| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2025/0028/З |
| Дугаар | 110/ШШ2025/0049 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 110/ШШ2025/0049
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.З,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч анх “Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргаж, шүүх хуралдааны явцад уг шийдвэрийн С.З холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
2. Маргаан бүхий захиргааны актаар С.З Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс 4956 м2 газрыг 2018 онд эзэмшүүлсэн шийдвэрийг “газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэдэг үндэслэлээр хүчингүй болгожээ. Уг шийдвэрийн өөрт нь холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Өлгий сумын Засаг даргад хандаж, Өлгий сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1/123 дугаар албан бичгээр “...хүсэлтийг хангах боломжгүй байна.” гэх хариуг өгснөөр нэхэмжлэгчээс 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 30 хоногт багтаан шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ.
2.1. Миний бие ойжуулах төсөл, ногоон хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс 4950 м.кв газрыг ойжуулах зорилгоор өөрийнхөө нэр дээр авч, “Х” компанийн хөрөнгөөр хашаа барьж, усжуулах худаг ухаж, үе шаттай мод тарьж ойжуулах ажлыг хийж байгаа юм. Ойжуулахад хашаа барих, худаг ухаж үе шаттай мод тарих, тарьсан модыг хамгаалах, усжуулах үржүүлэх ажилд нийтдээ 30.0 сая гаруй төгрөг зарцуулсан билээ. Уг талбайд эхний хэсэгт мод тарьж бусад хэсэгт чацаргана, алим жимсний төрлийн мод тарих төлөвлөгөөтэй тул модоо тарьж ургуулан ойжуулж байна.
Гэтэл ойжуулж байгаа талбайд биднийг байлцуулж үзлэг хийлгүйгээр мэдэгдэхгүйгээр хөрөнгө гаргаж, ойжуулж байгааг дүгнэж үзэхгүйгээр газар олгосон захирамжийг хүчингүй болгосон нь хууль бус байна.
2.2. Талбайг ойжуулж байгааг газар дээр нь очиж үзэж, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн захирамжийг эрх мэдлийн хүрээнд хүчингүй болгож өгөхийг хүсэж 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тухайн үеийн Засаг дарга Х.Н хүсэлтээ гаргахад “...би Засаг даргын ажлаа өөр хүнд өгөхөөр боллоо хүсэлтээ дараагийн Засаг даргад гаргана уу.” гэж хариу өгсөн. Хүсэлтээ дараагийн Засаг даргад гаргасан боловч захирамжийг хүчингүй болгохгүй талаарх хариуг 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өгсөн юм.
2.3. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Өлгий сум хариуцсан ажилтанд ойжуулсан талбайд газар дээр нь очиж ойжуулсныг үзсэн боловч урьд гаргасан шийдвэрээ өөрчлөөгүй ямар ч тайлбар дүгнэлт хийгээгүй юм. Гэтэл ойжуулж байгаа талбайд мониторинг үзлэг хийлгүйгээр тарьсан мод бусад холбогдох хийгдсэн ажил, зарцуулсан хөрөнгийг тооцолгүйгээр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын байцаагчийн албан шаардлагаар газар олгосон захирамжийг хүчингүй болгосон нь хууль бус юм. Ойжуулах төслийг ганц хоёр жилийн дотор хэрэгжүүлдэг ажил биш, тодорхой хугацаа, хөрөнгө шаардлагатай байдаг. Газар олгосон эхний жилд барьсан хашаагаа хулгайд алдсан, тарьсан модыг туршлага багатай учраас ургуулж чадаагүй гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
3.1. Тухайн газрыг авангуут газарт гүний худаг ухсан, цахилгаан татах гэсэн боловч Цахилгаан шугам сүлжээний газар трансформатор байхгүй гэсэн шалтгаанаар цахилгаан татаж чадаагүй. 2017 онд хашааны суурийг цутгаж, хашаа татсан, тухайн үед хашааны тодорхой хэсэг хулгайд алдагдсан. Уг хашааг манай шатахуун түгээх станцад түгээгчээр ажилладаг залуу болон хажууд нь нэг залууг хөлсөлж аваад, удаан хугацаагаар хашааг барьж байхад хашааны тодорхой хэсгийг алдсан. Түүнээс болж би түгээгч ажилтныг ажлаас нь гаргасан. Тэр газарт босгосон хашааны шон хэвээрээ байж байна. 2019 онд газрын хил зааг тогтоохоор захирамжид өөрчлөлт ороод, 4956 м.кв талбайтай газар гэж тогтоож өгсөн. Тэрний дараа “Ковид-19” цар тахлын өвчин гараад, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахад саад болсон. 2024 оны 6 дугаар сарын сүүлээр 7 дугаар сарын эхээр тухайн газарт хуучин хашааны шон, худаг бэлэн байж байсан учраас тэрийг түшиглэж хашаа татаж, 7 хоногт нэг удаа усалж, мод тарьж байсан. 2024 оны 7 дугаар сард Өлгий сумын удирдлага буюу Е дарга бид нарыг дуудаж “та нар газраа зориулалтын дагуу ашиглаагүй байна” гэсэн. Тухайн үед би Е гэдэг хүнд учир байдлыг тайлбарлаж хэлсэн. Хашаа татаж, мод тарьсан, үйл ажиллагаа явуулж байгааг хөрш, хажууд байгаа бүх хүмүүс мэдэж байгаа. 2016 онд худаг гаргах, нүх ухах зэрэг үйл ажиллагаанд 30 000 000 төгрөгийн зардал гаргасан гэв.
4. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт:
4.1. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын улсын байцаагчаас 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15/04/050/33 дугаар бүхий зөрчил арилгуулах тухай албан шаардлага хүргүүлсэн.
Өлгий сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан албан шаардлагад заасан эзэмшлийн газруудын зориулалт, эзэмшсэн хугацаа зэргийг шалгаж үзэхэд, А.З нь 2018 онд 4950 м2 газрыг таримал ойн зориулалтаар эзэмшсэн байсан юм.
Тухайн үед албан шаардлагын дагуу зориулалтын дагуу ашиглаагүй газруудыг өвлийн улирал байсан учраас шууд хүчингүй болгох боломжгүй байсан ба мод нахиалах үеийг хүлээх шаардлагатай байгаа талаар Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газарт тайлбарласан. Ажлын хэсэг мод нахиалах үеэр буюу 2024 оны 5 дугаар сарын дундуур ойжуулах, таримал ой, мод үржүүлэх ойжуулах зориулалт бүхий газруудаар нэг бүрчлэн очиж, зурагжуулж ажилласан ба ойжуулалтгүй, мод таригдаагүй газрын эздэд 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн утсаар мэдэгдэж газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлийн хүрээнд гэрчилгээг хүчингүй болгох талаар тайлбарлаж сонсох ажиллагаа явуулсан.
Харин нэхэмжлэгчийн газарт очиж үзэхэд ойжуулалт мод үржлэгийн үйл ажиллагаа огт эхлүүлээгүй нүдэнд харагдаж хэмжигдэхүйц нэг ширхэг мод байгаагүй байсан учраас эзэмшлийн газрын эрх хүчингүй болох үндэслэл болсон.
С.З нь ойжуулалтын газрыг хоёр жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй байдлын улмаас хүчингүй болж, эрх ашгаа хөндөгдөх эсэхээ 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр мэдэж гарын үсэг зураад явсан боловч нэхэмжлэлд дурдсанчлан ойжуулалт хийгдсэн эсэх талаар тайлбар нотлох баримт гаргаж өгөөгүй хүлээн зөвшөөрөөд явсан.
Мөн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/246 дугаар захирамжийг 10 дугаар сарын 15-ны өдөр гардан авсан болно. 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өргөдөл хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүсэлт гаргасан ба хүсэлтийн хариуг хүргүүлсэн байсан.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
5.1. Нэхэмжлэгч С.З Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар “таны ойжуулах зориулалтаар эзэмшсэн газар хүчингүй болгох гээд байна.” гэж мэдэгдсэн. Дараа нь нэхэмжлэгчийн зүгээс хашаа татсан, мод тарьсан талаар ямар нэгэн тайлбар, нотлох баримт гаргаж өгч байгаагүй. Тухайн үед Улсын баяр наадмын өмнөх үе байсан учраас зарим албан хаагч нар амралтад явж, 2024 оны 09 дүгээр сард газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай захирамж албажиж гарсан. Уг захирамж гарсны дараа нэхэмжлэгчид гардуулж өгсөн. Энэ хугацаанд бас эрх ашиг нь хөндөгдөхөө мэдсээр байж тухайн газрыг зориулалтын талаар ашигласан талаар ямар нэгэн тайлбар, нотлох баримт гаргаж өгч байгаагүй гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:
6.1. Нэхэмжлэгч тал 2017 онд хашаа татсан, худаг гаргасан гэж тайлбарлаж байна. Бид нар очиж үзэхэд ямар ч хашаагүй, хуучирсан шонгууд байсан. Би энэ талаар маргаж гэрчийн мэдүүлэг авхуулсан. Бид 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн мэдэгдэж эхэлсэн, тухайн үед хүмүүс газартай холбоотой тайлбар, зураг зэрэг баримтуудыг авчирч өгч байсан. Тухайн үед нэхэмжлэгчийн зүгээс зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулсан, хашаа татсан, мод тарьсан талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Бид 2024 оны 10 дугаар сарын эхээр мөн газар эзэмшигч нарт мэдэгдэж эхэлсэн, мөн адил тухайн үед нэхэмжлэгч хашаа татсан ямар нэгэн баримт авчраагүй. 2024 оны 10 дугаар сарын үед хашаа татаж, мод тарьсны дараа Өлгий сумын удирдлагад өргөдөл гаргасан болов уу гэж харж байна.
Нэхэмжлэгчийн хувьд тухайн 2016 онд газраа эзэмшилд аваад, 2017 онд хэсэг газрыг өөр хүнд шилжүүлсэн, авсан хүн нь тэнд хашаа татаж, ойжуулах ажиллагааг эхэлсэн. Тухайн газрыг ойжуулах бүрэн боломжтой газар, цахилгаан шугам сүлжээ ойрхон байсан. 2018-2024 он хүртэл 6 жилийн хугацаанд хашаа татаж, ойжуулалт хийх бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг том компанийн захирал хүн, тухайн газарт ойжуулалт хийх бүрэн боломжтой байсан. Бид нар шалгах явцад хашаа татагдаагүй, мод тариагүй учраас хүчингүй болгосон гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/86 дугаартай захирамжаас үзэхэд нэхэмжлэгч С.З анх ойжуулах зориулалтаар Өлгий сумын Засаг даргын 2016 оны 19 дугаартай захирамжаар 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс эзэмшүүлсэн 9000 м2 газраас 3428 м2 газрын эзэмших эрхийг С.Нурбект шилжүүлэн эзэмшүүлж, А.З эзэмших эрхтэй газрын хэмжээг 5572 м2-аар тогтоосон, харин 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн газар эзэмших эрхийн 00068491 дугаартай гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээнд нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газрын хэмжээг 4956 м2 гэж тусгажээ.
3. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02-15-04/050/33 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаар /“Шаардах” хэсгийн 4 дэх заалт/ “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэрчилгээнүүдийг хүчингүй болгох” тухай албан шаардлагыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад хүргүүлсэн байх ба албан шаардлагын хавсралтад С.З газар багтсан байна.
4. Өлгий сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжаар зөрчлийг арилгах арга хэмжээ авах ажлын хэсгийг байгуулсан, ажлын хэсгээс 2024 оны 5 дугаар сарын 09-24-ний өдрүүдэд хяналтын улсын байцаагчийн дээрх албан шаардлагын хавсралтад заасан газруудад очиж шалгасан, шалгалтаар С.З Өлгий сумын 10 дугаар багт байршилтай 4956 м2 газарт хашааны шон тавигдсан, худаг гаргасан, ойжуулалт хийгээгүй гэх нөхцөл байдлуудыг тогтоосон байх ба ажлын хэсгийн хийсэн дүнгийн хурлаар “...хашаа татаагүй, худаг гаргаагүй, хөрөнгө оруулалт хийгдээгүй иргэн, аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн газрыг хүчингүй болгох, харин ойжуулалтын үйл ажиллагааг эхлүүлж байгаа хашаа татаж, худаг гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ойжуулалт, мод үржүүлгийн ажиллагааг хийж дуусгах талаар үүрэг даалгавар өгөх” дүгнэлт гаргасан байна.
5. Улмаар Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч С.З Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс 5572 м2 (4956 м2) газар эзэмшүүлсэн тус сумын Засаг даргын 2018 оны А/86 дугаартай захирамжийн холбогдох хэсэг болон 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 000684891 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид ойжуулах, таримал ойн зориулалтаар эзэмшүүлсэн 4956 м2 газарт шүүхээс үзлэг хийхэд уг газрыг хашаалсан, худаг гаргасан, газрын урд хэсэгт болон хашаа руу орох хаалганы баруун, зүүн хоёр талд тус тус 102 мод тарьсан нь тогтоогдсон ба нэхэмжлэгч талын тайлбар, гэрч А.Е, З.Ж, Т.Ж, С.У болон ажлын хэсгийн ахлагчаар ажилласан О.Е нарын мэдүүлэг бүхий нотлох баримтаар маргаантай холбоотой дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
6.1. Нэхэмжлэгч анх 2017 онд тухайн газраа хашаалж, 9 метрийн гүнээс худаг гаргасан, гэвч бусдын хууль бус үйлдлийн нөлөөллөөр хашааны материалын ихэнх хэсгийг хулгайд алдсан, улмаар 2024 оны 07 дугаар сард газартаа шинээр хашаа татсан, 2024 оны 09 дүгээр сарын эхээр намрын тариалалт хийж газрын тодорхой хэсэгт 102 мод тарьсан байна.
7. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан.
8. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай “Газрын тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.10-т “ Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.
Мөн зүйл, хэсэгт заасан "…зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.
9. Дээрх байдлаар нэхэмжлэгч С.З нь 2017 онд ойжуулах зориулалтаар эзэмшсэн газраа хашаалсан, худаг гаргасан зэргээр ойжуулах зорилгод хамаарах тодорхой үйл ажиллагаа хийсэн, дараа нь бусдын хууль бус үйлдлийн улмаас хашааны материалын ихэнх хэсгийг хулгайд алдсанаар шинээр газраа хашаалах шаардлага үүссэн, улмаар маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө 2024 оны 07 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл газартаа хамгаалалт хийж, шинээр хашаа татаж, 102 мод тарьсан нөхцөл байдал тогтоогдсон.
10. Түүнчлэн Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас эрх бүхий байгууллагаас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн ба Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд дээрх нөхцөл байдал нь мөн хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар байна.
11. Иймээс нэхэмжлэгчийг газраа ашиглах зорилгоор огт үйл ажиллагаа хийгээгүй гэж үзэхээргүй байгаа ба зориулалтын дагуу газраа ашиглахад газар эзэмшигчээс хамаарахгүй бусдын хууль бус үйлдэл, мөн Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын үеийн нөхцөл байдал саад болсон нөхцөл байдал болон нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө газраа шинээр хашаалж, тус газарт 102 ширхэг мод тарьсан нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна.
12. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус заасан.
Дээрх байдлаар хариуцагчаас шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг судлахгүйгээр 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай нийцээгүй гэж үзэхээр байна.
13. Иймээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасантай тус тус нийцээгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзээд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол …эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаартай “Захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн С.З холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА