Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/01006

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/01006

 

 

 

 

Ж.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2021/00945 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Ггийн нэхэмжлэлтэй, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэгт холбогдуулан гаргасан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С, хариуцагчийн төлөөлөгч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ч.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тушаалаар няравын ажилд томилогдсон бөгөөд тус байгуулагад 9 жил гаруй хугацаанд ажилласан. Ажиллаж байх хугацаанд зөрчил дутагдал гаргаагүй. Хүүхэд асрах чөлөөнөөс 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа орсон боловч дарамт шахалтын улмаас үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр цэцэрлэгт хоолны мах ирсэн бөгөөд махаа эвдээд хөргөгчинд хийж, хөргөгч дүүрсэн тул үлдэгдэл махаа гадаа агуулах руу зөөсөн. Слесарь Ж.Г шуудайтай махыг өргөж оруулж өгсөн бөгөөд би үлдэгдэл махаа араас нь оруулж тавьсан. Байгууллагын эд зүйлийг зөвшөөрөлгүй авч гарсан зүйл байхгүй. Дарга тухайн өдөр сонгуулийн ажилтай эзгүй байсан. Үүнийг И.Ө хараад зургийг нь авч дарга руу зурвас бичсэн байсан. Мөн өдрийн үдээс хойш дарга Ж.Г болон надтай уулзаж, би нөхцөл байдлын талаар тайлбарлахад дарга амаар сануулга өгсөн.

            2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр цалингийн асуудлаас болж маргаан үүссэн. Байгууллагаас дотоод хяналт шалгалт явуулаагүй байж, намайг худал бичиг баримт бүрдүүлсэн гэж дарамталсан. Надад дарамт шахалт үзүүлж, ажлаас халагдах өргөдөл бичүүлж авсан. Хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна. Байгууллага 2020 оны 11 сарын 04-ний өдөр ажлаас халсан. 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 15 цаг 30 минутад тооллого хийгээд дуусгасан. Гэтэл намайг 11 дүгээр сарын 04-ний өдөр тушаал гаргаж, 3 хоногийн цалин дутуу бодож хохироосон. Би ажилд орсон цагаасаа энэ хүний дарамт шахалтад орж, цалин мөнгөөрөө хохирч ирсэн. Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 934 284 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нярав Ж.Г 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагаас 11 цагийн хооронд ажил үүргээ хийх явцдаа слесарь Ж.Гтай нийлж хүнсний агуулахаас хүүхдийн хоолны зүйлийг цэцэрлэгийн захиргаанд мэдэгдэхгүй нууж гарган, уурын зуухны өрөөнд хийж байхыг цэцэрлэгийн арга зүйч И.Ө хараад надад утсаар мэдэгдсэн. Би шалгалтын комисс байгуулаад болсон үйл явдлыг баталгаажуул гэсний дагуу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шалгалтын комисс гарч тэмдэглэл үйлдсэн.  Тэд цэцэрлэгийн хүнсний агуулахаас шуудайд хийсэн хүнс авч гарч байгаа нь камерт бичигдсэн.

            Тухайн үед нярав Ж.Г нь тогооч нарт мах дууссан байхгүй гээд гаргаж өгөөгүй боловч агуулахаас мах гаргасан байдаг. Ж.Ггаас Ж.Г юу өргөж явж байгааг нь асуухад хог гэсэн боловч цаг алдалгүй дотоод хяналт шалгалтыг эмч Б.Батзаяа, цагаан хэрэглэл угаагч Д.Сарантуяа нарыг байлцуулан уурын зууханд шалгалт хийж, гэрийн цагаан бүрээсэнд боож тавьсан зүйлийг слесарь Ж.Гаар гаргуулж ирэхэд хог биш ногооны шуудай дотор хөх гялгар торонд хөлдөөсөн үхрийн мах 11 кг, хүүхдийн будаа, 2 кг бор сахар, байцаа, шар будаа зэрэг хүүхдийн хоолны зүйл байсныг тооцоолоход нийт 116 000 төгрөгийн хүнсний зүйл хийж нуусан байсан нь илэрсэн.

            Ингээд нярав Ж.Г, Ж.Г нарыг байлцуулан нүдэн дээр нь гаргасан. Нярав Ж.Г, Ж.Г нарт дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дагуу арга хэмжээ авах болсон талаар хэлж танилцуулсан. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 18 цагт байгууллагын хурал зарласан. Нэхэмжлэгч нь хурал болохоос 3 цагийн өмнө миний буруу, би алдаа гаргаж агуулахаас хүүхдийн хоолны хүнс хэлэлгүй хулгайлж авч гаргасан нь үнэн, дүү Ж.Гаар шуудайтай хүнс өргүүлж гаргасан, зохих хариуцлагаа хүлээж сайн дураараа ажлаас халагдах хүсэлтэй гэж өөрөө хэлж өргөдөл бичиж өгсөн. Харин өргөдөлдөө эрхлэгч дарамталсан гэсэн худал ташаа зүйл бичсэн байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа түүний бичиж өгсөн ажлаас чөлөөлөгдөх тухай бичгийн хүсэлтийг үндэслэсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх:  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Шарнууд овогт Ж.Г-аар Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэгийн няравын ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 3 552 613 төгрөгийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэгээс гаргуулж нэхэмжлэгч Ж.Гд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Ж.Ггийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамж 141 991 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт зөвхөн гэрч П.Ц гэх хүний мэдүүлгийг үндэслэн шийдвэрээ бичсэн. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гэрчээр асуугдсан Б.Б, Д.С, М.О, Д.Т, З.Я, И.Ө нарын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй. Тухайн гэрч нар нь болсон үйл явдлыг биечлэн харсан, шүүхэд үнэн зөв мэдүүлсэн байдаг.

            Түүнчлэн нэхэмжлэгчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй байна гэж дүгнэжээ. Гэвч нэхэмжлэгчийн хууль бус үйлдэл камерийн бичлэгээр нотлогдсон, өөрийн дүүг дуудан өргүүлж, зарим хүнсийг өөрөө нуун авч гаргаж буй дүрс нь үлдсэн, шүүхийн үзлэгээр баталгаажсан, цэцэрлэгийн дотоод хяналт шалгалтын тогтоогдсон, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс нэхэмжлэгчийн хувийн байдал, олон хүүхэдтэй, ажилгүйдлийн тэтгэмж зэргийг аваг гэж бодон өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан. Гэтэл нэхэмжлэгч салаа утгатай хоёрдмол хүсэлт бичиж ажлаа хүлээлгэн өгч, ажилласан хугацааны цалингаа авсан. Шүүх хурлын явцад Ж.Г нийгмийн даатгалд ажилгүйдлийн тэтгэмж авах материалаа бүрдүүлж өгсөн гэх тайлбарыг хүртэл хэлдэг.

            Мөн шүүх эрх бүхий байгууллагын дүгнэлтээр ажил олгогчийн итгэлийг алдаж хариуцсан мөнгө эд хөрөнгийг дутаасан дүгнэлт гараагүй байна гэж дүгнэжээ. Гэвч тухайн асуудлыг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн цэцэрлэгийн дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон үйл баримт, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 757 тоот зэрэг баримтаар тогтоосон. Прокурорын тогтоолоор, түүний гаргасан үйлдэл нь хохирлын хэмжээнд хүрэхгүй тул гэмт хэргийн шинжгүй гэж хаасан. Зөрчлийн хуульд заасны дагуу уг асуудал нь Баянгол дүүргийн 3 дугаар хэлтэст шалгагдаж байгаа болно. Мөн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ажилчдын хурлаар уг асуудлыг танилцуулж авч хэлэлцсэн үйл баримт байдаг. Гэвч энэ бүхнийг шүүхийн зүгээс тэс өөрөөр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсгийн заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч Ж.Г нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэгт холбогдуулан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

 

Талууд хооронд 2011 оны оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн талаар зохигчдын хэн аль нь маргаангүй.

 

Дээрх цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Байгууллагын дотоод журмын 11.2, 12.6, хөдөлмөрийн гэрээний 5.7.3-т заасныг тус тус баримтлан Ж.Ггийн хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, няравын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-18/

 

Нэхэмжлэгч тал “ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ноцтой зөрчил гаргаагүй, намайг дарамталж ажлаас халагдах өргөдөл бичүүлсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан байх ба энэ нь талуудын маргааны зүйл болжээ. /хх-132 ар тал/

 

Талууд хөдөлмөрийн гэрээний 5.7.3-т “цэцэрлэгийн захиргааны зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө авч гарсан” тохиолдолд гэрээг шууд цуцлахаар харилцан тохиролцсон байна.

 

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 757 дугаар тогтоолоор ... дугаар цэцэрлэгчийн эрхлэгчийн гомдлоор мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гомдолд хавсаргаж ирүүлсэн баримтаар “Эрүүгийн хуулийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй, хулгайлах, завших гэмт хэрэг нь бага хэмжээ буюу 300 000 төгрөгөөр дээш хэмжээнд хүрсэн байхыг шаарддаг учир зөрчил хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд хандан шалгуулах эрхтэй” гэх агуулгаар эрүүгийн хэрэг бүртгэл нээхээс татгалзсан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн үйлдлийг үгүйсгэх баримт болохгүй. /хх-74/

 

Харин нэхэмжлэгч Ж.Г нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрийн дүү цэцэрлэгийн слесарь Ж.Гтай нийлж хүнсний агуулахаас хүүхдийн хоолны зүйл болох үхрийн мах, хүүхдийн будаа, бор сахар, байцаа, шар будаа зэрэг бүтээгдэхүүнийг авч гарган уурын зуухны өрөөнд нуусан гэх үйл баримтын талаар тус цэцэрлэгийн багш, ажилчдын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлд бичигдсэн “...тиймээ дарга намайг дарамтлаагүй ойлгоод хамтран ажиллаад явж байтал би хүнс хэлэхгүй гаргаад ийм алдаа гаргасан нь үнэн” гэх нэхэмжлэгчийн тайлбар, ... дугаар цэцэрлэгийн дотоод хяналт шалгалтын комиссын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт хийсэн ажлын тэмдэглэл, цэцэрлэгийн камерын бичлэгийг хуулбарласан сиди бичлэгт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогджээ. /хх-32, 45-47, 68-69/ Мөн нэхэмжлэгч нь гэрч И.Өгийн “2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр... би бэлтгэл бүлэг рүү орж гарч байсан бөгөөд Ж.Ггийн төрсөн дүү н.Ганхуяг шуудайтай зүйл барьж явахад нь зөрсөн, ...Ж.Ггаас асуухад Ж.Гаар би хог гаргуулсан гэсэн. Хог яагаад уурын зуух руу оруулдаг юм бэ гэхэд би юу гаргах вэ дээ хог гэсэн, ...даргад хэлэхгүй байвал яадаг юм, ...дуугай өнгөрөөж болохгүй юу гэж надад хэлсэн...” гэх мэдүүлгийг үгүйсгэж, мэтгэлцээгүй байна. /хх-105 ар тал/  Уг зөрчил нь хөдөлмөрийн гэрээний 5.7.3-т заасан гэрээг шууд цуцлах үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ.

 

 Хэрэгт нэхэмжлэгчийн, хариуцагч байгууллагад гаргасан өргөдөл авагджээ. Уг бичгийн баримтад Ж.Г нь зөрчил гаргасан, үүний улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байх ба уг хүсэлтийг ажил олгогч байгууллагаас дарамтлан бичүүлсэн гэж үнэлэх боломжгүй. Хүч хэрэглэх, хууран мэхлэх зэрэг зүй бус үйлдлээр дарамт, шахалт үзүүлэн хүсэл зоригийн илэрхийлэлд нөлөөлсөн гэх байдлыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй.

 

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч Ж.Ггийн хүсэлтээр талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон хариуцагч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/25 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасанд нийцсэн гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгч Ж.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2021/00945 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэгт холбогдох өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Ж.Ггийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

           

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

           

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                        Д.НЯМБАЗАР

 

                                                                                               Ч.ЦЭНД