Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 70

 

 

 

 

 

 

 

 

                        

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Шүүгдэгч: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Д-гийн О-т холбогдох эрүүгийн 1835000950076 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Их уул суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн У сумын 4-р багийн 01-02 тоотод оршин суух, РД: ИЗ94052851, У овогт Д-гийн О.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.О нь согтуугаар 2018 оны 3 дугаар сарын 06-ны орой Улаангом сумын 4-р багийн нутагт хохирогч Б.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Д.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 3 дугаар сарын 06-ны орой Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Б-ийг зодож түүний зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2018 оны 3 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед өөрийнхөө машинтайгаа аймгийн нэгдсэн эмнэлэгт хамаатаны хүний бие муудаад ээж, дүү А нарын хамт эмнэлэг орчихоод гэр лүү явж байтал шинэ зууны урд талд машины гэрэлд нагац эгчийн охин У зам дээр явж байсныг танихгүй залуу татаад явуулахгүй байхаар нь би машинтайгаа тэдний хажууд очоод У-г машинд суу гэхэд Г.У согтуу байсан учраас надаас айгаад зугтаад яваад өгсөн, хойноос нь дуудахад ирээгүй. Тэгээд хажууд нь явсан танихгүй залуу намайг “чи юу юм бэ, би ах нь байна” гэж хэлэхээр би “чи ах нь болдог юм бол би юу нь болдог юм бэ?” гэж хэлээд бид хоёр бие биенээсээ барьцалдаж авсан. Надтай хамт явсан дүү А нар салгах гээд дундуур орсон. Миний куртикны энгэрээс Д.О нь барьчихаад тавихгүй байхаар нь би тавиулах гээд түлхсэн. Тэгээд бид хоёр салаад би машиндаа суух гээд эргэтэл миний хойноос татаад чи намайг цохьдог хэн бэ гэж хэлээд Д.О миний толгойны зүүн шанаа тус газар баруун гараараа нэг удаа цохисон юм. Миний шанаанаас цус их гарсан. Д.О нь өөр намайг зодож цохьсон үйлдэл гаргаагүй. Би О-ыг зодож цохисон үйлдэл гаргаагүй. Би машиндаа цусаа гойжуулаад сууж байхдаа цагдаад дуудлага өгч, нэгдсэн эмнэлэг орж толгой болон хөмгөнд хоёр оёдол тавиулсан” /хх-ийн 14-15 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Д.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2018 оны 3 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед би өөрийн төрсөн хүү Б.Б-ийн хамт өөрийнхөн машинтай нэгдсэн эмнэлэгт хамаатаны хүний бие өвдөөд бага охинтойгоо хамт очоод байж байгаад буцаж гэр лүүгээ шинэ зуунаас дээш эргээд явж байтал манай дүүгийн охин У нь машины гэрэлд харагдсан. Уянга цааш явах гэхээр хажууд нь танихгүй залуу цааш явуулахгүй байдалтай харагдсан. Тухайн үед машин барьж явсан хүү Б.Б нь машинаа зогсоогоод машинаас буугаад нөгөө явуулахгүй гэсэн залуу дээр очоод “яагаад хүүхэд хоргойгоод байгаа юм бэ” гэхэд танихгүй залуу “миний дүү” гэж хэлсэн. Тэгтэл Б “У чиний дүү юм бол би хэн юм бэ” гэж хэлээд Б, О хоёр маргалдаад нэг нэгнээ заамдалцаж авсан. Тухайн үед охин А бид хоёр нөгөө маргалдсан хоёр хүнийг салгаад Быг машинд суулгасан. Уянгаа нь архи уусан байсан болохоор бид нараас айгаад зугтаад явсан байсан. Тухайн үед уг О гэдэг залуу согтуу байсан. Чи 60-53 УВА улсын дугаартай машинтай чамайг явсан газар чинь ална шүү гэж занаад дахин гүйж ирээд Б-ийн машиных нь хаалганаас татаж гаргаад хүү Б зодчихсон байсан. Б-ийн баруун шанаанаас цус гарсан. Тэгээд бид нар цагдаад мэдэгдээд нэгдсэн эмнэлэг дээр очиж оёдол тавиулаад гэртээ харьсан...” /хх-ийн 16 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Б.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэр үед манай хамаатны охин Г.У цааш явахад би хойноос нь очиж Г.У-д чи юу хийж яваа юм бэ гэж би асуухад У миний урдаас хариулахгүй цааш алхаад явсан. Тэр үед машины хажууд байсан хүмүүс том том дугараад тэр О гэх залуу нь пизда чинь чи юу юм бэ чамайг ална гэж чанга хэлж байгааг сонсоод би буцаад явсан юм. Тэгээд би машины хажууд ирэхэд манай ах Б, О хоёр хоорондоо барьцалдсан байдалтай байсныг ээж бид хоёр салгаж авсан. Тэгээд ахыг машинд суулгасан байтал нөгөө залуу машины хаалга онгойлоод манай ах Б заамдаж татаж буулгасан. Тэгээд О гэх өндөр залуу манай ах Б баруун гараараа нэг удаа толгой орчим газарт нь цохьсон юм...” /хх-ийн 17 тал/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч Б.О-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Г.У хонох гэж байснаа өөрөө явна гээд гарсан. Тэгээд эхнэр Б бид хоёр хойноос нь гараад орой болсон хойно согтуу байж яаж явах юм бэ? бид хоёр хойноос нь очсон юм. У-г явуулахгүй гэж барьж авсан. Тэр үед эхнэр Б такси барьж гэрт нь хүргэж өгье, би гэр лүү ороод хувцасаа өмсөөд гараад ирнэ гэж хэлээд гэр лүү орсон юм. Би У-г барьж явуулахгүй гээд байж байтал машин ирээд зогссон. Уг машинаас нэг танихгүй залуу гарч ирээд намайг нэг удаа эрүү рүү цохисон. Би яаж байна, яагаад намайг цохиж байгаа юм бэ? гэж асуухад чи Уянгаагийн юу нь юм бэ? гэж хэлээд намайг заамдаад авсан. Би У-гийн ах нь байна гэж хэлсэн. Тэгэхэд тэр над руу хандаж чи Уянгаагийн ах нь юм бол би юу нь юм бэ гэж хэлсэн. Тухайн үед би танихгүй таксины жолооч хүн согтуу эмэгтэй хүнийг авч явах гэж байна гэж бодоод маргалдсан. Тэгээд би уг хүнийг баруун гараараа нэг удаа толгойн тус газар нь цохисон. Тэгээд манай эхнэр хажууд нь хамт явсан хоёр эмэгтэй хүн бид хоёрыг салгасан юм. Тэр үед У зугтаад явсан байсан. Дараа нь У-гийн хамаатаны хүн байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

Нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн төвийн дуудлага хүлээн авсан тухай тэмдэглэл,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 183 тоот “Иргэн Б.Б-ийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хөдөлмөрийн чадварт нөлөөлнө. Дээрхи гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт, нотлох баримтууд хамаарна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Д.О нь хохирогч Б.Б-ийг Г.У-г согтуугаар нь далимдуулж авч явах нь гэж, хохирогч Б.Б нь шөнийн 23 цагийн үед өөрийн хамаатны охин Г.У-г согтуу хүнтэй зам дээр байхыг хараад түүнийг согтуу хүн явуулахгүй байна гэж шүүгдэгч, хохирогч нар нь харилцан үл ойлголцож, улмаар шүүгдэгч Д.О хохирогч Б.Б-ийг баруун гараараа толгойн тус газар нэг удаа цохиж, хохирогчийн зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан байна.  

Шүүгдэгч Б.О-ын дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 183 тоот дүгнэлт /хх-ийн 24 тал/-ээр тогтоогдсон бөгөөд Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах юм.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан,  прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон, үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 400.000 төгрөгийг хохирогч Б.Б-д бэлнээр төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогчийн гомдол санал, байхгүй гэх мэдүүлгээр нотлогдсон тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөр байхгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Э.Б, Ц.Э нарын мэдүүлэг, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, ял шалгах хуудас зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд /хх-ийн 18, 19, 39, 43 тал/-аар шүүгдэгч Д.О нь Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 01-02 тоотод ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.О-ын учруулсан хохирлоо нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгч Д.О-т торгох ял оногдуулах нь зохистой гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгчид хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

 Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

            Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.       

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч У овогт Д-гийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У овогт Д-гийн О-ыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.  

            4. Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.О өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА