| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2018/0051/Э |
| Дугаар | 54 |
| Огноо | 2018-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,
Шүүгдэгч: Л.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт Л-ын М-д холбогдох 1835000860071 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 2 дугаар сарын 10- ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймаг Өндөрхангай сумын газарт оршин суух М овогт Л-ын М. РД:ОК73021014.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.М нь 2018 оны 2 дугаар сарын 19-ний Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Л.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Л.М нь 2018 оны 2 дугаар сарын 19-ний Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Б-ыг зодсон болох нь хохирогч Т.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өндөрхангай сумын төв Цэцэрлэгийн төв гудамжинд зам дээр Л.М ганцаараа зогссон. Тэгээд би Л.М-гээс зөрөөд дэлгүүрээс 1 уут тэжээл аваад хариу буцаад гудамжаар явж байхад Л.М, Б гэх залуутай хамт гэр хорооллоор яваад айл руу орохоор нь би Б-тай уулзах ажил байсан тул нөгөө айл руу шагайж байгаад Б-г дуудчихаад хашааны үүдэн дээр зогсож байтал Л.М гэрээс гарч ирээд шууд над руу ирээд над руу хандаж “Чи муу хөгшин нохой надтай золгосонгүй” гэж хэлээд миний нүүр рүү буюу баруун шанаа, үүдэн шүд доод уруул руу 3-4 удаа баруун гараараа цохисон. Тэгэхэд би газар унасан, тэгтэл Б ирээд бид хоёрыг салгасан ба би мориндоо мордоод явсан. Би тэгж яваад Т-ын гэрт очиж Т-аас цагдаагийн дугаар асуугаад Т-аар цагдаа дуудуулсан юм. Би Т-ын хашааны үүдэн дээр айлд яаж цустай орох вэ гээд цасаар угаасан ба Тогтохбаярын гэр рүү ороход эхнэр нь байсан. ...Л.М надаас уучлалт гуйж ирээгүй мөн шүд унасан тул шүд хэдэн төгрөгөөр хийлгэх юм тэр мөнгөө нэхэмжилнэ, Одоо надад хохирлын ямар нэгэн баримт байхгүй учир 1,5 сая төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 6-9-р талд/,
гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн:“ ... Б бид хоёр та хоёр цагаан сар болж байхад хэрүүл, маргаан битгий хий гэж хэлсэн чинь Л.М, Т.Б хоёр гараад хоёулаа уулзья гэж хэлээд гараад явсан юм. Тэгсэн чинь тэр хоёр Баттулгын байшингийн гал тогооны өрөөнд Л.М Т.Б ахыг цохиод дээр нь гарсан байсан. Тэгээд би очоод тэр хоёрыг салгасан юм. Тэгсэн чинь Т.Б ахын нүүр хэсгээс цус гарч байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,
гэрч П.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн:“... 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн орчим байх би эхнэр Ц-ийн хамт гэртээ байтал гаднаас Т.Б гаднаас ганцаараа гэрт ороод ирсэн. Т.Б надад хэлэхдээ Л.М гэдэг хүнээр зодууллаа цагдаагийн дугаар байвал хэлээд өгөөч гэхээр нь хэсгийн төлөөлөгч Х руу утсаар ярьж дуудсан. Тэгтэл Х ганцаараа ирээд Т.Б-ыг аваад явсан. Т.Б гаднаас орж ирэхдээ нүүр улайчихсан ноцолдсон бололтой үүдэн доод нэг шүд нь унаж амнаас нь цус гарсан, баруун шанаа хэсэгт нь шалбарч цус гарсан байсан. Мөн дээл нь урагдсан байсан тул манай эхнэр оёж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,
гэрч У.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн:“… 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн орчим манай нөхөр Т-ыг хүн дуудаж байна гэхээр нь манай нөхөр Т гараад орж ирэхдээ манай малчин Т.Б-ыг дагуулаад ороод ирсэн. Т.Б гаднаас орж ирэхэд бор өнгийн дээлтэй дээл нь урагдчихсан архи уучихсан согтуу байсан ба Т.Б-ын нүүр нь улайгаад баруун шанаа хэсэг нь шалбарсан, шүд нь унасан /1 үүдэн доод шүд/ байсан. Манай нөхөр намайг Т.Б-ын дээлийг оёод өгчих гэхээр нь би дээлийг нь оёж өгсөн. Т.Б нөхөр бид хоёрт хэлэхдээ Л.М гэдэг залуутай маргалдаж Л.М-гээр зодуулсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,
гэрч Г.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн:“... Би 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр үд орчим байх /цагийн санахгүй байна/ гэртээ байтал манай гэрт найз Б, М нар ирсэн. Тэгэхээр нь би эхнэрийг хоол цай хий гэж хэлээд нэг шил архи задлаад сууж байтал гаднаас Б ороод ирсэн. Тэгээд Б бид нараас ах учир Б М бид гурав золгосон. Тэгтэл М-тэй золгохгүй гээд түүнээс болоод тэр хоёр манай гэрт маргалдсан, тэгж байгаад Б гарч морин дээрээ тэжээл тавьсан түүнийг харна гээд гарах хооронд М, Б хоёр манай гэрт барьцалдаж аваад байшингаас гарахдаа унаад гадна гарч хоорондоо зодолдож ноцолдсон. Тэгэхээр нь би болон Б бид хоёр тэр хоёрыг салгаад хоёр тийш болготол Б-ын дээлний энгэр урагдчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,
шүүгдэгч Л.М-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 2 дугаар сарын 19-ний өглөө садангийн 4 айлаар орж золголт хийчихээд өөрийн машиныхаа сэлбэгийг янзлуулахаар төв дээр байдаг Б гэдэг найзынхаа гэр рүү алхаж явтал Б гэх залуу замд таарсан юм. Тэгээд Б надтай золгоод зогсож байтал хажуу талаас Б морьтой ирж явсан. Тэгэхээр нь бид хоёр Б-тай золгохоор урдуур нь ортол Б танихгүй юм шиг зөрөөд явчихсан. Тэгээд Б бид хоёр Б-ын гэр рүү явж машины сэлбэг үзүүлэхээр болсон. Тэгээд Б-ын гэрт очиход Б болон түүний эхнэр байсан, тэгээд бид хоёрыг цагаан сар хийж орж ирлээ гээд хоол цай болоод Б 1 шил архи задлаад Б, Б бид гурав архи уугаад сууж байтал Б-ын гэрт Б ганцаараа ороод ирсэн. Тэгээд Б-ыг орж ирлээ гээд гэрт байсан хүмүүс босоод золгосон юм. Тэгээд би босоод Б-тай золгох гэтэл надтай золгохгүй гэсэн. Тэгээд түүнээс болж бид хоёр хоорондоо маргаан үүсээд Б ах бид хоёр барьцалдаж ноцолдоод дээр доороо оролцоод ноцолдож байгаад Б-ын нүүрэн тус газар нь 1 удаа цохиход Б-ын амнаас цус гарсан юм. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн шийтгэл онодуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Л.М нь хохирогч Т.Б-ыг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид Доод 1 үүдэн /31/ булгарч унасан, доод уруулын дотор талын салст язарсан, эрүү, баруун шанайны хэсэгт шалбарсан шарх зэрэг гэмтэл учирсан байх бөгөөд уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 172 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-р тал/-ээр тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Л.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Т.Б нь “Шүүгдэгч Л.М-гээс 1.500.000 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн байх ба
2. Шүүгдэгч Л.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Л.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан ““гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Л-ын М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Л.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.М-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ