| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2018/0053/Э |
| Дугаар | 56 |
| Огноо | 2018-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,
Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Д-ийн Б-д холбогдох 1835000680061 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Давст сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух Х овогт Д-ийн Б. РД: УС75111216.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Давст сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.А зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Давст сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.А-г зодсон болох нь хохирогч Д.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 15-ны орой 19 цагийн үед би гэртээ галынхаа доод талд цагаан сарын битүүний салатны төмсийг хэрчээд сууж байсан. Тэгтэл манай нөхөр Б ирсэн, тэгээд би хаана яваад ирсэн юм гэж асуутал, чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэгээд намайг сандал дээр сууж байтал миний баруун хөлний өвдөгний баруун талд өшиглөөд зодоод эхэлсэн юм. Тэгтэл би сандлаасаа унасан. Тэгээд босоод ирэхэд манай нөхөр гэрээс гараад гэрийн үүдэнд байсан хувинтай нүүрс гэр үрүү цацчихаад миний духыг шүдээрээ үрж, хэвлий хэсэгт чимхсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р талд/,
гэрч М.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн:“ ... 2018 оны 2 дугаар сарын 15-ны орой би Б-ын гэрт хоол идээд сууж байтал Б гэртээ 19 цагийн үед орж ирсэн. Тэгтэл эхнэр А нь гэртээ салат хийж байсан бөгөөд А Б-ыг “Чи архи уусан юм уу?” гэх шиг загнаж байсан. Тэгтэл Б А-гийн хөл үрүү өшиглөх шиг болсон. Тэгээд Б гэрээс гүйгээд гараад цагаан сараа сайхан хийгээрэй гээд гэрийн үүдэнд байсан хувинтай нүүрсээ гэр үрүү цацсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/,
Насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн:“ ... Би 2018 оны 2 дугаар сарын 15-ны орой яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Гэртээ ээж А болон Ц эгчтэй байж байтал манай аав Б гаднаас орж ирсэн. Тэгээд байж байтал аав, ээж хоёр гэнэт хэрэлдэж эхэлсэн. Яагаад хэрэлдсэнийг би мэдэхгүй байна, би телевизор үзээд сууж байсан. Тэгтэл манай аав ээжийг ална гээд хэрэлдэж байсан. Тэгээд аав гарч бие засаад орж ирээд татаж байсан тамхиа шидсэн юм. Манай ээж салатны төмс хэрчээд сууж байтал аав ээжийн баруун хөлний өвдөг орчим газар нь өшиглөтөл ээж: “Яая, яах гээд байгаа шээс вэ?” гэж хэлсэн, тэгтэл аав гэрээс гараад гэрийн үүдэнд байсан савтай нүүрс аваад гэрийн хаалга онгойлгоод гэр рүү цацчихаад гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-р тал/,
шүүгдэгч Д.Б-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 2 сарын 14-ний орой аймгийн төвөөс сумын төвд гэртээ ирсэн. Би хувиараа ачааны машинаар тээвэр хийдэг. Тэгээд маргааш нь гадуур явж байгаад орой нь буюу 2 дугаар сарын 15-ны орой 19 цагийн үед гэртээ орж ирэхэд миний эхнэр А намайг чи хаан явж байгаад ирж байгаа юм бэ? Зайл гэсэн. Тэгэхээр нь би гэрээс гарах замдаа манай эхнэр сандал дээр суугаад ногоо хэрчиж байхаар нь баруун хөл үрүү нь өшиглөхөд уурлаад босоод ирэхээр нь би уурласандаа эхнэрийнхээ хэвлийн хэсэгт чимхсэн тэгээд гэрийн үүдэнд байсан савтай нүүрсийг гэрлүү цацчихаад гараад явсан. Намайг өшиглөхөд манай эхнэр сандлаасаа унасан. Тэгээд би гараад явж байтал миний баруун гарын бугалганы хэсгээр шингэн зүйл урсаж байгаа мэт болсон. Тэгээд гадуур хүрэм, дотор цамц хоёроо тайлж үзэхэд миний баруун гарын бугалганы хэсэгт зүсэгдсэн байсан. Тэгээд сумын эмнэлэгт очиж үзүүлэн оёдол тавиулсан. Би эхнэрээ цохиж өшиглөсөндөө гэмшиж байна дахин ийм асуудал гаргахгүй. Уг хурганы асуудал нь санаатай биш санамсаргүй байдлаас болсон. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Д.А-г зодсоны улмаас хохирогчийн бие махбодид баруун хөлийн шилбэний гадна дээд хэсэгт 9х10 см, зүүн гарын шууны хэсэгт 3х2 см, аюулхайн орчим 1см, хүйсний доод талд 3х2 см, хүйсний доод талд 6х4 см хэмжээтэй зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт, улайлт зэрэг гэмтэл учирсан бөгөөд уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 150 дугаартай дүгнэлт /хх-ийн 45-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Д.А нь “нөхөр Д.Б гомдол тэмцэлгүй, уучилж эвлэрч байна. Нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.
2. Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчаас санал болгосон саналын хүрээнд торгох оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Д-гийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Б өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ