Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2025/0323

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Т.Гангэрэл, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “******* х******* *******” ХХК,

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,

Маргааны төрөл: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тушаал хуульд нийцсэн эсэх, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, гэрчилгээний хугацаа сунгахыг хариуцагчид даалгах маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “******* х******* *******” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “******* х******* *******” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, “******* х******* *******” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан шийдвэр гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.

2. Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1.Анх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн******* дүгээр захирамжаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Хүрэлтогоотын аманд 1.0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар “******* х******* *******” ХХК-д 5 жилийн хугацаатай олгожээ.

2.2.Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/368 дугаар тушаал, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/249 дугаар “Газар ашиглах тухай гэрээ”-р газар ашиглах эрхийн хугацааг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 2 жилээр сунгасан.

2.3.“******* х******* *******” ХХК-иас Газар ашиглуулах гэрчилгээ сунгуулах тухай хүсэлтээ 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гаргасныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хүлээн авч, тус захиргаанаас 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 663 дугаар Санал хүргүүлэх тухай албан бичгээр “******* х******* *******” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлжээ.

2.4.Гэтэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 966 дугаар албан бичгээр Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг Байгаль орчин аялал жуулчлалын яамны /хуучин нэрээр/ цахим хуудас, цахим хаягаар нийтэд мэдээлсэн байна.

2.5.“******* х******* ******* ХХК”-иас 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/26 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хандан газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтийг гаргасан.

2.6.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар албан бичгээр нэмэлт мэдээллийг, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар албан бичгээр газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах саналыг тус тус Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд, мөн тус захиргаанаас 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01/243 дугаар ******* х******* ******* ХХК-ийн хүсэлтийг хүргүүлэх тухай албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт тус тус хүргүүлжээ.

2.7.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тушаалаар “...******* х******* *******” ХХК нь хугацаандаа хүсэлт гаргаагүй...” тул “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалаар газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгосон.

2.8.“******* х******* *******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яаман холбогдуулан “******* х******* *******” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, “******* х******* *******” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан шийдвэр гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0748 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дүгээр магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

2.9.Дээрх үйл баримтын дагуу уг захиргааны хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөний 0218 дугаар “Хэрэг хуваарилах” тухай тогтоолоор хувиарлагдаж ирсний дагуу хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулсан.

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Манай компани Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн******* дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Хүрэлтогоотын амны хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрхийн 2016/341 тоот гэрчилгээгээр 1 га газрыг ашиглуулах эрх олгосон ба Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2021 оны 11 сарын 17-ны өдрийн А/368 дугаар тушаалаар газар ашиглах эрхийн гэрчилгээг 2 жилийн хугацаатайгаар сунгасан.

Сайдын тушаалын дагуу манай компани ашиглах эрхийн гэрчилгээ бүхий газрыг Газрын тухай хууль тогтоомж, газар ашиглуулах гуравласан гэрээний дагуу ямар нэгэн зөрчил дутагдалгүй ашигласаар ирсэн бөгөөд тухайн газарт аялал жуулчлалын цогцолбор байгуулах, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахаар инженер геологийн судалгаа, байр зүйн зураг, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, цахилгаан, худаг гаргуулах зөвшөөрөл, барилгын эскиз зураг гаргуулах, барилга барих зөвшөөрөл зэрэг төрийн эрх бүхий байгууллагаас тухай бүрд зөвшөөрөл авах үйл ажиллагааг хэрэгжүүлж 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авсан.

Барилгын ажлыг хаврын дулаан цаг эхлэхээр үргэлжлүүлэхээр төлөвлөсөн боловч газар ашиглах эрхийн гэрчилгээний зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох хугацаа 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөр дуусаж байсан тул хууль журмын дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулсны дараагаар үйл ажиллагааг эхлүүлэхээр 2023 оны 05 дугаар зарын 24-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан.

Манай компанийн гаргасан хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хүлээн авч 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 663 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд манай газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтийг дэмжиж санал хүргүүлсэн. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Сонсох ажиллагааны мэдэгдэл ирүүлсэн бөгөөд уг мэдэгдлийн хавсралтад манай компанийг газрын төлбөр төлөөгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлд хамааруулсан байсан.

Уг мэдэгдлийн дагуу манай компаниас газрын төлбөрийн үлдэгдэлгүй бөгөөд газрыг зориулалтын дагуу ашиглахаар дэс дараатай үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасан тухай тайлбарыг хүргүүлснээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ******* дүгээр албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд нэмэлт мэдээлэл хүргүүлж, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар албан бичгээр мөн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах саналыг уламжилсан байдаг.

Ийнхүү удаа дараа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас манай компанийг газар ашиглах аливаа нэгэн зөрчил гаргаагүй болохыг тодорхойлж газар ашиглах эрхийг сунгуулах саналыг шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд уламжилсаар байтал Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасаар байсан учир манай компани 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөн хугацаа сунгах шийдвэр гаргаж өгөх хүсэлтийг мөн хүргүүлсэн.

Дээрх хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй эс үйлдэхүй гаргасаар байсан тул манай компанийн зүгээс 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэл гаргасны дараагаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тушаал гаргасан болохыг албан бусаар олж мэдлээ. Уг тушаалыг бидэнд албан ёсоор огт мэдэгдээгүй, гардуулаагүй болно.

Газар ашиглагчаас газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэл зоригоо илэрхийлсээр байхад шийдвэр гаргах эрх бүхий байгууллага үндэслэлгүйгээр удаа дараа газар ашиглах эрхийг цуцлах ямар нэгэн шалтаг гарган шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргасаар ирсэн бөгөөд газрын төлбөр төлөөгүй, ашиглаагүй гэх үндэслэл ирүүлж байснаа манай компаниас гаргасан тайлбарыг үзээд дээрх зөрчил байхгүй болохыг мэдэж Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах... гэж заасныг хэрэгжүүлээгүй гэж буруутгажээ.

Тус заалтаар хугацаа сунгуулах хүсэлт гаргах, хүсэлтэд хавсаргах баримтыг тодорхойлсон ба харин Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно, 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэж тусгайлан зохицуулсан нь газар эзэмшигч, ашиглагчаас хугацаа дуусахаас өмнө хүсэлтээ гаргаагүй тохиолдолд хэрэгжих зохицуулалт гэж үзэх үндэслэлтэй.

Төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн тухайн газарт зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахаар тодорхой хэмжээний хөрөнгө, цаг хугацаа зарцуулсан, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэл зоригоо илэрхийлсээр байхад газар ашиглагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас манай хүсэлтийг удаа дараа шийдвэрлэхгүй орхигдуулж, улмаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон шийдвэр нь хуульд нийцэхгүй байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, ******* х******* ******* ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан шийдвэр гаргахыг даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Шүүхээс нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт гаргуулсан. Цуцална, дуусгавар болгоно гэдэг агуулгатай. 7 жил ашиглаагүй газрын төлбөр төлөөгүй гэж яриад байдаг. Гэтэл маргаан бүхий актаар зөвхөн Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 болон мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг тусгадаг. Одоо хариуцагч хариу тайлбар өгөхөөр төлбөр төлөөгүй гэдэг бүх баримтууд нь үгүйсгэгддэг. Газрын тухай хуульд өөрчлөлт ороод цахимаар авах байсан гэдэг. Гэтэл 2023 оны өөрчлөлтийн дагуу хариуцагч цахимаар хүсэлт хүлээж авах техник технологийн боломжтой байсан уу. Мөн хүсэлт гаргасан зүйл нь хуулийн шаардлага хангаагүй цахимаар өгнө үү гэсэн зүйл байдаггүй. Тэгэхээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаал үндэслэлгүй гарсан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх” тухай мэдэгдлийг үндэслээд цуцалсан. Тэгэхээр газрын барилгажилтын бүх бичиг баримтууд нь авагдсан. Энэ хүмүүс газраа ашиглаад, бүтээн байгуулалт барилгатай холбоотой бүх зөвшөөрлүүд нь олгогдсон. Газрын төлбөрийг өнгөрсөн хугацаанд 100,000,000 гаруй төгрөг төлсөн. Шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэвэл газрын төлбөрөө төлчих боломжтой. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Маргаан бүхий тушаалыг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 966 дугаар албан бичгээр ирүүлсэн санал, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 11 дүгээр хурлын шийдвэрийг үндэслэсэн.

Захиргааны байгууллагаас тушаал гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох тодорхой ажиллагаануудыг хийсэн. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас сонсох ажиллагааны мэдэгдлийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 966 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгчээс тодорхой хариу тайлбарыг ирүүлсэн.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны (хуучин нэрээр) Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас (хуучин нэрээр) “******* х******* *******” ХХК-ийн газар ашиглах эрхтэй холбоотой дотоод хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Тус хяналт шалгалтаар газар ашиглах эрхийг цуцлах саналыг дээрх зөвлөлийн хурлаар цуцлах санал-тайгаар оруулахыг сунгах болгож оруулсан байж болзошгүй нөхцөл байдал илэрч, үүнийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэхээр болсон.

Дээрх үйл баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх тайлбараа дэмжиж байна[1]. Өөр нэмж гаргах тайлбар байхгүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгчээс 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2023/18 тоот албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргасныг тус газрын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 663 тоот албан бичгээр, дахин 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүсэлт гаргасныг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ******* тоот албан бичгээр тус тус гэрчилгээний хугацаа сунгуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлжээ.

2. Мөн нэхэмжлэгчээс 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25/87 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хүсэлт гаргасан байх бөгөөд уг хүсэлтэд тус яамнаас хариу өгөөгүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тайлбартаа дурджээ.

3. Харин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1183 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлах саналыг мөн л Байгал орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлжээ.

4. Улмаар тус захиргааны 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01/243 тоот албан бичгээр дахин Байгал орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт дээр дурдсан 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1183 тоот албан бичгээс нэхэмжлэгчийг хасаж, гэрчилгээний хугацаа сунгуулах саналыг хүргүүлжээ.

5. Дээрхээс дүгнэвэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлах саналыг хариуцагчид хүргүүлсэн гэж үзэхээргүй байна.

Учир нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01/243 тоот албан бичигт нэхэмжлэгчийн маргаан бүхий газарт хийж гүйцэтгэсэн ажлуудыг дэлгэрэнгүй дурдаж, өөрийн өмнө явуулсан буюу 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1183 тоот албан бичгээс нэхэмжлэгчийг хасаж, гэрчилгээний хугацаа сунгуулах саналыг дахин хүргүүлсэн байх тул цуцлах санал хүргүүлсэн гэж үзэхгүй.

6. Харин маргаан бүхий захиргааны актад хамгаалалтын захиргааны 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 966 дугаар албан бичгийг дурдсан бөгөөд уг албан бичиг нь сонсох ажиллагааны мэдэгдэл байна.

7.Хэдийгээр Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 11 дүгээр хуралдаанаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлахыг дэмжиж, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/512 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон ч энэ нь хуульд нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрх бүхий байгууллагад удаа дараа хүсэлтдээ гаргасан байхад уг асуудлыг хэлэлцэлгүйгээр эрхийн гэрчилгээний хугацаа дууссан үндэслэлээр цуцлах хурлын шийдвэр гаргасан, уг шийдвэрийг үндэслэж маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хуульд нийцээгүй байна.

8.Нөгөөтээгүүр 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дотоод хяналт шалгалт хийсэн танилцуулгад мэргэжилтэн Х.Нарангэрэлийн буруутай үйлдлийг дурддаг ч түүнд хариуцлага хүлээлгэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй тул тухайн үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно” гээд 1-д “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” гэж, газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно” гээд 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж тус тус заажээ.

9.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө буюу 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2023/18 тоот албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд, тухайн хүсэлтээ шийдвэрлүүлэхээр мөн захиргаанд болон яаманд удаа дараа хүсэлт гаргаж байсан байх тул түүнийг газар эзэмших гэрээний хугацаа дуусахаас өмнө хүсэлт гаргаагүй гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

10.Хэдийгээр газар эзэмших гэрээний хугацааг сунгах эсэх нь хариуцагчийн эрх хэмжээнд хамаарах хэдий ч нэхэмжлэгчийн удаа дараагийн хүсэлтэд хуульд заасан хугацааны дотор хариу өгөөгүй, улмаар маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх хуульд ёсны ашиг сонирхлыг зөрсөн байх тул түүний эрхийг бүрэн сэргээх нь зүйтэй гэж үзэн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, газар эзэмших гэрээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг тус тус баримтлан “******* х******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/512 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн  газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, гэрчилгээний хугацаа сунгахыг хариуцагчид даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧ                                 Т.ГАНГЭРЭЛ

 

                                    ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ

 

[1] 2 дугаар хавтаст хэргийн 8 хуудас