| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2309025482185 |
| Дугаар | 2024/ДШМ/169 |
| Огноо | 2024-02-01 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2024/ДШМ/169
2024 02 01 2024/ДШМ/169
Х.Д-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Булганчимэг,
шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч Д.Г,
нарийн бичгийн дарга Х.Сарантуяа нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/1164 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Д-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох ........................... дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Х.Д нь................. дүүргийн ........ дүгээр хороо, ..........дүгээр байрны ............дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “............” ХХК-д 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр маркетингийн ахлах менежерээр ажилд томилогдон туршилтаар ажиллаж байхдаа компанийн зар сурталчилгааг цахим орчинд идэвхжүүлэлт хийлгүүлэхээр итгэмжлэн хариуцуулсан 4.554.000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Д-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-ыг 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Д-аас 4.554.000 /дөрвөн сая таван зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч “.........................” ХХК-д олгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд мөнгөний бололцоогүйгээс бусдад учруулсан хохирлоо барагдуулж чадахгүй байсаар анхан шатны шүүх хуралд оролцох цаг хугацааг тулгасан. Гэхдээ шүүх хуралдаан эхлэхээс ердөө 30 минутын өмнө хохирлоо бүрэн барагдуулахаа илэрхийлэх боломж олдсон тул анх 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр над руу мөнгө шилжүүлсэн “.............................” ХХК-ийн санхүүгийн захирал Б.Э-ийн Хаан банкны ................. тоот данс руу 1.350.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан байдаг. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс хохирлоо бүрэн барагдуулахаа илэрхийлсэн шилжүүлгийн баримтаа хэвлүүлж чадаагүйн улмаас гаргаж өгч чадаагүй. Миний бие өмнө ял шийтгүүлж байгаагүй, гэм буруугаа хэрэг бүртгэх шатнаас эхлэн хүлээн зөвшөөрсөн, хохирлоо барагдуулахаа илэрхийлж 1.350.000 төгрөгийг хохирогчийн данс руу шилжүүлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэж өгөхийг хүссэн. Гэвч шүүхээс хохирлоо барагдуулахаа илэрхийлсэн гэх хохиролд төлсөн хохирлын төлбөрийн баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул дээрх зүйл заалтыг хэрэглэх боломжгүй гэдгийг илэрхийлсэн. Миний бие өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсандаа чин сэтгэлээсээ гэмшиж байгаа төдийгүй цаашид Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогдохгүй тал дээр анхаарч, өөрийгөө зөв авч явахаа илэрхийлж байна. Иймд шүүхээс миний шүүх хуралдаанаас өмнө бусдад төлөх хохирлоо барагдуулахаа илэрхийлж байсныг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэж өгнө үү. Хохирлыг бүрэн төлж барагдуулах боломжтой байгаа. ...” гэв.
Шүүгдэгч Х.Д-ын өмгөөлөгч Д.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс 20 минутын өмнө миний үйлчлүүлэгч Х.Д нь “.........................” ХХК-ийн санхүүгийн захирал Б.Э-ийн эзэмшлийн хаан банкны ................тоот данс руу 1.350.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ талаар баримтыг хэрэгт хавсаргаагүй гэх үндэслэлээр анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6:7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн. Миний үйлчлүүлэгч Х.Д нь давж заалдах гомдолтойгоо хамт 1.350.000 төгрөгийг хохирол төлсөн талаар баримтыг хавсаргасан байгаа. Мөн үлдэгдэл хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Д нь гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Д нь хохирол төлбөрийг төлөх боломжгүй гэсэн тул хохирол төлөхөөр завсарлага авах шаардлагагүй гэж яригдсан. Шүүгдэгч Х.Д нь өнөөдрийг хүртэл хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй нөхцөл байдалтай байна. Мөн тэрээр ямар ажил, хөдөлмөр эрхэлдэг эсэх нь тодорхойгүй. Иймд анхан шатны шүүх түүнд 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэхээр гаргасан прокурорын ялын саналыг үндэслэлтэй гэж үзэж ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Х.Д-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Д нь ................ дүүргийн ......... дүгээр хороо, ........... дүгээр байрны ........дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “......................” ХХК-д 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр маркетингийн ахлах менежерээр ажилд томилогдон туршилтаар ажиллаж байхдаа компанийн зар сурталчилгааг цахим орчинд идэвхжүүлэлт хийлгүүлэхээр итгэмжлэн хариуцуулсан 4.554.000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч “.................” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-ын “...Миний бие ........ ХХК-ийн хуулийн зөвлөх хийдэг бөгөөд манай компанид 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Х.Д-ын нэр дээр ажилд томилох тушаал гарч, маркетингийн ахлах менежерээр томилсон байдаг. Тус этгээд нь ажлын байрны тодорхойлолтоор манай тавилгын компанийн маркетинг хийх үндсэн чиг үүрэгтэй бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр брэндүүүдийн нэртэй фейсбүүк 3 пэйжийг идэвхжүүлэх бүүст хийнэ гэж хэлээд 1.320 доллар буюу тухайн үеийн ханшаар 4.554.000 төгрөг захирал Г.А-оос мөнгө хүссэн баримт гараар үйлдэн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус мөнгийг өөрийн хувьцаа эзэмшдэг ........... ХХК-ийн ............... дугаартай дансаар авсан. 2023 оны 5 дугаар сарын 30-наас 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл фейсбүүк идэвхжүүлэлт хийх мөнгө байсан ба уг хугацаанд идэвхжүүлэлт хийсэн зүйлгүй явж байгаад манай компанийн зүгээс мөнгө хүссэн мөнгө шилжиж орсон компанийг Д-ын өөрийнх нь хувийн компани болохыг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр мэдсэн. Д-тай уулзахад шаардлагыг хүлээн авлаа, мөнгөө 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр буцаан шилжүүлж өгнө гэж хэлээд ор сураггүй алга болсон. ...” /хх 7-8/,
яллагдагч Х.Д-ын “...Миний бие 4.500.000 төгрөгийг сурталчилгааны зардал болгож ...хүлээн авсан. Тэгээд дараагийн мөнгө орж иртэл өөрийн хэрэгцээнд зарцуулаад өөр байгууллагаас орж ирэх мөнгө болон цалин орж ирэхээр сурталчилгааны ажлыг явуулна гэж тооцоолоод фэйсбүүк хөгжүүлэлтийг нийт 4.500.000 төгрөгөөр хийх байсан сурталчилгаанаас 50 орчим доллар буюу 189.750 төгрөгөөр хийх байсан сурталчилгаанаас 50 орчим доллар буюу 189.750 төгрөгөөр сурталчилгаа хийсэн. Үүнээс үлдэгдэл хийгдээгүй байгаа мөнгийг буцааж өгнө. ...” /хх 42-43/ гэх мэдүүлгүүд,
Х.Д-ын ажилд орох хүсэлт /хх 19/, ...................... ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /хх 27-33, 36/, бэлэн мөнгө хүссэн өргөдөл, мөнгө шилжүүлсэн баримт /хх 34-35/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Д-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгч Х.Д “...хохирлоо барагдуулахаар илэрхийлж 1.350.000 төгрөг төлсөн, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа зэргийг анхаарч үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг тэнсэж өгнө үү. ..” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Х.Д нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, ............... ХХК-д учруулсан 4.554.000 төгрөгийн хохирлоос 1.350.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж тэнсэж үүрэг хүлээлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд шүүх шүүгдэгч Х.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй.
Мөн шүүгдэгч Х.Д нь гэмт хэргийн хэргийн улмаас учруулсан хохирлоос 1.350.000 төгрөг /хх 100/-ийг анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө төлсөн байх бөгөөд үлдэх төлбөрийг хохирогч ................... ХХК-д нөхөн төлөхөө илэрхийлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй учраас хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Х.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/1164 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Х.Д гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч “.......................” ХХК-д нөхөн төлсөн болохыг дурдсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ