тавьчихсан, форчик нь нээлттэй байсан. Тэгэхээр нь хаалгаа нээж дотор нь орж үзэхэд лангууны ард мөнгөний хайрцаг дотор байсан орлогын мөнгө болон архины лангуун дээрээс 3 шил архи, хүнсний лангуунаас лаазтай эд зүйл, цүнхтэй гар утас, асаагуур зэрэг эд зүйлс алдагдсан байсан юм. Нийт бараагаа 480100 төгрөгөөр үнэлнэ. Манай дэлгүүрээс хулгай хийсэн Нэргүй гэдэг залуу 3 боодол ментос бохь, 4 ширхэг сахлын татуурга, Айфоне-5 маркийн гар утас, 24 ширхэг асаагуур, 28 ширхэг хаан кофе, 1 ширхэг Гайхмаараа нэртэй шил арчигчийг хүлээлгэн өгсөн. Би Нэргүйгээс хохирлын мөнгө 366.000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр бэлнээр авсан болохоор одоо надад гомдол санал байхгүй.. гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6-р хуудас/

 

-Хурууны хээг бэхжүүлэн авсан баримт /хх-ийн 7-р хуудас/

 

- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-09, 12-15-р хуудас/

 

-Баруун-Урт сумын Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 11-р хуудас/

 

-Сүхбаатар аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн комиссын Я.Тэгшжаргалын хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон шийдвэр 

 

-Сүхбаатар аймгийн Асгат сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 32-р хуудас/

 

-  Т.Нн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 

Шүүгдэгч Т.Н нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний шөнийн 23.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ Нар ” дэлгүүрийн цонхны гадна хамгаалалтыг эвдэн нэвтрэн орж бэлэн мөнгө 270.000 төгрөг, тус бүр нь 21.000 төгрөгийн үнэтэй 0.75 литрийн Болор архи 2 шил, 12.000 төгрөгийн үнэтэй 0.75 литрийн Экс архи 1 ширхэг, 6500 төгрөгийн үнэтэй 2.5 литрийн Боргио пиво 1 ширхэг, 1600 төгрөгийн үнэтэй шпрот загасны консерв 4 ширхэг, 500 төгрөгийн үнэтэй хятад асаагуур 24 ширхэг, 300 төгрөгийн үнэтэй ууттай кофе 30 ширхэг, 500 төгрөгийн үнэтэй сахлын татуурга 4 ширхэг, 100.000 төгрөгийн үнэтэй Айфоне маркийн гар утас 1 ширхэг, 900 төгрөгийн үнэтэй ментос бохь 3 боодол, 2500 төгрөгийн үнэтэй шил арчигч 1 ширхэг, 15.000 төгрөгийн үнэтэй үүргэвч 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, иргэн Н.Анхбаярт нийт 480.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

1. Шүүгдэгч Т.Н мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 07-р сарын 04-ний шөнө 00 цаг өнгөрөөд Нар дэлгүүрийн  зүүн талын 2 цонхны хойд талын гадна хамгаалалтыг татаж аваад цонхыг нь хөшиж онгойлгоод дотогшоо ороод 2.5 литрийн Боргио пиво 1-ийг, 30 орчим ширхэг кофе, лаазалсан загас 4 ширхэг, 1 хайрцаг нарийн тамхийг аваад, баруун талын өрөөнд байсан цүнхтэй нөүтбүүк байсныг нөүтбүүкийг нь гаргаж тавиад цүнхэн дотор байсан цагаан өнгийн гар утсыг нь хамт аваад цүнхэн дотроо авсан эд зүйлүүдээ хийж 20 гаруй ширхэг асаагуур, шил арчигч авч баруун талын лангуун дор байсан цаасан хайрцагтай мөнгийг бүгдийг нь аваад гарсан. Тухайн үед Дарьганга сум явах гээд мөнгөгүй болчихоод байсан. Тэгээд л Нар дэлгүүрийн хажуугаар явж байхдаа гэнэт хулгай хиймээр санагдаад цонхоор нь орж хулгай хийсэн” гэх мэдүүлэг, 

- Хохирогч Н.Анхбаярын: 2017 оны 07 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн үед би дэлгүүрээ хаасан. Маргааш 10 цагт дэлгүүрээ нээхээ очиход дэлгүүрийн хойд талын цонхны төмөр хаалтыг салгаад дор тавьчихсан, форчик нь нээлттэй байсан. Дотор  орж үзэхэд лангууны ард мөнгөний хайрцаг дотор байсан орлогын мөнгө, архины лангуун дээрээс 3 шил архи, хүнсний лангуунаас лаазтай эд зүйл, цүнхтэй гар утас, асаагуур зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Нийт бараагаа 480.100 төгрөгөөр үнэлнэ. Манай дэлгүүрээс хулгай хийсэн Нэргүй гэдэг залуу 3 боодол ментос бохь, 4 ширхэг сахлын татуурга, Айфоне-5 маркийн гар утас, 24 ширхэг асаагуур, 28 ширхэг хаан кофе, 1 ширхэг Гайхмаараа нэртэй шил арчигчийг хүлээлгэн өгсөн. Би Нэргүйгээс хохирлын мөнгө 366.000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр бэлнээр авсан...гэх мэдүүлэг, 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: Хэрэг болсон гэх газар нь Баруун-Урт сумын 4-р багт Эрүүл мэндийн газраас ертөнцийн зүгээр хойш 30 метрийн хойно засмал замын баруун талд ертөнцийн зүгээр зүүн тийш харсан хаалга бүхий 8*6 метрийн харьцаатай ертөнцийн зүгээр зүүн талдаа хаалганы 2 талд 1.4*1.2 метр харьцаатай 2 цонхтой 1 давхар тоосгон байшин байх бөгөөд хойд талын цонхны хамгаалалт төмрийг авч газар тавьсан байв. Хулгай орсон гэх цонх буюу хаалганы хойд талын цонхны порчиг онгорхой байх бөгөөд уг цонхны харалдаа лангууны дээд талд гарын мөр байгаа эсэхийг шалгах зорилгоор нунтаг түрхэхэд 2 ширхэг мөр байсныг бэхжүүлэв. Хохирогч лангуун дээр килькитэй хоосон сав байсан. Би үүнийг орхиогүй гэсэн учир уг килькиний хоосон саван дээрээс 1 ширхэг гарын мөр, мөн газар унасан цаасан дээрээс 1 ширхэг мөр, мөн миний нөүтбүүкийг гаргаж тавиад цүнхийг нь аваад явсан байсан гэсэн учир нөүтбүүк дээрээс 1 ширхэг гарын мөр бэхжүүлэв гэх тэмдэглэл /хх-ийн 5-6, 8-9 хуудас/

- Гэрэл зургийн үзүүлэлт. /хх 12-15/

- Баруун- Урт сумын эд зүйлийн үнэлгээ. 2017.07.08. /хх-11 /зэрэг болно

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

 

Т.Н нь мөнгө, эд зүйл авах зорилгоор дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд шөнийн цагт нууцаар, цонхны хамгаалалтыг эвдэж хууль бусаар нэвтэрч орсон хийгээд түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна. 

 

Тэрээр гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгө, өмчийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан бусдын өмчлөх эрхэнд бага хэмжээний хохирол зориуд учруулсан байна. 

         

  Иймд шүүгдэгч Т.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1 буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

  Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн талаар хохирогч Н.Анхбаяр “ нийт бараагаа 480.100 төгрөгөөр үнэлнэ. Манай дэлгүүрээс хулгай хийсэн Нэргүй гэдэг залуу 3 боодол ментос бохь, 4 ширхэг сахлын татуурга, Айфоне-5 маркийн гар утас, 24 ширхэг асаагуур, 28 ширхэг хаан кофе, 1 ширхэг Гайхмаараа нэртэй шил арчигчийг хүлээлгэн өгсөн. Би Нэргүйгээс хохирлын мөнгө 366.000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр бэлнээр авсан...” гэж мэдүүлжээ. 

 

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  Шүүхээс шүүгдэгч Т.Нг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.   

 

Шүүгдэгч Т.Н нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Н.Анхбаярт  учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу зарим эд зүйлсийг буцаан өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн зүйлийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

Т.Нн үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид бага хэмжээний хохирол учирсаныг нөхөн төлсөн зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

       

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Н.Анхбаярт 366.000 төгрөг, бусад эд зүйлийг буцаан өгч хохирлыг барагдуулсан, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдая.

 

  Т.Нн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 12-ныг хүртэл цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд оруулан тооцно.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зээрднүүд овогт Т.Нг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Нг 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Нд оногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Т.Нн цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Ялтан Т.Нд холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Н.Анхбаярт 366.000 төгрөг, бусад эд зүйлийг буцаан өгч хохирлыг барагдуулсан, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН