Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01025

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01025

 

 

 

Т.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/00657 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Гын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Б ХХК-д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 013 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Т.Гын эзэмшлийн 5753799837 гэсэн дугаартай харилцах данснаас 3 удаагийн гүйлгээгээр Х.Б ХХК нь данс эзэмшигчийн баталгаат гарын үсэггүй, зөвшөөрөлгүй 1 013 800 төгрөгийг татан авсан. Тус гүйлгээг Г.Оын тэтгэврийн зээлийн эргэн төлөлтөнд суутгаж авсан байдаг. Нэхэмжлэгчээс Т.Г хамтран зээлдэгч тул үүрэг гүйцэтгэх ёстой гэж тайлбарладаг. Тухайн хүний дансанд байгаа хөрөнгөнөөс суутгал авахдаа баталгаат гарын үсгийг авах ёстой. Тэтгэврийн зээл өгсөн авсан тухайд маргаангүй. Г.О нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өвчний улмаас нас барсан тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн харилцаа дуусгавар болно. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн Х.Б ХХК-аас 1 013 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч н.О-тай 2019 оны 03 дугаар сарын 05-ний өдөр тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж, 15 464 200 төгрөгийг 30 сарын хугацаатай зээлсэн. Нэхэмжлэгч хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан. 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 1 600 000 төгрөгийг нэмж зээлсэн. Мөн тус гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон. 2018, 2019 оны цалингийн карт, ажлын тодорхойлолт зэрэг баримтуудыг хавсаргасан. Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасны дагуу Т.Гыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ. Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дахь хэсэг болон талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар н.Отгонбаатар нас барснаар хамтран үүрэг гүйцэтгэгч Т.Гт зээл шилжсэн. Талуудын байгуулсан гэрээний 1.3.4, 3.2.7, 1.2, 6.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж, хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлдүүлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн данснаас үл маргах журмаар зээлийг төлүүлнэ гэж заасан. Хамтран үүрэг гүйцэтгэгч Т.Г сар бүрийн 1-5-ны өдрийн хооронд 1 000 000 төгрөгөөр төлнө гэж хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрөөс нэг удаа зөвхөн 6 000 000 хүртэл төгрөгийн зээлийг хаах шийдвэр гарсан тул 6 000 000 төгрөгийг банк зээлээс хассан.  Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Х.Б ХХК-иас 1 013 800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Гт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б ХХК-иас 28 881 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Гт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт зээлдэгч Г.О нас барснаас үүрэг дуусгавар болсон тул хамтран үүрэг гүйцэтгэгч Т.Гын данснаас 1 013 800 төгрөгийг суутган авсан нь хууль зөрчсөн, хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.Зээлдэгч Г.О, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Ганбаатар болон зээлдүүлэгч Х.Б ХХК нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд талуудын хүсэл зориг гэрээний 3 дугаар зүйлд тодорхойлогдсон. Нэхэмжлэгч Н.Ганбаатар нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч болох хүсэл зоригоо илэрхийлж өргөдөл гаргасан, гэрээнд гарын үсэг зурсан, мөн зээлдэгчийг нас барсны дараа зээлийг сар бүр 1 000 000 төгрөгөөр төлж барагдуулна гэж бичгээр өргөдөл өгсөн тул түүнийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлтэй.

Зээлдэгч нас барснаар түүний нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх дуусгавар болох боловч тэтгэвэр авагч буюу зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болохоор буюу талууд гэрээнд үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчийн хувийн салшгүй холбоотой гэж үзэх талаар тохиролцоогүй, харин гэрээний 3.3.-д хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т тус тус заасны дагуу зээлдэгчийн эрх, үүрэг нь хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Гт шилжсэн. Шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн банкинд гаргаж байсан хүсэлтүүд зэргийг зөв үнэлж чадаагүй, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 198 дугаар зүйлийн 198.1-д заасны дагуу гэрээг тайлбарлаагүйгээс Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Т.Г нь хариуцагч Х.Б ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 013 800 төгрөг шаардан, нэхэмжлэл гаргасныг хариуцагч хамтран үүрэг гүйцэтгэгч учир зээл суутгасан гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

 

Хэрэгт авагдсан 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 201944359195 дугаартай тэтгэврийн зээлийн гэрээ, мөн оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 201944518116 дугаартай тэтгэврийн зээлийн гэрээ, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт зэрэг баримтуудаар Х.Б ХХК, Г.О, Т.Г нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна. /хх-31-36/

 

Талууд харилцан тохиролцож, 201944359195 дугаартай гэрээний 1.3.4-т зээлдэгч зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй гучаас дээш хоног хэтэрсэн бол зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн банк дахь бусад данснаас үл маргах журмаар суутган төлүүлэхээр, 201944518116 дугаартай гэрээний 3.2.7, 3.3-т зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл банк гэрээг цуцалсан тохиолдолд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээх нөхцлүүдийг тус тус тусган, гарын үсгээ зурж баталгаажуулжээ. Иймд нэхэмжлэгч Т.Гыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний тал буюу хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

 

Дээрх гэрээний үндсэн зээлдэгч Г.О нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан байх ба хариуцагч Х.Б ХХК хамтран үүрэг гүйцэтгэгч Т.Гын харилцах данснаас 1 013 800 төгрөгийг зээлийн үүрэгт суутган тооцсон нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дах хэсэг, гэрээний 1.3.4-т тус тус нийцжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь уг заалт нь үүрэг гүйцэтгэгч нас барсан, түүний оролцоогүйгээр үүргийг биечлэн гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд үүрэг дуусгавар болох үндэслэл юм.

 

Талуудын зээлийн гэрээний хувьд зээлдэгч нас барсан нь хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан үндэслэлд хамаарахгүй тул хариуцагч Х.Б ХХК-ийг 1 013 800 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үзэхгүй.

 

Иймд хариуцагч Х.Б ХХК-ийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/00657 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул Х.Б ХХК-д холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 013 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Гын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД