Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 307/ШШ2025/00511

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай  

 

Хэргийн индекс: 307/2025/00349/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* (итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* (утас:*******)-т холбогдох,

Орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, *******тоот бүхий 29,0 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:

... ийн нэхэмжлэлтэй, С.*******т холбогдох Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоот бүхий 29.0 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг С.*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би дараах үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Хариуцагч С.******* нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж тус орон сууцыг нэхэмжлэгчид зохих ёсоор хүлээлгэн өгсөн учир дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг буцаан олгож, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

...С.******* миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2025.03.28-нд миний бие 09 баг, 4-4-21 тоот байрыг Ц.*******д хүлээлгэж өгсөн. Иймд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч С.*******т холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг хүссэн  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй гэжээ.

Хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын “...Хариуцагч С.******* нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж тус орон сууцыг нэхэмжлэгчид зохих ёсоор хүлээлгэн өгсөн”, хариуцагчийн “...С.******* миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2025.03.28-нд миний бие 09 баг, ******* тоот байрыг Ц.*******д хүлээлгэж өгсөн” гэх тайлбаруудаар тус тус тогтоогдож байна. (хх 52-53 дахь тал)

2. Дээрх тайлбар нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нар нь тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ийн хариуцагч С.*******т холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэрэгт, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУЯА