Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/170

 

 

 

 

 

 

  2024            02            01                                       2024/ДШМ/170

 

 

        С.Н-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.А,

шүүгдэгч С.Н-ын өмгөөлөгч Ц.Д,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/1576 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Н-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох ............................ дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.Н нь мөрийтэй тоглоомын газар зохион байгуулах зорилгоор үл хөдлөх хөрөнгө түрээсэлж, үүний дагуу цахим хэрэгсэл ашиглан, иргэдэд “Play.mglgame.net” нэртэй “покер” мөрийтэй тоглоом тоглох талаар санал болгож, 2020 оны 5 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд .............. дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ........... хотхоны ..... дүгээр байрны .... дүгээр орцны ... давхрын ..... тоотод үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “покер” гэх нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан,

мөн 2020 оны 5 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж хувьдаа эзэмшиж ашигласан буюу мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Н-ыг “үргэлжилсэн үйлдлээр хэд хэдэн гэмт хэргийг буюу мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч С.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-ыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр дүүрэг, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Н нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Н-аас 45.030.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Н давж заалдах гомдолдоо: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, мөрийтэй тоглоом тоглуулах нь гэмт хэрэг гэж ойлгоогүй байж байгаад би цагдаад шалгахаас өмнө хуульд хариуцлага хүлээдэг болсон тухай сонсож мэдээд сайтаа хаасан байсан. Тухайн үед олсон мөнгөө гэмт хэргийн улмаас олсон гэж ойлгоогүй учир хэргийг дахин шалгаж үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Хэрвээ шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзвэл зорчих эрх хязгаарлах хүрээ хязгаарыг Улаанбаатар хотын хэмжээнд болгон өөрчилж өгнө үү. Учир нь, миний бие хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй юм. Хүүхэд минь байнга эмнэлгийн хяналтад байж дүүргүүдийн эмнэлгүүдээр үзүүлдэг учир маш их хүндрэлтэй байна. Би хязгаарлалтаа зорчихгүйгээр ял шийтгэлээ эдэлж дуусна гэдгээ амлаж байгаа тул ар гэрийн минь нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч С.Н-ын өмгөөлөгч Ц.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь дэмжин оролцож байна. Миний үйлчлүүлэгч С.Н нь хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаа шаардлагатай 8 настай охинтой. Мөн 1-8 насны гурван хүүхэдтэй зэрэг талаар нотлох хувийн байдалтай холбоотой нийт 9 хуудас баримтыг шүүхэд шинээр гарган өгч байна. Миний үйлчлүүлэгч С.Н нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Би цахим гэмт хэрэг үйлдсэнээ ойлгохгүй явж байгаад 4 сарын хугацаанд ашигласан сайтаа /site/ хаасан” гэж мэдүүлсэн. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байхад миний үйлчлүүлэгчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүнтэй холбоотойгоор шийтгэх тогтоолын 7 дахь заалтад “шүүгдэгч С.Н-аас 45.030.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг миний үйлчлүүлэгч С.Н хүлээн зөвшөөрч байгаа. Хэдийгээр гэмт хэрэг үйлдсэнээ ойлгож, ухамсарлаагүй байх үедээ цахим гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн боловч түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэр бүлээ ганцаараа тэжээн тэтгэдэг зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.А тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Н нь 2020 оноос эхлэн мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Прокуророос 2023 оны 4 дүгээр сард шүүгдэгч С.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсний дараа шүүхээс шүүгдэгч С.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй гэж үзэж шүүгчийн захирамжаар 60 хоногийн хугацаанд хэргийг прокурорт буцаасан. Үүний дагуу шүүгдэгч С.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байна гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулж. яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс шүүгдэгч С.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч С.Н нь мөрийтэй тоглоомыг хууль бус болохыг мэдсээр байж ашиг, орлого олсон. Мөн бусдын дансыг ашиглаж тухайн мөнгөнүүдийг захиран зарцуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч С.Н-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Н нь мөрийтэй тоглоомын газар зохион байгуулах зорилгоор үл хөдлөх хөрөнгө түрээсэлж, үүний дагуу цахим хэрэгсэл ашиглан, иргэдэд “Play.mglgame.net” нэртэй “покер” мөрийтэй тоглоом тоглох талаар санал болгож, 2020 оны 5 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд ............. дүүргийн нутаг дэвсгэрт байрлах .............. хотхоны ........ дүгээр байрны .... дүгээр орцны ..... давхрын ...... тоотод үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “покер” гэх нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь:

гэрч Ш.М-ийн “...Би 2022 оны 8 дугаар сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл сарын 1.000.000 төгрөгийн цалинтай “Play.mglgame.net” нэртэй цахим мөрийтэй тоглоомын админаар ....... дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ....... хотхоны ....... дугаар байрны хашаагаар ороод ... дахь байрны ... дүгээр орцны .... давхарт зүүн талын мухрын хаалганд байрлаж ажилласан бөгөөд цалингаа сар бүр Н ахаас бэлнээр авдаг байсан. ....Дээрх тоглоомд Н ах өөрөө, тэгээд би, дүү М нар 2020 оны 8 дугаар сараас 10 дугаар сар хүртэл админ хийсэн. Дүү М-ын данс руу орсон мөнгө бол тоглоом ажиллаж байх цаг хугацаанд байнга орсон учраас тухайн үед би М-ын дансыг ашиглаж байсан болохоор цэвэрлэгээ, хоол, хүнс, байрны мөнгө, тог, ус зэрэг хэрэгцээний мөнгө орсон гэж бодож байна. ...” /хх 52-58/,

гэрч Г.Д-ий “...Н ах данс нээгээд интернет банкны үйлчилгээ авчих гээд намайг дагуулаад Д үйлчилгээний төвийн Хаан банкин дээр ороод миний нэр дээр ................тоот дансыг нээлгэж интернет банктай болгосон. Миний хажууд зогсож бай гээд миний нэр дээр жимэйл хаяг нээсэн. Тэгээд интернет банкны нэвтрэх нэр нууц код авсан тэгээд дараа сараас ажил эхлэхээр мөнгийг чинь өгнө сард 500.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Түүнээс хойш нэг ч холбогдоогүй Н өөрөө утсаар холбогдоод заримдаа миний регистрийн дугаар, овог, нэр ургийн овог мөн гэрийн хаяг зэрэг зүйлийг асуугаад мөн карт захиалчихсан шүү гэр рүү чинь хүргэх үү хаана хүргэх үү гэж ярьдаг. Энэ байдлаар 2-3 карт миний өмнөөс интернет банкаар захиалаад надад хүргүүлж би тэр картыг аваад Н-т аваачиж өгч байсан. ........ тоот дансыг Н надаар нээлгэж авсан. ........... дугаартай дансуудыг Н миний интернет банкыг ашиглаад нээлгэж байсан. Дээрх 3 дансанд миний хувийн гүйлгээ огт байхгүй. Энэ дансны гүйлгээнүүд бүгдээрээ С.Н-ын л зохион байгуулсан ажлын мөнгө юм. ...” /хх 59-61/,

гэрч Ш.М-ын “...“Play.mglgame.net” нэртэй цахим мөрийтэй тоглоомийн талаар би сайн мэдэхгүй. Саяхан өөрийн төрсөн эгч болох М болон хамаатны ах Н дээрх тоглоомийг ажилуулдаг байсан талаар сонсоод мэдүүлэг өгөхөөр ирсэн. ... дугаартай Хаан банкны дансыг 10 жилийн сургуульд байхдаа нээлгэж байсан ер нь нээх ашигладаггүй. Манай төрсөн эгч ойр зуур ашигладаг байсан. ...” /хх 62-65/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, дансны хуулга /хх 117-124/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 7-11/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Н-ыг үргэлжилсэн үйлдлээр мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой ба анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Харин, шүүгдэгч С.Н-ын 2020 оны 5 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын хугацаанд мөнгө угаах гэмт хэрэгт прокуророос 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 166а дугаар прокурорын тогтоол /хх 170/-оор яллагдагчаар татжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “...энэ хуулийн тусгай ангийн хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй гэж хуульчилсан байхад шүүх, шүүгдэгч С.Н-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд шүүгдэгч С.Н-т холбогдох тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын зохих заалтуудыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Н нь хэд хэдэн данснууд ашиглан мөрий тавьж, мөрийтэй тоглоомоо идэвхижүүлэх, улмаар тухайн хууль бус ажиллагаанаас олсон орлого, ашгаасаа өөртөө шилжүүлэн нийт 45.030.000 төгрөг /хх 21/-ийг дансаар болон бэлнээр авсан нь тогтоогдож байх тул “анхнаасаа мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг гэдгийг мэдээгүй, мөн мөнгө угаах гэмт хэрэг гэж ойлгоогүй, зорчих эрх хязгаарлах ялын хүрээг өөрчилж өгнө үү” гэсэн агуулга бүхий шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Харин түүний гэмт хэрэг үйлдэж олсон 45.030.000 төгрөгийн орлогыг улсын орлогод шилжүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож байгаа ял шийтгэлийн төрөл төдийгүй шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/1576 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж,  1, 2 дахь заалтын зарим хэсэг, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож шүүгдэгч С.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч С.Н-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч С.Н-г гэмт хэргийг улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.” гэсэн хэсгийг, 2 дахь заалтын “Шүүгдэгч С.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  тус тус шийтгэсүгэй.” гэсэн хэсгийг болон 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ