Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 44

 

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор:  Э.Ууганзаяа,

            Шүүгдэгч Т.Ө-гийн өмгөөлөгч: Б.Батгэрэл

       Шүүгдэгч: Т.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Т-гийн Ө-д холбогдох эрүүгийн 1735001880106 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Улаангом сумын 4-р цэцэрлэгт манаач ажилтай, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4-р баг 12-22 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, РД:ОЭ78051511, М ургийн овогтой Т-гийн Ө.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Ө нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны орой Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Үүрэг нуур” дэлгүүрт хохирогч Я.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                  1. Шүүгдэгч Т.Ө-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

                  Шүүгдэгч Т.Ө нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны орой Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Үүрэг нуур” дэлгүүрт хохирогч Я.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авах тогтоол, тэмдэглэл,

      хохирогч Я.Г-ийн: “2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр би өөрийн найз Бороо буюу М-ын хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах “Залаа хайрхан” нэртэй паб-д орж пиво уусан. М бид 2 тухайн пабд сууж байхдаа 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво 3 савыг хувааж уусан. Тухайн пивыг М бид 2 тэнцүүхэн хувааж уусан бөгөөд пиво дууссаны дараа 21:00 цагийн орчимд М бид 2 “Залаа хайрхан” пабаас гараад таксинд суугаад Улаангом сумын 4 дүгээр багт байрлах “Үүрэг нуур” нэртэй дэлгүүр дээр очсон. М бид 2 “Үүрэг нуур” дэлгүүрийн гадна таксинаас буугаад дэлгүүр орох гээд явж байхдаа Г-ийг той таарсан. Би Г-ийг өмнө нь зүс таньдаг байсан бөгөөд бид нар мэндээ мэдэлцээд “Үүрэг нуур” дэлгүүр лүү орсон. “Үүрэг нуур” дэлгүүрт ороод худалдаа хийх гээд зогсож байтал манай эхнэртэй хамт нэг байгууллагад ажилладаг Ө гэдэг хүн гаднаас ганцаараа орж ирсэн. Ө гаднаас орж ирчихээд дуугүй зогсоод байхаар нь би Ө-гээс “Чи хүнээс мэнд асуудаггүй юмуу” гэхэд Ө “Чи надаас мэнд асууна гэхээс биш би чамаас мэнд асууна гэж юу байдаг юм” гэж хэлсэн. Манай эхнэр Н Улаангом сумын 1 дүгээр цэцэрлэгт ажилладаг бөгөөд би Өд хандаж “Та нар нийлж байгаад манай эхнэрийг гадуурхдаг” гэж хэлэхэд Ө “Чи юу яриад байгаа юм. Тийм зүйл байхгүй” гэж хэлсэн. Тэрнээс болж Ө бид 2 хоорондоо маргаж, хэрэлдсэн. Тэгж байтал М, Г-ийг нар надад “Битгий хүнтэй маргаад бай” гэж хэлээд намайг дагуулаад дэлгүүрээс гаргачихаад буцаад орсон. Би дэлгүүрийн гадна хэсэг хугацаанд зогсож байгаад буцаад дэлгүүр лүү орсон. Би дэлгүүрт ороод Ө-тэй өмнөх асуудлыг ярьж маргасан. Ө миний урдаас маргаж хэрэлдээд байхаар нь би Ө-г цохих гээд гараа далайх үед М, Г-ийг нар миний гарыг бариад авсан. Гэтэл Ө миний дээд уруулын дээд тал руу гараараа 1 удаа цохисон. Энэ үед миний уруулын дээд талд гэмтэл учирсан бөгөөд тэнд байсан хүмүүс намайг дагуулаад дэлгүүрээс гарсан. Би Ө-гээс ямар нэгэн мөнгө, төгрөг нэхэмжлэхгүй. Надад одоо ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

                  гэрч  Т.М-ын өгсөн “Би Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байрлах “Үүрэг нуур” дэлгүүрт манаач ажилтай. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр би “Үүрэг нуур” дэлгүүр дотор худалдагч А-ын хамт байж байтал оройны 21:00 цагийн орчимд дэлгүүрт үл таних 3 эрэгтэй хүн орж ирсэн. Тэр 3 эрэгтэй хүн архи уусан байдалтай байсан бөгөөд 2 нь нилээд согтуу, 1 нь арай гайгүй байх шиг байсан. Би тэр 3-ыг өмнө нь огт харж байгаагүй, танихгүй хүмүүс байсан бөгөөд тэр 3 хүн манай дэлгүүрээс худалдаа хийгээд зогсож байтал миний зүс таних Ө ах гаднаас ганцаараа орж ирсэн. Тухайн үед Ө ах архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Ө ахыг гаднаас орж ирсний дараа нөгөө 3 хүний нэг нь Ө ахад хандаж “Чи надаас мэнд асуудаггүй юмуу” гэхэд Ө ах “Чи надаас асуумаар юм биш үү” гэж хэлсэн. Гэтэл нөгөө согтуу хүн “Би та нарыг бүгдийг нь мэднэ. Та нар нийлж байгаад манай эхнэрийг дарамталдаг. Би чамайг мэднэ, чи миний эхнэрийг үйлчлэгч болгосон” гэж Ө ах руу уурлаж, хэл амаар дайрч доромжилсон. Тэр хүн нөгөө 2 хүнийгээ бодоход илүү согтолттой байсан бөгөөд Ө ах руу уурлаад байсан учраас хамт явж байсан 2 хүн нь нөгөө согтуу хүнийг дагуулаад манай дэлгүүрээс гарсан. Манай дэлгүүр дотор худалдагч А болон Ө ах бид 3 зогсож байтал удалгүй Ө ах руу уурлаад байсан хүнтэй хамт явж байсан 2 хүн манай дэлгүүрт буцаж орж ирээд худалдаа хийгээд зогсож байтал нөгөө согтуу хүн дахин манай дэлгүүрт орж ирсэн. Тэр хүн буцаж орж ирэнгүүтээ Ө ах руу “Би чамайг мэднэ ш дээ. Та нар манай эхнэрийг цэвэрлэгч болгосон” гэж дахин уурлахад хамт явсан 2 хүний нэг нь дахин нөгөө согтуу хүнийг дагуулаад манай дэлгүүрээс гарчихаад удалгүй 2-уулаа буцаад хамт орж ирсэн. Ө ахтай маргаж, хэрэлдээд байсан согтуу хүн дахин Ө ах руу уурлаж “Чи ийм том болчихсон юмуу. Би чамайг мэднэ ш дээ” гэх мэт үг хэлж, хэл амаар доромжилж байгаад Ө ахыг цохих гээд гараа далайх үед нь хамт явсан 2 хүн нь тэр хүний гарыг барьж аваад Ө ахыг цохиулаагүй. Гэтэл Ө ах уурлаад нөгөө хүний уруулны хэсэгт баруун гараараа 1 удаа цохисон. Ө ахтай маргаж, хэрэлдээд байсан согтуу хүн Ө ахад цохиулчихаад Ө ахыг буцааж цохих гээд дайрахаар нь тэр хүнтэй хамт явж байсан 2 хүн дундуур нь орж салгаад нөгөө хүнийг дэлгүүрээс дагуулаад гарсан. Энэ үед тэр хүний уруулны дээд хэсэгт шалбарч, тэр хэсгээс нь цус гарч байсан. Тэр үед Г гэдэг хүн Ө ахыг цохиж, зодоогүй. Тэр хүн Ө ахыг цохих гээд гараа далайгаад дайрсан боловч хамт явж байсан 2 хүн нь дундуур нь ороод Ө ахыг цохиулаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,  

                  гэрч  Х.А-ын: “Би Увс аймгийн Улаангом сумын харъяат Ө-г “Үүрэг нуур” дэлгүүрээр хааяа үйлчлүүлдэг гэдгээр нь зүс танина. Харин Г гэдэг хүнийг огт танихгүй. Би Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байрлах “Үүрэг нуур” дэлгүүрт худалдагч ажилтай. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр би “Үүрэг нуур” дэлгүүр дотор тус дэлгүүрийн манаач М-ын хамт байж байтал орой 21:00 цагийн орчимд үл таних 3 хүн манай дэлгүүр орж ирсэн. Тэр 3 хүн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, согтуу байсан бөгөөд 2 нь нилээд согтуу, 1 нь арай гайгүй байх шиг байсан. Тэр 3 хүн манай дэлгүүрээс худалдаа хийгээд зогсож байтал миний зүс таних Ө ах гаднаас ганцаараа орж ирсэн. Ө ах тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Ө ахыг гаднаас орж ирсний дараа нөгөө 3 хүний нэг нь /хар хөх өнгийн куртиктай хүн/ Ө ахад хандаж “Надаас мэнд асуудаггүй юм уу” гэхэд Ө ах “Чи надаас түрүүлээд мэнд асуучихаж болдоггүй юм уу” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө согтуу хүн Ө ах руу уурлаад “Та нар нийлж байгаад манай эхнэрийг гадуурхдаг. Би та нарыг бүгдийг чинь мэднэ. Би чамайг мэднэ” гэж хэлсэн. Тэр согтуу хүн Ө ах руу уурлаад байсан учраас хамт явж байсан 2 хүн нь нөгөө согтуу хүнийг дагуулаад манай дэлгүүрээс гараад явсан. Удалгүй Ө ах руу уурлаад байсан хүнтэй хамт явж байсан 2 хүн манай дэлгүүрт буцаж орж ирээд худалдаа хийгээд зогсож байтал нөгөө согтуу хүн дахин манай дэлгүүрт орж ирээд Ө ах руу “Би чамайг мэднэ ш дээ. Та нар нийлж байгаад манай эхнэрийг дарамталдаг, гадуурхдаг” гээд дахин уурласан. Тэр согтуу хүн Ө ах руу уурлаад байсан учраас хамт явсан 2 хүний нэг нь дахин нөгөө согтуу хүнийг дагуулаад манай дэлгүүрээс гарчихаад удалгүй 2-уулаа хамт буцаад ороод ирсэн. Ө ахтай маргаж, хэрэлдээд байсан согтуу хүн урьдын адил Ө ах руу уурлаж “Чи ийм том болчихсон юм уу. Би та нарыг мэднэ ш дээ” гэх мэт үг хэлж дайрсан. Би тэр согтуу хүнийг Ө ах руу уурлаад, дайраад байхаар нь би “Та нар одоо больцгоо. Манай дэлгүүрээс гар” гэж хэлсэн боловч миний үгэнд ороогүй. Тэгж байтал Ө ахтай маргаж, хэрэлдээд байсан согтуу хүн гараа далайгаад Ө ахыг цохих гэтэл хамт явсан 2 хүн нь тэр хүний гарыг барьж аваад Ө ахыг цохиулаагүй. Тэгтэл Ө ах уурлаад нөгөө хүний ам, уруулны хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохисон. Нөгөө согтуу хүн нь Ө ахад цохиулчихаад Ө ахыг цохих гэж дайрсан боловч хамт явж байсан 2 хүн болон манай дэлгүүрийн манаач М нар тэр хүнийг барьж аваад манай дэлгүүрээс дагуулаад аваад гарсан. Энэ үед Ө ах уурлаад “Цагдаад дуудлага өгнө” гэж хэлээд утсаа халааснаасаа гаргаж ирээд манай дэлгүүрээс гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

                  гэрч М-ын “Би Увс аймгийн Улаангом сумын харъяат Г-ийг сайн танина. Г бид 2 найз, нөхдийн холбоотой. Харин Ө гэдэг хүнийг огт танихгүй. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр би өөрийн найз Г-ийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах “Залаа хайрхан” нэртэй пабд орж пиво уусан. Г бид 2 тухайн пабд сууж байхдаа 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво 3 савыг хувааж уусан. Тухайн пивыг Г бид 2 тэнцүүхэн хувааж уусан бөгөөд пиво дууссаны дараа 21:00 цагийн орчимд “Залаа хайрхан” пабаас гараад таксинд суугаад Улаангом сумын 4 дүгээр багт байрлах “Үүрэг нуур” дэлгүүрийн гадна ирсэн. Г бид 2 тухайн дэлгүүрээс пиво худалдаж авахаар болоод дэлгүүр лүү орох гээд явж байтал миний зүс таних Г-ийг гэдэг залуу таарсан. Г, Г-ийг бид 3 мэндээ мэдэлцээд “Үүрэг нуур” дэлгүүр лүү хамт орсон. Би дэлгүүрт ороод худалдаа хийх гээд зогсож байтал гаднаас нэг танихгүй хүн орж ирсэн бөгөөд Г нь тэр хүнтэй маргаж, хэрэлдээд эхэлсэн. Г “Чи яагаад хүнээс мэнд асуудаггүй юм” гэхэд нөгөө хүн “Би чамаас яахаараа мэнд асуудаг юм” гэж хэлсэн бөгөөд тэрнээс болоод хэрүүл, маргаан эхэлсэн. Г нь тэр хүнтэй маргаж, хэрэлдээд байхаар нь би Г-д хандаж “Чи хүнтэй маргаж хэрэггүй” гэж хэлээд дэлгүүрээс дагуулаад гарсан. Энэ үед Г “Энэ хүн чинь манай эхнэртэй хамт ажилладаг юм” гэж хэлж байсан. Би Г-ийг дэлгүүрийн гадна үлдээчихээд буцаад “Үүрэг нуур” дэлгүүр лүү ороод худалдаа хийгээд зогсож байтал Г миний араас дэлгүүрт орж ирээд нөгөө хүнтэйгээ дахин маргалдаж эхэлсэн. Г нь тэр хүнтэй маргаж байгаад гараа далайгаад нөгөө хүнийг цохих гэхээр нь би Г-ийн гарыг барьж аваад цохиулаагүй. Гэтэл Г-тэй маргаж, хэрэлдэж байсан хүн нь Г-ийн уруулын дээд тал руу гараараа 1 удаа цохисон. Энэ үед Г-ийн уруулын дээд талд гэмтэл учирсан бөгөөд би Г-ийг дагуулаад дэлгүүрээс гарсан. Дэлгүүрийн гадна гарсны дараа Г-тэй маргаж, зодолдоод байсан хүн бид нарын араас гарч ирээд “Цагдаа дуудлаа” гэж хэлээд утсаа гаргаж ирэхээр нь Г-ийг бид 2 Г-ийг орхиод таксинд суугаад явчихсан. Тэрнээс хойш би Г-тэй дахиж уулзаагүй бөгөөд Г-ийг бид 2-ыг явсан цагаас хойш юу болсоныг би мэдэхгүй байна. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны орой Ө нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Харин Г пиво уучихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

                  шүүгдэгч Т.Ө-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “Хохирогч Г-ийн эхнэр Н нь надтай хамт нэг байгууллагад ажилладаг юм. Би Г-ийг Н-ийн нөхөр гэдгээр нь зүс танина. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны орой 21 цаг 30 минутын орчимд би Улаангом сумын 4 дүгээр багт байрлах “Үүрэг нуур” дэлгүүрт нэгж худалдаж авахаар орсон. Намайг тухайн дэлгүүрт ороход дэлгүүрийн худалдагч эмэгтэй, манаач залуу, Г нь хажуудаа 2 танихгүй залуутай хамт 3-уулаа худалдаа хийх гээд зогсож байсан. Г болон хажууд нь явсан 2 залуу архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, нэлээд согтуу байсан. Би дэлгүүрт ороод Г-ийг зогсож байхаар нь түүн рүү хараад инээхэд Г “Чи юундаа инээгээд байгаа юм, пизда минь” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “Чи хүнээс мэнд асуухын оронд ямар сонин харьцаад байгаа юм бэ” гэж хэлэхэд Г “Би чамаас мэнд асууж яадаг юм. Номын богцны хулгайч минь” гэж над руу уурласан. Тэгэхээр нь би “Чи юу яриад байгаа юм бэ” гэж Г-ээс асуухад Г “Би та нарыг бүгдийг нь мэднэ. Та нар манай эхнэрийг дарамталдаг. Чи миний эхнэрийг үйлчлэгч болгосон” гэж надад хэлэхээр нь би согтуу хүнтэй маргаад яахав гэж бодоод Г-д хандаж “Чи буруу ярьж байна. Дараа эрүүлдээ надтай яриарай” гэж хэлэхэд Г “Би та нарыг мэднэ. Чи хамгийн өндөр цалин авдаг. Би чамайг зодно” гэж хэлээд над руу уурлаад байхаар нь би өөрийнхөө гар утсыг халааснаасаа гаргаж ирээд “Чамайг ингээд байх юм бол цагдаа дуудлаа” гэж хэлэхэд Г-тэй хамт явж байсан нэг залуу нь Г-ийг дагуулаад дэлгүүрээс гарсан. Харин нөгөө залуу нь үлдээд “Та цагдаа битгий дуудаач. Би найзыгаа аваад явчихъя” гэж надаас гуйчихаад нөгөө 2-ынхоо араас дагаад гараад явсан. Би тэр 3-ыг явахаар нь дэлгүүрээс гаръя гэж бодоод дэлгүүр дотор зогсож байтал Г буцаад дэлгүүр лүү орж ирээд “Хар тэрмэст та нарыг юу хийснийг чинь би мэднэ шүү. Та нар бүгдээрээ янхан, банзал пизданууд” гэж над руу дахин уурласан. Г над руу элдэв янзын хараал хэлээд намайг цохих гээд гараа далайгаад хүрээд ирсэн. Энэ үед Г-тэй хамт явж байсан залуу болон дэлгүүрийн манаач залуу нар Г-ийн гарыг барьж аваад намайг цохиулаагүй. Г над руу элдэв янзын хараал хэлээд, дайраад байсан учраас миний уур хүрээд Г-ийн уруул, амны хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Энэ үед дэлгүүрийн манаач залуу болон Г-тэй хамт явж байсан 2 залуу Г-ийг дахин дэлгүүрээс дагуулаад гарсан. Би дэлгүүр дотор зогсож байтал манаач залуу буцаж орж ирсэн бөгөөд би тэр залуугаас “Нөгөө хүмүүс явчихсан уу” гэж асуухад манаач залуу “Манай дэлгүүрийн гадна зогсож байна. Таныг гарч ирэхээр чинь ална гэж байна” гэж хэлсэн. Би дэлгүүр дотор хэсэг хугацаанд зогсож байгаад 5 минут орчмын дараа дэлгүүрийн манаач залуутай хамт дэлгүүрээс гарахад Г дэлгүүрийн үүдэнд зогсож байгаад намайг дэлгүүрйин хаалгаар гарангуут миний хувцасны энгэрээс бариад авахаар нь би халааснаасаа гар утсаа гаргаж ирээд “Цагдаа дуудлаа шүү” гэж хэлэхэд Г миний гар утсыг цохиж газарт унагасан. Тэгээд би Г-ийн гарыг тавиулаад газарт унасан утсаа авсан. Тэгтэл Г дахин миний хувцасны энгэрээс барьж авсан бөгөөд би Г-ийн гарыг тавиулах гээд гар луу нь түлхсэн боловч гараа тавиагүй. Би Г-ийн гарыг тавиулах гээд Г-тэй ноцолдож /хувцаснаасаа барилцаад таталцаж, түлхэлцэж/ байгаад шатан дээр хий гишгээд 2-уулаа газарт унасан. Энэ үед Г-тэй хамт явж байсан 2 залуу Г-ийг орхиод цаашаа эргээд явчихсан байсан. Тэрнээс хойш Г бид 2 дахин маргаж, зодолдоогүй бөгөөд удалгүй цагдаа нар ирсэн. Би 2017 оны 11 дүгээр сарын 17-ны орой би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Харин Г архи уучихсан, согтуу байсан. Ямар хэмжээний согтолттой байсан болохыг нь би сайн мэдэхгүй байна. Тухайн үед Г намайг цохиж, зодсон зүйл байхгүй. Харин миний гартаа барьж байсан гар утсыг нь цохиж газарт унагаасан. Миний гар утас нь САМСУНГ 5-2 маркийн гар утас байсан бөгөөд миний гар утсанд ямар нэгэн эвдрэл, гэмтэл учраагүй. Би Г-д ямар нэгэн хохирол, төлбөр төлж барагдуулаагүй байгаа. Гэхдээ Г бид 2 учраа олж эвлэрсэн. Г нь надаас ямар нэгэн хохирол, төлбөр авахгүй гэдгээ өөрөө надад хэлсэн. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,     

                  Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №761 дугаартай: “Иргэн Я.Г-ийн биед гэмтэл учирсан байна. Дээд уруулын гадна талд язарсан шархтай оёдол тавигдсан гэмтэл үүссэн байна. Дээрхи гэмтэл нь гадны мохоо хүчний 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 10/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.                    

      Шүүгдэгч Т.Ө-гийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “Т.Ө-г гэм буруугүйг нотолж, цагаатгах байр сууринаас оролцоно, учир нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл хийсэн нь нотлогдож байх боловч аргагүй хамгаалалтын нөхцөлд энэ үйлдлийг хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч Я.Г-ийн эхнэр нь шүүгдэгчтэй хамт нэг цэцэрлэгт ажилладаг юм байна. Үүнээс үүдэлтэй Г нь маргаан үүсгэсэн байгаа. Бичлэгээс харахад тухайн өдрийн 21 цаг 06 минутаас 21 цаг 17 минутын хооронд 10 минутын хугацаанд тухайн хэрэг болсон. Хохирогч 2-3 удаа шүүгдэгч рүү довтолж байна, хохирогчийн юу ярьж байгаа нь дүрс бичлэгээс мэдэгдэхгүй байгаа ч мэдээж хүн рүү салаавч гаргаж байгаа хүн сайн сайхан зүйл хэлээгүй байх. 2 удаа шүүгдэгч Т.Ө рүү салаавч гаргаж байна, хохирогч Г-ийн шүүгдэгч рүү довтолсон довтолгоо үргэлжилж байхад шүүгдэгч өөрийгөө хамгаалж хохирогчийг цохисон. Шүүгдэгч ямар нөхцөл байдалд байна бэ? гэхээр дэлгүүрийн лангуунд хашигдсан байгаа. Гэрчүүдийн мэдүүлгээс бол хохирогчийн довтолгооныг хориглоод зогсоож салгасны дараа шүүгдэгч Ө хохирогч Г-ийг зодсон гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл камерын бичлэгээс харахад шүүгдэгч нь хохирогчийг салгасны дараа биш зодох гээд дайрахад урдаас нь цохисон нь тодорхой байна. Довтолгоо үргэлжилж байхад Ө өөрийгөө хамгаалах шинжтэй үйлдэл хийсэн. Өөрийнх нь амь нас эрүүл мэндийн эсрэг үйлдэл хийх нь баттай болчихсон, довтлоод эхэлчихсэн тохиолдолд өөрийгөө хамгаалж, довтолгооны эсрэг хийж байгаа үйлдэл нь гэмт хэрэг биш юм. Шүүгдэгч Ө-гийн өөрийгөө хамгаалсан үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжтэй байгаа тул гэм буруугүй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүхээс өмгөөлөгчийн энэхүү дүгнэлтийг  үндэслэлгүй гэж үзсэн болно.

     Учир нь хэрэгт авагдсан хохирогч Я.Г-ийн “ Ө миний урдаас маргаж хэрэлдээд байхаар нь би Ө-г цохих гээд гараа далайх үед М, Г-ийг нар миний гарыг бариад авсан. Гэтэл Ө миний дээд уруулын дээд тал руу гараараа 1 удаа цохисон” гэх мэдүүлэг, гэрч Т.М-ын “согтуу хүн дахин Ө ах руу уурлаж “Чи ийм том болчихсон юмуу. Би чамайг мэднэ ш дээ” гэх мэт үг хэлж, хэл амаар доромжилж байгаад Ө ахыг цохих гээд гараа далайх үед нь хамт явсан 2 хүн нь тэр хүний гарыг барьж аваад Ө ахыг цохиулаагүй. Гэтэл Ө ах уурлаад нөгөө хүний уруулны хэсэгт баруун гараараа 1 удаа цохисон” гэх мэдүүлэг, гэрч Х.А-ын “Тэгж байтал Ө ахтай маргаж, хэрэлдээд байсан согтуу хүн гараа далайгаад Ө ахыг цохих гэтэл хамт явсан 2 хүн нь тэр хүний гарыг барьж аваад Ө ахыг цохиулаагүй. Тэгтэл Ө ах уурлаад нөгөө хүний ам, уруулны хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохисон” гэх мэдүүлэг, гэрч С.М-ын “ Г тэр хүнтэй маргаж байгаад гараа далайгаад нөгөө хүнийг цохих гэхээр нь би Г-ийн гарыг барьж аваад цохиулаагүй. Гэтэл Г-тэй маргаж, хэрэлдэж байсан хүн нь Г-ийн уруулын дээд тал руу гараараа 1 удаа цохисон. Энэ үед Г-ийн уруулын дээд талд гэмтэл учирсан бөгөөд би Г-ийг дагуулаад дэлгүүрээс гарсан” гэх мэдүүлэг болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгээр хохирогчоос шүүгдэгч рүү чиглэсэн үйлдэл хийх үед, тодруулбал шүүгдэгчийг цохихоор гараа далайх үед хамт байсан М, Г-ийг нар хохирогчийн гарыг барьж авсан буюу үйлдлийг таслан зогсоосон, энэ үед шүүгдэгч хохирогчийн нүүр хэсэгт гараараа цохисон нь нотлогдож байна. Хохирогчийн хууль бус довтолгоон таслан зогсоогдсон, шүүгдэгчийн амь нас, эрүүл мэндэд аюултай, хохирол учрахуйц нөхцөл байдал бий болоогүй байхад хохирогч руу чиглэсэн үйлдэл хийсэн байх тул аргагүй хамгаалалтын нөхцөлд хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.  

                 Шүүгдэгч Т.Ө-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Я.Г-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Т.Ө-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.                  

                  2. Шүүгдэгч Т.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

                  Шүүгдэгч Т.Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.                 

                  Хохирогч Я.Г нь шүүгдэгч Ө-д гомдол санал, нэхэмжлэх хохиролгүй талаар мөрдөн байцаалтын шатанд “ Би Ө-гээс ямар нэгэн мөнгө, төгрөг нэхэмжлэхгүй. Надад одоо ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв.                                   

                  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Т.Ө нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал,  хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан санал  зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зохистой гэж дүгнэв. 

                  Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: Т.Ө нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь ажил эрхэлдэггүй, Т.Ө-гийн сарын цалингаас өөр өрхийн орлогогүй тул шүүхээс түүнд оногдуулах торгох ялыг  хэсэгчлэн төлүүлэхээр буюу сар бүр 50000 төгрөг төлөхөөр шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

                  Шүүгдэгч Т.Ө нь ам бүл 6, эхнэр,  2-15 насны 4 хүүхэдтэй,  тэрээр Улаангом сумын 1-р цэцэрлэгт манаач ажилтай, сарын үндсэн цалин 373591 /гурван зуун далан гурван мянга таван зуун ерэн нэг/ төгрөг ба цалингаас өөрөөр өрхийн орлогогүй, эхнэр нь ажил эрхэлдэггүй болох нь хэрэгт авагдсан Улаангом сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2017-12-15-ны өдрийн 1140 дүгээр Тодорхойлолт, Улаангом сумын 1-р цэцэрлэгийн 2017-12-14-ний өдрийн 61 дүгээр Тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд шүүгдэгчийн цалин хөлснөөс өөр орлогогүй байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан  торгох ялыг 2018 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

                  Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.               

                  Шүүгдэгч Т.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.  

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                  1. Шүүгдэгч М овгийн Т-гийн Ө-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Ө-д оногдуулсан торгох ялыг 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлж биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон дүрс бичлэг бүхий СD-г хэрэгт хавсаргасугай.

           6. Шүүгдэгч Т.Ө  энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Ө-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                        ДАРГАЛАГЧ,

                                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН