| Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтогтохын Сугиржав |
| Хэргийн индекс | 117/2025/0009/З |
| Дугаар | 117/ШШ2025/0007 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 117/ШШ2025/0007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сугиржав даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн *******
Хариуцагч: Дундговь аймаг дахь Төрийн аудитын газар
Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор *******ийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай төлбөр барагдуулах акт хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг: Дундговь аймгийн ******* нь тус аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторт холбогдуулан 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай төлбөр барагдуулах акт хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны Б/03 дугаар тушаалаар “...нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хэвийн явуулж, санхүүгийн тайланг хууль тогтоомжид заасан хугацаанд стандартын дагуу үнэн зөв гарган санхүүгийн удирдлагаар хангаж, 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитаар Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлж, Сангийн сайдын баталсан бодлого, аргачлал журмын дагуу материаллаг зүйлсийн хувьд үнэн шударга илэрхийлэгдэж, 3 жил дараалан акт, албан шаардлага, зөвлөмж өгөгдөөгүй “Өөрчлөлтгүй” санал дүгнэлт авсан...” гэх үндэслэлээр 3,028,000 төгрөгийн урамшууллыг нягтлан бодогч *******д олгожээ.
2.2. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын аудитороос “... *******д 2024 онд ажлын үр дүнг үндэслэн хагас болон бүтэн жилээр мөнгөн урамшуулал олгосон байтал Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын Б/03 дугаар тушаалаар “... 3 жил дараалан акт, албан шаардлага, зөвлөмж өгөгдөөгүй “Өөрчлөлтгүй” санал дүгнэлт авсан ...” гэх үндэслэлээр буюу ажлын нэг үзүүлэлтээр 3,028,000 төгрөгийн урамшууллыг давхардуулан олгосон гэж үзэж 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай төлбөр барагдуулах актыг гаргасан байна.
2.3. Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай төлбөр барагдуулах актыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитаар Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор ******* нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ******* дугаартай 3,028,000 төгрөгийг урамшуулал давхардуулан олгосон гэж төлүүлэхээр акт тогтоосон. Өөрөөр хэлбэл ахлах нягтлан бодогч *******д Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4-д зааснаар 2024 оны төлөвлөгөөний хэрэгжилт нь хагас, бүтэн жилээр А дүгнэгдэж 2 удаа үр дүнгийн урамшуулал олгосон бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д зааснаар нягтлан бодогчийн ажлаа хийсний төлөө урамшуулал дахин авсан нь буруу гэж үзсэн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2-д Нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж урамшуулж болно” гэж заасан. Мөнгөн урамшууллыг олгосон нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын санхүү аж ахуйн хэлтэс болон Бодлого төлөвлөлт, дүн шинжилгээний газраас жил бүр жилийн эцэст бүх хэлтсийн төсөв санхүү, санхүүгийн ил тод байдал, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа, аудитын дүгнэлт болон аудитын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үнэт цаасны зарцуулалт хөрөнгийн хадгалалт хамгаалалт зэрэгт хяналт шинжилгээ, үнэлгээ хийдэг. Энэ үнэлгээгээр манай хэлтэс сүүлийн 7 жил тогтмол 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн хэлтсээс 1-3 дугаар байранд орсон. 2024 оны хувьд 10 оноо авахаас 9.99 оноогоор үнэлэгдэж 1-р байранд орсон. Төрийн аудитын байгууллагын санхүүгийн тайлангийн аудитын санал дүгнэлт болон аудитын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь нийт авбал зохих 10 онооноос зөвхөн 2 оноо эзэлдэг. Бусад үзүүлэлт нь 8 оноог эзэлдэг. Жил бүрийн санхүүгийн тайлангийн аудитаар алдаа зөрчил илрээгүй болон зөрчилгүй гэсэн дүгнэлт авсан. Дээрх үндэслэлүүдээр нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гаргасан гэж үзэж хэлтсийн даргын Б/03 тоот тушаалаар урамшууллыг олгосон...
Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4-д заасан “Улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох” гэсэн нь үйл ажиллагааны тайланг тус хэлтсийн үнэлгээний баг хагас бүтэн жилээр дүгнэж өгсөн урамшуулал буюу өөрөөр хэлбэл тухайн жилд хийж гүйцэтгэх ажлаа төлөвлөж, төлөвлөгөөний дагуу хийж, хэрэгжүүлж төлөвлөлтийн гүйцэтгэлийн хувиар үнэлэгдэж, урамшуулал өгсөн юм. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас 2024 онд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2 дахь заалтаар аймгийн хэмжээний нягтлан бодогч нарын авсан урамшууллыг энэ жилээс эхлэн хэрэгжүүлэхгүй, таслан зогсооно гээд шууд зөрчил гэж үзээд байгууллага тус бүрт өөр өөр арга хэмжээ авч ажилласан. Зарим байгууллагуудад зөвлөмж өгсөн бол зарим байгууллагуудад албан шаардлага өгсөн. Манай хэлтсийн хувьд төлбөрийн акт авсан. Тус газар нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 сарын 9-ний өдрийн А/95 дугаар тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам” зөрчиж байгууллага тус бүрт өөр өөр арга хэмжээ авсан. Хууль, журмыг адил хэрэглээгүйд гомдолтой. Сонсох ажиллагаа явуулсан, сонсох ажиллагааны үед санал тайлбар гаргаж өгсөн боловч захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд яагаад тусгаагүй шалтгааныг тайлбарлаагүй, акт нь үндэслэл муутай манай байгууллага болон хувь хүнийг хохироосон эрх ашиг сонирхлыг зөрчсөн арга хэмжээ гэж үзэж байна. 2025 оны 3 сарын 14-ний өдөр Үндэсний аудитын газар “Хариу хүргүүлэх тухай” албан бичигтээ уг актыг хүчинтэй хэвээр үлдээсэн. Нягтлан бодогч нар төрийн албаны хуулийн 5 жилийн тэтгэмж урамшуулал огт авдаггүй.Тиймээс энэхүү Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан урамшууллыг нь олгосон нь үндэслэлтэй тул аудиторын төлбөр тогтоосон актыг хүчингүй болгож өгнө үү. Тодруулбал
Дундговь аймаг дахь Төрийн Аудитын газар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-д заасны дагуу төрийн байгууллага үйл ажиллагаандаа баримтлах шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх үндсэн зарчмыг зөрчиж Улсын бүртгэлийн хэлтсийн дарга *******, ахлах нягтлан бодогч ******* нарт гардуулсан төлбөр барагдуулах акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмыг зөрчиж байна... Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23.2-д “Нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнаж урамшуулж болно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д зааснаар захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно гэснийг үндэслэн Дундговь аймаг дахь Төрийн Аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* тоот аудитор *******ийн төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн хэлтсийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж, хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр энэ хэрэгт оролцож байна. Аймгийн аудитын газрын шалгасан аудитор нарын зүгээс зохих ёсоор харилцах асуудалд хүндэтгэлгүй хандсанд гомдолтой байгаа. Үүнээс гадна маргаж буй актыг хууль ёсны болон үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй буюу Захиргааны ерөнхий хуульд заасан зорилгодоо хүрсэн байх, бодит байх үр дүнтэй байх гэх мэтээр тогтоосон шаардлагыг хангаагүй. Мэдэгдэх сонсгох ажиллагааг хийсэн боловч тухайн үед миний хэлээгүй зүйлийг тусгасан учраас би тэмдэглэлд гарын үсэг зурахгүй санал нийлэхгүй гэдгээ л хэлсэн. Ер нь нэлээн дарамталсан шинжтэй шалгалтын цаг хугацааг ч удаашруулсан, хүндэтгэлгүй хандсан, тайлбар хийх боломж олгоогүй гэх мэтэд гомдолтойгоо илэрхийлсэн, хүлээн аваагүй.Мөн бидний хувьд нэг ижил зөрчилд аймгийн хэмжээний бусад байгууллага бүрт харилцан адилгүй өөр өөр хариуцлага шийтгэл ногдуулаад байгаа нь Үндсэн хуулиар адил тэгш байх эрхийг зөрчиж байна л гэж үздэг. Албан шаардлага гарахгүй акт тавих ёстой гэдгийг хэлсэн учир нь би өмнө нь уг байгууллагад 3 жил аудитороор ажиллаж байсны хувьд холбогдох дүрэм журмыг хэрхэн хэрэгжүүлэх талаарх саналаа хэлсэн. Тиймээс нэг зөрчилд өөр өөр шийдвэр гаргаад байгаа нь тухайн байгууллагын буруу, итгэл төрүүлэхгүй байна. Мөн нягтлан бодох бүртгэлийн тухай хууль хууль мөн үү бишүү ч гэж бодоход хүргэх үйл явц болоод байгаа нь хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар авах урамшууллыг олгохгүй байгаа явдал юм.Энд дүгнэлт өгөх гол байгууллага бол Аудит өөрөө юм гэтэл янз бүрээр шийдээд зөвлөмж өгөөд орхиж байна, албан шаардлага өгч байна заримд нь акт өгнө гэх мэтээр зөрүүтэй дүгнэж байгаа нь хуулийг хэрэглэхэд хүндрэл үүсгэж байгаа нь цаашид ах вэ гэдэг асуудал үүсгэж байна. Манай байгууллагын хувьд сүүлийн 7 жилийн хугацаанд ямар ч зөрчилгүй өөрчлөлтгүй дүгнэлт авч байсан нь санхүүгийн хувьд сахилга баттай сайн ажилласан гэж үзэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж ойлгож байгаа, үүнээс өөрөөр санхүүгийн ажлыг үр бүтээлийг нотлох баримт яг юу байхыг ойлгохгүй байна. Төрийн албаны хуулийн 51 дүгээр зүйлийн урамшуулал бол тусдаа ойлголт үүнийг авч байгаа. Мөн манай байгууллагын хувьд албан шаардлага /хх-ийн 60-61 тал/ акт 2 хоёулаа хамт авагдсан гэсэн ойлголт уу. Албан шаардлага бол бидэнд ирээгүй атлаа хэрэгт авагдсан байна, үүнийг шүүх анхаараарай. Иймээс аудитын акт нь миний болон манай байгууллагын эрх ашиг сонирхлыг зөрчсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар төлбөр барагдуулах актыг хүчингүй болгож өгнө үү гэв.
3.3. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарт: ... Тайлант онд Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн *******д 2024 онд ажлын үр дүнг үндэслэн хагас болон бүтэн жилээр мөнгөн урамшуулал олгосон, ингэхдээ Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны Б/03 дугаар тушаалаар “...3 жил дараалан акт, албан шаардлага, зөвлөмж өгөгдөөгүй “Өөрчлөлтгүй” санал дүгнэлт авсан ...” гэх үндэслэлээр (ажлын нэг үзүүлэлтээр) 3,028,000.00 төгрөгийн урамшууллыг олгосныг хууль бус гэж үзэж акт гаргасан.
Өөрөөр хэлбэл санхүүгийн тайлан, тодруулгыг холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын дагуу бэлтгэж, тайлагнах нь төсвийн захирагч, нягтлан бодогч нарын хувьд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох эрх зүйн актаар хүлээсэн албан үүрэг бөгөөд санхүүгийн тайлангийн аудитаар “Өөрчлөлтгүй” санал дүгнэлт авсан нь нягтлан бодох бүртгэлийн ажилд үр бүтээл гарган ажилласан гэж үзэх үндэслэлгүй, харин чиг үүргийн хүрээнд албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх үзүүлэлтийн нэг юм.
Энэ хүрээнд Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4.2.3.3-т “цалин хөлс, шагнал урамшуулал, тэтгэмжийг зөрүүтэй тооцож олгосон” гэж заасныг үндэслэн төлбөрийн акт тогтоосон.
Мөн Төрийн аудитын байгууллагын зүгээс Төрийн аудитын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Төрийн аудитын байгууллага албан шаардлага, төлбөрийн актыг шалгагдагч этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй аудитад хамрагдагчид Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар мэдэгдэнэ.”, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжоор хангаж, сонсох ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулсан болно.
Иймд Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Улсын бүртгэлийн хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.4. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан төсвийн гүйцэтгэлд аудит хийж гүйцэтгэсэн. Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн *******д 2024 онд хагас, бүтэн жилээр дүгнэн үр дүнгийн мөнгөн урамшууллыг олгосон боловч 2024 оны Б/03 дугаар тушаалаар 3 жил дараалан акт албан шаардлага зөвлөмж өгөгдөөгүй өөрчлөлтгүй санал дүгнэлттэй ажилласан гэх үндэслэлээр 2 сарын үндсэн цалин болох 3.028.000 төгрөгийн урамшууллыг давхардуулан олгосон зөрчил илэрч 2025 оны 02 сарын 03-ны өдрийн ******* дугаартай төлбөрийн актыг тогтоосон. Өмнөх онуудад Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасныг үндэслэн байгууллагын даргын 2021 оны Б/01 тушаалаар 1 сарын, 2022 оны Б/07 дугаар тушаалаар 2 сарын, 2023 оны Б/04 дүгээр тушаалаар 2 сарын үндсэн цалинг тус тус олгож урамшууллыг давхардуулан авсан байна. Санхүүгийн тайлан тодруулгыг холбогдох хууль тогтоомж стандарт дүрэм журмын дагуу бэлтгэж тайлагнах нь төсвийн захирагч, нягтлан бодогч нарын Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох эрх зүйн актаар хүлээсэн албан үүрэг. Санхүүгийн тайлангийн аудитаар өөрчлөлтгүй санал дүгнэлт авсан нь нягтлан бодох бүртгэлийн ажилд үр дүн бүтээл гаргасан ажилласан гэж үзэх үндэслэлгүй. Харин чиг үүргийн хүрээнд албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх үзүүлэлтийн нэг юм. Аймгийн Аудитын газрын даргын тушаалаар зөвхөн актыг баталгаажуулсан тул албан шаардлагыг давхардуулсан гэж үзэхгүй шийдэл өөрчлөгдсөн, өөрөө хүлээн зөвшөөрөөгүй. Дундговь аймаг дахь төрийн аудитын газраас Монгол Улсын ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журмын 4.2.3, Аудитын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломжоор хангах, сонсох ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулсан. 2024 оны 02 сарын 22-ны өдрийн Б/03 тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасныг үндэслээд урамшуулал олгочихсон байгаа. Хоёрдугаарт 3 жил дараалан үр бүтээлтэй ажилласан гэж 2 сарын цалинг нэмэгдүүлж авсан. Гэтэл 2021 оны санхүүгийн тайлангаар шалгагдахад нийт 38.146.061 төгрөгийн зөрчил илэрсэн. Мөн ажиллагсдад урьдчилгаа цалин олгохдоо авлагад тусгалгүйгээр зардлаар тайлагнасан нь маш том зөрчил байсан. Өмнөх 3 жил ийм зөрчил илэрсээр байхад урамшуулал давхардуулан олгохгүй. 2023 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар хүлээн авсан 5.323.000 төгрөгийн үнэлгээтэй зөөврийн компьютерийн хөрөнгийг дансанд бүртгээгүй зөрчил илэрч жилийн эцсийн санхүүгийн тайланд залруулга хийгдсэн. Иймд Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан улсын бүртгэлийн хэлтсийн төлөөлөгчийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
3.5. Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын менежер ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Акт хууль зүйн үндэслэлтэй, шалгалтын удирдамж захидлаа хүргүүлж шаардсан баримтуудаа авч шалгалтыг хэрэгжүүлсэн, акт тавигдсан тул байгууллагын даргын зүгээс баталгаажуулалт хийдэг. Нэг зөрчилд өөр өөр хариуцлага ногдуулж байна гэх гомдлын тухайд тайлбарлахад зөрчлийн шинж чанараас хамаарахаас гадна тухайн байгууллагын дарга нягтлан нар өөрсдөө хүлээн зөвшөөрөөд хугацаа авах тохиолдол зэрэгт харилцан адилгүй байдлаар гарч байна гэх ойлголт байгаа байх түүнээс өөрөөр ойлгохгүй. Улсын бүртгэлийн хэлтсийн хувьд албан шаардлага эхлээд өгсөн байдаг үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэх сонсгох ажиллагааны явцад мэдэгдэж акт тавихыг зөвшөөрсөн тул уг зөрчилд акт тавигдсан. Ерөнхий аудиторын 95 дугаар тушаалаар батлагдсан журмаар энэхүү харилцааг зохицуулж байгаа бөгөөд дээд шатны байгууллагаас холбогдох заавар зөвлөмж чиглэлийг тухай бүрт авч явна. Зөрчлийн тухайд уг байгууллагын нягтлан бодогчид сүүлийн 3 жилийн ажлаар үр бүтээлтэй ажилласан гэж үзэж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар урамшуулал олгосон тэрээр 2021, 2022, 2023 онуудад яг энэ хуулийн зүйл заалтаар урамшуулал авсан. Мөн Төрийн албаны хуулийн урамшуулал ч авсан байдаг гэтэл даргын тушаалаар сүүлийн 3 жилээр гэж олгосныг давхардуулан олгох нь буруу гэж үзсэн. Үр бүтээлтэй ажилласан гэж үзэхгүй учир нь нягтлан бодогчийн хувьд хуулиар хүлээсэн ажил үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө буюу нягтлангийн бүртгэл маягт тайлангууд хөтлөх, санхүүгийн шалгалтад орох, өөрчлөлтгүй дүгнэлт авсан гэдэг нь сайн ажилласан ч гэсэн үг биш. Үүнийг бүхэлд нь шалгасан шалгалт ч гэхгүй хэсэгчлэн түүврийн аргаар шалгах ч тохиолдол байдаг тиймээс энэхүү шалгалтад санхүүгийн баримтыг бүрэн гүйцэд шалгах боломжгүй . Тухайн байгууллага 2021 онд зөрчилтэй, 2022 онд зөрчилгүй, 2023 онд зөрчилтэй гарсан байхад үр бүтээлтэй ажилласан гэж дүгнэх нь өөрөө боломжгүй юм. Илэрсэн зөрчлүүдийг аудитын тайланд тусгаж тухайн байгууллагад хүргүүлсэн нь хэргийн баримтад байдаг. 2025 оны 02 сарын 11-ний өдрийн албан шаардлага бол албан ёсоор баталгаажиж албажаагүй гэж ойлгох нь зүйтэй буюу аймгийн аудитын газрын даргын 2025 оны 04 сарын 11-ний өдрийн тушаалаар зөвхөн 2025 оны 02 сарын 13-ны өдрийн актыг баталгаажуулсан болохыг шүүхэд баримтаар ирүүлсэн. Иймд нэг зөрчилд 2 хариуцлага авсан гэж үзэх боломжгүй. Аудитын байгууллагын шалгалтын зорилгыг хуулиар тогтоосон хүрээнд бид ажил үүргээ гүйцэтгэж байна. Энэ хүний зүгээс манай байгууллагад ажиллаж байсан ажлын туршлагатай гэхдээ яг энэ асуудлын тухайд бол тухайн байгууллага хүлээн зөвшөөрөхгүй, акт тавиулна гэдгээ илэрхийлсэн байдаг. Мөн журмын заалтаар төсвөөс олгох шагнал урамшуулал тэтгэмж олгосонд албан шаардлага өгөхийг журмаар хориглосон байдаг. Тиймээс албан шаардлагын шийдэл өөрчлөгдсөн актыг баталгаажуулсан гэж ойлгох нь зүйтэй.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс аймгийн Аудитын газрын аудиторын 2025 оны 02 сарын 13-ны өдрийн ******* дугаартай төлбөр барагдуулах актыг[1] хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл[2] гаргасан. Нэхэмжлэгчээс “актыг хууль зүйн үндэслэлгүй, мэдэгдэх сонсгох ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хүндэтгэлгүй харилцсан” гэж, хариуцагчаас “уг акт хүчинтэй, биелүүлэх үүрэгтэй, хуулиар тогтоосон ажиллагааг хэрэгжүүлсэн” гэж тус тус маргаж тайлбарлана.
2. Шүүх уг нэхэмжлэлийг 2025 оны 4 сарын 18-ны өдөр хүлээн авч[3] хэрэг үүсгэн[4] хуулиар тогтоосон ажиллагааг явуулав.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх хүсэлт[5] ирүүлснийг хангаж, мөн нэхэмжлэгчийн 2025 оны 04 сарын 02-ны өдрийн албан бичгээр[6] нягтлан бодогч *******, хариуцагчийн хүсэлтээр[7] аймгийн аудитын газрын менежер ******* нар шүүх хуралдаанд оролцов.
3/ Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
3.1. Аймгийн Аудитын газрын Аудитороос 2025 оны 02 сарын 13-ны өдрийн ******* тоот актыг тогтоосон ба үндэслэлдээ Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогчийн ажлыг хагас, бүтэн жилээр дүгнэн үр дүнгийн мөнгөн урамшууллыг олгосон боловч албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан санхүүгийн тайлангийн аудитаар өөрчлөлтгүй дүгнэлттэй үр бүтээлтэй ажилласан гэх үндэслэлээр 2 сарын үндсэн цалин 3028000 төгрөгийг давхардуулан олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, Монгол Улсын Засгийн газрын баталсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.2-т заасныг тус тус зөрчсөн тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2.3, 4.2.3.3-т зааснаар үр бүтээл гаргасан гэдгийг нотлох баримтгүй, албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан арга хэмжээгээр олгосон нь буруу гэж 3028000 төгрөгийг орон нутгийн дансанд 2025 оны 04 сарын 20-ны дотор төлөхийг даалгаж шийдвэрлэсэн байна.
Үндэсний Аудитын газрын Ерөнхий аудиторын баталсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох” журам Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2021 оны 02-р сарын 10-ны өдрийн №7 дугаарт бүртгэгдсэн болно.
3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-т заасанчлан шүүхэд нэхэмжлэл гаргахын урьдчилсан шаардлага нь дээд шатны байгууллагад хандсан байх бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс 2025 оны 02 сарын 18-ны өдөр гаргасан гомдолд[8] Үндэсний аудитын газраас 2025 оны 03 сарын 14-ний өдрийн 06/1019 тоот албан бичгээр[9] хариуг ирүүлснээр хуулиар тогтоосон ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзнэ.
3.3. Аймгийн аудитын газраас 2024 оны төлөвлөгөөт шалгалтыг явуулахаар ирүүлсэн Үндэсний аудитын газрын 2024 оны 07 сарын 01-ний өдрийн А/52 тоот албан бичигт[10] заасныг үндэслэн аймгийн хэмжээнд аудит явуулах аудитын багийг томилж[11] үүнээс аймгийн *******т шалгалт хийхийг аудитор *******т хариуцуулснаар, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан эрх үүргийг хэрэгжүүлж, шалгалтад тухайн байгууллагаас ирүүлэх баримт материалыг[12] шаарджээ.
3.4. Шалгуулагчийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хэрэгжүүлж, нягтлан бодогчийн ажлыг хагас бүтэн жилээр дүгнэн үр дүнгийн мөнгөн урамшууллыг олгосон боловч албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан санхүүгийн тайлангийн аудитаар өөрчлөлтгүй дүгнэлттэй, үр бүтээлтэй ажилласан гэх үндэслэлээр 2 сарын үндсэн цалин[13] болох 3028000 төгрөгийг олгосон болох нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 02 сарын 22-ны өдрийн Б/03, 2023 оны 03 сарын 20-ны өдрийн Б/04 дугаартай тушаал[14], дансны хуулга[15], хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар судалсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.
3.5. Шүүх хуралдаанд хариуцагч “нягтлан бодогчийн хуулиар хүлээсэн үүргийг буюу ажлын байрны тодорхойлолтод заасныг гүйцэтгэснээр Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар урамшуулал авахгүй, харин салбарын болон тухайн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд ахиц дэвшил бүхий шинэлэг санаачилгатай үр бүтээл гаргасан, тодорхой үр дүнд хүрсэн байх үүнийгээ нотлох баримтаар хангасан байх нь зүйтэй” гэх, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “энэ 2 урамшууллын зорилго, үндэслэл, шалгуур өөр өөр байх нь ойлгомжтой би Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4-т заасан урамшууллыг оны эцэст авсан, нягтлангийн урамшууллыг өөрчлөлтгүй гэх дүгнэлтийн үр дүнгээр авсан нь зөв” гэх зэргээр тайлбарлах бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2023 оны 11 сарын 08-ны А/1716 дугаар тушаалаар баталсан хөдөлмөрийн дотоод журмын[16] 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 14 дүгээр зүйлийн 14.5, Хөдөлмөрийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4, 57 дугаар зүйлийн 57.2.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар шагнал урамшуулал олгох болон дээрх 2 хуулийн урамшууллыг ч мөн ялгаатай , өөр өөр агуулгаар ойлгож хэрэглэхийг нарийвчлан тодорхойлжээ.
3.6. Нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод[17] “1.1 Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг хууль журамд нийцүүлэн, НББОУС-ын дагуу хөтлөн явуулах, 1.2. Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж, санхүүгийн тайланг үнэн зөв гаргаж, аудитын байгууллагаар баталгаажуулан хугацаанд нь тайлагнах” гэж заасан ажил үүргээр буюу санхүүгийн тайлан, төлөвлөлт бүртгэл тооцоог холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын дагуу бэлтгэж, тайлагнах нь төсвийн захирагч, нягтлан бодогч нарын хувьд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 23 дугаар зүйлийн 23.2 болон Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 1 сарын 9-ний өдрийн 5 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох” журмын 2.2 “Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэх зэрэг бусад холбогдох эрх зүйн актаар хүлээсэн үүрэг юм.
3.7. Улсын бүртгэлийн ерөнхий газрын санхүү аж ахуйн хэлтэс болон Бодлого төлөвлөлт, дүн шинжилгээний газраас жил бүр жилийн эцэст бүх хэлтсийн төсөв санхүү, санхүүгийн ил тод байдал, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа, аудитын дүгнэлт болон аудитын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үнэт цаасны зарцуулалт хөрөнгийн хадгалалт хамгаалалт зэрэгт хяналт шинжилгээ, үнэлгээгээр манай хэлтэс сүүлийн 7 жил тогтмол 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн хэлтсээс 1-3 дугаар байранд орсон. 2024 онд 1-р байранд орсон гэх боловч энэ талаарх нотлох баримт[18] хуулийн шаардлага хангахгүй, үр бүтээлтэй ажилласан гэдгээ нотлоогүй тул энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй. Тодруулбал холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг шаардсан ба нягтлан бодогчийн хөдөлмөрийн гэрээ, даргын ерөнхий газартай байгуулсан гэрээ, гэрээний дүгнэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын тус байгууллагын сүүлийн 3 жилийн ажилд өгсөн үнэлгээний шийдвэр зэрэг нь шалгалтын жагсаалтад[19] тусгагдаагүй, шүүхэд ирүүлээгүй.
3.8. Түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалтыг үндэслэн байгууллагын даргын 2021 оны 02 сарын 22-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар[20] 1 сарын, 2022 оны 02 сарын 22-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар[21] 1 сараар, 2023 оны 03 сарын 20-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар[22] 2 сараар тус тус олгосон ба 2024 оны 02 сарын 22-ны Б/03 тоот тушаалаар “нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг хэвийн явуулж, санхүүгийн тайланг хууль тогтоомжид заасан хугацаанд стандартын дагуу үнэн зөв гарган санхүүгийн удирдлагаар хангаж, 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитаар Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлж, Сангийн сайдын баталсан бодлого, аргачлал журмын дагуу материаллаг зүйлсийн хувьд үнэн шударга илэрхийлэгдэж, 3 жил дараалан акт, албан шаардлага, зөвлөмж өгөгдөөгүй “Өөрчлөлтгүй” санал дүгнэлт авсан” гэж урамшуулал олгосон нь жилийн төсвийг хуанлийн тухайн жилд зарцуулах хугацаанаас хэтрүүлэн 3 жилээр гэж дүгнэн олгосон нь Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “Төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно” заасанд тус тус нийцээгүй. Түүнчлэн уг урамшууллыг 2024 оны төсвөөс зарцуулсан гэж нэхэмжлэгч тайлбарлах ба баримтаас[23] үзэхэд 2024 оны төсөвт тусгасан нэмэгдэл урамшууллаас олгосон нь төсвийг зориулалтын дагуу, зохист байдлаар зарцуулах зарчмыг зөрчсөн буюу Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасан урамшууллыг өмнө онуудад олгосонтой адил буюу ажлын гүйцэтгэлийн үр дүнгээр олгосон нь аудитын дүгнэлт үндэслэл бүхий байх нөхцөлийг бүрдүүлж байна.
3.9. Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4 дэх заалтыг үндэслэн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 6 сарын 17-ны өдрийн Б/10[24], 2024 оны 12 сарын 18-ны өдрийн Б/15 дугаартай тушаалуудаар[25] 2024 оны хагас болон жилийн эцсийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээний хэрэгжилтийг харгалзан урамшуулал олгогдсон байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ урамшууллыг жил бүр, улирал бүрээр авсан болохоо хүлээн зөвшөөрснөө шүүх хуралдаанд тайлбарласан ба 2024 оны Б/03 тоот тушаалын /шүүхэд маргаагүй/ үндэслэл энэхүү урамшууллын бодит үр дүнтэй адил тул давхардуулан олгосон гэж үзэхээр байна. Хариуцагчаас 3 жил дараалан үр бүтээлтэй ажилласан гэж 2 сарын цалинг нэмэгдүүлж авсан атлаа 2021 оны санхүүгийн тайлангаар шалгагдахад нийт 38.146.061 төгрөгийн зөрчил илэрсэн, алдаа зөрчилд бүртгэгдсэн, мэдэгдсэн, мөн ажиллагсдад урьдчилгаа цалин олгохдоо авлагад тусгалгүйгээр зардлаар тайлагнасан, 2023 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар хүлээн авсан 5.323.000 төгрөгийн үнэлгээтэй /зөөврийн компьютер/ хөрөнгийг дансанд бүртгээгүй зөрчил илэрч мөн жилийн эцсийн санхүүгийн тайланд залруулга хийгдсэн зэргээр өмнөх жилүүдэд зөрчил илэрсээр байхад урамшуулал давхардуулан олгохгүй”[26] гэх зэргээр шүүх хуралдаанд тайлбарлаж буй нь тухайн байгууллагын аудитын 3 жилийн хугацааны “өөрчлөлтгүй” гэх дүгнэлтийг өөрчлөх үндэслэл болохгүй ч холбогдох хуулиар тогтоосон урамшууллыг олгоход хамааруулан үзэх эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүй болно.
3.10. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжоор хангаж, сонсох ажиллагааг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх ба нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “мэдэгдсэн, танилцуулсан гэхдээ миний хэлээгүй зүйлийг тэмдэглэсэн байсан тул гарын үсэг зураагүй” гэх, хариуцагчийн “мэдэгдэх сонсгох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн дагуу хэрэгжүүлсэн, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, нягтлан бодогч 2 нь хоёулаа оролцсон” гэх тайлбар, тэмдэглэлд[27] үндэслэн дүгнэхэд мэдэгдэх сонсгох ажиллагааг хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн байх тул энэ үндэслэлээр актыг хүчингүй болгох үндэслэлгүй.
3.11. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “манай байгууллагын хувьд нэг зөрчилд 2025 оны 02 сарын 11-ний өдөр албан шаардлага[28], 2025 оны 02 сарын 13-ны өдөр төлбөрийн акт[29] хоёрыг давхцуулан гаргасан” гэж тайлбарлах бөгөөд хариуцагчийн “аймгийн ерөнхий аудиторын тушаалаар эцэслэн албажуулж батлагддаг тул албан шаардлагыг хүчин төгөлдөр гэж үзэхгүй, мөн тус байгууллагад эхлээд албан шаардлага өглөө гээд мэдэгдэх сонсгох ажиллагаагаар танилцуулахад өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүй гэсэн учраас албан шаардлагын шийдэл өөрчлөгдсөн үүнийг дарга нягтлан хоёулаа мэдэж байгаа” гэх тайлбар[30], сонсох ажиллагааны тэмдэглэл[31], зөрчлийн бүртгэл[32], Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2025 оны 04 сарын 11-ний өдрийн А/11 тоот тушаал[33] зэргээр 2025 оны 02 сарын 13-ны өдрийн ******* дугаартай актыг баталгаажуулсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “нэг зөрчилд 2 өөр актаар хариуцлага ногдуулсан” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймээс маргаан бүхий актыг гаргах хууль журмыг зөрчөөгүй, холбогдох ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлсэн болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдох ба уг актын улмаас нэхэмжлэгч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн төсөв захиран зарцуулах, алба хаагчид урамшуулал олгох, авах зэрэг хуулиар тогтоосон эрхийг нь тус тус зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Мөн “аймгийн бусад төсөвт байгууллагуудын[34] Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар олгогдсон урамшуулалд Аудитаас зөвлөмж өгөх, албан шаардлага өгөх, акт тавих зэргээр харилцан адилгүй өөр өөр шийдвэр гаргаж байгаа нь Төлбөрийн акт тогтоох журмыг зөрчихөөс гадна Үндсэн хуулийн адил тэгш хандах зарчмыг зөрчиж байна” гэж нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс тайлбарлан бусад байгууллагын баримтыг[35] шүүхэд ирүүлснийг үнэлээгүй бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 сарын 09-ний өдрийн 95 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам”-ын 4.5-т “Энэ журмын 4.2.3-т заасан төлбөрийн акт тогтоох үндэслэл бүхий алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд албан шаардлага өгөхийг хориглоно” гэж заасныг зөв хэрэглэж, адил жишиг тогтоох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 21 дүгээр зүйлийн 21.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.4, 16.5.5, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, Хөдөлмөрийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3, 43 дугаар зүйлийн 43.1.3, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.4, 57 дугаар зүйлийн 57.2.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасныг тус тус баримтлан Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн нэхэмжлэлтэй, Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор *******ийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай төлбөр барагдуулах акт хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СУГИРЖАВ
[2] 1 хх-ийн 1-3, 29-31 хуудас
[3] 1 хх-ийн 31 хуудасны ар талд
[4] 1 хх-ийн 40-41 хуудас
[5] 1 хх-ийн 8 хуудас
[6] 1 хх-ийн 4 хуудас
[7] 1 хх-ийн 125 хуудас
[8] 1 хх-ийн 17-20 хуудас
[9] 1 хх-ийн 21-22 хуудас
[10] 1 хх-ийн 170 хуудас
[11] 1 хх-ийн 192-199 хуудас
[12] 1 хх-ийн 225-229 хуудас
[13] 1 хх-ийн 34-37 хуудас
[14] 1 хх-ийн 91 хуудас
[15] 1 хх-ийн 38-39 хуудас
[16] 2 хх-ийн 37-48 хуудас
[17] 1 хх-ийн 92-94, 129-132 хуудас
[18] 1 хх-ийн 14-16 хуудас
[19] 1 хх-ийн 227-229 хуудас
[20] 1 хх-ийн 89 хуудас
[21] 1 хх-ийн 90 хуудас
[22] 1 хх-ийн 91 хуудас
[23] 1 хх-ийн 235-236, 238-241 хуудас
[24] 1 хх-ийн 84-85 хуудас
[25] 1 хх-ийн 86-87 хуудас
[26] 2 хх 55-73 хуудас
[27] 2 хх 55-73 хуудас
[28] 1 хх-ийн 62 хуудас
[29] 1 хх-ийн 6-7, 69-70 хуудас
[30] Шүүх хуралдааны тэмдэглэлд
[31] 1 хх-ийн 9-11, 66-68 хуудас
[32] 1 хх-ий 12, 60 хуудас
[33] 2 хх 53 хуудас
[34] 1 хх-ийн 98-99, 102-103 хуудас /97, 104-105, 161-169 нотлох баримтын шаардлага хангаагүй/
[35] 1 хх-ийн 98-99, 102-103 хуудас /97, 104-105, 161-169 нотлох баримтын шаардлага хангаагүй/